2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Манай гаригийн хамгийн сайхан залуу

NEWS агентлаг “ХҮМҮҮС” буландаа энэ удаа АНУ-ын жүжигчин, найруулагч, дуучин Брэдли Чарльз Купер (Bradley Charles Cooper)-ийн тухай мэдээллийг онцолж байна. Тэрбээр 1975 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод мэндэлжээ.

Грэмми шагналын эзэн, "BAFTA" буюу Их Британийн кино академийн шагналт тэрбээр “Оскар”-т долоон удаа, “Тони” шагналд нэг удаа тус тус нэр дэвшиж байв.

БАГА ЗАЛУУ НАС

Куперийн ээж Глория Итали-Америк гаралтай, эцэг Чарли Купер нь Ирланд-Америк хүн аж. Тэрбээр Меррилл Линч банкинд брокероор ажиллаж байжээ. Эцэг эх нь хүүгээ багаас нь католик шашинд “уруу татсан” байна. Хожим нь Купер залбирал түүний амьдралын "салшгүй хэсэг" болсон талаар ярьжээ.

Таван настай байхдаа Купер холестеатома буюу чихний архаг халдварт өвчнөөр оношлогдсон байна. Арван найман нас хүртлээ тэрбээр нарийн төвөгтэй хагалгаа тогтмол хийлгэдэг байсан аж.

Купер Пенсильвани муж улс, Вашингтон Фортын Германтаун академид суралцан, 1993 онд дүүргэжээ. Дараа нь Виллановын их сургуульд элсэн орсон боловч жилийн дараа Жоржтаунын их сургууль руу шилжсэн байна. Куперын ирээдүйн мэргэжлийг тодорхойлсон кино Дэвид Линчийн "Заан хүн". Тэрбээр Нью-Йорк хотод зочилж, орон нутгийн драмын сургуульд орж, тайзан дээр анх удаа заан эрийн дүр бүтээжээ.

КАРЬЕР

Брэдли Куперийн карьер "Law and Order: Special Corps", "Sex and the City", "One eye" кинонуудад дүр бүтээснээр эхэлсэн байна. Улмаар “Hot American Summer” (2001) кинонд тоглож, хожим нь шинжлэх ухааны "Globe Trekker" теле хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллажээ.

"Spy" цуврал кинонд дүр бүтээсэн нь түүний нэр хүндийг огцом өргөсөн байна. Тэрбээр үргэлжлүүлэн багахан төсөвтэй кино, телевизийн төрөл бүрийн цуврал кинонуудад тогложээ. Мөн түүнд алдарт “Always say “Yes”, “Naked drummer”, “Love and other troubles” зэрэг кинонуудад дүр бүтээх боломж олдсон байна. Гэвч тэрбээр “Unauthorized Guests” инээдмийн киноны гол дүрийн баатар Рэйчел Макадамсын хүргэний дүрийг хамгийн сайн бүтээсэн гэж үздэг байна.

Түүнийг “To promise is not to marry,” “Everything about Steve”, “Bachelor Party in Vegas”, “Case No. 39”, “New York, I love you”, “Team-A " зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүд нь илүү алдартай болгожээ.

2011 онд “People “сэтгүүлээс Куперийг "Манай гаригийн хамгийн сайхан залуу"-гаар нэрлэсэн билээ.

2012 онд Дэвид О.Расселийн трагикомеди “My Boyfriend is Psycho” олон ангит киноны гол дүр болох өвчний улмаас зовж шаналж буй багш Пэт Солитаногийн дүрийг бүтээж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “BAFTA” зэрэг шагналд анх нэр дэвшжээ.

Жилийн дараа тэрбээр найруулагч Расселлтай хамтран ажиллаж, “American Hustle” кинонд Холбооны мөрдөх товчооны агент Ричи Димасогийн дүрийг бүтээсэн байна. Энэ дүрээрээ "Оскар", "Алтан бөмбөрцөг", BAFTA-ийн шагналд дахин нэр дэвшжээ.

Тэрбээр 2014 онд Клинт Иствудын “The Sniper” киноны гол дүр, Иракад алба хааж байхдаа 255 хүн хөнөөсөн мэргэн бууч Крис Кайлын дүрийг бүтээв. Энэ дүрээрээ гурав дахь удаагаа "Оскар"-ын шагналд нэр дэвшжээ.

