2024 оны 04 сарын 27
Зочин
Л.Зул: Айдас, бодолдоо хүлэгдээд суувал хэн ч амжилтад хүрч чадахгүй

Монголдоо анх удаа гараар зуран, хувцас урлаж байгаа “Dew” брэндийн үүсгэн байгуулагч зураач, хувцас дизайнер Л.Зултай ярилцлаа. Тэрбээр 2011 оноос хойш Монгол, Өвөрмонгол, Герман улсад ажиллаж байсан туршлагатай бөгөөд салбартаа манлайлагч хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл билээ.


-Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Би өглөө 05:30 цагт босдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд өдөр бүр 07:00 цагаас Йогын урлагаар хичээллэж байна. Ажлынхаа хажуугаар йогаар хичээллэх нь стрессээ тайлах, түүнчлэн бие физиологийн хувьд ч сайн талтай.

Ажлын байрандаа 08:30-09:00 цагийн хооронд ирчихсэн байдаг.

-Ажлаа нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг үү?

-Өдөр бүр нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ихэнхдээ өмнөх өдөр нь, эсвэл тухайн өдрийн өглөө төлөвлөгөөгөө гаргадаг.

-Өдрийн ихэнх цагийн ажилдаа зарцуулдаг юм байна. Ажлынхаа хажуугаар өөртөө хэрхэн чөлөөт цаг гаргадаг вэ?

-Хэдий ажил чухал ч гэсэн чөлөөт цаг заавал байх ёстой гэж боддог. Одоогоор манай брэнд шинэ байгаа учир ажилдаа л түлхүүр анхаарч байна.

Гэхдээ миний хийж байгаа зүйл хоббитой минь салшгүй холбоотой учир ажил маань өөрөө чөлөөт цаг болчихдог. Ажлаасаа өдөр бүр сэтгэл ханамж авдаг шүү. Ер нь ихэнх цагаа ажилдаа л зориулж байна даа.

-Дизайнер мэргэжлийг яагаад сонгохоор болов? Магадгүй өөр сонголт байсан уу?

-Энэ мэргэжлийг багаасаа сонгочихсон байсан. Хүүхэд байхдаа зурах дуртай байсан болохоор аав маань намайг Монголын Хүүхдийн ордны хувцас дизайны ангид оруулсан. Дугуйландаа таван жил явсны дараа 10 дугаар ангид байхдаа Үнсгэлжин улсын уралдаанд орж тэргүүн байр эзэлж байж билээ.

Тэмцээний дараа урилгаар их сургуульд суралцах болсон. Багаасаа л хүссэн мэргэжил учраас эргэлзэлгүйгээр энэ мэргэжлээ шууд сонгосон доо.

- Зурах зориулалттай Герман силк дээр өөрийн гараар зурж, хувцас урлана гэхээр их сонирхолтой санагдаж байна. “Dew” брэндийг үүсгэн байгуулах санаа хэзээнээс эхэлж төрсөн бэ? Яагаад заавал “silk painting” гэж?

-Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажиллаж байгаад Герман явах боломж олдсон юм. Гол зорилго маань мэдээж мэргэжлийнхээ дагуу суралцаж, дадлага хийх байсан.

Герман улсад “Silk painting” урлаг нэлээд хөгжсөн. Тиймээс өөрийн сонирхлоороо анх ороолт дээр зурж хийдэг байлаа.

Германаас тусгай материал, будаг захиалж, нутагтаа ирээд ороолтоо үргэлжлүүлэн хийж эхэлсэн юм. Урласан ороолтыг минь хараад хүмүүс дурлаж, авах чин хүсэлтэй байгаа нь мэдэгдсэн.

Өөрөө хувцасны дизайнер учраас ““Silk painting” урлагийг хувцсанд оруулъя гэж зорьсон. Тэгээд л брэндээ үүсгэн байгуулахаар шийдэн амжилттай ажиллаж байна.

Гэхдээ СУИС-ийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхад манай багш энэ урлагийн талаар ярьж, анхны суурийг тавьсан гэж боддог.

