2024 оны 04 сарын 25
Зочин
Э.Бөхбат: Зөрчлийн оноо нь дуусч, эрх түдгэлзүүлсэнг мэдэхгүй хөдөлгөөнд оролцох тохиолдол гарч байна

Хууль зүйн сайдын тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” батлагдан 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн.

2017 оны байдлаар улсын хэмжээнд 206898 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 1115 жолооч, зөрчлийн онооны урамшуулал олгогдсон 77832 жолооч, жолоочийн оноо сэргээгдсэн 904 жолооч бүртгэгдсэн байна.

Монгол улсын жолоочийн бүртгэлийн сангаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад жолоочийн зөрчлийн 9 оноотой 90567 жолооч байхад 1 онооны үлдэгдэлтэй 613 жолооч байна.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нь хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй зөрчилд 125894 тохиолдолд жолоочийн зөрчлийн оноо хасагдсан нь нийт оноо хассан тохиолдлын 60,8 хувийг эзэлж байгаа юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодрууллаа.

-Яг ямар тохиолдолд зөрчлийн оноо хасч байгаа вэ?

-Зам тээврийн осолд хүргэдэг 17 төрлийн зөрчил дээр арга хэмжээ авагдаж байгаа. Гэрлэн дохио зөрчих, хамгаалах бүсгүй байх, төмөр замын гарах нэвтрэх журам зөрчих, улаан гэрэл дохио зөрчих гэх мэт зөрчлүүдэд бид жолоочийн зөрчлийн онооноос 1-5 оноо хасаж тооцож байна. Тухайлбал, жолооч зам тээврийн осолд холбогдсон нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд 5 оноо хасагдан 100 нэгжээр торгоно. Гэрэл дохио зөрчсөн бол 1 оноо, суудлын бүс зүүгээгүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 1 оноо  гэх мэт хасагдаж байгаа. Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо дууссан бол жолоодох эрхийг нь түр түтгэлзүүлдэг. Гэтэл зөрчлийн оноо нь дуусч, эрх нь түтгэлзсэн гэдгийг мэдэлгүй хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй гарч байна.

-Зөрчлийн оноо нь дууссаныг мэдэлгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр арга хэмжээ тооцуулна.  

-Зөрчлийн онооныхоо дуусч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

-Жолооч нар /service.police.gov.mn/ сайт руу ороод оноогоо шалгах боломжтой. 

-Зөрчлийн 10 оноогоо хасуулсан жолооч нар оноогоо нөхөж авах боломжтой юу?

-ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвд хандан, сургалтад сууж шалгалтаа өгөн оноогоо нөхөж авах боломжтой.

-Зөрчил гараагүй тохиолдолд урамшууллын оноо тооцох уу?

-Жолооч хамгийн сүүлд зам тээврийн осол гарган 5 оноо хасууллаа гэхэд түүнээс хойш нэг жил дүрэм зөрчөөгүй бол сүүлд хасуулсан оноо /хамгийн сүүлд хасуулсан1-5 хүртэлх оноо/ нөхөгдөх боломжтой. Түүнчлэн жолооч хоёр жил замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргэнэ. Хоёр жил тухайн жолоочийг замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчихгүй хариуцлагатай байлгах гэж урамшуулж байгаа. Онооны систем үйлчлээгүй байхад жилд 180 удаа торгуулсан тохиолдол ч байсан. 181 дэх удаагийн зөрчлөөрөө хүний амь хохироож, өөрөө гэмт хэрэгтэн болсон харамсалтай тохиолдол бий. Тиймээс зөвхөн торгох нь хангалтгүй гэж үзээд онооны системд шилжсэн юм. Онооны систем бол хариуцлагагүй жолооч нарыг хариуцлага, сахилгатай болгож, зам тээврийн ослыг бууруулах зорилготой.

-Зам тээврийн осол гарган нөхөн төлбөр авах гэсэн жолооч нараас даатгалын компани заавал цагдаагийн тодорхойлолт нэхээд байна гэсэн. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон, үлэмж их хэмжээний хохирол учирсан бол хоорондоо зохицож болохгүй шүү дээ. Жолооч нарын хооронд иргэний маргаан гараагүй бол зөвшилцсөн тохиолдолд даатгалын байгууллага цагдаагийн байгууллагын бичгийг шаардахгүйгээр нөхөн төлбөрийг зохицуулах ёстой. Үүнийг бид Албан журмын даатгагчдын холбоо, даатгагчдын холбоонуудтай яриад тохирсон асуудал. Санхүүгийн зохицуулах хороо албан журмын даатгалыг зохицуулж, эрхийг нь олгож, цуцалдаг. Даатгалын компани энэ тохиолдолд цагдаагийн тодорхойлолт нэхэх юм бол албан журмын даатгагчдын холбоо буюу Санхүүгийн зохицуулах хороонд хандах эрх нь жолооч нарт байна. Хоёрдугаарт 100 мянган төгрөгөөр торгуулахгүй, зөрчлийн оноогоо хасуулахгүй гээд жолооч нар мөргөлдчихөөд хоорондоо зохицоод  яваад байж таарахгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагч хариуцлага тооцох эрхтэй, тэнд хүний эд хөрөнгө хохирчхоод байгаа шүү дээ.  Даатгалынхны  хувьд заавал цагдаагийнхнаас тодорхойлолт авна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол шийдэгдсэн асуудал. Зам тээврийн ослын дараа даатгал цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрөө хуульд заасан үүргийнхээ дагуу гаргаж өгөх ёстой.

Т.Гэрэл

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.