2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Дэлхийн нэг номерын теннисчин байсан Б.Беккер дампуурснаа зарлажээ
Германы нэрт теннисчин, дэлхийн нэг номерын теннисчин байсан Борис Беккер дампуурснаа зарлажээ. Түүнтэй холбоотой хэргийг авч хэлэлцсэн Лондоны дээд шүүхийн хуралдаан ердөө хагас цаг үргэлжилсэн байна.

Өдгөө спортын тайлбарлагч, дасгалжуулагчаар ажиллаж буй 49 настай Борис Беккерийн эсрэг нэхэмжлэлийг Лондон хотын “Arbuthnot Latham” арилжааны банк шүүхэд гаргажээ.

Шүүхээр уг хэргийг хэлэлцэх үед Б.Беккер тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн төдийгүй уг зээлээ хугацаанд нь буюу 2015 оны 10 дугаар сард төлж барагдуулаагүй болох нь тодорхой болсон байна.

Олон улсын теннисийн алдрын танхимд нэр нь бичигдсэн алдарт теннисчин Б.Беккер Лондонд болсон шүүх хуралдаанд өөрөө ирээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчид хэргийг хэлэлцэх хуралдааныг дөрвөн долоо хоногоор хойшлуулахыг шүүхээс хүсчээ. Учир нь, энэ хугацаанд Б.Беккер Испанид байдаг үл хөдлөх хөрөнгийн түрээс болох 6 сая еврогоо цуглуулж, өрөө дарах гэж байгаа аж.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч хурлыг хойшлуулахаас татгалзжээ. Учир нь хоёр сарын өмнө шүүх хурлыг хойшлуулсан, гэтэл хариуцагч талд 6 сая евро байгаа гэсэн нотолгоог гаргаж өгөөгүй аж.

Шүүгч Кристин Деррет нэрт тамирчны талд оролгүй нэхэмжлэгчдийн байр суурьтай санал нэгджээ. Тэрбээр ярихдаа “би түүнийг Бүх Английн клубын төв талбай дээр тоглож байсныг нь санаж байна, энэ нь магадгүй намайг хэдэн настай хүн бэ гэдгийг харуулж байж болох юм, би их харамсч байгаа ч шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч чадахгүй нь” гэлээ.

К.Дерретийн хэлснээр, Борис Беккер шиг ийм алдар хүндтэй хүмүүс хугацаа хэтэрсэн зээлийн асуудалд орох нь шүүхийн практикт ховор байдаг аж. “Энэ нь хуучин өр. Хүн толгойгоо элсэнд булсан юм шиг сэтгэгдэл төрж байна” хэмээн шүүгч нэмж хэлжээ.

Борис Беккер мэргэжлийн теннист тоглож байсан хугацаандаа Их дуулгын тэмцээнд зургаан удаа түрүүлж байв. 1985 онд 17 насандаа тэрбээр Уимблдоны тэмцээний хамгийн залуу аварга болж байсан бол 1992 оны Барселоны Олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан юм.

Б.Беккерийн хөрөнгө нь ойролцоогоор 35 сая доллароор үнэлэгдэж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.