2024 оны 04 сарын 20
Зочин
М.Батбаяр: Монгол нутгаас 1.7 тэрбум жилийн настай чулуу олдсон

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэсийн дарга М.Батбаяртай геологийн шинжлэх ухаан болон дэлхий, хүн амьтан, ургамал хэрхэн үүсч хөгжсөн тухай ярилцлаа.
 

-Манайхан геологи гэхээр уул уурхай гэж ойлгох тал бий. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Харин тийм. Ялангуяа хөдөө ажлаар явж байх үед геологич гэхээр уул уурхайнхан гэх нь бий. Манай газар нутгийг ухах гэлээ гэж дургүйцэх явдал тохиолддог. Гэтэл геологи гэдэг нь байгалийн танин мэдэхүйн шинжлэх ухаан. 
Геологийн шинжлэх ухаан нь бидний оршин байгаа дэлхийн чулуулаг давхарга болон бусад гариг эрхэсийн чулуулгийн талаар судалдаг.  Хүн төрөлхтөний түүхийг сөхөн яривал хүн анх үүссэн цагаасаа эхлээд чулууг өөрийн ахуй, амьдралын хэрэгцээнд ашиглаж ирсэн. Хүн төрөлхтөн хөгжих тусам чулуулагт буй эрдэс баялгийг ашиглах, өөрийн амьдран буй орчныг танин мэдэх хүсэлдээ тэмүүлсэн тэр тэмүүлэл нь геологийн шинжлэх ухааныг бий болгон хөгжүүлэхэд түлхэц болсон. Дэлхийн чулуулаг(царцдас) давхарга түүний дотор орших халуун хайлмагийн хөдөлгөөн, дэлхийн цөмийг судлахад геологийн шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнтэй холбоотойгоор дэлхийн царцдас буюу чулуулаг давхаргын (хавтангийн) шилжилт хөдөлгөөн, түүнд орших эрдсийн хуримтлалыг судалж тогтоох,  эрт галавын  геологийн түүхийг, амьтан ургамлын орчин, түүгээр ч үл барам тухайн цаг үеийн байгалийн ор¬чин байдлыг тогтоох, хурдасын өгөршил зөөгдөл, усны хуримтлалын орчин, зөөгдөл зэргийг судалдгаараа маш том шинжлэх ухаан юм, дотроо ч олон салбартай байдаг.
Жишээ нь, геологийн шинжлэх ухаан тухайн чулуулгыг таньж мэдээд бусдад тайлбарлаж өгдөг гэж хэлж болно. Эрдэс баялгийн хуримтлал байвал түүнийг олж энд ийм орд болох нь төдий хэмжээний нөөцтэй гэдгийг хэлж өгдөг, үүний дараагаар уул уурхайн үйл ажиллагаа явагддаг. Мөн хөрсөнд инженер геологийн судалгаа хийж, энд зам тавьж болно ийм тийм найрлага шинж чанартай байна хэмээн тогтоодог. Тэгээд тухайн замын далан хэдий хэмжээний зузаан байх түүнд хийх чулуулгийн орд зэргийг тогтоож өгдөг. Бас хот суурин газар барьж байгуулахын тулд  барилгын суурийн хөрс ямар байгааг, усны хангамж, цахилгаан станцын нүүрсийг хаанаас авах, хаагуур тээвэрлэлт хийлээ гэхэд тэнд тавигдах зам, төмөр замын бүтээн байгуулалтын геологийн судалгааг хийх зэрэг асуудлуудыг шийдэж судална. Өөрөөр хэлбэл суурин байгуулахад газар доор нь цэвдэг, гүний усны урсац байгаа эсэх, газар хөдлөлийн идэвхтэй эсэх үүнээс үүдээд газар хөдлөлийн хэдэн баллд тэсвэртэй барилга зэргийг нь барилгынхан төлөвлөнө гэх жишээтэйгээр гэсэн үг. Ер нь хүмүүс чулуулаг давхарга дээр амьдарч байгаа болохоор геологийн шинжлэх ухааныг зөв ойлгох хэрэгтэй. Товчхондоо геологи бол суурь шинжлэх ухаан. Харин геологи нь физик, хими, математикийн шинжлэх ухаангүйгээр хол явахгүй. 
