2024 оны 04 сарын 19
Зочин
Хонхэрээдийн Б.Энхбат: Би аймшигт нүгэл хийсэн хүмүүсийн нэг

Хонхэрээдийн Б.Энхбаттай ярилцлаа. Тэрбээр ном зохиолоо бичихээс гадна үндэсний үзэлтэй залуусаа нэгтгэж түүхийн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр зорьж буй аж.

-Цаазын тогтоол уншиж байхад танд юу бодогдож байсан вэ?

-Юу ч бодогддоггүй юм билээ. Хүмүүс их зүйл боддог гэсэн. Эсвэл надад юм бодогдоогүй байж магадгүй. Би дээр мөнх тэнгэр, тэнгэрийн дор төр байдаг гэдэгт итгэдэг. Төр намайг хэзээ ч цаазлахгүй. Төр ямар хүнийг цаазлах, цаазлахгүйгээ мэддэг. Олон хүн намайг цаазлуулаасай гэж хүссэн ч Монгол төр намайг цаазлахгүй. Би хэнээс ч амь гуйгаагүй.

-Гэхдээ төрийн нэрийн өмнөөс цаазал гэсэн тогтоол сонсох?

-Янз бүрийн хүмүүс ална гэж заналхийлэх бол байдаг л үзэгдэл. Харин төр чамайг ална гээд тогтоол унших бол сонин юм билээ. “БНМАУ-ын нэрийн өмнөөс цаазаар авсугай” гэдгийг сонсох хэцүү шүү дээ. Хүний хорвоо учраас сайн муу, зөв буруу ээлжилдэг. Цаазын ялаас намайг цагаатгах өдөр ирнэ. Би үүнд итгэлтэй байдаг.

-Цагаатгах өдөр ирнэ гэхээр хилсдүүлсэн гэсэн үг үү. Таны шавь Д.Гансүрэн ярилцлага өгөхдөө “Миний багш тийм хэрэг хийх хүн биш” гэсэн байсан?

-Би хүний хүүг алъя гэж бодоогүй. Хэргийн тухай яримааргүй байна.

-Таны олон нийтэд хүргэхийг хүсээгүй яриан дунд захиалгат гэсэн үг байсан. Таныг захиалгаар ялласан гэж үү?

-Манай шүүх, прокурорын байгууллагад босоо хонгил байдаг. Дургүй хүргэсэн хүнээ тодорхой хэдэн мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гараар оруулаад шоронд хийдэг. Би тэр хонгилд орсон. “Ийм зүйл болчихлоо” гээд би өөрөө цагдаад очсон, надад цаазын ял өгсөн. Намайг шүүсэн шүүгч өөр нэг хэрэгт хорих ял оноосон байдаг. Гудамжаар явж байсан охиныг цохиж унагаагаад, гэртээ аваачиж хүчиндэн, шуудайд хийгээд жорлонд хаясан залууд тэр шүүгч хорих ял өгсөн. Харин “би ингэчихлээ” гээд очсон надад цаазын ял. Захиалгаар намайг шүүсэн гэдэг нь ил байдаг. Хүний амь хөнөөсөндөө гэмшиж би дуугараагүй. Хуулийг шударгаар мөрдсөн бол би таван жилийг ял авах байсан.

-Та өнгөрсөн аравдугаар сард гарсан уу?

-Би төрийн өгсөн ялыг эдэлсэн. Ялаа эдэллээ, засал хүмүүжлээ оллоо, одоо гар гэсэн, би гарсан. Түүнээс би гаръя гэж гуйгаагүй.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүнээс таныг үлгэр жишээч байсан гэж сонссон?

-Алдаа хийж болно. Тэр алдаагаа засах л ёстой. Би алдаагаа засахыг хүсч яваа. Намайг гянданд байхад бурханч лам Г.Пүрэвбат эргэж очоод “Ээгий, бясалгал хийгээд сууж байвал гоё газар байна” гэж хэлсэн. Тухайн үед миний уур маш их хүрч байсан. Дараа нь би тэнд өөрийгөө ариусгах ёстойг ойлгосон. Хэдийгээр миний дотор хуй салхи байгаа ч эцсийн цэгт тулаагүй л бол хүний өмнөөс гар сарвайхгүй. Хүн алдаа гаргадаг. Тэр үедээ бухимддаг. Аливаа зүйлийг тараах, доромжлох биш ойлгох л хэрэгтэй.

-Энэ ухаарал уу?

