2024 оны 04 сарын 20
Зочин
Лу.ГАНТӨМӨР: ХӨГЖСӨН НИЙГЭМ ГЭДЭГ БОЛ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙН НЭГДЭЛ

Манай “VIPerson” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн, БСШУ-ны Сайд асан уригдлаа. Салбарын профессоруудынхаа толгойд бодлогоо суулгаж үлдээсэн Сайдтай уулзаж боловсролын салбар, мэдлэгийн эдийн засаг, улс орны хөгжлийн талаарярилцсандаа сэтгэл хангалуун байна.

-Өдрийн мэнд. Ярилцах урилгыг минь хүлээн авсан таньд баярлалаа.

-Өдрийн мэнд.

-Саяхан ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын магадлан итгэмжлэлээр магадлан итгэмжлүүлсэн. Хөтөлбөр хариуцсан профессор “Лу.Гантөмөр сайдын үед эхлэж байсан ажлын үр дүн 4 жилийн дараа гарч байна” гэхэд төрийн ажлын үр дүн тодорхой хугацаа шаарддаг юм байна гэж бодож байлаа. 

-Боловсролоо урагшлуулъя, шинэчлэе, хөгжүүлье гэсэн бодол санаа бол боловсролын салбарын бүх л хүний дотор байгаа. Ер нь боловсрол гэдэг чинь өөрөө өөрийгөө хөгжүүлдэг инстинкттэй. Энэ нь байнга урагшаа явах шалтгаан болдог. Олон мянган багш, профессорууд бас шүүмжлэгчдийн оролцоотойгоор хийгддэг ажил. 

-Монгол орны аливаа салбарын бодлогыг дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгээр өөрчилж, энэ нь хөгжлүүлэх биш самууруулах бодлого болж байна гэсэн шүүмжлэл байдаг. Аз болж сүүлийн жилүүдэд боловсролын салбарт самуурал харин гайгүй. Үүнийг 2012-2016 онд БСШУ-ны Сайд тогтвортой бодлого боловсруулж, хэрэгжүүлсэнтэй холбож болно. Үүнийг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ цаг үед боловсролын салбар арай өөр байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн, өөр байхын тулд ч олон жил ажилласан байдалтай байсан шүү дээ. Жишээлвэл, 80-аад оны үед сургалтыг илүү бодит болгоё, хэтэрхий их цээжлээд байна. Хүүхдүүд ямарваа нэг зүйлсийн учир шалтгааныг олдог тийм сургалтын системийг нэвтрүүлье гэдэг чиглэлээр маш олон эрдэмтэд ажиллаж байсан. Энэ мэтчлэн шинэчлэл их урт хугацаанд үргэлжилсэн. Ямар ч цэцэгний үрнээс дараагийн цэцэг гарч ирнэ. Сайн услах юм бол мэдээж сайн цэцэг ургана. Ер нь бол боловсролыг тойроод ярих юм бол их урт түүх. 100 жилийн түүхтэй. Сайдаас нь эхлээд тоолоход л бодитой.  Дээд боловсролыг жишээ нь өөрөө илүү онцгойлон ярих байх. Дээд боловсролын салбарт академик эрх чөлөөгөгье, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны ажлыг холын зорилготойгоор хийе, үүнтэй зэрэгцүүлээд инновацийн орчин бүрдүүлээд явъя гэх мэтчилэн. Энэ бол нэг өдөр нэг хүн бодоод олчихдог зүйл биш. 

-Миний бодлоор Та их даруухан хариулж байх шиг. Боловсролын салбарт шинэчлэл хийгдсэн. Тухайн үед Та болон таны багийн дэвшүүлсэн бодлого “Монголын хөгжил нэг тусдаа, дэлхийн хөгжил нэг тусдаа байх боломжгүй. Хөгжил гэдэг нэг л ойлголт” гэсэн концепцыг баримталсан.  Таны үеэс л олон улсын түвшинтэй хэрхэн эн зэрэгцэх талаар ярьж эхэлсэн биш үү? 

-Бидний хувьд нэг том зорилгыг төрийн бодлогод тусгасан. Тэр нь юу вэ гэхээр “Монголын боловсролын зорилго бол – Монгол орны хөгжил дэвшил байна” гэж. Энэ бодлого бол одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Хөгжил рүү чиглэсэн ирж буй цагаа баримжаалсан бодлогын бичиг баримтыг их хурлаар батлуулсан. Өнөөдөр 1 дүгээр ангид орж байгаа хүүхэд 22 жилийн дараа “Хэн байх вэ?” “Тэр үед Монголын эдийн засаг, нийгэм ямархуу байх вэ?”, “Дэлхийн хөгжил ямар түвшинд очих вэ?” энэ бүгдийг бид тооцоолсон. Энэ бол Монгол Улс ганцаараа хийдэг зүйл биш. ЮНЕСКО хийдэг, дэлхийн боловсролын чиг баримжааг гаргадаг олон байгууллагуудын хийдэг зүйл.