-Тэгэхээр Дэлхий хэмээх гаригийн үүслийг шинжлэх ухаан хэрхэн тайлбарлаж байна вэ?
-Олон эрдэмтдийн гаргасан таамаглалаар сансар огторгуйд байдаг тоосонцорын бөөгнөрлөөс дэлхий үүссэн. Орчлон ертөнц тэр чигээрээ эргэлдэх хөдөлгөөнд оршдог. Энэ хөдөлгөөний нөлөөгөөр огторгуйд байгаа тоосонцорууд хуйларч нэг том биет  үүсгэсэн. Энэ биет нь нэг гаригтай мөргөлдөж манай нарны аймаг үүссэн гэж эрдэмтэд үздэг. Дэлхий ч бас ингэж үүссэн. Эхлээд сар шиг хатуу гадаргуутай биет болсон. Гэвч галт уулын дэлбэрэлтүүд болж, солир байнга унаж байсан. Гэтэл нэг том гаригтай мөргөлдсөн. Энэ мөргөлдөөний улмаас манай дэлхийн дагуул сар үүссэн гэж үздэг. Дэлхий дээрх галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр агаар мандалд хүчлийн үүл хуримтлагдсан. Ингээд хүчлээр бороо орж далай тэнгисийг үүсгэсэн. Хүчлээр амьдардаг органик нэгдлүүд нь хүчилтөрөгчийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ нь агаар мандал үүсгэх гол хүчин зүйл болжээ. 
-Тэгвэл амьд гариг үүсэх үйл явц хэдий хэрийн хугацаанд үргэлжилсэн гэж үздэг вэ?
-Дэлхийн хамгийн хөгшин чулуу 3.6 тэрбум жилийн настай.Энэ үеэс л дэлхий үүссэн гэж ойлгож болно. Нарны аймаг 4,57 тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг. Монгол нутгаас маань1.7 тэрбум жилийн настай чулуу олдож байсан. 
-Дэлхийн насыг тогтоочихлоо. Харин хүн амьтан, ургамал хэзээ яаж үүссэн юм бол. Ялангуяа хүний үүслийн талаар олон таамаг дэвшүүлдэг. Тухайлбал, бичнээс гаралтай, харь гаригаас дэлхийд ирсэн, бөөс бий болдог шиг таатай нөхцөл бүрдэж үүссэн л гэдэг. Та геологич хүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Би Дарвины хувьсалын онолд итгэдэг. Ямарваа зүйлийн амьтан, ургамал хувьсаж өөрчлөгдөж байдаг. Учир нь тухайн амьтан ургамал нь амьдрах орчиндоо дасан зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж байдаг энэ нь амьдралын төлөөх тэмцэл юм.  Жишээ нь, богино хошуутай шувуу, түүний иддэг жимс байж. Гэтэл тэр жимс байгалийн шалгарлаар өөрийгөө хамгаалахын тулд үр, тоосонцроо гүн далд газарт оруулж хувьсан өөрчлөгдлөө гэж бодъё. Үүнийг нь идэхийн тулд нөгөө шувууны хошуу дагаад нарийхан урт болж эхлэх ч юм уу, баавгай гэхэд л бор хар цагаан өнгөтэй байх гэх жишээтэй. Дарвины бүтээлд нэг арал дээр амьдардаг нэг шувуу эх газрын нэг шувуутай хархад адилхан. Ганцхан хошуу нь өөр байж. Үүний судлаад үзэхэд нэг төрлийн шувуу дотроо гурван зүйл болж хувьсан өөрчлөгдсөн байдаг. Тэгээд үүнээс эхлэн судлан өөрийн онолыг гаргасан. Хүн ч бас ялгаагүй. Хар, шар, цагаан арьстан гэж бий. Энэ нь тухайн газар нутгийнхаа байршил, дасан зохицох чадвараар л ийм болсон. Хүн болгон толгойдоо үстэй,халуун орны хүний үс буржигар богино юм шиг харагддаг. Татаад үзэхэд урт байдаг, учир нь тэр үсэнд нь агаар орох орон зай бий. Яагаад гэвэл тархиа халаахгүйн тулд ингэж зохицсон. Тэгвэл эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг монголчууд тэднээс арай өөр. Шулуун үстэй, онигор нүдтэй. Өндөрлөг эх газарт салхи шуурга ихтэй. Иймд том нүдтэй бол нүдэнд шороо орох жишээтэй. Энэ маягаар хүн амьдрах орчиндоо зохицсон эрхтэнтэй болж хувьссан байна. Тэгээд дээр хэлсний адил хүн бол бичнээс үүсэлтэй гэдэгт би итгэдэг.
