2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
МОНГОЛ БӨХЧҮҮД ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨХ АМЖИЛТАА ДАВТАВ

Чөлөөт бөхийн 2017 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотын “Ice Palace Arena”-д боллоо. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөд манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртэв.

Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай “В” хэсэгт өрсөлдсөн. Эхний өдөр нэгдүгээр тойрогт Азербайжаныг, хоёрдугаар тойрогт Украиныг тус бүр 6:2-оор ялсан ч хэсгээ тэргүүлэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн цомын зургаан түрүүтэй БНХАУ-ын багт 3:5-аар дийлдсэн юм. Ингэснээр Монголын эмэгтэй бөхчүүд өнөөдөр АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө барилдлаа. Хоёр жилийн өмнө Санкт-Петербургт болсон Дэлхийн цомд тэдэнтэй мөн хүрэл медалийн төлөө барилдахад 5:3-аар ялж шагналын тавцанд зогсож байсан түүхтэй. Тэгвэл Чебоксарын дэвжээнд медальтай үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг 5:3-гаар сөхрүүлэв. Сэм авгынхны эсрэг манайхнаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс гурав дахь (“Улаанбаатар-2013”-д мөнгө, “Санкт-Петербург-2015”-д хүрэл) медалийг эх орондоо авчирахад үнэлж баршгүй хувь нэмрээ орууллаа. Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан.

24232117_1785886784769467_5944443038120931680_n Монгол бөхчүүд хоёр жилийн өмнөх амжилтаа давтав

Ялангуяа П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, торгон ирэн дээрээ буйгаа харууллаа. Түүнчлэн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан. Гэхдээ тэрбээр шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо. Түүний хувьд ирэх жилээс хэрэгжиж эхлэх 67 кг-ын жинд цаашид барилдах болов уу.
16 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд дан залуу тамирчдаа Чебоксарт илгээсэн, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы шигшээ баг БНХАУ-ын багийг 4:4-өөр (онооны чанараар) буулган авснаар ес дэх түрүүгээ хүртэв. Тавдугаар байрын төлөөх барилдаанд зохион байгуулагч орон Оросууд Украиныг 5:3-аар, долдугаар байрын төлөөх барилдаанд Азербайжаны Шведийг 6:2-оор хожсон юм.

24231931_1785886938102785_5294616347649157841_n Монгол бөхчүүд хоёр жилийн өмнөх амжилтаа давтав

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ – АНУ 5:3
48 кг: Буяндалайн Чимгээ – Виктория Энтони цэвэр ялагдсан
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Хейли Аугелло 11:6
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Сара Хильдебрант цэвэр ялсан
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Кайла Миракле 6:1
60 кг: Энхбатын Гантуяа – Алли Рэган 4:4
63 кг: Пүрэвдоржийн Орхон – Маллори Велт цэвэр ялсан
69 кг: Соронзонболдын Батцэцэг – Тамыра Менса 8:7
75 кг: Ган-Очирын Уртнасан – Аделин Грей цэвэр ялагдсан

24232749_1785886788102800_5057795316186678637_n Монгол бөхчүүд хоёр жилийн өмнөх амжилтаа давтав

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.