-Тухайн үед бодлогоо хурдацтай салбарын бодлого болгох тал дээр эсэргүүцэлтэй тулж л байсан санагдана. Энэ талаар?

-Мэдээж өөрчлөлтийг их хүлээцтэй хийсэн. Суурь боловсролоосоо эхлэж өөрчлөлтөө хийсэн. Бүх газарт зэрэг бужигнуулаад байж болохгүй шүү дээ. Дээд боловсролын салбарт маш болгоомжтой хандсан. Нэг талаасаа тэнд маш өндөр чадалтай эрдэмтэд байгаа. Тэр эрдэмтэд бүгд л өөрийн гэсэн дадал зуршилтай, баг хамт олонтой. Нөгөө талаасаа хөдөлмөр нь өндөр түвшинд хийгддэг. Бага, дунд боловсролоосоо өөрчлөлт хийх явцдаа дээд боловсролын салбарыханд “Та нар өөрсдөө өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэдэг сигнал өгч эхэлсэн. Гаднаас нөлөөлмөөргүй байна. ШУТИС-д ажиллаж байгаа хүмүүс нь сургуулиа аваад яв. Дэд захирал байсан Т.Батбаяр Та үүрэг гүйцэтгэгч хий, дэд захирлаар ажиллаж байсан Б.Очирбат Та захирал хийгээд яв. Улс төрийн томилгоо хийхгүй. ШУТИС-д баруунд доктор хамгаалсан дажгүй залуучууд байна. Энэ хүмүүсээ дэмж. Энэ хүмүүсээ манлайлаад ажилла гэсэн. МУИС-ийн хувьд өөрчлөлт шинэчлэлтийн төлөө амьсгалж байсан. А.Галтбаяраар удирдуулсан “Реформ” клуб бол маш олон жил реформ хийхийг мөрөөдсөн. Тэдэнд төр засгаас өгсөн хамгийн өндөр албан тушаал бол А.Галтбаярын “Гадаад харилцаа хариуцсан проректор”. Би бол өөрчлөлтийг “Реформ” клубд өгөөд тэд нараар л хийлгэе гэж бодсон. С.Төмөр-Очир гуай тэтгэвэрт гарсан. А.Галтбаярыг шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэхдээ энэ 2 сургуульд та нар Харвардаар, Стэнфордоор баримжаа авч тэдний туршлагаар онолын түвшинд батлагдаад гараад ирсэн ажлуудыг хий гэсэн. Эдгээр их сургуулиуд үнэхээр жишиг болсон сургуулиуд. Токиогийн их сургуулийг хараарай гэсэн. Япон бол гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц соёлтой л доо. Би “Харвард”, “Массачусетсийн Технологийн их сургууль”-тай гэрээ хийнэ, хамтрана гэж үзсэн.Яагаад гэвэл Монголыг шинжлэх ухааны орон болгоход шинжлэх ухааны босстой ярих хэрэгтэй шүү дээ. Тэдэнтэй тохирч чадвал дэлхийн шинжлэх ухаанд яаж гардаг юм тэр арга барилыг бид авах юм байна гэж үзсэн. Тухайн үед “Дээд боловсролын шинэчлэл” төсөл дөнгөж эхлэж байсан. Тэр багийг уриад, хөндлөнгийн зөвлөхтэй нь уулзаад дээд боловсролын салбарт бодитой шинэчлэл хийнэ, их сургуулийн загвар гаргаж ир гэсэн санал тавьсан. Тэгэхгүй бол 240 эрдэмтний 50 хувь нь буюу 120 нь тэнхимийн эрхлэгч, хэзээ судалгаа хийх юм. Яагаад профессороороо ажиллаж