-Ингэж хэлэхээр одоо амьдарч буй бичнүүд яагаад хүн болохгүй, хүний төрхөнд орохгүй байна гэсэн зүйл бас яригддаг?
-Үүнийг хүлээхийн тулд дахиад хэдэн мянган жил хэрэгтэй байх. Хувьсал гэдэг бол өнөө, маргаашийн асуудал биш. Тухайн амьтан амьдралын орчиндоо зохицох, мөн хоол хүнс зэрэг нь нөлөөлж хувьсал аажмаар болдог зүйл. Энэ хооронд амьдрах чадваргүй амьтад нь мөхөж сөнөнө. Чадвартай нь хувьсан өөрчлөгддөг. Амьтан бүрт өөрийн гень хромсом гэж бий. Үүнд байдаг санах ой нь тухайн амьтны шинж чанарыг хадгалан кодлогдсон байдаг. Тэгэхдээ тухайн орчиндоо зохицож амьдархын тулд зарим нэг эрхтэн нь сайжирна. Генд хадгалагдаж байгаа мэдээллүүд нь  энэ өөрчлөлтийг боловсруулж дараа дараагийн удамдаа шилжүүлж явдаг. Жишээ нь, дөнгөж төрсөн хүүхэд сүү хөхнө гэдгийг мэдэхгүй. Гэвч энэ мэдээлэл генд нь программчлагдан хадгалагдсан байгаа. Ингээд хоёр нас хүрээд явж эхэлнэ. Энэ бүхэн хүний генд хадгалагдсан программын дагуу л өрнөж буй үйл явц. Яг л компьютерийн программ шиг ажиллана. Товчхон хэлэхэд тухайн амьтан байгальд зохицохын тулд программаа үргэлж сайжруулж байдаг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Одоо ч гэсэн хүмүүс өөрчлөгдөж л байгаа. Хүн бол байгалийн амьтан. Түүнээс биш өөр гаригаас ирээгүй. 
-Амьтан, ургамлын эхлэл нь нэг эст бүдүүлэг биет гэдэг. Тэгэхээр амьдралын эхлэлийн талаарх шинжлэх ухааны ямар тайлбар байна вэ?
-Дэлхийн амьдрал микробоос эхлэлтэй. Хамгийн бүдүүлэг биетэн эсээс нэг эст, хоёр эст болон хуваагдсан. Тэр нь бусдыгаа барьж иддэг нялцгай биет болсон. Тэгээд нялцгай биет нь мөр хөлтөн болж хувирсан. Орчиндоо зохицож амьдрахын тулд өөрийгөө хамгаалдаг хавтастай болон хувьсан бусад өөр төрлийн усны амьтад бий болсон. Далайн далайн амьтадын өөрсдийн хуьсалын явцад идэх тэжээлээ хайх, мөн амиа хамгаалах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хуурай газар амьдарч эхэлсэн. Тэгэхдээ амьд биет үүссэн эхний шатны үеэс ургамал, амьтан гэж хоёр хэсэгт хуваагдаад хөгжсөн юм. Ингэж хөгжсөөр байгаад хүн болж хувьсан өөрчлөгдсөн гэдэгт би итгэдэг. Дарвин хувьсалын онолоороо  амьдралын мод гэдгийг зохиосон. Энэ модонд дэлхий дээрх бүх амьтан, ургамал нэг эст бүдүүлэг биетээс үүсч өөр өөрийн хувьсал хөгжлийн жамаар салбарлан явсан нь тодорхой бий. Үүнийг олон сая жилийн хугацаанд үргэлжилсэн үйл явц гэж ойлгох хэрэгтэй. 
-Монгол орноос олдсон эртний амьтан, ургамлын олдворуудын талаар товч мэдээлэл манай уншигчдад өгөөч?
