2024 оны 04 сарын 16
Зочин
Тэмдэг, тэмдэглэгээг зөв газар байршуулж чадвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Т.Түвшинзултай аюулгүй ажиллагааны тэмдгийн хэрэглээний талаар ярилцлаа.

-Аюулгүй ажиллагааны тэмдгийн ерөнхий ойлголтыг бидэнд өгөхгүй юу.  Тухайн ажилтан аюулгүй ажил хөдөлмөр эрхлэхэд аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ чухал нөлөөтэй байх?

-Аюулгүй ажиллагааны тэмдэг нь аюултай, хортой хүчин зүйл бүхий орчинд үүсч болзошгүй аюулыг урьдчилан сануулах, анхааруулах, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйлдлийг гүйцэтгэхийг заах, хориглох болон шаардлагатай мэдээллийг өгөхөд зориулагддаг. Аюулгүй ажиллагааны тэмдгүүдийг Монгол улсын бүх байгууллага, аж ахуйн нэгж салбар үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн сонгон хэрэглэдэг. Хэрвээ ажлын байр, үйлдвэрлэлийн талбайруу орох хэсэгт аюулгүй ажиллагааны тэмдгийг байрлуулсан байвал тухайн обьект, талбай бүхэлдээ тэмдгийн үйлчлэх бүсэд оршиж байгааг илтгэдэг.

-Аюулгүй ажиллагааны тэмдгийн өнгө, тэдгээрийн хэрэглээний талаар мэдээлэл өгөөч?

-Хориглох тэмдэг улаан өнгө/: Галын аюулгүйн санамж тэмдэг, машин тоноглолын ажиллагааг салгах, даралтын сүлжээний краны бариулын өнгө зэрэгт хэрэглэнэ.

-Анхааруулах тэмдэг /шар өнгө/: Аюултай бүсийн хаалт хашилгыг будах, аюул учруулж болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт эд анги, хортой аюултай бодистой савыг будахад хэрэглэнэ.

-Дагаж мөрдүүлэх тэмдэг /хөх өнгө/: Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, хэвших, дагаж мөрдүүлэхэд хэрэглэнэ.

-Заах тэмдэглэгээ /ногоон өнгө/: Ажлын талбайд орох гарах, тээврийн хэрэгслийн зогсоолын тэмдэг зэрэгт хэрэглэнэ.

-Аюулгүй ажиллагааны тэмдгийн ач холбогдол юу вэ?

-Аюулгүй ажиллагааны тэмдгийг ажилтнуудын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зам талбай, байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд байршуулж өгөх бөгөөд хүмүүсийн харааны түвшинд тохирсон байрлалд тод, харагдахуйц, ажилтнуудын анхаарлыг сарниулахааргүй, аюул үүсгэхээргүйгээр байршуулна.  Аюул бүхий ажлын түр хугацааны байр хэсэгт аюулгүй ажиллагааны ЗӨӨВРИЙН тэмдэг, дохиог байршуулж ажиллана. Аюулгүй ажиллагааны тэмдгийг хэрэглэж, мөрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд тэмдгүүд нь ажилтнуудын хамгаалах хэрэгслийг орлодоггүй.

-Аюулгүй ажиллагааны тэмдэг ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?  

-Тэмдэг нь уншихад хялбар, ойлгомжтой, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй, удаан хадгалагдах шаардлага хангасан байх ёстой. Мөн анхааруулах тэмдгийг өөр зураг, чимэглэл, тэмдэгтэй хамт байрлуулж болохгүй. Өнгө нь анхааруулах тэмдэг тавигдах гадаргуугийн өнгөнөөс тод ялгарахаар байх шаардлагатай.

-Тухайн ажлын байранд аюулгүй ажиллагааны тэмдэг байрлуулаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан болох уу?

-Байж болно. Аюулгүй ажиллагааны тэмдгүүд нь таньд аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх хэрэгсэл юм. Тэмдэг, тэмдэглэгээг зөв газар байршуулж чадвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой.

-Аюулгүй ажиллагааны тэмдгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ямар стандартаас харах боломжтой вэ?

-Аюулгүй ажиллагааны тэмдэгтүүдийн хэлбэр, өнгө ба хэрэглэх журмыг улсын стандартаар тогтоосон байдаг. Тухайлбал, MNS 4643:1998  Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө, MNS 5029:2011  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын бодисын шошго, анхааруулах тэмдэглэгээ зэргээс харж болно. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.