болдоггүй юм. Маш олон давхардсан бүрэлдэхүүн сургуулиуд хажуудаа байлгаад байдаг. Тэгээд их сургууль алдагдалтай шахуу ажилладаг. Энэ бүрэлдэхүүн сургуулиудийг цөөлөх хэрэгтэй гэсэн. Цөөлнө гэдэг дээр олон хүн эмзэглэсэн. Нэгдүгээрт, захирал хийж байгаа хүн, хоёрдугаарт, би ирээдүйд захирал болно гэж бодсон хүн, гуравдугаарт, Ардчилсан намын талыг баримталдаг, дэмжигч Ардчилсан нам засаг барьж байгаа учир би захирал болно гэсэн хүн. Мэдээж цөөхөн ч гэсэн маш хуучинсаг бодолтой эсэргүүцэгчид бас байна. Өөрөө хэлсэн, үнэхээр дэлхийг хараад  хийхээс өөр арга бидэнд байхгүй л дээ. Гэхдээ үндэсний онцлог, монгол хүний менталитетэд зориулсан, улс орны нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн хүч бололцоог харгалзсан бодлого байх ёстой. Одоо бол дээд боловсролын шинэчлэлийг эрт хийх байж дээ гэж  боддог. Гэхдээ надад бага, дунд дээр хийх ажил асар их байсан л даа. Анх удаа сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр хийж үзсэн. Яг үнэнийг хэлэхэд агуулга, хичээлийн хуваарь 2 л байсан. Хөтөлбөр гэдэг бол хүн төрүүлэхийн тулд ямар процесс явагдах вэ гэдгийг ерөнхий, том утгаар нь харж байгаа явдал юм. Боловсролын зорилго нь юу вэ гээд харвал ердөө л хөгжилд хүргэх. Тэр хөгжилд бид мэдээж хүнээр дамжуулж хүрнэ. Хөгжилд хүргэх хүн ямар байх ёстой юм. Илүү бүтээлч сэтгэлтэй, илүү шударга, зарчимтай, илүү өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байх ёстой. Хөгжсөн нийгэм гэдэг бол чаддаг юмтай хүмүүсийн нэгдэл шүү дээ. Нэг хэсэг нь юм чадаад, нөгөө хэсэг нь чадахгүй бол бас хөгжил явахгүй. Тэгэхээр бид хөтөлбөрөө боловсруулахдаа нэг чиглэлээр гүнзгий мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, ямар нэгэн зүйлийг чаддаг, ёс суртахууны өндөр түвшинтэй хүнийг бэлтгэхийг зорьсон. Боловсрол гэдэг бол мэдлэг дээр нэмэх нь хүмүүжил. Гадны 2-3 том судалгааны хүрээлэн, 300 гаруй эрдэмтэн оролцсон судалгаа явуулсан. Бид бас Япончуудаас их зүйл суралцсан. Яг үнэнийг хэлэхэд би Япон сургууль төгссөн хүн учраас холбоо байна. Бас сэтгэл байна. Нөгөө талдаа Германаас бас их дэмжлэг авсан. Германы боловсролын хүрээлэнтэй бид хамтарч ажилласан. Мөн ЮНЕСКО-оос. ЮНЕСКО-ийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх зорилтууд, өнгөрсөн онуудад хийсэн ажлыг харсан. Кембриджийн үнэлгээний төвтэй хамтарч ажилласан. Өмнө нь хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан нь их нэмэр болсон. 

