2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Улсын цолд ойрхон бөх: Оргихын ХАНГАЙ

Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд бөхөө дээдэлдэг монгол түмэн Улсын баяр наадмаар улсын цолны босго алхах бөхчүүдийг таамаглан суугаа биз ээ. Хэн гэдэг аавын хүү одтой сайхан барилдаж, улсын цолтны их гэр бүлд багтахыг таахад бэрх. Тэр өдрийн тэнгэр хэний хүүг ивээн тэр л сайн барилдах учиртай. Манай сайт та бүхэндээ улсын цол авах магадлалтай залуучуудыг цувралаар танилцуулан хүргэж байна.  

Аймгийн арслан О.Хангай 2014 оноос бөх сонирхогчдод танил болж эхэлсэн. Ховд аймгийн Буянт суманд төрсөн энэ хүчтэн улсын цолны босгонд аль хэдийнэ тулж ирээд байна.

Энэ хавар тун “онцгой” байгаа энэ залуугийн заалны барилдааны амжилтыг бичихэд илүүц биз ээ. Тэрбээр 20 насандаа бөх спортод хөл тавьсан гэдэг. Анх волейбол тоглодог байсан тухайгаа “Үеийн хэдэн хүүхдүүдтэй нартай ноцолдохоос цаашгүй. Харин волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй” ийн ярьсан удаатай.

О.Хангай 2011 онд сумынхаа наадамд түрүүлэн сумын заан болсон юм. Өмнөх жил ямар ч бэлтгэлгүй барилдаад үзүүрлэн сумын начин болсон аж. Бэлтгэл хийлгүй барилдан сумынхаа наадамд үзүүрлэсэн Хангай хүү тэр өвлөө Ц.Мягмарсүрэн заанд шавь орж, Ховд бөхийн дэвжээнд бэлтгэлээ базааж эхэлсэн юм. Хоёр жилийн дараа буюу 2012 онд аймгийнхаа наадамд Н.Батсайханд унаж, үзүүрлэн аймгийн заан болжээ. Жилийн дараа Хангай цолоо ахиулан аймгийнхаа наадмын түрүү бөхөөр тодорсон юм. Цол дагаж бяр гэдгийн адил Хангай 2013 оны намраас МБӨ-нд тун сайн барилдаж эхэллээ. Улмаар 2014 оны цагаан сарын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, заан Ч.Санжаадамба нарын томчуудыг “нурааж” үзүүрлэсэн юм.

Тэр жил цагаан сарын барилдаанд үзүүрлэхэд олон хүн түүнийг цолны тааварт нэрлэж байсан ч улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг мэдэрч, хашир заан Болдын Сайнбаярт өвдөг шороодсон түүхтэй. Дараа жил нь дөрөв давж начны таваанд боссон ч Чагнаадоржийн Ганзоригтой тунан барилдаж, унасан юм.

Энэ жил түүнийг олон хүн улсын цолны босго алхана хэмээн бодож байгаа. О.Хангай тав давчихвал дээшээ илүү сайн барилдаж, өндөр цолонд хүрэх бүрэн боломжтой бөх. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.