2023 оны 12 сарын 03
Зочин
Х.Мөнх-Эрдэнэ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохицуулагддаг байсныг цэгцлэх цаг болсон

Аялал жуулчлалын салбарынхан доголон гунигтай байна. Тийзний үнэ, дэд бүтцийн асуудлаас эхлээд яривал асуудал маш их.  Хээр тал, хангай нутгаас илүүү гайхуулах зүйлгүй Монголыг тоож ирэх гадныхан ч цөөхөн. Судалгаагаар олон улсад санхүүгийн боломжтой аялах сонирхолтой хүмүүсийн 80 гаруй хувь нь Монгол Улсыг мэдэхгүй. Жилд 500 мянга орчим жуулчин хүлээн авдаг байсан энгийн үетэй харьцуулахад сүүлийн хоёр жилд энэ тоо 1000 хүртэл хумигдсан. Цар тахлын үед элгээрээ мөлхсөн энэ салбарын ганц найдвар нь Аялал жуулчлалын тухай хууль. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад буй. Энэ онд багтаан батлуулахыг ч Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолж байгаа. Хэрэв хуулийн төслийг  энэ онд багтаан баталбал ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих юм. Ингэснээр шагай шиг тарсан аялал жуулчлалын салбарыг нэгтгэж, хууль эрхзүйн орчин тодорхой болно гэдэгт салбарынхан найдаж буй. Ялангуяа хууль батлагдвал тийзний үнэ хямдарч жуулчдыг татах хүлээлт бий. Энэ талаар Аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнх-Эрдэнэтэй  ярилцлаа.

-Аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр ч хөл дээрээ тогтож амжаагүй байна. Энэ цаг үед Засгийн газраас УИХ-д Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Та бүхний хувьд энэ хуулийн төсөлд нэлээн ач холбогдол өгч байх шиг. Яагаад энэ хуулийн төсөл чухал байна вэ. Энэ тухай ярилцлагаа эхлүүлье?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зөвхөн манай салбарт биш манай улсад маш өгөөжтэй. Эдийн засгийн ач холбогдол нь асар их гэдгийг та бүхэн ч гадарлах байх. Аялал жуулчлалын салбар уул уурхайтай эн дүйцнэ. Валютын орлого оруулах экспортын үйл ажиллагаа явуулдаг салбар. Цар тахлын үед эдийн засаг агшсан, улсын төсөв нь уул уурхайгаас хамааралтай байгаа ийм нөхцөлд аялал жуулчлалын салбар нь богино хугацаанд эдийн засгийг солонгоруулна. Богино хугацаанд валютын орлого татах боломжтой нь энэ салбар шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг хувийн хэвшлийнхэн л нуруундаа үүрч ирсэн. Төр, хувийн хэвшил нь хоёр тийшээ харсан, бие биенээ ойлгодоггүй, тодорхой хөгжилгүй, замбараагүй байлаа. Одоо ч ийм хэвээрээ. Гэтэл цар тахал дайран дээр нь давс нэмэх шиг хүндхэн байсан энэ салбар улам уналтад орсныг нуугаад яах вэ. Үүнийг ч төр, хувийн хэвшлийнхэн ой тойндоо ортол харж мэдэрлээ. Зөвхөн аж ахуйн нэгж дангаараа энэ салбарыг авч явах амаргүй, хашхираад ч нэмэргүй. Төр бодлогоор дэмжих хэрэгтэй. Тиймээс Засгийн газар аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгохоор зорьж, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар УИХ-д өргөн барьсан нь бидний хувьд маш том итгэл найдвар болж байна. Энэ хууль бол төр, хувийн хэвшлийнхэн нэг зүгт харж нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулах томоохон дэвшил. Хуулийн төсөл маш олон боломжийг нээж өгсөн.

-Тухайлбал?