-Одоогийн Таны ажлыг авсан сайдын ажилд Та хэр зэрэг сэтгэл хангалуун байна. Тийм юмыг тэгээсэй билээ, ийм юмийг ингээсэй билээ гэж захимаар санагддаг уу?

-Их сургуулиудын захирлын асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Хамаагүй захирлаар нь оролдоод байж болохгүй. Надад анзаарагдаж байгаагаар маш шуналтайгаар улс төрийн томилгоо хийх гэж оролдож байна.  Энэ бол удаан үргэлжлэхгүй. Тэнд ажиллаж байгаа олон мянган багш нарын урмыг шууд мохоож байгаа. Ихэнхи нь одоо улс төрч больё гэж бодож эхлэж байгаа. Уг нь бол сургуулийн сургалтын албанд ажлаад, дамжаад багш болоод, танхимийн эрхлэгч болоод цаашид энэ сургуулийг, салбарыг авч явах юм байна гэсэн бодол олон хүнд байх ёстой. Би ертөнцийн хамгийн сайн хүнийг олоод томилсон гэж хэлэхгүй. Гэхдээ юмийг дотроос нь хийвэл зүгээр. Сургуулиуд өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө байнга ажилдаг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Өнөөдөр муу байж болно. Сайжрахийн төлөө ажиллаж ирсэн шүү гэдгийг ойлгохгүй бол болохгүй. Зүгээр л нэг залхуу, юу ч мэддэггүй хүнтэй харьцаж байгаа юм шиг харилцаа аль ч салбарт байж болохгүй үзэгдэл. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийг нь тухайн сургуулиас нь олоод томилох хэрэгтэй. Манай намыхан намайг чи ардчилсан намаас хүн томилоогүй гэж шүүмжилдэг.Сургууль дээр ажиллаж байгаа хүмүүс л сайн, муугаа мэднэ шүү дээ. Ер нь бол их сургуулиудын сайн, муу байгаа нь төрөөс хамаарахгүй. Тийм болохоор манлайлагч сургуулиудыг улс төрийн хараат бус болгоё, дээр нь боловсролын яамнаас хараат бус академик болгоё гэж бодсон. Хөтөлбөрөө боловсруулах эрхийг нь ч тэдэнд өгч чадсан. Хөтөлбөр дээрээ ажлаад, хөтөлбөрөө сайжруулаад, дэлхийд, Монголчууддаа л хүлээн зөвшөөрүүлээд байвал тэгээд л явчихна гэж хардаг. Одоо дэмжье гэвэл шинжлэх ухааныг нь л дэмжих хэрэгтэй. Багш нарын судалгааны орчинг бүрдүүлэх, инновацийн төв байгуулах гэдэг ч юм уу. Жишээ нь би ШУТИС, МУИС хоёрын дунд шинжлэх ухааны парк байгуулж өгсөн. Гэтэл тэрийг байхгүй болгочихсон байна. Төр, эрдэм, мөнгө 3 хамт байхын тулд хамгийн багадаа 10 жил хэрэгтэй. Гэтэл тэрийг хийж эхлээгүй байхад л тэвчээр барагдлаа гээд хаячих юм бол босож ирэхгүй шүү дээ.  Монголын их сургуулиуд судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах юм бол санхүүгийн өндөр чадамжтай болно гэдэг нь тодорхой. 

-Та 2015 онд МIT-ийн ерөнхийлөгч Рафаэль Рейфтэй инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулж байсан. Гэтэл саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан Улсын технологийн парк, “Азер-Илме” хивсний төвтэй танилцсан мэдээллийг хараад их эмзэглэмээр санагдаж байлаа. Манайд ШУ-ны паркын асуудал нам зогссон юм биш үү?

-21 дүгээр зууны улс орны хөгжлийн гол багана бол “Шинжлэх ухааны парк”. Мэдээж баялгаа идээд сайхан амьдраад байж болно. Тэр бол хөгжил болохгүй. Нэг хүн захиргаадаж удирдаад, том бүтээн байгуулалт хийгээд улс орон хөгжихөө больсон. Төрд ажиллаж байгаа хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй бол төрөөс хол байх хэрэгтэй. Хөгжил гэдэг бол шинэ зүйлийг, шинэ юм бодож олох чадлыг хэлнэ. Одоо бид Apple компанид хичнээн зуун доллар төлж байна. Бидний мөнгийг авч буй Apple бол өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Toyota компанид бид ямар их мөнгө төлж байна. Бид хөгжиж буй улсад хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс болж. Хүчээр хөгжил хийдэг гэдэг энэ бодлоосоо Монгол хүмүүс салах хэрэгтэй. Хөгжсөн улс гэж бусдын хийж чадаагүйг хийдэг ард түмэнг хэлдэг. Хөгжсөн улсад шинжлэх ухаан л байдаг. Шинжлэх ухаан луу бүх мөнгө ирдэг. Манайхан гадны хөрөнгө оруулалт Монголд ирэхээ болилоо гээд байна. Дэлхийн мөнгө хаашаа явдаг вэ гэдгийг нэг үнэрлээд үз. 3 сая хүнтэй зах зээл рүү яаж мөнгө ирэх юм. Улиг болсон алт ухдаг хүн дэлхийд цөөхөн болсон. Нөгөө төмөр ухаад мөнгө ирэхгүй. 1980 оны үед Японы компаниуд дэлхийн топ 50 компаний 30 нь байсан. Яагаад гэвэл тэр 30  компани цоо шинэ технологи нэвтрүүлж чадсан. Одоо  яагаад 3 үлдэв. Яагаад гэвэл дэлхийд түүнээс илүү технологи гарч.  Өмнөд Солонгос мэдээллийн технологийг хөгжүүлж, цоо шинэ нээлт хийж хөгжсөн. Хөгжил гэдэг юмийг ойлгох юм бол шинжлэх ухааны парк руу эргэлт буцалтгүй явна. Харамсалтай нь үүнийг ойлгохгүй болохоор  эргэж буцаад л, тогтолцоо яриад л, хүн яриад л, ухраад байх юм. Энэ бол танин мэдэхүйн ялгаа. Тоо бодож чадахгүй ч их, багыг дэнслээд үзэх ухаантай бай.

