2024 оны 04 сарын 19
Зочин
М.Дорждагва: Уртын дуу Монгол сэтгэхүйн хэмжүүр

   Монгол хүн бүр сүрлэг сайхан уулын оройд салхины сэвшээнд нам гүмийг мэдрэн зогсохуйд дээр цэлмэг хөх тэнгэр, ээх шаргал наран, тэртээ доор уудам цэлгэр талд асгасан шагай мэт цайрах гэрүүд харагдаж, өөрийн эрхгүй тайвшрал амар амгаланг мэдрэн цээж дүүрэн уртаас урт амьсгаа аван зогсох дуртай гэдэгт итгэлтэй байна.

Тиймдээ ч монголчууд бидний өвөг дээдэс зуун зууны тэртээгээс эх сайхан нутагтаа эзэн нь байж, хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийн наран, саран, одод огторгуйг ажин, амьдралын хэв маяг аж байдлаас урган гарсан сэтгэлийн яруу эгшиглэнгээр уртын сайхан дууг төрүүлсэн бизээ. 

Уртын дуу, дуучин, морин хуурч гурав бие биедээ уусан шингэж, нэгэн цул зүйл болсон мэт мэдрэмжийг сэтгэлийн гүнд төрүүлж чаддаг энэ сайхан урлагаар дамжуулан амар амгалан, тайвшралыг бэлэглэж, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг төрүүлж яваа Нүүдлийн соёл иргэншлийг судлах Юнескогийн Дэлхийн боловсрол, соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан,  Уртын дуу судлаач, Уртын дууч Мягмарсүрэнгийн Дорждагва хэмээх эрхмийг энэ удаагийн VIP ярилцлагын зочноор урьсан юм.

Тэрбээр “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг багтаасан “Монгол төрийн уртын дуу” бүтээлийг хэвлүүлсэн юм. Түүний энэхүү бүтээл нь өдгөө Монгол төрийн түүхийн музейд залагдсан билээ.

Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

-Уртын дууг сонсоход өөрийн эрхгүй Монгол сайхан нутгийнхаа хаа нэгтээ хараа бэлчээн алсыг ширтэн зогсох мэт нэг тийм сэтгэл гэгэлзүүлсэн сайхан мэдрэмж төрдөг. Яг түүнтэй адил таны дууг сонсоход өөрийн эрхгүй эрх чөлөөтэй цээж дүүрэн амьсгалмаар тэр мэдрэмжийг  авсанаа нуух юун. Та ер нь өөрөө уртын дуугаа дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Уртын дуу дуулахаар маш тайван байдаг. Бие болоод оюун санаа их тайвширдаг. Энэ нь өөрөө манай уртын дууны өөрийнх мөн чанартай л холбоотой. Ямар мөн чанар вэ гэвэл нүүдэлчин монголчууд морин дээрээ ч тэр, мориноосоо буугаад ахуй амьдрал дээрээ ч тэр тайван байдаг. Нэг ёсондоо хэн нэгний шахалтгүйгээр, ямар нэгэн дүрэм журманд баригдалгүйгээр өөрсдийн бий болгосон ертөнцийг үзэх үзлийнхээ хүрээнд амьдарч байгаа хэлбэрийн илэрхийлэл нь уртын дуу шүү дээ. Тэр уртын дуун дотор эрх чөлөө бий. Энэ утгаараа уртын дуу өөрөө Монгол сэтгэхүйн хэмжүүр болдог. Уртын дууг хэр ойлгож хүлээж авч байна гэдгээс та хэр монгол сэтгэлгээтэй, хэр зэрэг монгол мөн чанартай хүн бэ гэдгийг тань хэмжинэ гэсэн үг. 

-Монгол уртын дууны шуранхайг алдарт дуучин Н.Норовбанзад шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын Алдарт Гавьяат Дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын Соёлын Гавьяат Зvтгэлтэн Жамцын Бадраа гээд олон сайхан хүндтэй эрхмүүд уртын дууг 20-р зуунд дэлхий дахинд таниулсан. Өнөө цагийн уртын дуугаар дэлхийд нэрээ дуурсгах чадалтай уртын дуучинг нэрлэвэл?

-Энэ нь үе үеэрээ хөгждөг түүхэн цаг хугацаа байдаг юм болов уу. Миний бодлоор одоо цагт зөвхөн уртын дуучинг дууриаж дуулах цаг үе нь юм. Цоодол гуайг, Гүндлхагва гуайг, Дорждагаа гуайг, Долгоржав гуайг, Дамчаа гуайг, Шархүүхэн гуайг, Норовбанзад гуайг, Чимидцэеэ гуайг,  Нэргүй эгчийг  дуурайж дуулах цаг үе дээр байна гэж ойлгодог.

-Яагаад?

-Энэ нь манай нийгэм соёлын байгаа байдалтай холбоотой. Яагаад гэвэл монголчууд бид их суурьшсан байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Уртын дуучин хүний уртын дуунд хэмжигдэж байгаа хэмжээс нь уртын дууныхаа энд хүрэхээ байж байна л гэсэн утга цаана нь явж байгаа.