-Тийм ээ. Яагаад тийм зүйл болов гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрийг харааж, доромжилж, муулж байгаа хүмүүс ойлгоогүйдээ тэгдэг.

-Нэлээн олон ном бичсэн гэсэн?

-Их олон бүтээл бичсэн, бага багаар хэвлүүлнэ. Намайг шоронд байхад миний “Би эргэж ирнэ” роман хэвлэгдэн гарсан. Олон бүтээл гарна. Залуус тэндээс авахаа аваад, хаяхаа хаяна байх.

Би ардчилсан хувьсгалыг хийлцсэн хүмүүсийн нэг

-Таны хийсэн хэвлэлийн хурал олны анхаарлыг татсан. Тэр дундаа “Бидний тэмцлийн шинэ давалгаа эхэлнэ” гэсэн үг сонирхол татаж байна. Шинэ давалгаа гэж юуг хэлэв?

-Ардчилсан хувьсгалын эрин үе дууслаа. Ардчилсан хувьсгалын алдаа оноог засч, улс орноо хөгжүүлэх шинэ хувьсгалын ирмэг дээр ирээд байна. Төр засаг удирдаж байгаа хүмүүс зөв бодлого барихгүй бол ард түмэн хувьсгал хийнэ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хувьсгал хийх тохироо одоо л бүрдэж байна. Харин хувьсгалыг тайван хийх үү, цус урсгах уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Цус урсаж ч магадгүй. 30 жил Монголын өмч хөрөнгийг хувьдаа авсан хүмүүс суудлаа зүгээр тавьж өгөхийг хүсэхгүй. Идсэн ууснаа зүгээр хураалгахыг хүсэхгүй. Улс орны хөгжил үндэсний үзэл дээр тулгуурладаг. Үндэсний үзэл дээрээ гадны социалист, либераль, коммунист үзлүүдээс тохирохоо авч, улсаа хөгжүүлж болдгийг урд хөрш харуулж байна.

Хувьсгалыг ухаатнууд бодож олдог. Эр зоригтнууд хийдэг. Хор шаарууд үр шимийг нь иддэг. 1990 оны ардчилсан хувьсгал энэ замаар явсан.

-Энэ хувьсгалыг хэн хийх вэ? Таны хэлж байгаа эр зоригтнууд нь үндэсний үзэлтнүүд үү?

-Эхлэлийг үндэсний үзэлтнүүд тавьдаг. Үндэсний үзлийн түүчээнүүд нь залуус. Энэ залуусыг зөв удирдаж чадвал зөв замаар явна. Аль зам руу түлхэхийг ахмадууд мэднэ.

-Та хувьсгалыг эхлүүлэхээр зэхэж байна уу?

-Би үхэн үхэтлээ л энэ зодоонд оролцоно. Би 1990 оны ардчилсан хувьсгалыг хийлцсэн хүмүүсийн нэг. Хувьсгал хийх гээд малыш Энхтүвшинтэй МУИС-ийн танхимд уулзаад, зодоон хийж, жагсаал цуглааныг үймүүлэх гэж байгаа хүмүүсийг номхруулаад явж байхад Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Баавар гуай ч байгаагүй. Анх жагсаал цуглаан хийж байхад Э.Бат-Үүл хогийн савны ард нуугдаж байсныг бид мартаагүй.

-Тэгэхээр хувьсгалыг эхлүүлэгч биш оролцогч байна гэсэн үг үү?

-Би багаасаа л хүнд эрчүүдийн замаар явсан. Ард түмнээс нуухгүй. Би ээжгүй өссөн. Нэгэнт хүнд гарын замаар явсан хүн улс төрд орох хэрэггүй. Харин улс төрд орж байгаа ухаантнаа дэмжих ёстой. Ухаантай улстөрчдөө дэмжиж, тэднийг хамгаалъя. Тэд улс орноо хөгжүүл, тэдэнд хэрэгтэй зүйлээ хийж өгнө гэсэн байр суурин дээрээ одоо ч байна. Энэ хувьсгалыг хийх, удирдах хүмүүс нь өөр. Харин тэднийг хамгаалах, тэдний өмнөөс бууны сумны өмнүүр орох хүмүүс нь бид. Тэд байхгүй бол бид хэнийг хамгаалах билээ.

Бидэнд Монгол Улсаа сайхан хөгжүүлэх хүсэл байна. Гэхдээ улс төр гэдэг чинь хүн хутгалахаас өөр. Хүн дээрэмдэж, залилан хийхээс өөр. Тиймээс бид хувьсгалыг хийх хүмүүсийн өмнөөс тулалдана.

