2024 оны 04 сарын 18
Зочин
Л.Энх-Амгалан: Хамгийн их тасалсан 10 гишүүний нэрийг зарлана

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хаврын чуулганы хуралдаанаар батлагдсан хуулийн төсөл, гишүүдийн ирц, парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

–Хаврын чуулган иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн ямар бодлогын шийдвэр гаргасан бэ. Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гарч чадсангүй гэж сөрөг хүчний зүгээс мэдэгдээд байгаа шүү дээ?

-Хаврын чуулганаас ард иргэдэд хэрэгтэй хүүхдийн мөнгөний хүртээмжийг сайжруулсан, Үндсэн чиглэл, төвийн хүрээний мэдэгдэлд 2019, 2020 онд цалин нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах, зээлийн дарамтыг багасгах юм бол бидэнд санхүүгийн боломж олдоно. Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байсныг болиулсан нь ард иргэдийн амьдралд ядуурлыг бууруулах боломжууд гарч ирнэ гэж бодож байна.  Одоо бидний өмнө  ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх алхам бидний өмнө тулгамдаж байгаа. Тиймээс хүмүүсийн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой юм. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд өрийн дарамтаас гарч, төсвийн алдагдлаа багасгах бодлогын арга хэмжээг авч байна. Төсвийн алдагдал буурахад зээлжих зэрэглэл сайжирна, авч байгаа зээлийн хүү буурч, хугацаа урт болох боломжтой. Мөн зээлийн дарамт багассанаар улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг багасгах боломж бий болно.

–Улсын бүртгэлийн хууль батлагдсантай холбогдуулан ТҮЦ машинаас авч буй лавлагаа хүчингүй  болсон гэх яриа гараад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Улсын бүртгэлийн багц хууль батлагдсанаар төр өөртөө байсан мэдээллээ авахаа больж байна гэсэн үг. Тухайлбал, төрсний гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг олон материал авдаг байсан.  ТҮЦ машинаас авдаг мэдээллээ төр нэхэхээ больж байгаа учраас мэдээллийн нэгдсэн системтэй болж байгаа. Үе шаттайгаар ТҮЦ машиныг хална.

–Гишүүдийн хурлаа таслах нь багассан гэж байна. Гэхдээ огт хуралдаа суудаггүй гишүүд бий шүү дээ. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын гишүүдийн байнгын хороо, чуулганы хуралдааны мэдээлэл ил тод болно. Тамгын газраас сүүлийн гурван парламентад хурлаа тасалсан 10 гишүүний нэрийг зарлахаар судалж байна. УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжээд хурлаа тасалж байгаа мэдээллийг ил болгоод явах боломжтой.

–Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй бол хурлаа таслаад байгаа гишүүдэд ямар хариуцлага  тооцох вэ?

-Намрын чуулганаас хүлээж байгаа гол зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үндсэн хуулийг намрын чуулганаар хэлэлцээд явах боломжтой.

–Ээлжит бус чуулган зарлах уу. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган зарлах нь зүйтэй гэж үзээд байгаа шүү дээ?

-Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлах вэ гэдэг нь Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Үнэхээр улс орны хэмжээний асуудал үүсвэл УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах боломж нээлттэй.

-60 тэрбумын асуудлаар байнгын хороо хуралдах юм уу?

-УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, энэ үеэр УИХ-ын байнгын хороо, байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаад явна. Тиймээс нээлттэй сонсгол хийх эсэхээ Хууль зүйн байнгын хороо удахгүй ямар хэлбэрээр шийдэх вэ гэдгээ хэлэлцэх байх.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.