2024 оны 04 сарын 26
Зочин
С.ОДБААТАР: “МОНГОЛЫН МИСТЕР 2018”-Д ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧИД ТИВ, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болно. Энэ талаар Монголын Бодибилдинг, Фитнессийн холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатараас тодрууллаа.
 
-Энэ жилийн тэмцээний онцлог юу вэ? 

-Энэ жилийн тэмцээний хамгийн том онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал “Монголын Мистер-2018” тэмцээнд анх удаа орж байгаа явдал юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө энэ спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Тэднийг тэмцээнд оролцуулснаар бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөв үлгэр дуурайл болж өөртөө тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  

Мөн тайзны шийдлийг бид өмнө байгаагүй шинэлэг өвөрмөцөөр хийж байгаа.
 
-Энэ талаар тодруулбал?
 

-Энэ жилийн нэг онцлог нь тайз. Яагаад тайзыг онцолж байна гэхээр тамирчин хүнд тэр тусмаа бодибилдинг, фитнессийн тамирчин хүнд гоё тайзан дээр гарна гэдэг бол нэр төрийн хэрэг бөгөөд үзэгчид болон сонирхогчдод гоо сайхан, сэтгэлийн таашаал үзүүлдэг томоохон ач холбогдолтой. Бодибилдингийг бүх спортын хаан гэх нь ч бий. Хүнээс маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Сүүлийн үед энэ спортыг зөвхөн залуучууд ч гэлтгүй аль ч насныхан маш их сонирхож нийтийг хамарч байна. Тэгэхээр бид тамирчид болон уг спортыг сонирхон таашааж байгаа хүмүүсийн харахуйн таашаалыг онцолж үзэх хэрэгтэй.


 
 -Шагналын тухайд...?

-Монголын мистер хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана.
 
-Энэ тэмцээн хэр өндөр чансаатай вэ?


-Жил бүрийн “Монголын Мистер” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээний чанар чансаа улам дээшилж байна. 27 дахь удаагийн “Монголын мистер 2018” УАШТ-д эхний 3 байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол ирэх тавдугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байранд шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.

-Тамирчид хэдэн төрөлд хичнээн ангиллаар хүч үзэх вэ?

-Энэ жилийн УАШТ-д тамирчид нийт 19 ангиллаар өрсөлдөнө. “Монголын мистер-2018” тэмцээн шагналт 5 байр, цомтой.
 
Мастер ангилал: 50 наснаас дээш
Залуучуудын ангилал: 21 хүртэлх
Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг
Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал
Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см  хүртэл, 165 см дээш
Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.


-Финалын шалгаруулалтын тухайд?

-Олон улсын тэмцээний журмаар тэмцээн өглөө 9 цагаас эхлэж бүх ангиллын урьдчилсан шатны шалгаруулалт болно. Үдээс хойш 14:00 цагаас ангилал тус бүрийн финалын 5 тамирчны өрсөлдөөн явагдана.

-Тамирчдаас допингийн  шинжилгээ авсан уу?

-Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо жил бүр допингийн шинжилгээ авдаг бөгөөд энэ жил ч уламжлалт ёсоороо “Монголын мистер-2018” УАШТ-нд оролцох тамирчдаас шинжилгээ авна. Бид Допингийн асуудлаар WADA буюу дэлхийн допингийн эсрэг төвийн дүрмийн дагуу бүх үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран ажиллаж сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг. Допингийн шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд зохих журмын дагуу 2-4 жилийн хугацаатай тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасдаг.

-Фитнесийн төрлөөр тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах учраас шүүлт, шүүгчийн тал дээр хэл ам их дагуулдаг?

-Мэдээж хэрэг аль ч спортод хамгийн их хэл ам дагуулдаг сэдэв бол шүүлт, шүүгч нарын асуудал байдаг. Энэ бол спортын нэг хэсэг юм. Дэлхийн том лигүүд ч хүртэл энэ асуудлыг 100 хувь шийдэж чадаагүй байна.  Үүний жишээ бол NBA, Хөлбөмбөг спортыг нэрлэж болно. Хөлбөмбөг гэхэд саяхан аваргуудын лигийн шөвгийн наймд маш их маргаантай байсныг спорт сонирхогчид үзсэн байх. Энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бусдын нөр их хөдөлмөр, зорилго шийдэгдэх асуудал учраас шүүгч хүн алдаа гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Гэсэн ч тухайн тамирчин, эсвэл баг төсөөлсөн амжилтаа гаргаж чадахгүй бол ямар нэгэн гомдолтой үлдэх, эсвэл шүүлтэд жаахан асуудал байв уу гэж бодох нь бий. Харин бид алдаа гаргахгүйн төлөө шударгаар шүүнэ.

Энэ спортын онцлог бол бүх үзэгчийн нүдэн дээр ил явагдаж байгаа учраас барагтай бол алдаа гардаггүй. Мөн бид шүүгчдэд сургалт, семинарыг шат дараатайгаар тогмол зохион байгуулж, тэдний ур чадварыг байнга дээшлүүлдэг. Нэмж хэлэхэд Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шүүлт шударга,  ямар нэгэн лобби, клубийн нөлөө, танил талын нөлөөнд автдаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

“Хэний хөлс их урссан байна тэр хүн тайзан дээр шударгаар хөдөлмөрөө үнэлүүлнэ” гэсэн зарчим баримталдаг.

-Тэмцээн зохион байгуулахад санхүүгийн талаар ч юм уу дэмжлэг үзүүлж байгаа ивээн тэтгэгч байгууллагууд байгаа юу?
 
-Мэдээж хэрэг аливаа тэмцээн уралдааныг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэмцээн уралдааныг зохион байгуулахад ашиг гэхээсээ илүү дуртай, сонирхолтой, тухайн спортоо хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүмүүс л зохион зохион байгуулж байна. Зохион байгуулагчдаас,тамирчнаас маш их зардал шаарддаг ажил. Гэсэн хэдий ч уламжлал болсон учраас хүмүүсийн хүлээлт байхад зохион байгуулахаас өөр аргагүй.

Ивээн тэтгэлэг гэдэг бол аливаа спортын хөгжилд яах аргагүй томоохон хувь нэмэр оруулдаг. Тухайлбал Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, АNN ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа. Дээрх бүх компаниудын удирдлагууд болон нийт хамт олонд нь баярласнаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.


 
-Танай холбооны зүгээс хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?
 
Бид энэ жилээс Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 22 бодибилдинг, фитнессийн клубуудэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчүүлэх боломжийг нээсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байна.  



П.Гоо
olloo.mn
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.