2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
М.Карлсен, С.Карякин нар Норвегид болох шатрын супер тэмцээнд оролцоно

Дэлхийн аварга Магнус Карлсен, Оросын их мастер Сергей Карякин нар өнөөдөр буюу мягмар гарагт Норвегийн Ставангер хотод эхлэх шатрын супер тэмцээнд оролцох гэж байна.

Хэдэн сарын өмнө уг тэмцээнд оролцох 10 хүний нэрийг зарласан нь шатрын хорхойтнуудын хувьд чихэнд сонсголонтой сайхан мэдээ болсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчид дэлхийн чансаанд тэргүүлж буй хамгийн хүчирхэг их мастеруудыг супер тэмцээнд оролцуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд шилдэг 10 их мастераас хоёр нь буюу Оросын Сергей Карякин /2781/, Голландын Аниш Гири /2790/ нар хасагдаж байсан юм. 

С.Карякин, А.Гири хоёроос гадна Ставангер хотод Норвегийн шатарчин М.Карлсен /2832/, АНУ-ын шатарчин Уэсли Со /2812/, Оросын Владимир Крамник /2808/, АНУ-ын Фабиано Каруана /2808/, Францын Максим Вашье-Лаграв /2796/, Армений Левон Аронян /2793/, Энэтхэгийн Вишванатан Ананд /2786/, АНУ-ын Хикару Накамура /2785/ нар ирээд байна.

Уг тэмцээний шагналын сан 249 000 евро бөгөөд тэмцээний ялагч 70 000 еврог авах бол удаах байр 40 000 евро, гуравдугаар байр 25 000 еврогийн шагналтай аж.

Ставангерын тэмцээний өмнө даваа гарагт блиц тэмцээн болсон бөгөөд түүнд 10 их мастер бүгдээрээ оролцжээ. Харин үндсэн тэмцээн нэг тойргоор 6 дугаар сарын 6-16-нд болох юм. Өргийн үргэлжлэх хугацаа 100 минутанд 40 нүүдэл + 50 минутанд 20 нүүдэл байх аж. Оноо тэнцсэн тохиолдолд ялагчийг блицээр тодруулна.

Ставангерийн анхны тэмцээн 2013 онд болж,  тун удалгүй нэр хүндтэй тэмцээн болж чадсан юм. Дэлхийн аварга М.Карлсен тэмцээнд оролцсон нь үүнд нөлөөлсөн юм. 2013 болон 2014 онд болсон тэмцээнүүдэд С.Карякин түрүүлж байсан бол 2015 онд Болгарын шатарчин Веселин Топалов, 2016 онд М.Карлсен түрүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.