"АЛИВАА ЗҮЙЛД ЖИЖИГ ГЭЛТГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ ХИЧЭЭДЭГ"

-Брэндийн нэрийн утга?

-“Dew” гэдэг нь шүүдэр гэсэн утгатай. Миний зурж, амилуулж байгаа зүйл цэцэг. Эмэгтэй хүн бүр цэцэгт дуртай байдаг. Би ч өөрөө цэцэгийн зөөлөн өнгөнүүдэд дуртай.

Гол нь силкийн шинж чанар өөрөө зөөлөн, эмзэг нарийн. Үүн дээр буусан өнгө, хэв шинж нь яг л шүүдэр шиг санагддаг. Тиймээс энэ брэнддээ шүүдэр буюу “Dew” гэх нэр өгсөн.

-Мэдээж шинэ зүйл хийнэ гэдэг өөрөө нэг талаар эрсдэлийг дагуулж байдаг. Анх ажлаа эхлэхэд хэр хүндрэл тулгарч байв?

-Манай улс хөгжиж буй орон болохоор бид бор зүрхээрээ явах шаардлага тулгардаг. Тухайлбал, Хятад улсад гэхэд шинэ бизнес эхлүүлж байгаа хүмүүсээ хямд түрээсийн байраар хангадаг. Харин манай улсад байрны түрээсэндээ ашгийнхаа дийлэнх хувийг өгөөд таардаг.

Гэхдээ сүүлийн үед Start-Up-уудыг дэмждэг компаниуд олон гарч ирж байна.

Энэ мэт хүндрэл бэрхшээл олон байсан. Мөн манайд материалын том төрөлжсөн худалдааны газар байдаггүй учир материалаа олон газраас очин сонгож цаг хугацаа алддаг.

Гадны дизайнерууд загвараа гаргачхаад загвартаа тааруулж материалаа сонгодог бол Монголд материалдаа тааруулж хувцас урлах тохиолдол гардаг.

-Бүтэлгүйтсэн үе байв уу?

-Мэдээж бүтээгдэхүүнээ гаргачихаад хүмүүсээс захиалга авна гэдэг өөрөө хүнд. Тухайн хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид нийцсэн хувцас урлана гэдэг ч хэцүү. Энэ тал дээр практик их дутагдаж байсан. Гэхдээ алдаа болгоноосоо суралцан туршлагажсаар явна.

Мөн гадаадын компаниуд өндөр шаардлага тавьж, хариуцлагатай ажиллахыг урьтал болгодог. Тиймээс хариуцлагатай, жижиг зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ хийхийг сурсан.

Ер нь монголчууд маань жижиг зүйл дээр хайнга хандчих гээд байдаг сул талтай.

-Бүтэлгүйтлийн өмнө бууж өгдөг хүн олон. Гэхдээ энэ бүх бүтэлгүйтлийг яаж амжилт болгож чадав аа?

-Би төрөлхийн их өөдрөг хүн. Баргийн зүйлд унаад байдаггүй. Гэхдээ хэцүү зүйл олон байсан. Хамгийн гол нь өөрийн хүсэл мөрөөдөлдөө тууштай байх ёстой  гэж боддог. Мөн хүн байнга өөрчлөгдөх хэрэгтэй. Бага багаар ч хамаагүй сайн тал уруу өөрчлөгдөх нь чухал.

Шинэ зүйлийг эхлэхдээ хэтэрхий их төлөвлөн бодсон ч, хэрэгжүүлэхгүй байх нь их сул талтай л даа. Оронд нь зоригтойгоор хийж, үйлдлээсээ суралцах нь хамгийн үр дүнтэй санагддаг.

Эхлэл бол аливаа зүйлийн 50 хувь нь гэдэг. Хийсэн тохиолдолд олон зүйл сурч, магадгүй амжилттай болохыг үгүйсгэхгүй. Зөвхөн бодоод, айгаад суувал хэн ч амжилтад хүрэхгүй.

-Таван жилийн дараах “Dew” брэнд ямар байх бол?