-Тэгэхээр Монгол хүн эрх чөлөөгөө алдаад байна гэсэн үг үү?

-Мэдээж алдана шүү дээ. Энэ их мэдээлэлтэй орчинд цаг хугацаатай уралдан стресстэй амьдарч байна. Яг үнэн хэрэгтээ сайн ажиглах юм бол хүний оюун ухаанд хүлээж авах хурдны хязгаар байх шиг санагддаг. Тэр хурд хэтрэх юм бол хүн дарамтанд орж стрессддэг. Ингэснээр хүний тархи гэмтдэг аюултай юм байна. Энэ аюулаас болж, суурин  иргэншилтэй хүмүүсийн тархи нь гэмтсэнээс сэтгэцийн өвчлөл ихэсдэг. Даяаршлын нийгэмд суурин иргэншилд эрт орсон хүмүүсийн дунд тэр чиглэлийн өвчлөл маш өндөр байгаа.

Нийгэм дээр тэр нь янз бүрээр илэрдэг. Тэгэхээр хүний үйл ажиллагаа, тархины хурд хязгаартай юм байна. Хорвоо ертөнцийн зүй тогтол, хурд хязгааргүй байж болох ч хүн өөрөө тодорхой хязгаартай юм байна. Харин тэр хурд, хөдөлгөөний хязгаарыг уртын дуу барьдаг юм байна. Тиймдээ ч уртын дуу тайвшруулдаг юм байна гэж ойлгодог.

Цаг үе болгоны сонсогч өөр

-Одоо цагийн хүмүүс нийгмийн стрестэй орчинд амьдарч байгаа атлаа гадаад дуу сонссоод тархиа улам ядраагаад бололтой. Ер нь хүмүүс уртын дууг хэр их хүлээж авч байгаа бол?

-Цаг үеэ л дагадаг асуудал. Тухайн улс орон нийгмийн ямар зүг чигээ авч, ямар хөрсийг бий болгож явж байгаатай холбоотой юм л даа. 20 дугаар зууны эхэн үе, түүнээс өмнө жишээ нь уртын дууг заавал бүтэн дуулдаг, тэгж байж сэтгэл засах засал нь бүрэн гүйцэт болдог. Гэтэл тайзан дээр гарч ирээд уртын дууны уламжлалт зан үйлийг тайзны хэлбэрт оруулан засаад хасаад тохиролцуулаад дуурьлаг уртын дуу болгоод гаргаад ирсэн.

Тухайн цаг үе нийгмийн оюун санааны хүлээн авч байгаа байдал өөрчлөлт, хувьсалтайгаа нийцээд нийцүүлж уртын дуучид өөрсдөө засаж тайзны уртын дуу гэдэг зүйлийг бий болгосон.  Үндсэндээ уртын дууг судлахад уламжлалт уртын дуу, тайзны уртын дуу гэсэн хоёр төрлөөр үргэлжүүлэх шаардлагатай болсон. Тэр үед хүлээж авах чадвар нь өөр болоод ирсэн. Тэгтэл зөвхөн тайзан дээр 1, 2,  3, минут дуулдаг дууг уртын дуу гэж ойлгодог болоод ирсэн.

Ингэж явсаар байгаад социализмын цаг  үе дуусч, 1990 оноос арай өөр түвшинд ирсэн. Дэлхий нийт глобалчлагдаж, орчин үеийн хөгжмийн урсгал орж ирэн түүндээ уртын дууны хэсэг бүлэг аянуудыг дуулдаг болж. Бид уриа дуудлагын аянууд гэж нэрлэдэг юм. 

Жишээ нь, “Эр бор харцага” дууг өрнийн хөгжмийн өөр урсгалтай дуулж байна. Энэ нь уртын дууны хөгжил гэхээсээ илүү цаад хөгжмийнх нь хөгжил болж таарч байгаа. Уртын дуу хөгжилдөө хүрээд зогсчихсон. Харин сонсох гэж байгаа хүнд хүргэхэд л дэвшил гарсан гэж болно. Цаг үе болгоны сонсогч өөр. Тэр болгоноороо уртын дуу бүтээгдээд, үлдээд өв болоод явдаг зүй тогтолтой юм байна гэж харж байгаа.

-Уртын дуу үүссэн үүх түүхээс сонирхуулаач. Монголын уламжлалт дуу гэдгээс өөрийг мэдэхгүй хүн цөөнгүй байгаа болов уу?