-Дэлхийд амьдрал үүссэнээс хойш бараг бүх геологийн насны ургамал, амьтны олдвор, мөн сүүлийн олон улсын судалгааны эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар эртний микроп хүртэл олдсон гэж байгаа. Манай улсын хувьд ихэнх төрлийн ургамал, амьтдын үлдэгдэл олддог. Мөн манай улсаас олдсон динозавруудын олдворуудыг АНУ-д хууль бусаар гаргасан байсныг буцаагаад бидэнд хүлээлгэж өгч байгаа. Анх 2012 онд манай дүү М.Болорцэцэг Нью -Йоркод дуудлага худалдаагаар Монголын динозавр худалдагдах гэж байгааг мэдээд төрийн зохих байгууллагад мэдэгдсэнээр энэ үйл явц эхэлсэн. Түүнээс манай дүү бараг 30-аад олдворуудыг савлаж баглаад Монгол руу илгээх ажлыг хийж байгаа. Олдворуудыг савлаж баглана гэдэг нь маш нарийн ажиллагаатай байдаг, мэргэжлийн хүн л хийх хэрэгтэй болдог. Дүү маань тэндэх их ажлынхаа хажуугаар үүнийг хийж гүйцэтгэж байгаа, энэ бас Монгол улсын иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж би боддог, дүүгээрээ их бахархдаг. Манай аав силур, ордовикийн шүр судалдаг байсан. Үүгээрээ докторын зэрэг хамгаалсан мөн маш олон шинжлэх ухааны бүтээл гаргаж, олон улсад хуралд илтгэж тавьж Монголын палеонтологийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүн. Бас Монголын стргатиграфийн комиссыг анх байгуулж, геологийн зураглал, судалгааны ажлыг хөгжүүлэх явцад их хувь нэмэр оруулсан. Стратиграфи буюу давхарга зүй гэдэг бол геологийн хувьд суурь нь гэж хэлэхэд нэг их зөрөхгүй байх учир нь чулуулаг давхаргын зүй тогтол, насны ангилал зэрэг асуудлуудыг шийдэж өгдөг. Бас тухайн чулуулаг давхаргын насыг амьтан ургамалын үлдэгдлээр насыг нь тогтоож аль чулуу нь түрүүлж үүссэн буюу хуримтлагдаж байсныг хэлж өгдөг юм. Манай улсын нутаг дэвсгэрт бүх насны чулуулаг бий тэгэхээр тухайн цаг үед амьдарч байсан ургамал, амьтны үлдэгдлүүд ихэнх нь олдсон гэсэн үг.
-Монгол оронд байгаа чулуулаг бусад тив, газраас ялгарах онцлог бий юу?
-Ер нь бол дэлхийн бүх чулуулаг адилхан. Нэг л бөмбөрцөг учраас тэр. Гэхдээ насны хувьд өөр өөр байж болно, манай улс нь төв азийн атираат мужид оршдогоороо онцлог, тэр нь бол манай улсын чулуулаг давхарга нь доороо эртний далай тэнгэсийн гаралтай хувирмал чулуулаг их атираанд орсон, түүний дээр нь эх газрын хурдас хуримтлагдсан байдаг. Шуудхан хэлэхэд хоёр манай улсын чулуулаг давхарга бол давхацмал тогтоцтой гэдгээрээ онцлог юм. Энэ чулуулаг давхаргуудыг судлах явцад, эх газрын чулуулаг гэж би түрүүн хэлсэн тэр нь одоогоос 350-аад сая (Карбоны настай) өмнө үүсэн хуримтлагдсан чулуу юм. Яаж тэр чулуулгийг эх газрынх гэж мэдээд байна гэвэл манай улсад тухайн цаг үед үүссэн нүүрсний орд газрууд байдаг, тэгэхээр нүүр бол эх газрын уулсын хоорондох хотгорт бий болдог ашигт малтмал, мөн нүүрсэнд хадгалагдан үлдсэн ургамал нь эх газарт ургадаг ургамал байдаг энэ бүхнээр нь эх газрын худас гэж байгаа юм. Тэгээд тэр цаг үеэс хойш бүх насны чулуулаг нь эх газрынх байдаг.Мөн чулуулгууд нь тухайн чулуулагт хуримтлагдаж буй эрдсээрээ тэс ондоо байдаг. Жишээ нь дэлхийн олон оронд их, бага хэмжээгээр алт байна. Харин энэ хуримтлал нь аль тектоникийн хөдөлгөөн, магмийн идвэхжилээр хуримтлагдсан бэ гэдгээс шалтгаалж ордуудын том жижиг асуудал яригдана. 