-Та өөрийн болоод залуусынхаа өмнөөс уучлал гуйна гэсэн. Ямар үйлдэлдээ ингэж харамсав?

-Намайг шоронд байхад миний залуус янхан гээд охидын үсийг хуссан. Би үүнд маш их харамссан. Охид, эмэгтэйчүүд алдаа гаргаж болно. Монгол эрчүүд тэрнийх нь төлөө харийнхантай нийлж, эмэгтэйчүүдээ доромжилж болохгүй. Би залуусынхаа өмнөөс энэ үйлдэлд уучлал гуйна. Өөрийнхөө өмнөөс гэвэл “хүний сайхан үрийн амийг хохироосон, болдог л бол уучлаарай” гэж гуйна.

Миний нэр төрд битгий халд

-10 жилийн хугацаанд Монголын нийгэм өөрчлөгдсөн болов уу. Танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Би бол асар их нүгэл хийсэн хүн. Хүний сайхан үрийн амь насыг бүрэлгэсэн. Ямар ч хүний нүдээр харсан маш аймшигтай нүгэл хийсэн хүмүүсийн нэг. Монголын нийгэмд надаас муухай хүнийг олоход хэцүү. Гэтэл би гэх бузар хүн гарч ирээд нийгмийн сүлжээгээр явж байгаа зүйлсийг хараад гайхаж байна. Надаас бузар байна шүү дээ. Энэ бол харамсмаар, эмзэглэмээр зүйл. Нийгмийн сүлжээгээр хүний нэр төрд халдах, нэгнээ гутаах доромжлох байдал хэтэрч. Миний нэр төрд халдсан хэнийг ч би өршөөхгүй. Тэр төрийн цагдаа байна уу, жирэмсэн хүүхэн байна уу, хамаагүй. Ганцан миний хохирогчийн аав ээж, ах дүүг уучилна. Тэрийг хүлээж авна.

-Дахиад л гэмт хэрэг, ял...?

-Тэгвэл миний нэр төрд битгий халд л даа. Хулгайч, алуурчин хүн ч нэр төртэй байдаг. Монголын олон домогт хүмүүс нэр төрөө хамгаалж, оршин тогтнож байсан. Нэр төрд халдахгүй байвал соёлтой харилцаа үүснэ. Хүнлэг харилцаа бий болно. Би алдаа гаргаж байсан ч хүн шүү дээ. Тиймээс миний нэр төрд битгий халд. Халдсан нэгэн рүү би  хутга бариад очно, надад айх зүйл байхгүй. Доромжуулж чаддаггүй хүмүүсийг доромжилбол өөрөө л хохирно.

-Нэр төрд халдсан нэгнийг өршөөхгүй гэхээр дахиад л нөгөө хэцүү газар бодогдож байна. Үлдсэн амьдрал хайран биш үү?

-Доромжлуулсан дорвол үхсэн нь дээр. Хаана ч амьдрал байгаа шдээ.

-Тэнд хүн амьдардаггүй, амьсгалдаг юм биш үү?

-Чи хүн л бол тамд ч амьдарч чадна. Харин хүн байж чадаагүй бол тэнд амьдрал байхгүй. Би 10 жил Монголын шоронгийн хамгийн хэцүү саванд байсан. Нэг удаа эмнэлэгт үзүүлээгүй. Яагаад гэвэл би хүн. Хүн байсан учраас тэнд амьдарч чадсан.

-Хохирогчийн гэр бүлээс уучлал гуйсан уу? 

-Зөндөө гуйсан. Шоронд байхдаа ч гуйсан. Гарч ирээд ч гуйсан. Би тэднээс мянган удаа уучлал гуйгаад нэмэргүй, тэр шарх эдгэхгүй. Тиймээс би өөрөө л тэднийг уучилж явах ёстой.

-Уучлал гуйсан гэхээр та гараад гэр бүлтэй нь холбоо барьсан гэсэн үг үү?

-Үгүй ээ, би чинь зэрлэг хүн шүү дээ. Бид уулзалдах хэрэггүй. Ялангуяа ойрын хоёр жилдээ надтай уулзах хэрэггүй. Би чинь битүү саван дотор араатан дунд чоно шиг амьдарч байгаад гарч ирсэн. Миний чоно шиг зан одоохондоо дарагдаагүй.

-Яагаад тэнд хүн засардаггүй гэж үү?