-АНУ-д 4000 гаруй их сургуулийн 20, Их Британид 400 их, дээд сургуулиас 25, Хятад Улсад 3000 их сургуулиас 9 нь судалгааны их сургууль болох зорилготой. Гэтэл манайд бүгд л судалгааны их сургууль болно гэсэн зорилготой байх юм. Бүгдийг нь зүтгүүлээд байх нь  зөв үү?

-Би сайд байх хугацаандаа хийсэн олон ажил бий. Энэ дундаас “1000 инженер” төслийг хэрэгжүүлснээрээ бахархдаг. Хийсэн гол зүйл нь Япон, Монголын инженерийн сургалтын хөтөлбөрийн ялгааг арилгасан. Нөгөө нь Япон, Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа. Япон эрдэмтний харж байгаа микроскопоор монгол эрдэмтэн харж, тэдний уураг хэмждэг багаж Монгол эрдэмтний гарт байхад үр дүн гарна. Сүүлийн үеийн судалгааны орчин  чухал. Энэ орчин хөрөнгө их шаардана. Бид нөөц бага, мөнгөгүй хүмүүс. Тийм учраас миний хувьд “colaboratory” буюу нээлттэй лаборатори гэдэг санал дэвшүүлсэн. ХААИС-ийн дэргэд парк байгуулаад өгсөн. Одоо байна уу үгүй юу. ШУТИС-ийн хүнсний сургууль сайн лабораторитой. Тэрийг нээлттэй болгох ёстой. Хүний нөөц нь хязгаарлагдмал, гарааны нөхцөл нь ялгаагүй нөхцөлд аль нэг сургуулийг онцлоод тухайн сургуульд хөрөнгө оруулаад, энэ нь явна, тэр нь хоцроно гэж хэлэх хэцүү. Бүгд сайн зорилготой байх нь муу зүйл биш. Зорилго болгонд Монголын Засгийн газар мөнгө өгч чадахгүй учраас судалгааны дундын орон зай бүрдүүлж өгөхөөс өөр аргагүй. Монголын төдийгүй дэлхийн эрдмийн хүмүүсийн нэг сул тал бол “миний юм” гэсэн хандлагатай, аминчхан үзэлтэй. Аливаа зүйлээ нээлттэй байлгах хэрэгтэй. Ил байгаа зүйл улам хөгжин шүү дээ. Засгийн газар санхүүжилтийн тал дээр бакалавр, магистрын хөтөлбөрт  оролцох ч хэрэггүй. Докторын хөтөлбөр дээр грант гаргаж өгдөг, судалгааны ажлыг дэмждэг байх ёстой. 

-Та ямар ажлууд хийж амжаагүй вэ?

-Би технологийг Герман гэж хараад Я.Санжмятав сайдтай ярьж байж Налайхын байшинг Боловсролын яаманд авч, Сангийн Яамаар төсөв батлуулаад Герман-Монголын хамтарсан Ашигт, малтмал технологийн сургуулиа байгуулж байлаа. Инженерийн боловсрол бол Япон юм байна гээд ШУТИС дээр “1000 инженер”-ийг эхлүүлсэн. Шинжлэх ухааныг бол MIT-тэй холбож, паркийн судалгааг Цинхуатай хийсэн. Энэ бол бодлого барьж байгаа жишээ. Дэлхийд зөвшөөрөгдсөн бизнес, хуулийн програмтай, инженерийн  хөтөлбөртэй, технологийн сургуультай байхад улс хөгжинө. Бидний хөгжүүлэхийг хүсээд байгаа хүмүүсийн тоо харьцангуй цөөхөн учраас бид зорилго тавьбал хүрэхээр байгаад байна. Тэр болгоныг дараагийн Засгийн Газар олж харах хэрэгтэй. Жишээлбэл багшийн сургуулийнхаа хөгжлийг Финляндын багшийн сургуультай шууд холбож авч үзсэн. Яагаад вэ гэвэл Финлянд Улс боловсролын шинэчлэлийг хийхэд багшийн сургууль нь лидер болсон. Ер нь сайн багш бэлтгэж байж сайн хөтөлбөр амилна. Багшийн цалин бага учраас муу сурдаг нь багшийн сургуульд явдаг. Хэрвээ сайн сурдгийг нь багш болгоё гэвэл сургалт нь үнэгүй байх хэрэгтэй. Одоо тэр үнэгүй хөтөлбөрөөр бараг 4000-5000 хүүхэд багш болчихсон байна. Энэ Засгийн Газар тэрийг олж хараад бүгдийг нь ажилтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүст байр өгөөд багшлуулах хэрэгтэй. Ямар ч Засгийн Газар MIT-ийг хаяж болохгүй. MIT-ийн ард дэлхийн эдийн засгийн 10 хувь нь байж байна. Харамсалтай нь тэрийг үл тоогоод хэрэггүй гээд байх юм бол дараа нь хэн бидэнд итгэх юм. 

