2024 оны 04 сарын 19
Зөвлөгөө
Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ямар орц ордог вэ?
Ta брэндийн нэр, гялалзсан хайрцаг баглаад хууртагдсанаар ялгадас, нян, хортой химийн бодис худалдан авахаас болгоомжилно уу

Хуурамч бараа хэрэглэхийн үр дагаврыг Ирландын оршин суугч 19 настай Рэйчел Маклафлин охин өөрийн биеэр мэдэрч байсан. Тэрээр Кайли Женнерийн Kylie Lip Kit хуурамч уруул өнгөлөгч худалдан авч хэрэглэсний дараа удалгүй нүүр, ам нь бүхэлдээ хавдаж маргааш нь аман дотор нь үрэвсэл үүсэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээ тархаж байсан билээ.

Үүнтэй тэмцэхээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотод Хятад улсаас хууль бусаар орж ирдэг хуурамч гоо сайхны бараа худалдааг цагдаагийн газраас зогсоон 700,000 ам.доллар бүхий барааг хураан авч шинжилгээ хийснээс хүний ба амьтны ялгадас болон их хэмжээний нян илэрсэн байна.

Хуурамч бүтээгдэхүүний найрлагад олон төрлийн хорт бодисууд байдаг ба тэдгээрийн хор нөлөөг анхааруулах зорилгоор мэргэжилтнүүд ийнхүү жагсаан тайлбарлажээ.

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ямар орц ордог вэ? (фото 1)

  • Хар тугалга - Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн нийтлэг орцын нэг, хуулийн шаардлагад нийцэх хэмжээнээс ихэвчлэн 5-19 дахин их агуулагддаг. Нөхөн үржихүйн систем, бөөр, элэг, мэдрэлийн систем, зүрх судасны системд хордлого өгдөг гэж мэргэжилтнүүд мэдээллэж байна.
  • Хүнцэл - Энэ аюултай орц нь 1800-аад оны үед гоо сайхны бүтээгдэхүүний нийтлэг орц байсан билээ. Хүнцэл нь хуримтлагдсаар цаг хугацааны явцад аюултай түвшинд хүрч болзошгүй юм. Жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл хөхүүл эхчүүдэд илүү аюултай бөгөөд хамгийн хүнд төрлийн хорт хавдарт хүргэдэг байна.
  • Зэс - Бусад химийн хортой бодисуудыг арьсанд илүү хурдацтай шингэхэд нөлөөлдөг, гоо сайхны бүтээгдэхүүнд хийх хориотой бодис юм.
  • Мөнгөн ус - Мөнгөн ус бол хүний биед хортой бодис бөгөөд мэдрэлийн систем, дархлаа ба амьсгалын замын хордлогод хүргэдэг. Ургийн хөгжилд мөнгөн ус онцгой аюултай ба арьсанд амархан шингэдэг байна. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөн ус агуулагдах тохиолдол их тул сэрэмжтэй байх хэрэгтэй.
  • Берилли - Энэхүү хүнд металлын талаар өргөн хүрээний судалгаа хийгдээгүй боловч хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнээс олддог байна. Нөхөн үржихүйд, дархлаанд, мэдрэлийн системд хортой нөлөө үзүүлэх магадлалтай.
  • Кадмиум - Кадмиум нь дунд тунгаар агуулагдсан тохиолдолд хортой бөгөөд кальци, төмөр, зэс, цайр зэрэг хэд хэдэн чухал эрдэс бодистой хүчтэй зөрчилддөг юм.
  • Хөнгөн цагаан - Хөнгөн цагааны суурьтай нийлмэл бодисууд нь хоорондоо хортой байдлаараа адилгүй байдаг. Зарим нь мэдрэлийн систем хордуулж, хөгжлийн болон нөхөн үржихүйд нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг байна. Гоо сайхны бүтээгдэхүүн дахь хөнгөн цагааны үр нөлөөг олохын тулд хөнгөн цагааны тодорхой төрөл, агууламжийн түвшинг судлах хэрэгтэй билээ.
  • Нян - Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнээс төрөл бүрийн нян илэрдэг бөгөөд тэдгээр нь халдвар, арьсны тууралт, харшлын урвал үүсгэдэг юм. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнээс олдсон өөр нэг нийтлэг нян бол E. Coli (Escherichia coli) бөгөөд энэ нь хүнд хэлбэрийн суулгалт, бөөрний дутагдал, цус багадалт үүсгэдэг маш хортой нян юм.
  • Амьтны ялгадас - Энэ бол хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн ямар нөхцөл байдалд үйлдвэрлэгддэгийг харуулсан жишээ юм.
  • Шээс - Зарим тохиолдолд хуурамч сүрчигний найрлагад шээс олддог.
  • Цианид - Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнээс олддог боловч амьсгалж үнэрлэх үед хамгийн хортой билээ.
  • Будаг шингэлэгч - Энэ нь хуурамч сормуусны будагт илэрдэг бөгөөд арьсны хүнд урвал үүсгэж, эсвэл нүдэнд удаан хугацаагаар гэмтэл учруулж болзошгүй.

Дээрх орцуудын дийлэнх нь гудамжнаас, борлуулагчаас эсвэл онлайн дэлгүүрээс худалдан авсан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг химийн шинжилгээнд оруулсны үр дүнд илэрсэн байна.

Иймээс алдарт "The Doctors" телевизийн шоу нэвтрүүлгийн байнгын зочин болох арьсны мэргэжлийн эмч Соня Батра "Хэрэглэгчид зөвхөн итгэмжлэгдсэн компаниуд болон эрх бүхий жижиглэнгийн худалдаачдаас бараагаа худалдаж авах хэрэгтэй" хэмээн анхааруулсан бөгөөд хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд удаан хугацааны хор уршиг үлдээх болзошгүй тул цаашид ухамсартайгаар зөв сонголт хийхийг уриалжээ.

https://www.buro247.mn/beauty/news/khuuramch-goo-saykhny-b-teegdekh-n-d-yamar-nayrlagatay-baydag-ve.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.