-Манай Оюу толгой, Эрдэнэт, Хармагтай, зэс, алт, мөнгө гэсэн металтай томоохон ордууд насны хувьд хэр зөрүүтэй, ялгаатай байна вэ?
-Эрдэнэт, Оюу толгойн ордын геологийн нас зөрүүтэй. Тектоник, геодинамикийн хувьд 2 өөрорчинд үүссэн. Хармагтайн орд Оюу толгойтой нэг геологийн тогтоц дээр байдаг девоны насны чулуулагтай холбоотойгоор үүссэн ордууд ойролцоогоор девон бол 400 сая жилийн настай чулуу шүү дээ. Иймд энэ хоёр орд ойролцоо байж болно. Хармагтайн ордыг судалж дуусаагүй. Гүний судалгаа хийх ёстой. Гүний өрөмдлөг хийж үзэхэд баялаг орд байж болох дээж гарч ирсэн. Тэгээд бараг Оюу толгой шиг орд байж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Хүдрийн биетээ олоод хайгуулын нарийвчилсан судалгаа хийж нөөцөө бодоод Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээд нөөцийн санд бүртгүүлсэний дараа Оюу толгойгоос том жижиг орд гэж ярих ёстой. Одоо ийм яриа гаргах нь эрт. Гэхдээ хөрөнгийн бирж дээрх компаниуд иймэрхүү хувьцаагаа өсгөх мэдээлэл цацаж дараа дараагийнхаа  үйл ажиллагааны санхүүжилтийг босгох тал бий. Хармагтайн ордын нэрээр босгосон хөрөнгө Монголд л орж ирнэ. Тиймээс бид хараад л сууж байх хэрэгтэй. Энэ хэмжээгээр манай улсад татвар төлнө. Монголчууд бас ажилтай орлогтой болно. 
-Тэгвэл Багануур, Тавантолгой зэрэг нүүрсний томоохон ордуудын насжилтын талаар тодруулж өгөөч?
-Багануурын орд Цэрдийн галавын настай. Одоогоос 160 гаруй сая жилийн өмнө эх газрын хотгорт үүссэн орд. Тавантолгойн орд Пермийн настай, 250 сая жилийн өмнөх нүүрс. 
-Монгол Улсын газар нутагт геологийн судалгаа бүрэн гүйцэд хийгдсэн үү. Судалгааны ажил ямар түвшинд байна вэ?
-Геологийн зураглал хийсэн машстабаар нь судалгааны түвшинг хэмжинэ. Одоо 1:200 мянганы машстабтай геологийн зураглал Монгол орны газар нутгийг бүрэн бүрхсэн. Өөрөөр хэлбэл нийт нутгийнхаа хоорондоо 200 метр зайтай газар бүрийг судалсан гэсэн үг. Мөн 1:50 мянганы машстабтай геологийн зураглал хийх ажил нийт нутгийн 33.7 хувьд хийгдээд байна. Нэг ёсондоо геологийн судалгааны ажил бүр нарийсч хоорондын зай нь 50 метр болгож байгаа юм. Ийм зураглалд эрэл, үнэлгээний ажил цуг хийгддэг. Тэгэхээр энэ газарт ийм ашигт малтмалын илрэл байна гээд эрэл хийх талбайгаа ялгана. Эрлийн ажил хийсэн талбайдаа цаашид хэрхэх хэтийн төлвийн үнэлгээ өгдөг. Тухайлбал, энэ талбайд нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай,  шаардлагагүй эсвэл өөр аргачлалаар үзэх хэрэгтэй гэж үнэлэлт дүгнэлт өгсөн тайлан гаргана. 
-Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа  1:50 мянганы геологийн зураглал хийх ажил яагаад удааширч байна вэ?
