2024 оны 04 сарын 20
Зочин
Д.Булган: Миний өвгөнийг хар хүч аваад явчихсан
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт өдгөө яллагдагчаар шалгагдаж буй  Д.Булгантай 1998 онд сэт­гүүлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага юм.

- Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?

-Хүмүүс гом­дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би өвгөндөө, "Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ" гэж хэлэхэд миний шар, "Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за" гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм.

Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, "Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн бай­шин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгш­рөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөн­гөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тог­лоод сууж байгаарай, ми­ний хайрт" гэдэг байлаа. (Уйлав)

-Таныг мөн­гөө хэмнээд таксинд суудаг­гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?

-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байх­гүй. Би зах ороод хаана хямдхан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эр­гээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Зориг гэж хэн байсан юм бэ?

-Хамгийн хүн­лэг хүн. Энэ бол түүний хам­гийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч, ганц­хан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.

- Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

- (Уйлав) Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр үед надад, "Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо дээр дэндүү жаргаасан юм шүү" гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр ма­най гэр бүл сайхан гэр бүл шүү.

-Та өвгөний­хөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Оюунааг улс­төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж ший­дээсэй гэж хүсч, горьдож байсан. "Улстөр рүү ор" гэж хэлэхээс би их айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, "Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ дэвшүүллээ" гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд "Би шийдсэн" гэж байна лээ.

-Оюунааг ахын­хаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми­ний өвгөнийг хар хүч ирээд аваад явчихсан. Энэ хүн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм байна гэд­­гийг надад ойлгуулж өг­сөн. Миний өвгөн үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэр­гийг үргэлжлүүлж, дуус­гаагүйг нь гүйцээнэ ээ. (уйлав)

- Танд их баярлалаа.
Ярилцсан Р.Даваажав. 1998 он

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.