-Түүх гэдэг өнгөрсөн цаг үе. Бидний баримжаалж байгааар монгол хүн үүсэхэд л үүссэн. Байгальтай харьцаад, ахуй амьдралаа цэгцлээд эхлэхэд уртын дууны уриа дуудлагын елементүүд бүрэлдэж эхэлсэн бололтой. Археологийн шинжлэх ухаанд дулдуйдаад үзвэл Гурван газрын сав газар буюу одоо бидний шүтээн болсон Хэрлэн Онон Туулын эх, Хэнтийн уул орчмоор үүссэн. Тал дээр үүсээгүй шүү. Тал дээр байгалын  үзэсгэлэн ховор. Харин уул тал хээр хосолсон байгалийн төгс төгөлдөр газар уртын дуу үүсэн гэж судлаачид таамаглаж байгаа. Харин тал нутаг уртын дууны хөгжилд өндөр хувь нэмэр үзүүлсэн.


Уртын дуу Хүннү гүрний үед нилээн хөгжсөн

 -Яаж?

-Мэдээж хүмүүс амьдрах таатай нөхцөлд ахуй амьдралаа зохицуулна. Өсч үржинэ. Түлээ түлштэй, ан гөрөөтэй, өвс ургамалтай газар хүн амьдрана. Тэгээд өсөж үржээд уудам тал руугаа бууна аа даа.  Тэр үест уртын дуу нилээн хөгжсөн. Тэр үе нь Хүннү гүрний үе таарсан болов уу. Эндээс уртын дуу төрт ёсны зан үйлийн хэмжээнд хөгжин гарч ирсэн учраас л Хүннүгийн үеийн нийгмийн язгууртнуудтай холбоотой үүссэн гэдэг домгийг үлдээсэн болов уу.

-“Монгол төрийн уртын дуу бүтээл бүтсэн түүхээс хуваалцаач. Нэг дуу нь л 25-35 минут байсан. Урт хугацаанд дуулахад ямар мэдрэмж төрж байв. Тэр дундаас “Дуртмал сайхан” дууг онцолвол?

-Төрт ёс гэдэг ёс заншил , зан үйл гэсэн утгатай шүү дээ. Уртын дуу өөрөө зан уйлийн үйлдэл. Улс үндэстэн угсаатны сэтгэлийн гүнээс гарч байгаа. “Дуртмал сайхан” дуу  хуучнаар Засагт хан аймгийн нутгийн чиглэлээс гарсан дуу юм билээ.

“...Аяа зээ хө

Дуртмал сайхан нарны өнгөтэй

Тунамал өгүүлэшгүй сүлд тэмдэг маань

Тусахуй нүдэн дор тодорхой зээ

 Үелэн нийлэгсэн хөг дууг

 Үлэмжээр эгшиглэн байхуй дор

 Үргэлждээ найрлан цэнгэх маань

 Сонсох чихэн дор тодорхойхон зээ...”

Яг хэдийд үүссэн, ямар түүхийг давж, яаж хувьсан өөрчлөгдсөнийг мэдэх аргагүй. Бөөгийн шашны дуудлага, ан авын уриа дуудлага, цэрэг дайны уухай байсан ч байж  магадгүй. Таамаглах аргагүй. Ямар ч байсан “Дуртмал сайхан” дуунд бурхны номын, бясалгалын, таван мэдрэхүйн мөн чанар байдаг тул тэр талаас нь барьж дуулсан.

ХБК хөгжим бүжгийн их сургуулийн Морин хуурын багш Б.Баттулга маань ширэн цартай хуураар хуурдсан. Энэ дуу нь одоогийн Завхан, Говь-Алтай зүгийн халхчууд, Засагт хааныханд найрын эхний 3, зарим  нутагт эхний 5 дугараа барихад дуулагддаг байсан юм билээ. “Дуртмал”, “Дуртмал сайхан”, “Зээ Дуртмал” гэх нэрүүдээр дуулагддаг байсан юм билээ. Энэ дууг Засагт ханы алдарт дуучин Гэлэнхүүгийн Поврон гэж хүн 1920 гаруй оны үед мал тууварлаж ирсэн. Тэр хүн Улаанбаатарт тайзны уртын дуу үүсэх гэж байхад нь ирсэн байгаа юм.

Тэр үеийн төлөөлөгчид болох Дорждагва, Дамчаа, Гончиг гуай нарт зааж, тайзны уртын дуу буюу сурталчилгааны хялбарчилсан төрөл болсон түүхтэй. Миний хувьд өөрийгөө сорьж үзье гээд “Монгол төрийн уртын дуу” сэдвийн дор судалгаа хийж, есөн эрдэнийн билэгдэл болгоод яаж дуулдаг байсан тэр мэдрэмжийг л олж авах гэж хичээсэн. Би тэр мэдрэмжийг бага ч гэсэн олж авах юм бол тэр үндсэн мөн чанар нь таньд бага ч гэсэн хүрнэ. Бүрэн эхээр нь дуулах гэж нилээн олон жил оролдсон.   

“Дуртмал сайхан” дууг 2002 онд дуулахаар бэлдэж эхэлсэн

 -Хэдэн жил?