-Бидний харж байгаагаар Та боловсролын салбарт богино хугацаанд олон мега төслүүдийг хэрэгжүүлэх маш сайн санхүүжилтыг босгож чадсан.  Санхүүжилтыг нь хэрхэн босгож байсан бэ?

-Японд “Kome Hyappyo” (сурв. Комэ Хяппьёо буюу утгачилбал Зуун шуудай будаа) гэдэг ном байдаг. Тэр номонд “Япончууд бүгд үгээгүй ядуурсан үеэр Нагаока гэдэг хотод тараах ёстой 100 шуудай будаа иржээ. Тосгоны дарга ардуудтайгаа: Бид будаагаа идвэл 7 хоног иднэ. Өлсгөлөнг тэвчиж чадна гэвэл будаагаа зарж мөнгө олоод сургууль байгуулья”  гээд сургууль байгуулсан түүхийг  бичсэн байдаг. Нэг үгээр хэлбэл Япон хүмүүс боловсролыг шүтдэг. Хүн сургахад мөнгө зардаг. Сохор зоосоо ч хамаагүй хүний хөгжилд, хүүхдийнхээ хөгжилд өгдөг. Би Японоос 100 сая долларын хүн сургах зээл авсан. Би үүгээрээ бахархдаг. Хүмүүс ч хүн сургах гэж зээл авсан, үүнийгээ бусдад ойлгуулж чадсанд баяр хүргэе гэдэг. Мэдээж үүнд тусалсан Монголын том хүмүүс зөндөө. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд арга эвийг нь олоод Япон Улсын Парламент, Засгийн Газраар шийдвэрийг нь гаргуулна гэдэг бол нарийн зүйл шүү дээ. Цаашаагаа  боловсролд хичнээн ч мөнгө босгож болно. Яагаад гэвэл дэлхий өөрөө хүний төлөө, гоё ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Мөнгө гэдэг зүйл өөрөө шинжлэх ухааныг үнэрлэдэг. Энд нэг бүтээл гарлаа гэвэл мөнгө өөрөө л ороод ирнэ.  Өндөр боловсролтой хүний араас мөнгө өөрөө дагадаг. Надад Засгийн Газар, Боловсролын Яам 100 сая доллар батлаад Парк байгуул гэх юм бол дэлхийн топ 200 компанийг Монголд оруулж ирж чадна. Тэд юмгүй ирэхгүй. Хүнтэй,  технологитой, мөнгөтэй ирнэ. Одоо Монголд яаж Toyoto орж ирэх юм. Парктай бол тэд ирнэ. Тэд 8 тэрбум долларын ашигтай ажиллахад тэрнийхээ 5 тэрбумыг судалгаанд зарцуулдаг хүмүүс. Ямар ч Засгийн Газар ядаж нийгмийн чиглэлийн судалгаагаа таслахгүй хийж байх хэрэгтэй. Жишээлбэл: Энэ том хотын амьдралд Монгол хүн дасаж байна уу? Стрессийг нь  дийлэх юм уу? Бизнес эрхлэж байгаа хүмүүст ахиц дэвшил байна уу? гэдгийг судлах хэрэгтэй. Зүгээр мөнгөний төлөө яваад байж болохгүй шүү дээ. Мөнгө олсон нэг нь Солонгост казинод давхиж очоод л манай Мянгаа шиг бүх мөнгөө тушаагаад. Ийм хүмүүс зөндөө байгаа. Гэтэл Toyoto-ийн удирдагч судалгаанд мөнгө зарцуулаад, би цахилгаан машин үйлдвэрлэсэн, дэлхийг дулаарлаас аварч байна гэдгээсээаз жаргал мэдэрч байна. Тийм учраас боловсролд ямарч асуудалгүй мөнгө олдоно. 

-Саяхан Япон Улсын Засгийн Газраас 2 сая ам.долларын лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид өгсөн. Энэ бол боловсролын салбарт хөрөнгө оруулж буй ажлын үргэлжлэл. Лу.Гантөмөр өөрөө “КООСЭН” нэртэй коллеж төгссөн болохоор Монголд оруулж ирсэн гэж ярьдаг. “КООСЭН”-ий талаар?

