2024 оны 04 сарын 20
Л.Баттөр: Халдвар тархах хамгийн оргил үе нь 9 дүгээр сар гэж үзэж байна

Коронавирусний "Альфа", "Бетта", "Гамма" төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд халдвар дамжуулдаг бол "Дельта" нь 7-8 хүнд халдварлах эрсдэлтэй тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Орон нутагт, тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-80 орчим хувийг мутацид орсон дельта вирус эзэлж буй. Иймд коронавируст халдварын нөхцөл байдал, эмчилгээ үйлчилгээг тойрсон асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа. 

-Сүүлийн үед орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдлээ. “Дельта” хувилбар манай улсад хэд бүртгэгдээд байна, цаашдаа нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ? 

-Тавдугаар сарын 26-нд Япон улс руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн, дельта хувилбарууд илэрсэн. Тэр үед дотоодын халдвар байгаагүй. Долоодугаар сарын 16-нд дахин 160 сорьц явуулсны эхний 38 сорьцын хариугаар манай улсад “Дельта” хувилбар 10 хувьтай байна гэсэн мэдээ ирсэн. Ер нь бол, бид ПГУ-д суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа. 

Улаанбаатар хотод 30-аас дээш хувьд “Дельта” илэрч байгаа бөгөөд  орон нутагт хамгийн их зорчигч, аялагч хүлээж авсан аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээд байна. Баян-Өлгий аймгаас нийт 20 сорьцыг шинжлүүлэхэд 16 тохиолдлоос нь “Дельта” илэрсэн.

-Эмчилгээний арга болон илэрч буй шинж тэмдгийн хувьд адил байх уу?

-Ер нь адилхан, гэхдээ бага зэрэг өөр байж болно. Эмчилгээний хувьд бол эмчилгээний ерөнхий зарчим нь яг л адилхан. Амьсгалын замын хүндрэл өгч байна. Ямар хүн хүндэрч байна гэхээр архаг хууч өвчтэй, хэт таргалалттай, өндөр настай хүмүүс, мөн  дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн юм.

-Одоогоор нийслэлд нийт сонгож авсан сорьцын 30 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгаа. Цаашдаа нөхцөл байдал яаж хүндрэх эрсдэлтэй вэ?

-9 дүгээр сар  хамгийн оргил үе нь гэж үзэж байгаа. Вакцины үр дүнд хүндрэлээс 90-95 хувьтай сэргийлж байна. Хичээл сургууль эхлэхээр мэдээж хөл хөдөлгөөн ихэснэ. Оюутны байранд 200-300 оюутан нийтийн ариун цэврийн өрөөтэй байдаг. Хэрэв тэнд халдвар гарвал өрөөнд нь тусгаарлана гэдэг хэцүү. Иймэрхүү эрсдэлүүдийг бид эртнээс сэрэмжлүүлж байгаа. Ялангуяа 18-34 насны залуучуудын вакцинд хамрагдалт 80 гаруй хувьтай л байна шүү дээ. 

-Оюутны байранд халдвар гарвал тэнд нь байлгаж болохгүй гэж хэллээ. Тэгэхээр цаашид халдвар ихэсвэл яах вэ?

-Зургаан сарын оргил үед нийт 15 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо 9 мянга руу буусан байна. Айхтар  эрсдэл үүсээд байхгүй гэж бодож байна.

-Эмчилгээний зардалд өөрчлөлт орох уу?

-Эмчилгээний зардал болон эмчлэх зарчим нь адилхан. “Дельта” хувилбараар 95 хувь нь эмнэлэгт хэвтэнэ гэж ойлгож болохгүй. Одоо “Дельта” хэлбэрийн өвчлөл их байвал халдвар хамгаалал барих гээд, “альфа” байвал тайвшрах гээд байгаа юм шиг нөхцөл байдалтай байна. Цаашдаа олон хувилбар байгаа учраас ямар ч тохиолдолд бид халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой.

-Халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг бол мэдээж 0-11 насны хүүхдүүд. Улирлын томуугийн вакцин хийлгэсэн хүүхдүүд коронавирусээр өвчлөхөд хүндрэхгүй байх боломжтой юу?

-Вакциныг тухайн вируст л зориулж хийдэг. Хэрэв “КОВИД-19”-ийн вакцин бусад томуугаас сэргийлдэг байсан бол бид томуугийн  вакцин гэж хийх шаардлагагүй шүү дээ. Улирлын томуугийн үүсгэгч нь өөр байдаг учраас түүнд л зориулсан вакцин гэсэн үг. Тэгэхээр аль аль вакциныг л хийлгэх шаардлагатай. Харин вакцин хоорондын хугацаа ямар байх вэ гэдгийг шийдэх шаардлагатай. Сургууль, цэцэрлэгүүд тодорхой дэглэмээр, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад эрсдэл багатай.Гадны улс орнуудад хепафилтертэй агаар шүүгчийг санал болгож байгаа. Суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж богино хугацаанд агаар сэлгэлт хийж байх, мөн богиносгосон цагаар хичээллүүлэх гэх мэт арга хэмжээг авах юм бол халдварын эрсдэл бага байх бүрэн боломжтой.

-Халдвар нэмэгдсэн тохиолдолд сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжих үү?  

-Өдөр болгоны нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тэр үед нөхцөл байдал нь ямар байх юм, голомтот халдварууд хаана гарч байгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч тухайн үед шийдвэр гарахыг үгүйсгэхгүй.

 -“Альфа” хувилбараар өвчилсөн хүн “Дельта”-гаар өвчлөх эрсдэл бий юу?

-Өвдөөд эдгэсэн хүн халдвар авсан цөөхөн тохиолдол байна. Гэхдээ Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дэлхий нийтээрээ өвдөөд эдгэсэн хүнд хэдий хугацаанд байгалийн дархлаа нь тогтож  байна вэ гэдгийг судалж байгаа. Вакцин хүртэл тийм байгаа шүү дээ.

-Өдөрт яг хэчнээн хүнд шинжилгээ хийж байгаа вэ. Дотоодын оношилгоо, эмчилгээний нөөц хэр хангалттай байгаа вэ?

-PCR шинжилгээг бид  маш зөв стратеги, тактикаар хийх ёстой. Олон улсын гаргасан зөвлөмжийн дагуу бид  арга хэмжээ авч байгаа. Дэлхийн бусад улстай ч бид харьцуулж харсан. Өнөөдөр жишээ нь, 7500 орчим хүнээс шинжилгээ авсан.

-Оношилгоо, эмчилгээний нөөц ямар байгаа вэ?

-Эмчилгээн дээр нэлээн нөөц бүрдүүлж байгаа. “КОВИД-19”-өөр эмчлэгдэж байгаа хүмүүсийн өртөгт даатгалаас суулгах мөнгийг нэмсэн.

-Бусад халдварт өвчний тохиолдол ямар байна, томуу ямар хэмжээнд байна вэ?

-Үнэхээр томуугийн тохиолдол энэ хугацаанд эрс буурсан нь судалгаанаас харагдаж байгаа. Бүх орон нутгаар сүрьеэгийн тандалт судалгааны ажлыг идэвхжүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн нэг гол чиг үүрэг, ачааллын ихэнх нь ДОХ, БЗХӨ байдаг. ДЭМБ-аас санхүүждэг төслүүдээрээ дамжуулж илрүүлэг, эмчилгээ үйлчилгээ хийж байгаа.

Өөр нэг хаягдаж байгаа зүйл нь гепатит юм. Улсын хэмжээнд 400 000 хүн байна. Энэ өвчнөөс шалтгаалсан нас баралтаар дэлхийн дунджаас тэргүүлж байгааг анхаарах шаардлагатай байна. Монгол Улсын хэмжээнд, эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг, нийт хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй гэсэн харамсалтай тоо баримт байна. Энэ болгон эрсдэл. “КОВИД-19”-тэй зэрэгцээд эрүүл амьдралынхаа хэв маягийг сахих шаардлагатай юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.