2024 оны 04 сарын 18
СЕХ: 2 нэр дэвшигчийн материалыг авч, АН-ыг түр хойшлуулав

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулсан билээ. Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр (2021.05.05/) Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна. Сонгуулийн ерөнхий хорооноос цаг олгосны дагуу МАН-аас нэр дэвшигчийн материалыг өгсөн юм.

СОНГУУЛИЙГ БУДЛИАНГҮЙ ЯВУУЛАХАД МАН ХУУЛИЙГ ЧАНД МӨРДӨН ОНЦГОЙ АНХААРНА

МАН-ын нэр дэвшигчийн материалыг хүргүүлэн өгөхөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар СЕХ-нд хүрэлцэн ирсэн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.Бидний зорилго шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, хүний эрх, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох та бүхнээс хамаарна.

Ш.АДЪЯАМАА


Үүний дараа О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

СЕХ: АСУУДЛАА ДОТООДДОО ШИЙДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой.

АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Н.АЛТАНХУЯГИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, материалыг хүргүүлж байна. Манай намын нэрийг ашиглан, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. УИХ-д суудал бүхий манай намаас хууль ёсны нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна. Шаадлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн байна. Улсын их хуралд 13 суудалтай АН 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг энэ шийдвэрийг хүлээж авахгүй, МАН төрийн толгой дээр гарсан байна гэж буруутгав.


ХҮН: ХУУЛИЙН ДАГУУ СЕХ-ТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ өнөөдөр мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД:

-Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж байгаа Д.Энхбатын материалыг бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэн өглөө. 2021 оны Төрийн тэргүүн сонгох сонгуульд бид хуулиа хүндэтгэж, дүрмийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн тэргүүн хуулийн дагуу сонгогдож, бид хуульд заасан бүх заалтыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтарч ажиллана.

Морин цагт багтаан нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэн өглөө. Өнөөдрийн үйл явдал нь Монгол төрийн түүхэнд чухал үйл явдал. Анх удаа бид зургаан жилээр Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Манай нэр дэвшигчийн бичиг баримт бүгд бүрдсэн, дутуу зүйл байхгүй.

Албан ёсоор нэр дэвшигчийг бүртгэсэн эсэхээ гурав хоногийн дараа СЕХ мэдэгдэх ёстой. Гурван нам, эвслийн нэр дэвшигч материалаа өгч байх шиг байна. “Зөв хүн электорат" эвслийн хувьд иргэддээ амласан ёсоор энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгож өгнө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт хийж байсан бол энэ удаад тэдгээр иргэддээ сонголт олгож байна” гэлээ.

С.УНДАРМАА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.