-Тэр чоно шиг амьдралаас салахын тулд хугацаа хэрэгтэй байдаг. Шоронд хөл угаах ус хүйтэн байвал авчирсан залууг зоддог. Аягатай хоол хүйтэн байвал хажуудаа байгаа хоригдолдоо уураа гаргадаг. Ийм орчинд амьдарч байгаад эргэж ирэхэд дасах хугацаа хэрэгтэй байдаг. Гэхдээ бид хүн чанараа гээгээгүй.

-Гэр бүлдээ тэр зан, хандлагаа гаргачих вий гэж эмээдэг үү?

-Байнга айдаг. Эхнэр хүүхэд, найз нөхдөдөө буруу үг хэлчих вий гэж айдаг. Миний эмзэглэдэг зүйл энэ. Гудамжаар явж байхдаа хүнтэй буруу харьцчих вий. Нэг хүн мөр шүргээд өнгөрөхөд дотор арзасхийж, нармайг нь нээчихмээр санагддаг. Хүн шиг амьдарч байгаад тийшээ орсон учраас хэдхэн сарын хугацаа хэрэгтэй. Орчиндоо дасаад, эргээд сайхан амьдраад явна. Бидний гадна юу ч өөрчлөгдөөгүй. Сэтгэл дотор ямар их хуйлрал үүсч, зовж явдгийг хүмүүс мэдэхгүй.

Залууст үндэсний үзлийг зөвөөр таниулах нэг ч хүн алга

-Үндэсний үзэлтэн гэж яг хэн юм бэ. Хаа газар очиж, гадныхныг зодож, дээрэлхэж явах ёстой танхай хүмүүс юм уу?

-Маш их эрдэм боловсролтой хүн залууст үндэсний үзлийг тайлбарлаж өгөх ёстой. Тийм хүмүүс нь байхгүй учраас залуус буруудаад байна. Үндэсний үзэл нэр төрөө хамгаалах, ээж аав, эмэгтэйчүүдээ хүндлэхээс эхэлдэг. Залууст үндэсний үзлийг тайлбарлаад, ойлгуулаад өгөх хүн алга. “Хөх монгол”-ын залуус хас тэмдэгтэй байдаг. Гэтэл монголчууд хас тэмдгийг ойлгохгүй байна. Хас тэмдэг мөнхийн хөдөлгөөн, хөгжил дэвшлийг бэлгэддэг. Хасыг тайлбарлахад хэдэн боть гүн ухааны сурах бичиг гарна.

-Тэгэхээр үндэсний үзэлтнүүдийг бэлтгэдэг байх нь, тийм үү?

-Ай даа. Үндэсний үзлийг зааж, сургаж өгдөг юм. Шинэ үеийнхэн бол амьдралын салаа зам дээр зогсч буй хүмүүс. Нэг зам нь үндэсний үзэл, нөгөө нь социалист, либераль гэх мэт бусад зам. Аль замаар явахыг нь хэлж өгдөг хүн байвал тэр залуус зөв замаа сонгоно. Хүн бүрт үндэсний үзэл бий. Тэрийг усалж, тордож ургуулахыг ахмад үеийнхэн хийдэг. Буруугаар ургуулбал маш аюултай.

-Яг одоо үндэсний үзэлтнүүд аюултай болчихоод байна уу? Нийгэмд ч сайн нэргүй.

-Аль ч цаг үед үндэсний үзэлтнүүдийг зөвөөр торддог ахмад үе цөөн байдаг. XX зууны Монголын үндэсний үзэлтнүүдийн загалмайлсан эцэг гэж болохоор хэдхэн хүн бий. Тэдний нэг нь Б.Ренчин. Энэ хүн үхэн үхэтлээ доромжлуулсан. XXI зууны үндэсний үзэлтнүүд гэвэл М.Зэнээ, О.Дашбалбар нар байсан ч бурханы оронд явсан. Өнөө цагт Монголын залуучуудад үндэсний үзлийг нь зөвөөр таниулах нэг ч хүн алга.

-Та биш үү?

-Би ч мөн л дөө. Үндэсний үзэл ярьдаг цөөхөн хүмүүсийн нэг нь би. Намайг 10 жил шоронд байхад энэ олон залуус багшаа гээд эргэж тойрч байсан. Гараад ирэхэд багшаа гээд ирж байна. Миний шавь нар дотор хурандаа, дэд хурандаа байна. Доктор, профессорууд төрлөө. Хамгийн сүүлд миний эмэгтэй шавь Бөртэ Чоно шагнал авлаа. Харахад сайхан байна.

-Шавь нар гэхээр үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс гэсэн үг үү?