-“Дуртмал сайхан” дууг 2002 онд л би бүтнээр нь дуулах гэж оролдож байна гээд эрдэмтэн судлаачидтай уулздаг байлаа. “Ээ хүү минь ээ, наадах чинь тайзан дээр л одоо дуучид арай хийж 2-3 минут дуулж байгаа. Яаж бүтнээр нь дуулдаг юм боломжгүй” гэж байсан.  Гэхдээ тайзан дээр тэнхимийн орчинд бэлтгэл хийх шаардлагагүй юм байна лээ. Мэдээж тайзнаа онолын сургалтаа авна. Гол үндсэн бэлтгэл нь мэдрэмжээ сэргээх юм билээ.

Хэдий би хөдөөний хүүхэд ч гэсэн хотод орж ирээд 2-3 жил болчихсон байсан нь техник технологийн орчинд миний байгалийн мэдрэмжүүд унасан байж. Тэр бүхнийг сэргээхийн тулд байгалийн дуу хоолойг сонсож, хавар намрын улиралд гол ус, уул хад, тал хээрт гарч дуулах гээд Баттулга бид хоёр зөндөө олон туршилтууд хийж байсан.  Тэр тухайгаа -Монголын төрийн уртын дуу” цомог дотроо эрдэм шинжилгээний хялбарчилсан тайлбар болгоод бичсэн байгаа.

-Дуу нь яг хэзээ бэлэн болсон бэ?

-“Дуртмал сайхан” дуугаа 2011 оны үед бичүүлсэн. Тухайн үед манайхан надад итгэхгүй байсан. Энэ бүтээлийн зөвлөх, шүүмжлэгчээр Академич Б.Энхтүвшин, доктор, профессор Н.Жанцанноров, Ц.Батчулуун, С.Дулам, Н.Уртнасан, Ш.Чоймаа, Л.Дашням, А.Очир, Б.Сумъяа, А.Алимаа, Э.Пүрэвжав, А.Майдар гээд хэл зохиол, үүх талаас нь судалсан олон сайхан хүн миний ард байсан. “За одоо яаж  байна, одоо ингэх үү, болж байна уу” гэсээр дуулж дууссаны дараа “Эртний уртын дууг ингэж дуулдаг байсан нь үнэн юм байна” гэж хэлсэн.

Уртын дууг олон сар өдөр бэлдэж, ийм олон бадгаар нь, олон хоногоор дуулж байсан юм байна. Монголын энэ ахуй нутагтаа амьдарч байгаа хүн л дуулах юм байна гэж ойлгоцгоосон. Тэгээд л удалгүй “Монгол төрийн түүхийн музей”-д залсан. Тухай үеийн БСШУ-ны дэд сайд шийдвэр гаргасан. Яагаад гэвэл Уртын дуу маань дахиад сэргэлээ.  Зөвхөн бидний гэсэн өвийг хэн ч булаацалдахгүй.  Нийт хүн төрөлхтөний  дунд байгаа монгол үндэстэй хүмүүсийн уртын дууны өв соёлын голомт нь Монгол улсад байгаа шүү гэдгийг л тунхаглах зорилготой тэнд залж байсан.

-Дуртмал сайхан дууг дуулахад гурван гүрэм уншсан мэт болдог гэж байсан?

-Тийм. Жишээ нь “Бор борын бялзуухай” дууг дуулахад гал голомт бузартсан айлын засал болдог. “Дуртмал сайхан” дууг гэртээ дуулуулахад “Гурван гүрэм” уншсантай тэнцэнэ гэсэн баримт Завхан аймгаас баримт олдсон.

 

Хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг,

яаж дуулаад байна гэдгийг судалсан

 

-Тэгэхдээ л нэг дууг 25- 40 орчим минут тасралтгүй дуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх санагдана. Заримдаа хүн 4 минут ч дуулж чадахгүй хоолой хүрэхгүй үе байдаг шүү дээ. Хоолой хатах ч юм уу тийм үе байсан уу?

-Байна л даа. Тэр чинь дэс дараалалтай илэрдэг золиг байна лээ. Олгой хагаравч тогоондоо, муу нуухаар сайн илчил гэж эхлээд манай тэнхимийн сургалтад мухардал байсан. Тэндээс олж авсан мэдлэг нь надад их хэрэг болсон. Зарим зүйл нь надад гай  болсон. Ялангуяа тайзны уртын дууны дуурьлаг хэв маягийн шахаж дуугардаг, хүчтэй орилж хашгирдаг барил их гай болсон. Түүнийгээ эхлээд арилгасан.

Дараа нь уламжлалт уртын дуу буюу зан үйлийн уртын дууг эх хувилбараар нь сонсох шаардлага гарч ирсэн. Боржгинууд, Баян бараатууд, Завхан, Говь-Алтай нутгийн нутгуудын дуунуудыг сонсох шаардлагатай болж бодитоор нь хонины бэлчээр дээр, найран дээр хэдэн цаг, яаж дуулаад байна гэдгийг судалсан.

-Нууцыг нь олов уу?