-Энэ хууль хэрэгжвэл маш олон боломж бүрдэнэ гэдгийг дахин хэлье. Жуулчид Монгол руу аялахад тийз маш үнэтэй байдаг. Очсоныхоо дараа зардал маш өндөр. Тиймээс бид бусад улстай өрсөлдөгч зах зээл байхын тулд тийзний үнээ хямдруулах ёстой.  Тэгэхээр ирэх оноос хууль хэрэгжиж эхэлснээр бид гадаадын жуулчдад хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлана. Мөн Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага гэдэг мессежийг гадаадын жуулчдад өгөх юм. Нөгөөтэйгүүр бид жуулчдаа татсан ч орон нутгийн нислэг тодорхойгүй, ая тухтай аялуулж чаддаггүй. Тиймээс шинэчилсэн хуулийг дагаж аялал жуулчлалын хөгжлийн сантай болно. Үүгээр дамжуулан агаарын тээвэрлэгч компаниудыг дэмжинэ. Мөн цар тахлын үед аж ахуйн нэгжүүд орлогогүй, улмаар дампуурлын эрмэгт тулсан. Ийм үед бид аж ахуйн нэгжүүдээ аврах сан байх ёстой.

-Гэхдээ тийзний үнийг хямдруулж жуулчдын урсгалыг тэлсэн ч дэд бүтцийн асуудал толгойн өвчин болж байгаа шүү дээ. Чухал нь, дэд бүтцээ хөгжүүлэх байх?

-Дээр дурдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх сан дөрвөн том зорилготой. Нэгдүгээрт, Монгол Улсыг нэгдсэн бодлогоор сурталчлан таниулах. Хоёрдугаарт, тийзний үнийг хямдруулах. Ингэхдээ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад агаары тээврийн салбарыг либералчлах заалт тусгасан. Гуравдугаарт, аялал жуулчлалын бүс байгуулах дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор энэ санг байгуулж байгаа.

-Бас хууль батлагдлаа гэхэд хэрэгжилт нь чухал?

Хувийн секторууд чадах ядахаараа л энэ салбарыг авч явсан өнгөрсөн хугацаанд. Бид энэ салбарт Монголыг нэгдсэн журмаар сурталчлах аль нэг бүтээгдэхүүнээ гадаадад бүүст хийх талаар яах аргагүй бодлого, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан. Хэрэв төр хуулиа баталж чиглэл тодорхой болбол хувийн секторууд энгийн үед ажиллаж байсан шиг үй ажиллагаагаа явуулж аажмаар сэргэж хөгжих боломжтой.

-Мэдээж хуулийн төсөл ирэх оноос хэрэгжих хүлээлт танай салбарынханд бий. Гэхдээ энэ онд багтааж  хуулийн төслийг батлахгүй бол яах вэ. Аялал жуулчлалын салбарынхны найдвар нь энэ хуулийн шинэчилсэн найруулга. Энэ үүднээс харвал хуулийг батлахгүй хойшлуулах нь ямар эрсдэл дагуулах бол?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зөвхөн манай холбоо батлуулах гэж хүлээж байгаа юм биш л дээ. Манай салбарынхан нийтээрээ л ярьж ирсэн асуудлыг цэгцлэх боломж бүрдэх юм. Бид өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд салбартаа тулгамдсан олон асуудлыг ярьж ирлээ. Зах зээлээ хамгаалж чадахгүй, гадныхан манай бүтээгдэхүүнийг зарж, манай улсад ямар ч хөрөнгө оруулалт, орлого үлдээхгүйгээр ашгаа авч явдаг. Цар тахлын дараахан маш олон “би чадна”-ууд баталгаагүй аялал зохиож байна. Ашиг харсан мэргэжлийн бус хүмүүс олон хүнийг Турк улсад орхисон асуудал гарсан нь ч саяхан. Энэ мэтчилэн маш олон асуудал байгааг хүн бүр ярьдаг байсан ч төрөөс анзаараагүй хууль эрхзүйн орчноо шинэчлээгүй хаягдсан. Одоо мөрдөгдөж буй хууль 2007 оных бараг л 20 орчим жилийн настай. Бидний ярьдаг байсан маш олон асуудал шийдэгдэж хууль эрхзүйн орчныг шинэчлэх гэж байгаад баяртай байгаа. Хэрэв бид хуулиа өөрчилж шинэчилж чадахгүй бол зэрлэг Ширэнгэн ойн хуулиар л хоорондоо өрсөлдөж тэмцэлдэж байх зуур хөрш Киргиз улс маш том өрсөлдөгч улс болно. Бид нүүдлийн ахуй соёлыг тээж яваа ганц улс атал энэ өв соёлоо олон улсад таниулж чадалгүй хөрш улс орнууддаа алдах эрсдэл маш их байна.