-Миний хийж буй зүйл одоохондоо бүх сонирхсон хэрэглэгчдээ хангаж чадахгүй байгаа. Гараар зурж хийхэд тодорхой хэмжээний цаг орно. Гэхдээ “Dew” брэнд массыг олноор нь хамруулах гэхээсээ илүүтэйгээр бүтээлч тал уруугаа чиглэдэг.

Мэдээж яваандаа брэндээ улам томруулж, олон хүнд хүрэхийг зорьж байна. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд нэг ижил загвар гэхээсээ илүү нэгнээсээ ялгарахын тулд онцгой, цор ганц бүтээгдэхүүнийг сонирхох байдал ихэссэн.

Мэдээж биед нь тааруулан хийж, загвар, зуруулах зургийг өөрөө сонгодогт манай брэндийн онцлог байгаа юм. Ихэнх эмэгтэйчүүд манай бүтээгдэхүүнээр янз бүрийн эвэнт, онцгой баярын өдрөөр гангардаг.

Гадаадад байгаа монголчууд манай загварыг их захиалдаг. Силк гэдэг өөрөө дулааны улиралд өмсдөг, хөнгөн чанартай учир Япон, Сингапур гэх мэт зөөлөн уур амьсгалтай оронд амьдардаг хүмүүс ихээхэн сонирхдог.

Цаашдаа хэрэглэгчиддээ олон шинэ сонирхолтой коллекцуудыг толилуулах болно оо.

-Дэлхийтэй харьцуулбал монголчуудын загварын боловсрол ямархуу түвшинд байна?

-Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд загварын салбар хурдацтайгаар хөгжиж байна.  Тун удахгүй дэлхийн зах зээлд гарна гэдэгт итгэл дүүрэн байдаг.

-Оёдолчин болгон загвар зохиодоггүй гэдэг. Дизайнер болоход авъяас, мэдрэмж илүү нөлөөлөх үү? Эсвэл хичээл зүтгэл үү?

-Мэдээж байгалиасаа тодорхой хэмжээний мэдрэмж, авьяастай байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд байгалиасаа авьяастай хүмүүс сэтгэл ханах нь элбэг. Аливаа зүйлд сэтгэл ханаж, мэрийлт гаргахаа боливол бүх зүйл нурна. Хүн байнга хөдөлмөрлөх хэрэгтэй.

Тэгээд ч урлагийн хүн сурч дуусдаггүй гэж ярьдаг. Өөрийгөө байнга сорьж, шинэ зүйлийг эрэлхийлж, нээх ёстой.

-Эмэгтэйчүүд олон салбарт хүч төрөн гарч ирж байна. Нэг хэсэг нь дэмжиж байгаа ч нөгөө талаар эсэргүүцэх хандлага байна?

 -Хэдэн арван жилийн өмнө эмэгтэй хүн гэртээ байж хоол хийн гэр бүлээ халамжлах ёстой гэж үздэг байсан бол одоо өөр болж. Гэхдээ миний бодлоор эмэгтэй хүн аль нэг тал уруу туйлширч болохгүй. Карьер, гэр бүлээ аль нэгийн нь орхигдуулахгүй зэрэг авч явахыг хичээх нь зөв болов уу гэж боддог.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Би ерөнхийдөө тууж, роман, хувь хүний хөгжлийг дэмжсэн ном унших дуртай. Сүүлийн үед хийж байгаа зүйлдээ урам зориг өгөхийн тулд номууд уншиж байгаа. Бүсгүйн код ном их таалагдсан. Мөн “Брэнд байгуулах 100 зарчим” номыг ширээний номоо болгосон.

Урлагийн хүн болохоор эдийн засаг, маркетингийн талаарх мэдлэг дутмаг болохоор хувиараа судалж байгаа.

-Сошиалд хэр цаг зарцуулж байна?

-Ажлаасаа үүдэн фэйсбүүк хуудсаа хөгжүүлэх шаардлагаар ордог. Түүнээс биш хэтэрхий их хугацааг зарцуулахыг эсэргүүцдэг хүн. Бодит амьдрал сошиал ертөнцөөс зугтааж эхэлж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.