-Судлаач хүний байр сууринаас ярихад ерөөсөө уртын дууны өөрийнх нь уг сургууль барил, монголчуудын дуу авиа өгүүлэх эрхтний гаргаж байгаа гаргац, эгшигт авиа гэж байна. Хүчдэл үүсгэдэг “Ха, Хэ” гэдэг авиа чинь хэлний угаар амьсгалын хэмнэлттэй хэлэгддэг. Тэр авиаг хатууруулах юм бол багалзуур шахагдаад дуурьлаг маягтай баригдмал уртын дуу болдог юм байна. Хашгираад л гурван минутанд чөлөөтэй гаргадаг. Тэр авиан зүйн талаас нь судалсан.

Мөн хөдөөний орчинг тайван байдлаас харж, дасгал сургуулилт хийж судалж ирнэ. Удалгүй ирээд бичүүлэхэд яг л тэнд байсан төлөв байдал нүдэнд харагдана. Студид тэр мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд мэдээж морин хуур байсан. Энэ есөн бүтээлдээ лимбэ ашиглаж амжаагүй. Хэдэн лимбэчидтэй нийлсэн ч яг туханй үеийн лимбэдэх арга барил арай өөр шатанд явсан.

Модон цартай, хиймэл утастай хуур сонсоход маш сайхан дуугардаг мөртлөө байгаль дээр амьд сүнслэг дуу авиа муутай. Дуучинд нөлөөлж байгаа дуу авианы нөлөө нь удах тусам цаашлаад дуучин хүнээ ядраагаад төмөр нүдэж байгаа юм шиг болохоороо ядраад урт хугацаанд дуулах боломжгүй болгож байсан. Харин ширэн цартай хуур болохоор байгальтай маш ойрхон амьд сүнслэг хөгжим дуугарч байсан.

Манай морин хуурч Б.Баттулга маань онгод тэнгэртэй  юм шиг хуурддаг. Ялангуяа ширэн цартай хуураар. Эхлээд ширэн цартай хуур гэдгийг манай хуурчид “Хуур юм уу, наадах чинь” гэдэг байсан. Үнэнийг хэлэхэд халуунд хөг нь явчихдаг, бараг л хуур биш гэх зэргээр хэлдэг байсан. Гэхдээ аргын тал гэхээсээ илүү билгийн тал ихтэй Баттулга маань сайхан хуурдсан.

-Морин хуурын аялгуу өөрөө амьдралыг аргадах мэт яруу сонсголонтой байдаг шүү?   

-Тийм. Өнгө болгон нь амьтай. Бүх гаргаж байгаа өнгө нь хоорондоо уялдаатай гүнээсээ  чанарлаг авиа дуурсдаг.

Багш маань уртын дуунд дургүй хүнийг ч дуулдаг болгоно

-Морин хуурын аялгуу, монгол сайхан уртын дууг хамтад нь сонсож, ойлгох нь монгол хүний төрөлх зөн совин биз ээ.  Харин “Найранд гурван дуутай” гэдэг шиг уртын дууг бүгд болчихвол. Тийм боломж байх болов уу?

-Байлгүй яах вэ. Тийм боломж бололцоо байгаа шүү. Манай багш засуулч, Уртын дууч Баасанхүүгийн Батболд багш маань саяхан гавъяагаа үнэлүүллээ. Зүй ёсных. Яагаад гэвэл багш маань маш олон уртын дуу сонирхоод сурах аргаа олдоггүй эсвэл сонирхолгүй байсан маш олон хүнийг уртын дуунд дуртай болгоод заримыг нь дуулдаг болголоо. Энэ өөрөө түүхэн үзэгдэл.

Судлаач хүний хувьд манай уламжлалт соёл урлагийн түүхэнд тохиосон онцгой цаг мөч тэсрэлт гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр гавъяа шагнал авах учиртай хүний нэг байсан. Энэ Батболд багш дээр очиж сурч болно. Багш маань уртын дуунд дургүй хүнийг дуртай болгоно. Дуулж чадахгүй хүнийг дуугардаг болгоно. Дуугараад цаашаа явдаггүй хүнийг дуулдаг болгоно.

-Хамгийн анх уртын дуучин болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Аль эсвэл төрөлхийн дуучин байв уу?

-Миний нууцыг л яриулах гээд байна уу/инээв/ Манай аав Завхан аймгийн Ургамалын  Сарт толгойн сарт голын хүн. Ээж Цэцэн уулын, Галуутын хөвөө тэгшийн хөндийн хүн. Ээжийн талд ч дуучид байна. Аавын талд Хошууны ноёны дуучин Охидой гэдэг хүн ч байсан юм билээ. Би саяхан тэрнийг судалж, суухдаа мэдсэн. Ноёны дуучин гэдэг төрийн дуучин гэсэн үг.