-Энэ бол Японы бахархал болсон боловсролын систем. Ганцхан Япон ч биш. Ер нь  түргэн хугацаанд аж үйлдвэржиж байгаа оронд олон тооны инженер хэрэгтэй болдог. Тэд 15 наснаасаа эхлээд лабораторид суралцаж, гартаа эрдмээ шингээж, 20 насандаа ажлын байр луу гараад явдаг. Монголд “Коосэн” маш их хэрэгтэй. ШУТИС-ийг “ШУТИС-КООСЭН” технологийн коллежоо дэмжээд сайн аваад яваасай гэж боддог. Б.Очирбат захирлыг Коосэноо унагаах юм бол “зодно”, босгох юм бол “архиар дайлж” баярласнаа илэрхийлнэ. Гэхдээ тэр хүн архи уудаггүй юм (инээв).  Санхүүжилтийн хувьд хүндрэлтэй учраас Засгийн Газар өөрөө Японы Засгийн Газартай хамтраад “Сан” үүсгээд хүүхдүүддээ зориулаад хөтөлбөр хэрэгжүүлэх орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй л дээ. ЖДҮ шиг хувааж иддэг биш. Японы тал энэ асуудалд бэлэн байгаа. Монголд Японы Коосэний агентлаг хүртэл салбараа байгуулсан. Тэр хүмүүс тэгэх шалтгаан бас байна. Тэдэнтэй хамтарч  нэг зүг рүү харж ажиллахын тулд олон удаа очиж, инээж, ууж, уурлаж, өглөө босоод зангиагаа зүгээд цэмцийж суугаад ярьсан даа. Нагаокагийн Их сургуулийн захирал маш инновацлаг, өөрөө технологитой, патенттай, нэлээд зантай өвгөн профессор  байсан. Монгол тэр хүний нүдэнд жижиг харагдаад “2+2” хөтөлбөр хийх гэхээр огт хөдлөхгүй. Тэр захирлыг нэг удаа ирэхэд нь өрөөндөө оруулж тамхиар дайлсан юм. Тэр хүн дараа нь “Би Монгол төрийн сайдын өрөөнд тамхи татсан хүн. Та нартай юу ярих вэ?” гэж Япон даяар ярьсан даа (инээмсэглэв). Хүн хүний хоорондын харилцаа хамгийн чухал. Япон хүнюм хэлтлээ удна, хэлснээ заавал биелүүлнэ. Тэр “2+2” хөтөлбөр их дажгүй ажил болсон шүү. Саяхан Япон Улсад 120 гаруй эрдэмтэн цуглаад Монголын Коосэний хөгжлийн талаар эрдэм шинжилгээний хурал хийгээд, асуудлыг хэлэлцээд сууж байна. 

-Та Монгол Улсын их хурлын гишүүнээр 3 дараалж сонгогдсон. Ард түмэн тайван байхыг хүсдэг, сонгууль өгөх ёстой гэдгээ мэддэг болохоос,   хэн нь хэн бэ гэдэг дүр төрх бол “хэт сайн”, “хэт муу”-гийн жишээнд орж байж л тогтдог. Ардчилсан Намын лидерүүдийн нэг, “зөв хүн” гэдэг үнэлгээг өгөхөд таны БСШУ-ны Сайдаар ажилласан хугацаа их нөлөөлсөн. Гэтэл яагаад их хурал, намын даргын сонгуульд аль алинд ялагдав? 

