2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“Amazon.com"-ын хувьцааны үнэ анх удаа 1000 доллароос давлаа
Интернет худалдааны “Amazon" компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр анх удаа 1000 доллароос давжээ. Тус биржийн арилжаа эхэлснээс хойш нэг цагийн дараа уг компанийн хувьцааны үнэ 1001,17 долларт хүрээд төдөлгүй 997,93 доллар болон буусан байна.

5 дугаар сар гарснаас хойш Amazon болон Alphabet-ийн хувьцааны ханш 1000 долларын түвшинд ойрхон байсан юм. Харин мягмар гарагт “Amazon”-ы хувьцаа энэ босгыг давсан бол Alphabet-ийнх 995 долларын түвшинд хэвээр үлджээ.

“Amazon.com” бол интернет худалдааны дэлхийн хамгийн том компани бөгөөд тус компанийг Жефф Безос 1994 онд байгуулж, Амазон мөрний нэрээр нэрлэжээ. Ном, пянз борлуулахаас үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани яваандаа дүрс бичлэг, программ хангамж, видео тоглоом, ахуйн цахим хэрэгслийн худалдаа эрхлэх болжээ. 2016 оны 12 дугаар сард тус компани захиалсан барааг анх удаа нисэгчгүй нисэх аппарат ашиглан хүргэж өгсөн байна.

2016 оны эцсийн байдлаар тус компанид 180 000 хүн ажиллаж байгаа бөгөөд Канад, Их Британи, Герман, Япон, Франц, Итали болон бусад орнуудад салбаруудтай ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.