Аав маань намайг төрөх үед Дорждагва гуай дуулдаг байж. Тэр хүнийг шүтдэг аав минь сайн дуучин болоосой гээд нэрийг нь өгсөн юм гэж амьд сэрүүндээ хэлдэг байлаа.Би тэгэхэд 12-13 тай хүмүүс хурим найранд авч яваад уртын дуу дуулад өг гэнэ. Аав маань насанд хүрээгүй хүүхэд хуриманд авч явлаа гэж уурлаад, би нутгийн хөгшчүүлийн дуулахыг сураад л. Тэгээд ингэж дуулдаг юм, дээл хувцсаа ингэж өмс, ийм байдалтай ингэж дуул  гээд нарийн бүхнийг багаасаа заалгасан. Аав минь их сайхан дуулдаггүй ч, дуулахыг хичээдэг, олон сайхан дуу мэддэг хүн байсан даа.

Хожмоо 2000 оны  айхтар зуднаар манайх Завхан аймгийн Сонгино сумын Сонгинохайрханы баруунтаа өвөлжиж байгаад хэдэн малаа барчихсан юм. Би чинь ааваасаа хойш Мянгат малчин болно гээд 500-600 тооны малтай болчихсон байлаа. Тэр  хатуу өвлийн зуднаар хэдэн малаа өргөчихсөн. Тэгээд л “За мянгат болох гэсэн бардаггүй юм байна. Тэгвэл дуулдаг нэртэй юм байна. Дуулаад үзнэ ээ” гээд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, миний хайртай өвгөн багш Өөцийн Бат-Өлзий багшдаа шавь ордог юм. Одоо багш маань бурхны оронд байгаа даа.

Багш маань намайг дуулуулж үзээд “За материалтай юм байна. Миний багшийн нэртэй адилхан юм байна. Би одоо өөрийн гарын шавьгүй яваа. Дорждагва багштай би, одоо Дорждагва гэдэг шавьтай больё гээд намайг авч байсан. Бүтэн жил дан амьсгаа авахыг заасан. Амьсгаа аваад дуугаа түрж гаргах тэр завсар маш богино. Маш чухал тэр богино завсар дуугаа яаж зарцуулах, яаж аялгуугаа дуусгах, яаж шингээж ширгээх үү, хоёр аялгуугаа яаж залгах уу, яавал цэвэрхэн залгах уу, амьсгаа алдуулж залгах уу гэдгийг заалаа.

Уртын дууны амьсгаанд ил амьсгаа хулгайн амьсгаа гэж хоёр янз байдаг. Ил нь ийм, хулгайнх нь ийм. Амьсгаагаа яаж түгжих вэ, яаж тоолох вэ гэж бүтэн жил бэлдээд СУИС-д орж, Д.Чулуунцэцэг багшийнхаа удирдлаган дор 5 жил сураад төгссөн дөө.

 Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө

 -Дуучин болж төгссөн хүмүүс ихэвчлэн зохиолын дуу руу орчихоод байдаг шүү дээ. Та зохиолын дуу дуулах уу?

-Үгүй шүү. Хүмүүс ч надаас тэгж асууж байсан. Яахав оюутан байхдаа ганц нэг дуу энэ тэр болж л байсан. Тэгэхдээ энэ бол надад хэрэгтэй, бидэнд хэрэгтэй юм биш гэж ойлгосон. Би зохиолын дуугаар нийт монгол үндэстэндээ туслаж чадах нь юу л бол доо.  Би үндэстнийхээ соёлын өвд өөрийн ул мөрөө үлдээх нь юу л болдоо гэж бодсон шүү. Энэ л ойлголтоор шаргуу хичээллэдэг байсан багш нар маань мэдэж байгаа даа.

-Уртын дуугаар ул мөрөө үлдээх хүсэгтэй гэж үү?

-Уртын хэдэн дуу, хэдэн ном үлдэнэ. Хэрэгтэй бол өвлөгдөнө. Хойд насандаа л амьдрах гэсэн хүсэл минь. /инээв/

-Монгол хүн байх мөн чанарыг дуугаараа дамжуулж хүргэх гэсэн хүсэл үү?

-Хүүхэд байхад сонссон нэг яриа санаанаас гардаггүй юм. Бага байхад нутгийн ах нар хөгшчүүлээс “Та нар бидэнд юу үлдээсэн юм бэ” гээд асууж байхыг анзаарсан. Тэр үеийг санаж явтал морин хуураа олон улсад бүртгүүлнэ гээд эргэлзээтэй асуудлууд үүсч, Бадраа гуай, Жанцанноров гуайн өгүүлэлийг харлаа.  Тэгтэл Базарбат багш маань “Чи уртын дууны амьсгалын эрдмийг сурсан гэсэн”. Нагац ах намайг “Төрийн дуучин болох ёстой” гэсэн. Энэ бүхнээс зөвхөн өөрийн санаа бодлоор явж болохгүй гэсэн хариуцлага гараад ирсэн.

