2024 оны 04 сарын 27
Зочин

“Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөнхийг урьж ярилцлаа. Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан. Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ. Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

-Боксын спортоор хичээллэж байсан гэдэг. Урлагийн мэргэжил эзэмшээд боксоо орхисон хэрэг үү?
-Жүжигчний мэргэжил эзэмшихээсээ өмнө дунд сургуульд байхад хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байлаа. Ер нь би бүх төрлийн дугуйлан секцэд бүртгүүлж явдаг хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн эрчимтэй явсан нь боксын секц. Өсвөр үеийн улсын аваргад 1996 онд явах гэсэн чинь ээж дургүйлхээд “Чи боксоо боль. Т.Үйтүмэн гавьяатын ярилцлагыг зурагтаар үзлээ. Боксын спорт чинь эрсдэл ихтэй, аюултай юм байна, тэмцээнд явж болохгүй”гээд хориглоод болдоггүй. Тэгээд ээжийн  хүссэнээр боксын дугуйлангаас гараад, сагсан бөмбөгийн дугуйланд орсон. Аравдугаар анги төгсөх хүртлээ сагсан бөмбөг тоглолоо. Оюутан болоод оюутны лигт нэг хэсэг тоглосон. Харин одоо спорт гэж явах цаг  зав боломж гарахгүй, урлаг, уран бүтээлийн завгүй ажилтай явна.

-Замын-Үүдэд бага нас тань өнгөрсөн гэл үү. Ямар хүүхэд байсан бэ. Жүжигчний мэргэжилтэй болох багын чинь мөрөөдөл байсан уу?
-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн хүүхэд. Дорноговь аймгийн төв Сайншандын Дэнжид миний хүүхэд нас өнгөрсөн. Сүүлд 9-10 ангиа Замын-Үүдэд төгссөн. Би нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага ангиасаал урлаг, уран сайхны бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг байв. Ардын бүжиг бараг арван жил бүжиглэсэн. Тэгээд бас болоогүй ээ, сургуулийнхаа шинэ жилийн алиалагч болно. Энэ бүхэн миний урлагийн мэргэжлийн суурь болсон байх. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй. Яагаад ч юм X анги төгсөөд гэнэтхэн СУИС-д  шалгалт өгч үзмээр санагдаад өгсөн чинь тэнцчихсэн. Хожим сонссон аав минь арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм билээ. Тэр шалгалтад аав тэнцээгүй гэсэн. Шалгалтад унасандаа хор шар нь хөдлөөд, өөр сургуульд оролгүй гурван жилийн цэрэгт явсан гэдэг. Би одоо урлагийн мэргэжлийн хүн болчхоод эргээд хархад огт санамсаргүй байдлаар аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж бүтээж чадаагүй зүйлийг  гүйцээж яваа. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж  урлагийн хүн болж яваадаа дотроо  баярладаг.

-Жүжигчин хүн бүрт анхны дүр хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг гэдэг. Дэлгэцэнд мөнхөлсөн анхны дүр тань гэвэл?
-Их сургуулиа төгсөөд 2008 онд “Үхэж үл болно Чингис хаан” кинонд анхны дүрээ бүтээж байлаа.  Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд хоёр сар зураг авалт нь үргэлжилсэн. Кино, дэлгэцийн уран бүтээл хэрхэн, яаж бүтдэг гэдгийг  тэндээс сурч, мэдэрсэн. Тэр кинонд туслах найруулагчаар ажилласан. Энэ миний анхны хамгийн том уран бүтээл. Түүний дараа 2009 онд “9009” гэдэг киноны гол дүрд тоглосон. 2010 бил үү, 2011 онд “Миний муу аав” кинонд Энхболдын дүрийг бүтээсэн.

