2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
БНХАУ-ын “хохирогч” нь ганц Монгол биш...

-БНХАУ махны экспортоо нэмэгдүүлснээс нийлүүлэгч улсуудад үнэ өсөж байна-

Монгол Улс БНХАУ руу мах ихээр экспортолж эхэлснээс болж дотоодын зах зээлд махны хомсдож, үнэ эрс өссөн билээ. Энэ нь инфляцад нөлөөлж, Төв банк зорилтоо биелүүлж чадахгүйд хүрээд буй. Инфляц Улаанбаатарт 10.5, улсын хэмжээнд 8.9 хувьтай байгаа. Төв банк инфляцыг найман хувьд барих зорилготой. Тэгвэл энэ зовлон зөвхөн манай улсад биш, БНХАУ-д мах экспортолдог бүх улсад их, бага хэмжээгээр ажиглагдаж байгаа аж. Мөн хэрэглээ ихтэй улс импортоо огцом нэмснээр дэлхийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн баланс алдагдаж, тогтворгүй байдал үүсэж байгаа юм байна. Энэ чиглэлээр аналитик хийдэг “Feedlot” агентлагийн явуулсан судалгаанд энэ талаар тодорхой өгүүлсэн байна.   

БНХАУ гаднын улсуудаас авах мах, махан бүтээгдэхүүнийхээ хэмжээг өнгөрсөн жилээс эрс өсгөжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад мах экспортлогч орнуудын дотоодод хомсдол болж, үнийн өсөлт ажиглагдах болсон байна.  

БНХАУ-ын “хохирогч” нь ганц Монгол биш...

Бразил улс БНХАУ-д экспортлох шувууны махны хэмжээгээ өнгөрсөн жил 31 хувиар өсгөжээ. Гэтэл дотоодын зах зээлд тахианы махны жижиглэнгийн үнэ 16 хувиар өссөн байна. Өнөөдөр европчууд гахайн махыг өнгөрсөн жилийн мөн үеийнхээс таван хувиар илүү үнэтэй авч байгаа нь мөн л БНХАУ-ын импорт нэмэгдсэний нөлөө ажээ. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгчид БНХАУ-д илүү ихийг нийлүүлснээр үлдсэн зах зээлд нийлүүлэлт багассан гэсэн үг юм. Австралийн дэлгүүрүүдэд хонины махны үнэ 14 хувиар өсөж, Шинэ Зеландын супермаркетуудад махны үнэ дээд амжилт тогтоох хэмжээнд хүрсэн нь ч мөн л БНХАУ-тай холбоотой.

Британийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн зөвлөл энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ “БНХАУ-ын импорт нэмэгдсэнээс болж гахайн махны жижиглэнгийн үнэ 2017 оны арваннэгдүгээр сараас хойшхи дээд хэмжээнд хүрлээ” хэмээн онцолсон байна.

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортолдог Европ, Ази, Өмнөд Америк гурван тивийн улсын хүн ам үнийн өсөлтийн золиос болоод буй бөгөөд харамсалтай нь, тухайн улс оновчтой бодлого барихгүй л бол цаашид ч энэ чигээрээ байх магадлалтай гэнэ.

БНХАУ-ын “хохирогч” нь ганц Монгол биш...

АНУ-ын хэрэглэгчид одоогоор үнийн өсөлтийн хохирогч болоогүй ч цаашдаа болох магадлал байгааг “Feedlot” анхнааруулав. БНХАУ АНУ-тай худалдааны дайн өрнүүлж, бараа бүтээгдэхүүндээ харилцан татвар ногдуулж байгаа хэр нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй гэж мэдэгдсэн. Ингэж мэдэгдмэгц ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх гахайн махны ханш шууд 4.5 хувиар өсжээ.  АНУ-ын мах үйлдвэрлэгчид өнгөрсөн жил Европ, Өмнөд Америкийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын хэрэгцээг хангах гэж хэрхэн хоорондоо өрсөлдөхийг хөндлөнгөөс ажигласан маягтай байсан бол ирэх жилээс өрсөлдөөнд оролцох нь тодорхой болсон. “Tyson Foods”, “Smithfield Foods”, “Sanderson Farms” зэрэг аварга загаснууд БНХАУ-ын эрэлтээс үүдэж дэлхийн зах зээл дээр бий болсон үнийн өсөлтийг ашиглах амбицаа илэрхийлээд байгаа юм.    

Цаашид яах вэ?

Хятадууд жилд 553.4 сая тонн гахайн мах хэрэглэдэг байна. Энэ хэрэгцээнийхээ дийлэнхийг дотоодоос хангадаг байсан ч гахайн гоц халдварт өвчний улмаас зөвхөн энэ онд гэхэд л 16.2 сая тонноор хорогдсон аж. Ингэснээр импортоо шууд хоёр дахин нэмэхэд хүрч, дээр дурдсан үр дагаврыг үүсгэжээ.  

Гахайн махны зах зээлийн үнэ 50 хувиаj өссөний дараа БНХАУ-ын эрх баригчид иргэддээ өөр төрлийн мах хэрэглэж хэвшихийг уриалах болсон бөгөөд тахиа, үхэр, хонины махны импортоо үлэмж өсгөсөн байдаг. Тахианы махны экспорт гэхэд л шууд 70 хувиар нэмэгдэж, өсөлтийн мөнгөн дүн нь гэхэд л таван тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр тахианы махны үнийг өсгөсөн байна.  
Дэлхий дээр махыг хамгийн их зооглодог ард түмэн болох аргентинчууд хүнсэндээ үхрийн мах хэрэглэх нь багасжээ. БНХАУ-д их хэмжээгээр экспортолсноос болоод үхрийн махан стейкний үнэ өнгөрсөн жилийнхээс 51 хувиар өссөн байна.

БНХАУ-ын “хохирогч” нь ганц Монгол биш...

БНХАУ Бразилийн 25 мах боловсруулах үйлдвэртэй гэрээ байгуулснаар тус улсын 89 үйлдвэрээс бүтээгдэхүүн импортлох болсон байна. Энэ мэтчилэн яриад байвал жишээ баримт дуусахгүй шинжтэй. Бразилдаа хамгийн том мах экспортлогч компани болох BRF-ын дэд ерөнхийлөгч Патрисио Ронера “БНХАУ биднээс авч байгаа махныхаа хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхийг хүсэж байгаа” гэсэн нь БНХАУ цаашдаа импортоо багасгахгүй гэдгийг харуулж байгаа юм.   

Үүнээс үзэхэд, БНХАУ-ын хэрэгцээнээс болж үүссэн үнийн хөөрөгт өртөж хохирсон нь ганц монголчууд биш байна. Гэлээ гээд байдлыг хүлээн зөвшөөрөөд байж таарахгүй. Экспортод хатуу хяналт тогтоон зохистой хэмжээнд барин иргэдээ хамгаалах нь төрийн үүрэг билээ.

Эх сурвалж: Eagle.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.