2024 оны 05 сарын 08
БНЭУ-аас ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буй орнуудын тоо нэмэгдэж байна

Энэтхэг улсад ковид19 цар тахлын халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Энэтхэг улсаас ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, нислэгээ зогсоосон орнуудын тоо өссөөр байна. Улс орнууд аялал жуулчлалын журам, зохицуулалтуудаа өөрчилж, Энэтхэгээс өөрийн иргэд болон Энэтхэгчүүдийг түр хугацаанд хүлээж авахгүй байхаар хязгаарлалт тогтоожээ.

Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж, хилээ хаах, өөрийн иргэд болон Энэтхэгт зорчсон гаднын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон талын арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнгөрсөн 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн Кувейт, 27-ноос Мальдивын арлууд Энэтхэгээс нислэг хүлээж авахгүй гэдгээ зарласан.

Мөн Итали улс сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын иргэдийг хилээр орохыг хориглосон бол Индонез улс сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын иргэдэд виз олгохгүй гэдгээ мэдэгджээ. Франц улс Энэтхэг, Бразил, Чили, Аргентин, Өмнөд Африк зэрэг орнуудаас нислэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Герман улс Энэтхэгт зорчсон өөрийн орны иргэн болон Германд байнга оршин суух эрхтэй иргэдийг хил нэвтрүүлж байгаа юм байна.

Канадын засгийн газар Энэтхэгээс ирэх бүх нислэгийг 30 хоногийн хугацаанд зогсоож байна. Арабын Нэгдсэн Эмират Энэтхэгээс ирэх ачаа тээврээс бусад нислэгийг 10 хоног хоригложээ. Хамгийн сүүлд АНУ Энэтхэгээс ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болж байна. АНУ зөвхөн өөрийн орны иргэдээ хүлээн авч, сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын улсын иргэдийг түр хугацаанд хилээрээ оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Энэтхэгт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа аж.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.