-Манай газар тухайн жилд зураглал хийх талбайг нь тодорхойлж өгдөг. Бид жилд томоохон талбайд геологийн зураглалын төлөвлөгөө гаргадаг. Харин Сангийн яам төсвийг хасч өгдөг. Ийм болохоор багахан хэмжээний талбайд зураглал хийж ажил жаахан удаашралтай байна. Энэхүү геологийн судалгааны ажилд зарим нэг дутагдалтай зүйлүүд ажиглагдаж байна. Тухайлбал, геологийн судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт учир дутагдалтай, шалгаруулалт явуулж буй комисст мэргэжлийн хүмүүс цөөн байдаг. Мөн сонгогдсон аж ахуйн нэгж тухайн ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт гацах, дутагдахаас эхлэн ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна. Бас төсөл хэрэгжүүлэгч зарим нэг ААН-д  мэдлэг чадвартай боловсон хүчин дутагдалтай, төслийн багийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангаж ажиллахгүй байгаагаас хээрийн судалгааны ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлж байгаа юм. 
Төсөлтэй холбоотой талбайн хэмжээнд өмнөх судлаачдын хийгдсэн бүхтөрлийн геологийн судалгааны ажлын тайлан материал, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж өөрсдийн судалгааны ажилдаа тусгана жиллахгүй байна. Мөн хээрийн болон суурин боловсруулалтын ажлын бэлтгэл дутуу, агаар, сансрын зургийн чанар муу, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан нь төсөл гүйцэтгэгч ААН-ээс геологийн даалгаварт заасан хугацаанд ирдэггүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэхгүй зэрэг дутагдлууд бий.
-Монгол орны газар нутгаас хэдэн төрлийн ашигт малтмалын  орд, илрэл бүртгэгдээд байна вэ?
-Ашигт малтмалын нөөц цаашдаа нэмэгдэнэ. Учир нь нийт нутгийхаа 60 орчим хувийг судлаагүй байна. Мөн зарим судалгааны ажлын тайлан бүрэн гүйцэд гараагүй байгаа. 
-Геологийн зураглал хийх явцад хаана, хэдий хэмжээтэй газрын хаграл байна гэдгийг бас тогтоодог. Манай улсын хүн амын дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хот орчимд газрын хаграл хэр их байна. Газар хүчтэй  хөдөлж магадгүй хаграл бий юу. Хагаралын насыг нь тогтоосон уу? 
-Газрын хагаралын насны судалгаа хийхэд хэцүү. Үүнийг тектоник хөдөлгөөн, хагарал судалдаг эрдэмтэд хийдэг. Хагаралууд гүнийх үү эсвэл хурдас дундах уу гэдгээрээ ялгаатай. Гүний хагарал гэдэг нь идвэхтэй. Тэгэхээр суурь чулууны ийм хагаралнь байнгын хөдөлгөөнд байдаг. Чулуулгын дээрх хагарал нь газрын гүний хагаралын нөлөөгөөр үүснэ. Гүний хагарал Улаанбаатарын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг. Иймд газар хөдлөлийн идвэхтэй бүст оршдог юм. Хустайн нуруу, Гүнжийн сүмийн идвэхтэй хаагралын уулзварт Улаанбаатар хот байна. Саяхан л гэхэд Гүнжийн сүмийн хагаралыг дагаж 3.6 баллын газар хөдлөлт болсон.

-Газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломж шинжлэх ухаанд бий юу?
-Харьцангуйгаар мэдэж болох байх. Улаанбаатар хот бол байнгын чичирхийлэлд байдаг. Тэр нь бидэнд нэг их мэдэгдэхгүй. Харин хүчтэй чичирхийллийн давтамж хэр зэрэг ойртож байна тэр хэмжээгээр бүр хүчтэй газар хөдлөлт ойртож буйн шинж гэж ойлгож болох байх. Өөрөөр хэлбэл хатуу хоёр биет тулчихаад бага багаар чичирч байна. Тэгээд тулалт нь чинээндээ хүрч хүчтэй задарна гэсэн үг. Тэгэхээр геологийн хувьд энэ үйл явц удаан байх магадлалтай.  Эсвэл хурдан ч байж болно. Үүнийг яг таг хэлэхэд хэцүү. Гэвч геофизикийн судалгааны шинэ арга аргачлалуудыг харж байхад газар хөдлөлтийг урьдчилж хэлэхэд ойртож л байгаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.