-Одоо спортоор хичээллэж байгаа юу?
-Гар утас гэдэг спортоор хичээллэж байна даа. Утсаа имэрч, ухахаас өөр ч хөдөлгөөн хийхгүй шахам болжээ. Фитнест явмаар байв ч цаг зав гарахгүй юм.   Хааяа нэг заал авч, сагс тоглодог.

-Тайзны хөдөлгөөн гэдэг чинь бараг л спорт юм биш үү. Жүжигчид тайзанд дээр дуулж, бүжиглэн, гүйж , харайж, өнхрөөд байнгын хөдөлгөөнтэй байдаг биз дээ?
-Тийм шүү. Тайзан дээр бид дуулж, бүжиглэж, гүйж харайдаг. Тэр бүх дасгал хөдөлгөөн жүжигчин бидэнд фитнес, спорт  болчихдог юм. Нэг тоглолтыг сар гаруй хугацаанд бэлддэг. Өдөр болгон бүжиглэж, дуулна. Одоо бид шинэ тоглолтынхоо бэлтгэлд орчихсон яваа.

-Хэзээ шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэх  гэж байна вэ?
-Хорио цээр дуусахаар тоглолтоо үзэгчдэд хүргэнэ дээ. Ирэх гуравдугаар сарын 5-ны өдрөөс Соёлын төв өргөөнд тоглох төлөвлөгөөтэй бэлтгэж байна.

-“Эмоци” продакшнд хэзээ жүжигчнээр орж ажиллав аа?
-2013 онд “Эмоци” продакшныг анх байгуулагдахад орсон. Анхны уран бүтээлд нь оролцоод, одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.

-Жүжигчин О.Тэмүүжин та хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд бил үү?
-Тэмка бид хоёр 2003-2007 он хүртэл СУИС-ийн нэг ангид суралцсан, оюутан цагийн найзууд. Одоо хүртэл нэг ангийн хоёр салж, холдолгүй нэг продакшнд хамтран уран бүтээлээ хийж явна. Манай продакшнд нэг багшийн шавь олон бий. Тэмка бид хоёр Ардын жүжигчин Ж. Лхамхүү багшийн шавь. Бид хоёрын дараагийн дараа үеийн Ж.Лхамхүү багшийн шавь гэвэл Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин хоёр байна. Түүний дараагийн үеийн залуу гурван жүжигчин  бий. Манай продакшнд Ж.Лхамхүү багшийн үе, үеийн  7-8 шавь хамтран ажиллаж байгаа.

-Та дууны үгийг хошин хэлбэрт оруулан, өөрчилж дуулдаг. Энэ нь дууны шүлгийг дахин бичиж байгаагаас ялгаагүй, авьяас шаардсан зүйл. Үүнийг хэзээнээс эхлэв?
-МУСТА  Э.Төрмандахын  “Аархал”  дуу хит болж байсан үе ”Эмоци”-ийнхон нэг тоглолтын үеэр энэ дууны үгийг хошин хэлбэрт оруулж дуулсан юм. Харин түүний дараа дуучин МУСТА  Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар байна” дууны үгийг би өөрөө өөрчилж  дуулсан. Тухайн үед үзэгчид халуун, дулаанаар хүлээж авсанд их урамшсан. Түүний дараа дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны үгийг хошин хэлбэрт оруулсан.

-Дууны үгийг хошин болгож өөрчлөхөөс гадна шүлгийг нь бичиж, өөрөө дуулсан дуунууд байдаг байх аа?
-Аав, ээж хоёртоо зориулж хийсэн хоёр уран бүтээл бий.  Зохиолч, яруу найрагч  Ш.Гүрбазарын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Урт наслаарай ээж ээ” дуундаа клип хийсэн. Мөн “Аавдаа” дууныхаа шүлгийг өөрөө бичсэн, аяыг нь О.Эрдэнэ зохиож, би дуулж, клип хийлгэсэн юм.  Би өөрөө дуулах дуртай.  Тайз, дэлгэцийн уран бүтээлийнхээ хажуугаар амжуулж дууны уран бүтээл гаргах төлөвлөгөө бол бий.