-Нэгдүгээрт, миний муугийнх. Хоёрдугаарт, миний азтайнх. Улс төрчийг бэлтгэхэд Монголчууд зардал гаргасан байгаа. Ядаж л надад 12 жил цалин өгсөн байна. Гэтэл бэлдсэн хүн нь их хуралд байхгүй байгаа нь сонгогчдын хувьд харамсалтай. Би 12 жилийн өмнө эрч хүчтэй, сайхан зүйлийн төлөө явах юмсан гэсэн гэнэн цайлган залуу байсан. Мэдээж одоо өөрчлөгдсөн. 12 жилийн туршлага, тэмцэл, бий болгосон гадаад, дотоод харилцаа. Лу.Гантөмөр гэдэг хувь хүнээ мартаад “нэг Монгол хүн” гэсэн өнцгөөс харвал энэ бол харамсалтай. Их хуралд, намын даргын сонгуульд ялагдсан нь Лу.Гантөмөр гэдэг хувь хүний өнцгөөс харвал хожил болжээ. Өнгөрсөн хугацаанд би үр хүүхдээсээ хөндийрч, эдийн засгийн хувьд ямар ч чадваргүй хүн болж. Ингэж завсарлаагүй байсан бол миний амьдрал утгагүй болох байж. Бас одоо нийгмийг дотроос нь маш сайн харж байна. Монголын хөгжил бол хувь хүний хөгжлөөс л хамаарна. Энэ бол зөвхөн төрийн хэрэг биш. Хэн юу бүтээж байна түүнийхээ хэмжээгээр л амьдрана. Мал маллаж байгаа бол малчин шиг, газар ухаж байгаа бол уурхайчин шиг, ногоо тарьж байгаа бол тариачны хэмжээнд. Тэгэхээр дэлхийн хэмжээнд сэтгэдэг бизнес Монголд хэрэгтэй байна. Хэнд боломж байна. Өнөөдрийг хүртэл бизнес эрхлээд, тодорхой хэмжээний хуримтлал, хөрөнгийг бий болгосон хүмүүст Монголоо хөгжүүлэх боломж байна. Харамсалтай нь зөвхөн зоосны нүхээр харах юм. Хүнд олигтой цалин, итгэл найдвар өгч, хамтарч ажиллаж чадахгүй. Төрийн алба бол хэн ямар ажил хийхийг нь заагаад өгчихсөн байдаг. Хувийн хэвшлийн салбарт маш олон ойлгомжгүй хэлцлүүд байна.  Төлбөрөө цагт нь төлдөггүй, гэрээ хийдэггүй, мөнгийг буруу юманд зарцуулдаг гээд. Энэ нь маш олон хүнийг уур бухимдалтай болгоно. Гаднаас нь харахад компаний засаглал тогтоогүй, сайн менежерүүд бий болоогүй байна гэж томьёолох байх. Гэхдээ энэ чинь бас хиймлээр бий болдог зүйл. ЖДҮ-ийн хуулийг дарга нарт үйлчилдэг сан болгож хувиргаж чадаж байгаа нь асуудал хүндээ, гишүүндээ байна гэдгийг харуулж байна. Хувийн хэвшлийнхэн Монгол Улсын хөгжилд ихээхэн  үүрэгтэй гэдгийг  Аж Үйлдвэрийн Тэнхим анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас чөлөөтэй, нээлттэй нийгэмд амьдрах чадваргүй байна. ЖДҮ-рүү ч гүйж ороод, хүүхний гэрт ч очиж хоноод, тэнд ч нэг жорлонгийн тууз хайчлаад л. Дандаа хэрэггүй зүйлд их хурлын гишүүд өөрсдөө гүйж очиж нэр хүндээ бараад. Яг хэрэгтэй юманд оролцоод нэр хүндээ барьж байгаа нэг ч хүн алга. Ямар ажил хийгээд ард түмнээс муу үнэлгээ аваад байна. Ердөө л өөрийгөө авч явах чадваргүй. Тэрнээс биш энэ гишүүд яг зорилго тавиад Монголчуудыг хоролсон зүйл байна уу. Тойрогтоо мөнгө аваачдаг хүн болоод гүйхэд л 76 гишүүн Монгол Улсыг 760 тэрбум төгрөгний өрөнд оруулж байна шүү дээ. 

-Та  ангийнхаа хүүхдүүдэд дэндүү зөөлдөөд байна уу даа?

-Миний хэлэх гээд байгаа санаа бол улс төрчдөөсөө эхлээд нээлттэй нийгэмд биеэ зөв авч явах хэрэгтэй. Сайн дүн авах нэг ч хүн алга. Хүмүүс би заалгаад гэж ярих нь ховор. Би сураад гэж ярьдаг. Сургуульд явахдаа ч “Би заалгаад ирье” биш “Би сураад ирье” гээд явдаг. Би “заах” гэдэг үгийг “сурах, сургах” гэдэг үгээр сольсон. Суралцах дотроо хамгийн хурдан нь дуурайх. Үүнийг генийн шилжилттэй ч холбож тайлбарладаг. Залуучууд маань биднийг дуурайж байгаа. Тэд дарга болохоор сайхан амьдрана гэдэг сигналийг аль хэдийн авсан. Хүн насан туршдаа суралцдаг. Гэхдээ нэг айхтар нь сурсан сайн, муу зүйлээ аль алиныг нь хаяж чаддаггүй. Үүнийг төгсгөлд нь хэлмээр байна.  

-Цаг гаргаж ярилцлага өгсөн Таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-За, баярлалаа. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.