2024 оны 11 сарын 04
Видео
Д.Ариунболд: Дуу авиа хэрхэн үүссэнийг дуурьлаг хөгжмөөс сонсоорой

Хөсөгтөн” хамтлагийн хөгжмийн зохиолч, их хуурч Д.Ариунболдыг дугаарын зочноор урилаа.

Ардын урлаг тэр дундаа хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд танай хамтлагийнхан байнга оролцож харагдах юм?

-Хөөмий гэдэг Монголын үндэсний өв соёл. Тиймээс ч түгээн дэлгэрүүлж, дэлхийд сурталчилах нь ардын урлагаар тэр дундаа хөөмийн урлагаар уран бүтээл хийж байгаа уран бүтээлчдийн үүрэг гэж би боддог. Өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн хөөмийгөө бид хэрхэн дээдэлж, дэлгэрүүлэх вэ гэж СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн хамт олонтой ярилцаж, олон ажлыг зохион байгууллаа. Хөөмийг анх 1950-иад оны үед Ховд аймгийн иргэн Цэдээ гэдэг хүн тайзнаа хөөмийлж сонгосон байдаг. Тэр үеэс энэ үе хүртэл эрчимтэй хөгжсөн байна.

Танай хамтлагийн бусдаас ялгарах онцлог нь хоолой салгалт гэж хэлж болно. Анх сонсоход их өвөрмөц, өөр сонсогдож байсан?

-Манай хамтлаг анх байгуулагдахдаа л хоолой салгадаг байсан. Одоо ч сонсогчид биднээс түүнийг л хүсдэг. 2000 оны эхэн үеийг ардын дууг хоолой салгаж дуулах туршилтын үе гэж хэлж болно. Энэ үеэс хоолой салгах арга тенхикийг хөөмийн урлагт оруулж ирэхийг эрмэлзэж, хөдөлмөрлөж байсан хүний нэг нь миний бие. Энэ маань ч биелэлээ олсон. Манай уран бүтээлчид уралдаан, тэмцээнд орохдоо хоолой салгаж эхэлсэн.

Олон хоолойгоор хөөмийлөхөд гадны үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хөөмий бол манай үндэсний баялаг учир өөр хаана ч байхгүй. Гадны үзэгчид гайхаж, биширч хүлээж авдаг. Зарим нь амандаа юм хийчихсэн юм уу гэж асуудаг. Энэ үед л монгол хүн болж төрсөндөө, ардын урлагаа дэлхийд таниулж яваадаа баярлах, омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

Саяхан дуурьлаг гэсэн шинэ хөгжим гаргасан гэж сонссон?

-Дуурийн урлагийг хөөмийтэй хослуулна гэсэн үг. Дуурийн урлаг 500 гаруй жилийн өмнө Италид үүссэн. Энэ урлагийг урлаг, урлагийн дотроос оргил нь гэж ойлгож болно. Үүнийг Монголын хөөмийтэй хослуулснаар шинэ хөгжмийг гар­гаж байгаа юм. Ерөнхий продюссерээр СУИС-ийн захирал Э.Сонинтогос, ерөнхий зохион байгуу­лагчаар тус сур­гуулийн Хөгжмийн ур­лагийн багш Г.Ганцэцэг ажилласан. Харин энэ төс­лийг анх хөөмийч Б.Одсүрэн багш санаа­чилсан юм. Бид нэг жил судалгааны ажил хийж, бэлтгэлээ базаасны эцэст зорьсондоо хүрч чадсан.

Дуурьлаг гэхээр нэг л толгойд буухгүй, содон санагдаад байх юм?

-Дуурьлаг гэдэг олон талын агуулгыг шингээсэн үг. Орчин цагт хэрэглэж байгаагүй үгийг одоо л хөөмийтэй хослуулж байна. Дуурь гэж болохгүй. Дуурь  гэдэг бүх утга санаагаа хөгжим, дууны үг, дуучны чадвараар илэрхийлдэг. Гэтэл хөөмий маань үг хэлдэггүй. Дуурьлаг гэдэг зүйлээ барихын тулд хөөмийн нарийн исгэрээ, торгон мэдрэмжийг гаргаж бүтээлээ хийсэн.

Энэ бүтээлээ хүмүүст хэзээ сонсгох вэ?

-Бид 40 мянган жилийн өмнөх түүхийг хөөмийтэй холбож тоглолт хийнэ. Үүнд дуу авиа хэрхэн үүссэн тухай өгүүлэх юм. Хүн төрөлхтөн анх үүсэхэд хоорондоо ойлголцох ямар нэгэн дуу авиа байжээ. Бүр бүүвэйн дуу байсан гэж хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин тэр үеийн дуу авиа ямар байсан бэ гэдгийг бид бүтээлээрээ хөндөх юм. Үүнээс гадна бид өнөөдрийн нийгэмд сэтгэлийн галаа алдаж байна. Нэг нэгнээ хайрлах, урамшуулах сэтгэл үгүй болж. Үүнийг ч манай шинэ уран бүтээл хөндөх болно.  Цомирлогийг түүхч, эрдэмтэн н.Эрхэм­баяр бичиж, ерөнхий най­руу­лагчаар ажиллаж байна.

Танай хамтлагийг одоо дэлхий мэднэ. “Авьяаслаг Азиуд” тэмцээнд оролцож байсан үеэ дурсаач?

-Тэмцээний сүүлийн шатанд оролцож байхдаа их догдолсон. Тэр хэрээр хариуцлага нэмэгдсэн. Бидэнд итгэж байгаа монгол үзэгчдийнхээ урмыг хугалахгүй юмсан гэж бодож байлаа. Муу өрсөлдөгч гэж байхгүй. Ялангуяа сүүлчийн шатанд үлдсэн 24 хамтлаг  үнэхээр гайхалтай байсан. Тэднээс Азийн урлаг хэрхэн хөгжиж байгааг харж болохоор. Бид үзүүлбэр бүртээ бие биенээсээ суралцсан гэж бодож байна. Хэдийгээр үзүүлбэрүүд нууцлаг байсан ч дараа нь бичлэгийг нь үзэхэд тэднээс суралцах юм олон байгааг олж харсан.

Хоёрдугаар байрт орсноо мэдэх агшинд ямар бодол төрсөн бэ?

-Үнэндээ жаахан харам­сах сэтгэл төрсөн. Учир нь бид түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ сэтгэлээр унаж шана­­лаагүй. Аливаа урал­даан тэмцээнд нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг нь жам шүү дээ. Харин ч дараа, дараагийн тэмцээндээ илүү хичээе гэж бодож байлаа.

Монголчууд их идэв­хитэй дэмжсэн шүү дээ?

-Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд биднийг сэтгэлээрээ дэмжсэн. Харин тэднийхээ урмыг жаахан хугаллаа гэж бодогдсон. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үнэн юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.