2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“Toyota компани Tesla компанитай хамтын ажиллагаагаа зогсоолоо

Японы “Toyota Motor” компани өөрийн эзэмшлийн “Tesla Motors”-ийн хувьцаагаа бүгдийг нь зарж Америкийн энэ компанитай хамтын ажиллагаагаа зогсоож, уг компанийн хөрөнгөөс бүрэн гарч байгаагаа зарлажээ. Энэ тухай “Kyodo” агентлаг эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Дээрх хоёр автомашин үйлдвэрлэлийн компани 2010 оны 5 сард “Toyota” компани Tesla-гийн хувьцааны 3,15 хувийг 4,5 тэрбум иен /40,5 сая доллар/-ээр худалдан авч хамтын ажиллагаагаа эхлэж байгаагаа зарласан билээ. Үүнээс хойш Японы компани “Tesla” компанийн зайгаар ажилладаг бартаат замын спорт загваруудыг зохион бүтээх болсон ч тэдгээр нь олноор үйлдвэрлэлд нэвтэрч чадаагүй юм. Одоо байгаа мэдээллээр, “Toyota” компани Америкийн компанийн хувьцааны нэг хэсгийг нь 2014 оны 10 дугаар сард зарсан ба үлдсэнийг нь тэр оныхоо сүүлээрээ зарж дуусгажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Toyota” компани Tesla-тай хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдсэн явдал нь цахилгаан машин үйлдвэрлэх өөрийн гэсэн хөтөлбөртэй байж тус компанитай хамтран ажиллах нь утгагүй гэж үзсэнд оршиж байгаа аж.

Хэвлэл мэдээллийн мэдээгээр, Японы “Toyota” компани 2020 гэхэд нэг цэнэглэлтээр 300 км хүртэл зайг туулах чадвартай цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Эдгээр машинуудыг Prius эсвэл Corolla седан загварууд дээр суурилан үйлдвэрлэх юм.

2016 онд Япон улсын дотоодын зах зээл дээр Toyota Prius гибрид машин борлуулалтаараа тэргүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.