2024 оны 04 сарын 18
Чөлөөт цаг
Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс

Доналд Трампын хүүхдүүдийн отгон нь болох Баррон Трамп ердөө жил гаруйн өмнөөс олны хараанд өртөх болсон. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн отгон хүү Баррон энэ жил 11 нас хүрч буй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр эцэг, эхийн хамт тайзнаа заларсан, нойр нь ханаагүйн улмаас нүд нь сүүмийн, ядрангуй зогсох хүүг америкчууд "Симба" хэмээн хочлоод удаагүй байна. Тэгвэл Ерөнхийлөгч эцгийнхээ хамгийн хайртай хүүхэд нь болох Баррон Трампын талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ?

 Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс

Доналд, Мелани хоёрын дундаас төрсөн цорын ганц хүү

Тэрбумтан Доналд Трампын 3 дахь эхнэрээс төрсөн Баррон хүү Меланийн төрүүлсэн ганц хүүхэд юм. 2006 оны гуравдугаар сарын 20-нд мэндэлсэн Баррон хүү эцгийнхээ 5 дахь хүүхэд болжээ. Мелани, Доналд хоёр Баррон хүүг мэндлэхээс жилийн өмнө гэрлэлтээ батлуулж байсан юм. Эцгийгээ ерөнхийлөгч болох хүртэл Баррон хүү ээжийнхээ хамт Нью Йоркийн алдарт Тавдугаар өргөн чөлөөнд байрлах Трамп цамхагийн пентхаус гэртээ амьдарч байжээ.

Дунд сургуулиа төгстлөө Цагаан ордон луу нүүгээгүй

Аавыгаа Цагаан ордон луу ажлаа хийхээр нүүх үед Баррон ээжийнхээ хамт хуучин гэртээ үлдсэн юм. Учир нь тэргүүн хатагтайд хүү Барроноо  хичээлийн жилийн дундаас нь шилжүүлэх  нь хэцүү гэж үзсэнтэй холбоотой. Баррон тухайн үед Колумбийн нэрэмжит, америкийн хамгийн өндөр төлбөртэй сургуулийн нэгд суралцаж байв. Сургуулийнх нь төлбөр жилийн 45 мянган ам.доллар гэдгийг Us Weekly сэтгүүлийнхэн дэлгэсэн. Сургуулийнхаа бусад сурагчдаас ялгардаггүй байсан Баррон хүүгийн амьдрал 2016 оны 11 дүгээр сарын 8-наас хойш бүрмөсөн өөрчлөгджээ. Учир нь тэр АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү гэдгээрээ бүхний анхааралд орж, энгийн баян чинээлэг айлын хүүхэд статус нь өөрчлөгдөв. Барроноос болж хүүхдүүдийнх нь аюулгүй байдалд заналхийлэх зүйл гарах вий гэж айсан эцэг эхчүүд сургуулийн захиргаанд хүртэл хандаж анхааруулж байжээ.

 Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс

Цагаан ордны тасарсан түүхийг үргэлжлүүлсэн Хүү

Баррон Цагаан ордны 60 жил тасарсан түүхийг үргэлжлүүлсэн онцгой Хүү юм. Хамгийн сүүлд 1961 онд ерөнхийлөгч Кеннедийн хүү JFK Жуниор Цагаан ордонд амьдарсан “тэргүүн Хүү” болж, түүнээс хойш ерөнхийлөгчид бүгд охинтой байсан сонин түүх бий.

Үргэлж дэгжин, бас ажил хэрэгч хувцасладаг

Баррон гуравхан настайгаасаа эцэг нэгт эгч Иванкагийн загварын хувцсыг өмсөж эхэлсэн дэгжин хүү юм. “Тэр үргэлж л дэгжин хувцасладаг. Ихэнхдээ зангиа зүүж ажил хэрэгч хувцасладаг,  яг л аав шигээ” гэж ээж Мелани нь сэтгүүлчдэд хэлсэн удаатай. Барроны дэгжин хувцасладгийн нууц нь түүний хувцасны үнээс хамаардаг биз. Сургуулийнхаа дүрэмт хувцастай хослуулан өмсдөг гутал нь гэхэд 149 ам.долларын үнэтэй байдаг талаар Footwear News –ийнхэн онцолж байлаа.