-Үзэл бодлоороо намайг хүндэлдэг хүмүүс.

-Миний сонссоноор үндэсний үзлийн 30 гаруй бүлэг байдаг гэсэн. Та бүгдийг нь нэгтгэх үү?

-Яршиг даа. Тэд өөрсдийнхөө замаар явна биз. Хүрээд ирвэл нэгтгээд авна. Харин манай “Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хамаг Монгол”-ын залуус нэг зүйл хийнэ.

-Тэр нь юу вэ?

-Цаазын ял сонсчихоод гянданд үхэх гээд хэвтэж байхдаа би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захиа бичсэн. Дорнод аймгийн Хэрлэн сум, Хэрлэн голын хөвөөнд Туг уул бий. Тэр уулан дээр Чингис хааны Тугийн сүм гэж байсан. Ард түмнээ нэгтгээд энэ сүмийг босгооч гэж захидалдаа бичсэн. Одоо “Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хамаг Монгол”-ын залуус энэ Тугийн сүмээ босгохын төлөө явна. 1990 оноос хойш өчнөөн сүм, дугана босгосон. Эзэн Хааны Тугийн сүмийг сэргээхгүй байна гэдэг, юу вэ. Энэ сүмийг шинээр бүтээн босгох ажлыг бид хийнэ. Үндэсний үзэлтэй хүн бүрийн бахархал болно.

-Энэ асуудлаар одоогийн Ерөнхийлөгчид хандах уу?

-Манай хөдөлгөөнийхөн өөрсдөө хийнэ.

-Бүтээн байгуулалт хийх том зорилготой юм байна. Өөр юу хийх үү?

-Хэвлэлийн хурлын үеэр ч хэлсэн. Янхан гэгдээд байгаа охидыг хамгаална. Тэднийг өмөөрч, хамгаалдаг хүн алга. Авсан бол мөнгөө өгөөд тэр охидыг явуул даа. Доромжилж, зодож нүдэхээ болих хэрэгтэй. Мэргэжил болоод өөр боломж байсан бол тэр охид тэгж явахыг хүсэхгүй шүү дээ. Архинд орсон, амьдрал нь дордсон хэсэг байгааг үгүйсгэхгүй.

Төр, хуулийнхан доромжлуулж байгаа хүмүүсийг хамгаалахгүй бол бид хамгаална. Өөр хэнээс тусламж гуйх юм бэ. Үхэхээс, шоронд орохоос айдаггүй биднээс тусламж гуй.

-Үндсэрхэг үзэл үхэхээс, шоронд орохоос айдаггүй болгодог гэж үү?

-Үхэхээс айхгүй болгодог. Энэ чинь л гайхамшиг.

-Одоо та ямар ном бичиж байгаа вэ?

-Монголын хутагт, хувилгаадын намтраар ном бичиж байна. Халх голын дайны түүхүүдээр кино зохиол эхэлж байна. “Захиалгат аллага” гэсэн романыхаа үргэлжлэлийг бичиж байна. Нэг уулын мухарт эхнэр хүүхэдтэй амьдраад, уран бүтээлээ хийх ганц хүсэл байна. Даана ч энэ залуу үе, нийгэм болохгүй байна. Хааяа нэг үгээ хэлэхээс аргагүй болгоод байна.

-Гэр бүлийн хүнтэйгээ хамтран хийсэн 108 м торгон дээрх Монгол нууц товчоо байгаа юу?

-Манай гэрт байгаа. Монголын төрдөө өгчихмөөр л байна. Ордост аялал жуулчлалын бааз байгуулж байгаа Хятад компанийн эзэн авах санал тавиад байгаа. Эхнэр бид хоёр мөнх биш. Тэр нандин зүйлийг олон жил хадгалахын тулд зориулалтын газар байлгах хэрэгтэй. Манай гэрт утаа уур цохиод байгаад байвал удахгүй үйрч магадгүй. Мөнгө төгрөгийн төлөө хийгээгүй учраас үнэ өртөг сонин биш.

-Таны ханийн нэг ярилцлага байсан. Амьдрал хүнд байгаа учраас зармаар байна гээд. Одоо амьдрал хэр байна даа?

-Бид нар бол амьдарна. Аз жаргалтай амьдрахад их зүйл хэрэггүй. Сайхан хань, үр хүүхэд байна. Шавь нар, найз нөхөд байна. Өөр юу хэрэгтэй юм бэ.

 

Ярилцсан танд баярлалаа.

В.Батцэцэг

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.