-Дууны үгийг нь өөрчилж дуулахаар дуучид болон үг, аяыг зохиосон хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ. Дургүйцэх юм уу ?
-Харин ч эерэгээр хүлээж авдаг. Хошин урлагийг үздэг олон хүн бий. Тийм болохоор дуучдын уран бүтээлийг  олон хүнд хүргэн, сурталчилж байгаа гэдэг утгаар нь их дэмжиж, талархан хүлээж авдаг. Зарим дуучнаас миний энэ дууг хошин болгоод дуулаад өгөөч гэсэн санал хүртэл ирнэ. Бид дууны үгийг өөрчилж, хошин болгохдоо аль болох дууны утга, агуулгыг алдагдуулахгүй хошин байдлаар хүмүүст хүргэхийг чухалчилдаг.

- “Аавдаа”дууныхаа клипэнд  дүүгээ тоглуулсан юм уу?
-Манай дүү Г.Эзэнжаргалын хүүхэд тоглосон юм. Г.Эзэнжаргал дүүгийн  том хүүхэд Эзэнтэнгэр гэж лут нэртэй дунд сургуулийн сурагч  хүү бий.

-Ер нь танай гэрийнхэн бүгд ийм эзэн гэсэн нэртэй юу?
-Би эхээс тавуулаа. Бид тавд ээж, аав хоёр  Эзэнмөнх, Эзэнжаргал, Эзэнбат, Эзэнцэцэг, Эзэнтогтох гэсэн нэрийг өгсөн байдаг юм. Эзэнтогтох маань бурхан болсон. Бусад дөрвөн эзэн нь одоо бий.

-Авьяас, чадвар удамшдаг гэдэг. Танай охин Э.Есүй-Үжинд өөрийн чинь дуулж, бүжиглэх, жүжиглэж авьяас удамшах боломжтой.  Танай охин 4-5 наснаасаа эхлэн “Тик Ток”-д ээжтэйгээ бичлэг хийсэн байдаг. Эхнэр, охин хоёр тань их авьяас, мэдрэмжтэй юм билээ?
-Манай эхнэрт жүжиглэх авьяас бол байхгүй ээ. Харин урлагийн мэдрэмжтэй шүү. Миний уран бүтээл сайн, муу болох нь эхнэртэй минь холбоотой гэж хэлж болно. “Энэ чинь болж байна. Тэр нь болохгүй байна” гээд шүүмжлэх  жишээтэй. Намайг шүүмжилж, үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгдөг хүн.  Харин том охин минь “Тик Ток”-ын од” шүү дээ. Хүмүүс “Тик Токчин охин” гэх нь бий. Одоо найруулагчид кинонд тоглуулах санал тавиад байгаа.  Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс биш. Гэхдээ унаган урлагийн авьяас мэдрэмжтэй, их сайхан дуулж, бүжиглэдэг,  хөгжим тоглодог, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс. Ээж сайхан дуулна, ардын бүх төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог. Надад аав, ээж хоёрын хөгжим тоглох авьяас удамшаагүй ч дуулж, бүжиглэх мэдрэмж бага боловч бий. Би жүжигчин хүн болохоор энэ талын авьяасаа илүү хөгжүүлэх шаардлага гардаг. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж медаль авч байснаа санадаггүй. Гэтэл манай том охин  цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглээд,  алт, мөнгөн медаль аваад байх юм.