Мини-Доналд

 “Тэр маш ухаалаг, бие даасан, юу хүсч буйгаа яг таг мэддэг. Заримдаа би түүнийг бяцхан Доналд, Мини-Доналд гэж дууддаг. Түүний царай эцэг, эхийнхээ царайны холимог бол дотоод хүн, оюун ухааныхаа хувьд Мини-Доналд гэж дуудахаас аргагүй нэгэн гэхээр ойлгогдох биз” гэж ээж Мелани нь тэргүүн хатагтай болохоосоо ч өмнө хэлж байсан гэдэг.

Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс Баррон Трампын талаар таны мэдэхгүй зүйлс

Хүүхэд асрагчгүй өссөн

Мелани Трамп 2015 онд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Би хүүгээ өсгөх тал дээр хүүхэд асрагчийн тусламжийг аваагүй, авах ч үгүй. Би түүнийгээ өөрөө л өсгөж, хүмүүжүүлнэ” гэж хэлж байжээ. “Баррон минь дөнгөж 9 настай. Эцэг эхийнх нь хэн нэгэн заавал хамт байж, анхаарлаа хандуулах хэрэгтэй, энэ хүүд минь маш чухал. Тиймээс би үргэлж түүнтэй хамт байдаг. Та бүхэн миний нөхрийг үргэлж завгүй, бас аялж явдаг гэдгийг мэднэ шүү дээ” гэж ярьсан Мелани хүүгээ үнэхээр өөрөө халамжилдаг бололтой. Папарацичид Меланиг хүүгээ сургуульд нь өөрөө хүргэж өгч, авдаг гэдгийг олон зургаар баталгаажуулсан. Гэхдээ Доналд Трамп хүү Барроныг нь халамжилдаг “залуу бүсгүй”-н тухайн сэтгүүлчдэд ам алдсан удаа ч бий.

Доналд Трамп хүүгийнхээ живхийг сольж үзээгүй

“Доналд хүүгийнхээ живхийг сольж үзээгүй, гэхдээ энэ тийм чухал биш. Бид өөрсдийнхөө үүргийг мэднэ. Тийм ч учраас Доналдыг хүүгийнхээ живхийг сольж, унтуулдаг байхыг би хүсэхгүй. Харин би өөрөө энэ бүхнийг хийхдээ дуртай байдаг” гэж Мелани Parenting сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Гэлээ гээд Доналд Трамп хүүгээсээ хөндий байдаг гэсэн үг биш.Тэд хамтдаа гольф тоглож, оройн хоол идэх зэргээр олон цагийг хамт өнгөрөөдөг талаар дурдахаа ч Мелани мартаагүй юм. Эцэг, хүүгийн харилцаа гэхэд ажил хэрэгч уулзалт шиг сонсогдож байгаа ч Трампын гэр бүлийнхэн иймэрхүү хүйтэн, хөндий зүйлсээрээ бусад гэр бүлүүдээс үргэлж ялгардаг билээ.

Словьян аялгатай англиар ярьдаг

Словьян цустай ээжээсээ дуурайсан Барроны нэг авьяас нь словьян аялга гэнэ. Мэдээж түүнийг ийм аялгатай ярихад Трамп цамхагаас холгүй тансаг хороололд амьдардаг өвөө, эмээгийнх нь нөлөө ч бий. Баррон хүү 3 настайдаа англи, франц хэлээр ярихын зэрэгцээ словьян хэлээр ярихыг сайн ойлгодог байжээ.

Энэ бүхэн дээр нэмээд Баррон хувийн нисдэг тэрэг, онгоц эзэмшдэг гээд орчин цагийн хамгийн баян Ханхүү билээ. Мелани Трамп цорын ганц хүүгийнхээ талаар сэтгүүлчдэд ам алдаж, олон нууцаа дэлгэсэн хэдий ч Баррон Трампын талаар бидний мэдэхгүй зүйлс олон үлдсэн биз.

 
Эх сурвалж: EAGLE.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.