2024 оны 04 сарын 20
Зочин
С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


- Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьсан. Уг нь олон нийт энэ асуудлыг намынхаа Их хурлаар шийдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Яагаад яаран ийм асуудал тавих болов? Та Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна.  

- Журмын нөхдийнхөө урмыг хугалж болохгүй. Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэл рүү  ингэж ус цацаж болохгүй гэдгийг би байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна.

МАНай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтраахын оронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Үүнээс болж бусдын идэш, хоноцын хэвтэш болж хохирох вий гэдгээ ер нь бодож үзсэн л байгаа даа.

МАН дотроо эвтэй, засаг дороо суурьтай байх нь Монгол Улсад маань, ард түмэнд маань ус агаар шиг хэрэгтэй байна.

Хар ухаанаар бодоход гэрээ гүйцэд барилгүй буурь сэлгээд байвал хүн малгүй зутарч, хөдөө хотгүй улдана биз дээ. Намынхаа гал тогоонд яриад шийдэж болох асуудлыг хэт дэвэргэж, гал дээр тос нэмэх хэрэг анхнаасаа байгаагүй. Эцсийн бүлэгтээ эндээс хэн ч хожихгүй.

Хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжинө гэж  ард түмэндээ амлаж гарч ирчихээд өөр хоорондоо хагаралдаж үймэлдэх нь үнэндээ шал утгагүй шүү дээ.

Улс гэрээ нурааж тоглох ямар хортойг өмнөх эрх баригчдын үед та бид хангалттай амссан. Тэр алдааг засч, ачааг үүрнэ гэж итгэсэндээ л ард түмэн МАН-д 65 суудал өгсөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Гэнэтхэн тэнгэрээс буусан юм шиг бардам аашилж, гэрээ нурааж тоглох нь яавч олигтой зүйл биш. Ерэн зургаан жилийн түүхтэй энэ том намд өөрийн дүрэм, тогтсон дэг жаяг гэж бий. Аливаа асуудлыг шийддэг эрэмбэ дараалал гэж байгаа. Хөсөг хөтлөх хүн нь тодроогүй байхад гэрээ буулгаж тэргэнд ачаалах ямар хэрэг байгаа юм бэ? гэдгийг л бүлгийнхээ гишүүдэд хэлж байгаа юм.

Удахгүй намын Бага хурал болж, улмаар намын Их хурлын товыг тэндээс зарлана. Харин намын Их хурлаас намын шинэ даргаа сонгох нь тодорхой шүү дээ.

Тэр шинэ хүн нь хэн болдог юм тэр нь л Засгийн газраа тэргүүлээд, төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна биз.      

- Эвтэй байя гэж хамгийн их ярьдаг, уриалдаг нам танай нам шиг санагдах юм. Гэтэл 65 гишүүнтэй МАН шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэл амаа ололцохгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байна л даа. Цөөнх байхдаа эвлэдэг, олонх болохоороо эвдэрдэг АН-ын өвчин танайд халдварлачихав уу?    

- Өмнөх УИХ-д намайг бүлгийн даргаар ажиллаж байхад бид 26 үнэхээр зангидсан гар шиг нэг цул болж ажиллаж чадсан. Тиймдээ ч тухайн үеийн эрх баригчдын бодлогын алдааг сануулж засах, дур зоргыг хазаарлаж хязгаарлах хүч бидэнд байсан.

2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэг гол үндэслэл бол манай бүлгийн гишүүдийн эв нэгдэл, гар сэтгэл нийлж ажилласны хүч байсан юм шүү гэдгийг өнөөдөр сануулж хэлмээр байна.

Ард түмэн тогтвортой төр, тууштай бодлогыг л юу юунаас илүү хүсч байсан. Элгээрээ хэвтэж өеөдсөн эдийн засгийг өндийлгөх эрч хүч байгаа л гэж МАН-ыг итгэж сонгосон. Илүү жудагтай, илүү чадвартай гэж итгэсэн тэдний сэтгэлийг сэвтээх эрх хэнд ч байх ёсгүй.

Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд хасах руу орж ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг 5.3 хувийн өсөлттэй болголоо. Цаашаа нүүр буруулсан хөрөнгө оруулагчид наашаа харж эхэлж байна.

Үүдээ барьсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орж, эдийн засгийн цусны эргэлт эрчимжиж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд бидэнд өчүүхэн төдий ч алгуурлах цаг байхгүй. Энэ намын өндөр их нэр хүнд, өмөг түшгээр улс төрийн амьдралд хөл тавьчихаад голомт руугаа нулимах, тогоо руугаа өшигчих арилсан дотортой хүн арай байхгүй биз л гэж найдаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ойлголцол, зөвшилцөлөөр шийдэж ирсэн. Энэ удаад ч тэгж чадна, тийм чадавх манай бүлгийн гишүүдэд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөө хямруулж, түмнээ талцуулах ёс суртахууны хийгээд улс төрийн эрх бидэнд байхгүй.  

-  Танай намын бүлэг хуралдана. Бүлэг дээрээ хэл амаа ололцож чадах болов уу? Та юу гэж бодож байна. 

-Өвөл хаяанд ирлээ. Айл өрх төдийгүй улс орон өвлийг яаж өнтэй давах вэ? гэдэгт сэтгэлээ чилээж түлээ түлш, хоол хүнсээ базаадаг цаг. Тарьсан ургацаа бүрэн хурааж, таван малдаа хадлан тэжээлийг нь хангалттай бэлдэхэд анхаардаг үе. Энэ намрын ажлаас ирэх жилийн амьдралын өнгө хамаарна. Хэтэрхий их талцал хэрүүл, хийрхсэн улс төржилтөөс болж бид байрандаа хий эргээд суудагаа одоо болих цаг болсон. 

Алдаа байвал хэлж засуулах, оноо байвал ойшоож урамшуулах нь монголын төрд хэрэгтэй болохоос биш амин хувийн амбицаа сүржин үгээр халхавчилж, улсынхаа эдийн засаг, түмнийхээ итгэл сэтгэлээр сор залаад суугаад байж таарахгүй.

Улс орон гэдэг том эрх ашгийнхаа төлөө нэгдэж чаддаг, эвлэж болдог гэдгийг, уруул дордойвч элэг дордойхгүй гэдгээ манай гишүүд ард түмэндээ харуулна гэдэгт итгэж байна. Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.