Купер 2014 онд "The Elephant Man" кинонд тоглож, "Тони" шагналын "шилдэг жүжигчин" номинацид нэр дэвшиж байв. Тэрбээр 2018 онд өөрийн анхны "The Star was Born" киногоо бүтээж, өөрөө тоглосон билээ. Энэ нь түүний зохиол бичих, продюссер болон дууны клип хийх зэрэг ажилд нь ихээхэн хувь нэмэр оруулжээ.

"The Star was Born" Брэдли Куперын найруулсан анхны кино бөгөөд дуучин Леди Гагагийн бүтээсэн анхны том дүр юм.

"A Star Is Born" кинонд шоу бизнесийн салбарын эмэгтэйчүүдэд тулгардаг дарамт шахалтын тухай маш дэлгэрэнгүй харуулдаг. Жишээ нь, Леди Гагагийн анхны сингл цацагдсаны дараа продюсерууд түүнээс хамартаа гоо сайхны мэс засал хийлгэхийг шаардаж байжээ.

Киноны гол баатар Эллид ч мөн ижил асуудал тулгардаг. Тэрбээр түүний хамрын хэлбэр ба гаднах үзэмж амжилтад хүрэхгүй байгаа гол шалтгаан хэмээн эндүүрдэг. Гэхдээ эцэст нь Жексон түүний бодлыг өөрчилж чаддаг билээ.

Куперийн "Shallow" сингл дэлхийн долоон орны хөгжмийн чартыг тэргүүлж, хэд хэдэн шагналд нэр дэвшсэн байна. Купер 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Оскар"-ын "Шилдэг жүжигчин" номинацид нэр дэвшжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Жүжигчин Бредли Купер 2006 оны арванхоёрдугаар сард жүжигчин Женнифер Эспозитотой гэрлэжээ. Эспозито 2007 оны тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан нь тухайн ондоо шүүхээр эцэслэн шийдэгдэж, хоёр тийш болжээ.

Купер 2009-2011 онд "Case number 39" киноны хамтрагч, жүжигчин Рене Зеллвегертэй дотно харилцаатай байсан бол 2011 оны арванхоёрдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл “Words” кинонд хамтран тоглосон жүжичин Зоя Салдантай учир ургуулсан байна. Харин 2013 оны гуравдугаар сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл загвар өмсөгч Сьюки Уотерхаустай дотно харилцаатай байжээ.

Жүжигчин эр 2015 оны дөрөвдүгээр сард загвар өмсөгч Ирина Шейктэй болзож эхэлжээ. Тэд 2017 оны гуравдугаар сард охинтой болж, Лея де Сьен Шейк хэмээн нэрлэжээ. 2019 оны зургадугаар сард хос хоёр тийш болж буйгаа зарласан билээ.

ДУУЛИАН

Брэдли Купер, Ирина Шейк хоёрын салалтад фенүүд нь дуучин Леди Гагаг буруутгасаар ирсэн билээ. Хүмүүс Купер, Гага нарыг амрагийн холбоотой болсныг шүүмжилж, орос бүсгүйчүүд дуучин Леди Гагаг сэтгэгдлээр “булсан” нь саяхан. Энэ мэт цуурхал тарахын өмнөхөн Леди Гага сүйт залуугаасаа салжээ.

“A Star is born” кино Академийн шагнал гардуулах ёслолын үеэр хоёр жүжигчин тайзнаа ихэд дотно байгаагаа харуулж, удалгүй Брэдли Купер эхнэр, Оросын супер модель Ирина Шейкаас салж буйгаа зарласан нь цуурхлыг улам “баталгаажуулсан” гэлтэй.

“The People” сэтгүүлд мэдээлснээр, Леди Гагагийн хувьд Брэдли, Ирина нарын салалтын “шалтгаан” байгаагүй аж. Дуучин, жүжигчин Леди Гага дууны найруулагч Дэн Хортон гэх залуутай хайр сэтгэлтэй болж, шинэхэн хосын Лос-Анжелесийн кафед болзож байгаа нь папарацичдын дуранд өртжээ.

Эх сурвалж: People, Biography, News.com, IMDb

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.