   Одоо намайг өтлөхөд хойч үеийнхэн надаас, таниас асууна. Бидэнд асуултаа тавихдаа “Монгол гээд бидэнд  юу үлдээсэн” гээд асууж “та нар биднийг өрнөжүүлчихсэн байна” гэнэ. Тэгэхээр зарим нь тэр үндэсний гэсэн бүхнээ нийгэмд зориулж хийх ёстойг ойлгосон. Одоо  би дөнгөж 30 гарч явна. Өөрийгөө бэлдэж боловсруулж байна. Уламжлалт уртын дуу, зан үйлийн төрөлх шинжийг бүрдүүлсэн “оргинал” материал бүрдүүлсэн сан бүтээж байна. Цаашдаа малын бэлчээр хумигдахын хэрээр өв соёл багасна. Яагаад гэвэл нүүдэлчин унаган соёл хумигдахын хэрээр бидний соёл ч хумигдана.

Тэрнийг бид бэлхэнээ харж байна. Дэлхийн улс орнуудад соёл нь хумигдаад музейд тавигддаг болж байна. Тэгэхээр монголчууд соёлыг музейд харах биш өөрсдөө амьд хэрэглэдэг байхын тулд өнөөдөр бид хичээж байна. Ингэхийн тулд өөрсдөө л хэрэглэ. Хэрэглэж байгаа хүмүүс их болсон гэж боддог. Уртын дуу сонсдог, сурч байгаа залуучууд байна. Сурчих юмсан гээд явж байна энэ бол уламжлалалт соёлын авө сэргэж байна соинрхож байна.

Нохой  хамартаа ус хүрэхээр усч гэдэг шиг монголчуудад нэг тийм зан байдаг. Яг нэг юм тулаад ирэнгүүт шийдвэр гаргадаг. Маргааш шуурна гэхэд л өнөөдөр амжиж нүүж байдаг. Энэ зан авир л д даа. Яах аргагүй тулаад ирж байна  Хүүхдүүд нь гадаадаар яриад эхлэхээр гэнэт санаа зовоо байна.  юу болж байна гэж цочрол авч байна.

 

Уртын дууг монгол хүн шиг дуулдаг бол

 онолын хувьд Монгол хүн

- Таны хувьд  монгол хүн гэж хэн бэ?

- Дэлхийн соёлын антропологи онолын хувьд монгол соёлтой хүнийг монгол хүн гэнэ.  Жишээ нь, монгол соёлд нэвтрэх, монгол хэл сурах, монгол цусгүй ясгүй байж болно.  Уртын дууг монгол хүн шиг дуулдаг хятад хүн бол онолын хувьд Монгол хүн гэж үздэг. Миний хувьд үндэсний үзэл  минь монгол хүн маань л монголоороо байх ёстой. Гэхдээ монгол  хүний өв соёлыг гадаад хүн сурч болно.

Бид яагаад дандаа бусдын соёлын дайралтад өртөх ёстой юм.  Уртын дууг хятад хүн дуулж байна гэдэг монголоор сэтгэнэ гэсэн үг.  Оюун санаа нь  монголжиж байна гэсэн үг. Сэтгэлийг нь татвал бие нь хаана холдох вэ гэдэг үг байдаг даа. Гадаад хүмүүсээр дамжуулан үндэсний урлагийг даяаршуулах нь их чухал.  Бидтэд бинарын өв соёлыг  суралцах нь маш чухал тэгж байж монголчууд бидний үндэсний дархлаа  бат бөх болно

-Суурь нь монголдоо байгаа гэдэг утгаар уу?

 -Тийм.  Мэдээж төв нь Монголдоо байна.  Бид яагаад дандаа урсгал дагаж  явах ёстой гэж сөрж болно биз дээ. Өвөрмонголд ч  уртын дуу бий. Хамтарсан соёл буюу Монгол ба Хятадын уртын дуу гэж байдаг. Гэхдээ өвөрмонгол хүмүүс Юнейско-д бүртгүүлэх гэж хичээдэг нь нэгд, баталгааждаг, хоёрт уртын дууг монголчууд бүтээгээд хүн төрөлхтөнд өгч байнаа оюуны өв шүү гэдгээ зарлаж байгаа юм. Даяарших үүд нээгдэж байна. Бусад хүмүүс уртын дууг сурах, хөөмийг сурах, лимбэний битүү амьсгааг сурах үүд нээгдэж байна гэсэн үг.

-Гадаадынхан хэр сурах чадвар сайтай байдаг вм бэ

-Сурах чадвар байна. Хөөмийг хөөмийлж, хуурыг таатж, уртын дууг дуулж байна. Мөн чанарынх нь  хувьд монгол хоол идээд, монгол ахуйд амьдраад ирэх юм бол адилхан болох байдал ажиглагддаг. Манай Нүүдлийн соёл урлагийн олон улсын хүрээлэн  өнгөрсөн хэдэн  жидд нэг хятад, нэг япон, нэг швед,  нэг герман хүнд уртын дуу зааж  туршилт хийсэн. Тэд өөрсдийнхөө мэдэхгүй сонин содин зүйлтэй тулгардаг юм билээ.

Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ.

