2021 оны 09 сарын 23
Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд элсүүлэх авлига 1-30 сая төгрөг болж гаарчээ

-Амьдралын шаардлагаар авлига өгсөн нь бус шахалт үзүүлж авсан нь ял шийтгэгддэг хуультай-

Нууц биш нэгэнт ил болчихсон гэмт хэрэг бол энэ. Монголын нийгэмд нэвт шингэчихсэн, магадгүй хамгийн олон оролцогчтой авлига, албан тушаалын гэмт хэрэг байж мэдэх юм. Ер нь хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нийг авлига, албан тушаалын гэмт хэрэг дагадаг болоод удаж байгаа. Тэгвэл энэ жил бага, дунд боловсролын сургалтын чанар, орчин нөхцөл, хүрэлцээнээс шалтгаалан хүүхдийг харьяаллын бус сургууль цэцэрлэгт элсүүлэхдээ авлига өгч, авалцсан явдал бүр ойрхноос сонсогдох болов.

Айл бүрд багадаа нэг суралцагч байна гэж үзвэл, авлига биднийг хүрээлчихлээ. Гэхдээ тодорхой хүрээнд болон хүрээлэлд. Хамгийн аймшигтай нь бид бүгдээрээ энэ мэтээр  авлигыг байх л ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрдөг болчихож. Гутамшигтай нь хүүхдээ авлигаар бусадтай өрсөлдүүлж, бусдаас дээгүүр боловсрол эзэмшүүлэхийг эрмэлзэж байгаа явдал. Эцэст нь авлигаар хүмүүжсэн хүүхэд ямар хүн болж нийгэмд гарах вэ. 

Өнгөрсөн жилүүдийн жишгээр хотын төвийн, эсвэл лаборитори дунд сургуульд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүд энэ жил ч мундахгүй олон байгаа бололтой. Эцэг эхчүүд ажлынхаа ойролцоо, эсвэл сайн сургалттай гэдэг шалтгаанаар харьяаллын бус сургуулийн хаалга тогших шаардлага гарч байгааг хэлсэн. Гэхдээ нэг хэсэг нь авлига өгөөд хэргээ бүтээчихсэн, нөгөө хэсэг нь харьяаллын бус, дээр нь нэгэнт мөнгөний босгонд тээглэсэн гэдэг шалтгаанаар нэрээ нууцлахыг хүссэн. Ерөнхийдөө авлигачдыг том, жижгээр нь ангилахдаа “өвсөн тэжээлтэн”, “махан идэштэн” гэж тодорхойлоод байгаа. Тэгвэл улсын дунд сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын шаардаж буй мөнгөн дүнгээс харахад, тэд хэдийнэ “өвсөн тэжээлтэн”-ээс “махан идэштэн” болж ангилал ахижээ. Тухайлбал, иргэд хамгийн их хүүхдээ сургах сонирхолтой гарын тавын хуруунд багтах төвийн хэдэн сургуульд харьяаллын бус хүүхэд элсүүлэх ханш энэ жил олон мянган ам.доллароор яригдах болсон байна. Бүр  5,000-10,000 ам.доллар нэхсэн тохиолдлыг нэрээ чандлан нууцлахыг  хүссэн ээж ярьсан.  Тэд хүүхдээ сургууль, цэцэрлэггүй хоцроохоос айж, эмээсэндээ сургууль, авлига авсан албан тушаалтны нэрийг ч мэдээлэхгүй байхыг хүссэн юм. Тэгвэл хотын төвөөс арай хол гэгддэг сургуулиудын авлигын ханш доод тал нь нэг саяас 10 сая төгрөг болж нэмэгдсэн гэдгийг нэгэнт хүүхдээ элсүүлчихсэн эцэг эхчүүдээс олж мэдлээ. Сүүлдээ сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын арга нарийсаж, ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийнхээ аль нэгээр зуучлал хийлгэж, “хандив”-aa халаасалдаг болжээ. Ийнхүү эцэг эхчүүд авлига өгсөн гэдгээ бусдад мэдэгдэхийг хүсдэггүйтэйгээ адил хүүхдийнхээ нэр хүндийг ч хамгаалахыг зорьж байгаа нь авлигыг гаруулах үндсэн нөхцөл гэлтэй. Уг нь эцэг эхчүүд хүүхдээ харьяаллын бус сургуульд элсүүлэхийн тулд авлига өгөх гэж очихгүй бол хэн авлига шаардаад сууж байх вэ дээ гэж бодмоор. Улмаар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж чанарын асуудал босож ирдэг. 

Зөвхөн сургуулийн удирдлагууд, багш ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог юм биш. Өнгөрсөн хугацааны мэдээллээс сөхөхөд, хууль хяналтын байгууллагынхан улсын нэгдүгээр дунд сургуулийн захирлыг дуулиантайгаар баривчилж байлаа. АТГ-аас 2018 онд тус сургуулийн захирлыг  авлига авч харьяаллын бус хүүхэд элсүүлсэн гэдэг асуудлаар баривчилсан удаатай. Тэгвэл баривчлагдсан нөхөр өөрөө “Авлига өгдөг авдаг асуудал байхгүй. Яамны цохолтоор харьяаллын бус хүүхэд авдаг. Улсдаа хийж бүтээсэн гавьяатай хүмүүсийн хүүхдийг авахаас өөр аргагүй” хэмээн ил цагаан мэдэгдэж байжээ. Мөн АТГ-ын комиссар “Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг” хэмээн анхааруулж байсан юм. Дээр нь Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Хуулийн энэ заалтаар татаас өгч хүүхдээ харьяаллын бус сургуульд оруулсан эцэг эхчүүд өөрсдөө буруугаа хүлээсэн тохиолдолд ямар нэг ял шийтгэл хүлээхгүй бөгөөд хүүхэд нь ч сургуультайгаа үлдэх боломжтой аж.  

Үнэхээр Монгол Улсад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас шалтгаалан хүүхдүүдийг харьяаллын дагуу сургуульд бүртгэх шаардлага тавьдаг. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж заасан байгаа. Харин хүүхдээ нэгдүгээр ангиас нь сайн гэж үзсэн сургуульдаа сургах, эсвэл орчин нөхцөлийг нь сайжруулах амьдралын шаардлагаар сургуулийн захирал болон албан тушаалтан, бүр багш нарт  хахууль өгсөн тохиолдлууд дээрх хууль журмуудыг бүдэгрүүлэх болсон. Уг нь  өнгөрсөн жилүүдэд Монголын авлигатай тэмцэх бүтэц ийм төрлийн гэмт хэргийн эсрэг сургалт сурталчилгаанаас эхлээд овоо ажил хийж буй харагдах болсон. Овоо ч төсөв хөрөнгө цацдаг бололтой юм билээ. Гэвч хичээлийн шинэ жилийн элсэлт дагасан авлига өгч, авалцдаг явдал энэ жил буурах бус бүр илүү тааралдлаа. Үнэ өртөг нь ч бидний олон сарын цалинтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдлээ.

Жич: Хүүхдээ сургууль, цэцэрлэгт элсүүлэхэд тань элдэв хандив, тусламж нэрээр авлига шаардсан албан тушаалтнуудын мэдээллийг хүлээн авч, нийтэд мэдээлэх замаар авлигагүй нийгмийн бүтээлцэхэд манай редакцийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

24news.mn

http://24news.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.