- 25 дугаар суваг телевизийн “Дуэт дуэль” шоуны ялагч болсон.  Тэр нэвтрүүлэгт урилгаар оролцсон уу?
- 2013 онд  25 дугаар суваг телевизийн  “Дуэт дуэль” шоу нэвтрүүлэгт дуучин, МУСТ  Х. Мөнгөнцэцэгтэй нэг баг болж ороод түрүүлсэн. Олон авьяаслаг залуучуудтай өрсөлдсөндөө баяртай явдаг. Хүмүүс дуучин С.Сэрчмаагийн “Сэтгэлийн драм” гэдэг дууг Х.Мөнгөнцэцэг бид хоёрын дуулснаар хүлээж авдаг юм билээ. Тэр дууны үгийг ялимгүй жаахан өөрчилж бичээд дуулсан юм. Х.Мөнгөнцэцэг их гоё дуулдаг чадварлаг дуучин.

-Сүүлийн үед  дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уул, ус, уурхай, газар нутгийн тухай өгүүлсэн нэг кинонд тоглосон. Хорио цээр тавигдах үеэр, нэг их удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Одоо цаашид хийх зүйл, бодож төлөвлөсөн олон ажил байна.

-Телевизийн олон ангит кинонуудад тоглосон.  Хэдэн кинонд тоглоод амжив аа?
-Анх  “Боловсрол” телевизийн  “Хувь тавилангийн ээдрээ”  гэдэг 60 ангит кинонд тоглосон. Тэгээд “Эмоци” продакшны “Их хотын залуус”, “Гурван найз”  гэсэн цуврал кинонд дүр бүтээгээд байна.

-Түүхэн кинонд дүр бүтээж байв уу?
-“Үхэж үл болно Чингис хаан” кинонд тоглосон. 2011 онд байхаа VIII Богд хааны  тухай  өгүүлсэн кинонд  Чингисийн алтан ургийн Дашням хан гэдэг их хэл амтай, өөрийгөө хаан болгох гэж зүтгэдэг ноёны дүрийг бүтээсэн. Энэ онд тэр киноны  II ангийг хийсэн. Энэ ангид нь Дашням хааныхаа дүрд үргэлжлүүлэн тоглосон. Миний зураг авалт дуусан, киноны бусад зураг авалт үргэлжилж байгаа.

-Түүх хэр сонирхдог вэ. МҮОНТ-ийн хүүхэд, залууст зориулсан түүхэн цуврал нэвтрүүлгийг хөтөлсөн биз дээ?
-Арваад жилийн өмнө МҮОНТ-ийн хийсэн уран бүтээл байгаа юм. Тус төслийг санаачлагч нь Ц.Оюундарь, зохиолч Г.Аюурзана нар энэ бүтээл дээр хөтлөгчөөр ажиллах боломж гарсан. Монголын төрт улсыг 2200 гаруй жилийн өмнө анх байгуулсан Модун Шаньюгаас эхлээд, Монголын эзэнт гүрэн, их хаад, бага хаадын үеийн түүхийг харуулсан их сайхан нэвтрүүлэг.

-Хоёр охиндоо Чингис хааны эгч, дүү хатдын нэрийг өгсөн нь түүх уншиж сонирхдогтой тань холбоотой юу?
-Би түүх сонирхон, уншиж, судлаад байдаггүй ээ. МҮОНТ-ийн нэвтрүүлгийг хөтлөхдөө түүхийн талаар бага зэрэг ном уншсан юм. Анх охинтой болчихоод  нэр өгөх болоход миний баруун, зүүн чихэнд Есүй-Үжин гэдэг нэрийг шивнэх шиг болсон. Тэгээд тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд өгсөн нэр байгаа юм. Тэрнээс биш түүхийн ном зохиол уншин, судалж байгаад өгсөн нэр биш. Харин хоёр дахь охиндоо эхнэртэйгээ ярилцаж байгаад эгчийнх нь нэртэй ойролцоог нь бодоод Есүйгэн гэж нэр өгсөн. Ер нь бол Татар аймгийн Есүй, Есүйгэн гэдэг эгч дүү хатдын нэр юм билээ. Одоо тэгээд дараагийн хүүхэддээ Есүйтэй холбоотой нэр өгөх байх даа.

Үндэсний шуудан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.