Ийм зүүд байдаг юм уу гэдэг 

-Жишээ нь?

-Ялангуяа байгальд гараад дуулж, монгол ахуйд хоол хүнс хэрэглээд ирэхээр зүүд их өөрчлөгдлөө гэдэг. Могой зүүдэллээ, чоно зүүдэллээ, уул хад зүүдэллээ. Ийм зүүд байдаг юм уу гэнэ. Суурин газрын амьдралын хэмнэлтэй хүмүүс чинь яаж энэ бүхнийг зүүдлэх юм. Хүн өөрөө хичнээн хотжоод оюун санаа мэдрэмжгүй болооод ирсэн байна. Одоо  хүний мөн чанар дотор нь байгаа гэсэн үг. Герман хүн гэхэд байгалийн мэдрэмжээ алдчихсан байна гэсэн үг. Гэтэл тэр хүн энд 7 хоног байгальд уртын дуу дуулаад, морь унаад  явахаар могой  лус савдаг чоно буга зүүдэл байна. Тэгээд өөрөө гайхаад байгаа юм.

-Тэр хүнд онгод орж байна гэсэн үг үү?

-Тэр хүний байгалийн мэдрэмж, хүний мөн чанар нь л сэргэж байна гэсэн үг. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Тэгээд миний хоолой  ийм өргөн багтаамжтай байсан юм уу. Ингэж нугалаа гаргаж дуулж болдоиний зөн совингийн өөрчлөлт  дотоодл мөн чанарын өөрчлөлт ямар соинрхолтой юм бэ гэж байсан. Ийм байдал их  ажиглагдсан. Бид уртын дуу, морин хуур, хөөмийгөөрөө дамжуулж, хүн төрөлхтөнд  хэрэгтэй юм байна. Хэт их хотжилт хүн төрөлхтөнийг үгүй хийх нь гээд л байгаа, дэлхий сөнөх тухай ч яригдаж байна. Энэ цаг үед бидний амиа тавин хадгалж ирсэн нүүдэлчдийн  өв соёл л тус болно. Нэг талаараа дархлаа тогтооно. Хүн байгаль хоёрын харилцааг тэнцүү байлгах хэрэглүүр болно. Заримыггь сэргээнэ. Хамгийн голд нар энлээс мөнгө олох юм  байна шүү гэж хараад бйагаап

-Зөн совин сэргэнэ гэдэг сайхан тийм үү?

-“Монгол хүн зөн совингоороо, хятад хүн бэл бэнчингээрээ” гэж ярьдаг. Тэгэхээр энэ зөн совин бидэнд мэдээ дохиог ил өгдөг. Харин хөөмийн цууранд  далд хөгжим байна гэж Япончууд судалгаа гаргасан. Далд мэдээ дохиогоо алдаагүй учраас үүнийгээ давуу тал болгоод өнөөдрийг хүрсэн юм байна. Түүхийн туршид энэ чанараараа бидний хөгжмийн урлагт шингэсээр ирсэн байгаа гэдгийг Япончууд тогтоосон. Шууд сонссогдохгүй амьд сүнслэг чанар биднийг хэдэн зууны туршид дэлхий дээр оршин тогтнох боломжийг авч ирсэн.

Уртын дууны орчин хумигдаад байна

-Өөрийн эрхгүй ардын дуу сонсохоор юм бичмээр санагдаж, дагаад аялж суудаг

-Монгол хүн та хэмжигдэж байна. Та монгол сэтгэлгээтэй хүн байна. Гадаад  хүн ч сонсоод тайвшраад байна. Манай “Хөсөгтөн хамтлаг” гадаадад очоод яаж байна. Суурин иргэншилд тогтсон хэв маягийг тэдний эх байгальтай ойртуулсан тоглолт амьд сүнслэг чанараар олны анхаарлыг татдаг. Одоо Монгол уламжлалыг дэлхий сонирхож байна.  Юнескогийн Монгол дахь нүүдлийн соёлыг судлах судалгааны салбар хүрээлэн өв соёлоо уламжлуулахаас гадна уртын дууны орчин хумигдаад байна гэсэн судалгаа гаргасан.

Учир нь хурим найрын үеэр уртын  дуу дуулах гэхээр “Өө боль уртын дуу дууллаа.  Зохиолын дуу дуул” гэдэг. Гэтэл хуриман дээр буруу зөрүү үгтэй дуу дулахаар хар инерги болж, өнөө айл  нь өөдтэй явдаггүй. Уртын дуугаар билэгдэж болж өгвөл гурван уртын дуу дуулж сайны ерөөл өргөдөг. Бадаг бүртээ гүн ухааны эртнээсээ уламжилж ирсэн аав ээжээ магтсан, амраг хайртай хүн, хүлэг сайн морь, нутаг усаа магтсан дууг голлон дуулдаг. Одоо бол ямар ч хамаагүй зохиолын дуулаад байгаа нь харамсалтай л санагддаг даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

П.Нарандэлгэр

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.