2024 оны 04 сарын 23
Чөлөөт цаг
Кувейт улс Умард Солонгосоос ажилчид хүлээж авахаа зогсоов

Умард Солонгосын иргэдэд виз өгөхийг зогсоож байгаагаа Кувейт улс мэдэгдлээ.

Пхеньяны гадаад валютын орлогыг багасгах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл саяхан тогтоол баталсантай холбогдуулан Кувейт улс ийм арга хэмжээ авч байгаа аж.

Кувейтийн ГХЯ өчигдөр мэдэгдэл хийхдээ “Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөж байна” гэжээ.

Мөн Умард Солонгос руу мөнгө шилжүүлэхийг болон тус улсын иргэний агаарын тээврийн “Air Koryo” компанийн нисэх онгоцууд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхийг Кувейтийн тал зогсоосон байна.

Түүнчлэн Кувейтэд байгаа Умард Солонгосын дипломат ажилтнуудын тоог ч багасгах аж.

Кувейт бол Умард Солонгосын ЭСЯ байдаг Персийн булангийн бүс нутгийн ганц улс юм.

Кувейтэд одоо Умард Солонгосын 6000 орчим иргэн ажиллаж байна.

Өнгөрсөн сард хоёр удаа тив алгасах баллистик пуужин харвасантай нь Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд санал нэгтэйгээр баталсан билээ.

Уг тогтоолоор Умард Солонгосоос нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохыг бүрэн хориглосон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.