-Жишээ нь, дэлхий биднийг “Чингис хаан”-аар л төсөөлж, наадам болохоор санаж, намраар  мартдаг нь гашуун үнэн шүү дээ. Тэгвэл Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр бид түүхээ эдээ яаж эргэлтэд оруулах юм?

-Сүүлийн 30 жил аялал жуулчлалын салбар Ширэнгэн ойн хуулиар буюу зэрлэг байлаа. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй. Энэ нь хязгаарлана гэсэн үг биш. Хүн бүр энэ салбарт бизнес эрхлэх эрх чөлөөтэй. Гэхдээ дүрмийн дагуу л бид тоглох ёстой, дүрмээ батлах хэрэгтэй. Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хууль нь энэ тоглоомын дүрэм нь гэсэн үг. Хамгийн гол нь, бид маркетинг хийх хэрэгтэй. Монгол Улс зуны гурван сард л жуулчдыг татдаг. Аялал жуулчлалын улиралтай. Үүнийг уртасгах талаар бид маш олон ажил хийх хэрэгтэй. Гадаадын иргэд Монголын өвлийн тухай маш буруу ойлголттой байдаг. Монгол маш хүйтэн, аялах боломжгүй улс гэдэг. Үүнийг л бодлогоор хэвшмэл ойлголтыг өөрчлөх ёстой. Ердөө ганц хоёрхон компани “Монголын өвөл гоё шүү дээ”, “Монгол сайхан улс” гэж хэлээд болдоггүй. Нэгдсэн бодлогоор л маркетинг хийх ёстой.

-Маркетинг чухал ч өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Монголд өвлийн аялал жуулчлал үндсэндээ орхигдсон шүү дээ?

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна. Дулаан уур амьсгалтай, цас ордоггүй улс орнуудтай харьцуулахад манай улс хүйтэн жавар, цас, мөсөн хотхон зэргээр жуулчдын анхаарлыг татах хэрэгтэй. Яагаад өвөл нь шинэ жилээ жуулчид монголд тэмдэглэж болохгүй гэж. Мөс урлаачдыг дэмжиж болно. Тэдэнд зориулсан мөсөн хотхон яагаад байгуулж болохгүй гэж. Монголд ур чадвартай хүмүүс нь байгаа ч хөрөнгөө санхүүгийн дэмжлэг дутагдаж байдаг.

-Таны хэлсэнчлэн аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө Монголд биш тухайн улсад л эргэлддэг нь үнэн. Энэ тухай салбарын сайд ч хэлж байсан удаатай. Жишээ нь, Солонгос эзэнтэй аялал жуулчлалын компаниар зөвхөн БНСУ-ын иргэд үйлчлүүлдэг гэх юм билээ. Мөнгө нь энд биш тэнд шингэдэг. Үүнийг мөн хуулиар хязгаарлах тухай Х.Нямбаатар сайд хэлж байсан. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдын асуудал ч хөндөгдөж байх шиг?

-Энэ талаар маш их ярьсан .Гадаад эзэнтэй компани Монголд орж ирэхдээ, тэр дундаа солонгосчууд солонгос буудалд бууж, солонгос хоолоо идэж, солонгос жолоочтой аялж байгаад л буцаад явчихдаг. Монголд ямар орлого үлдсэн нь тодорхой бус байгаа юм. Тиймээс энийг хязгаарлах үүднээс тусгай зөвшөөрөл гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хүмүүс тусгай зөвшөөрлийн тухай буруугаар ойлгож байх шиг. Энэ бол монголчуудад нээлттэй, шаардлага нь өөрчлөгдөөгүй хэвээрээ. Харин гадны талд бага зэрэг хаалттай заалт байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодын бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжинэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулагчдын асуудал. Та бүхэн Тэрэлжийг хар. Замбараагүй газар олгосноос болж уулын ам бүрт л бааз байна. Жуулчид очиход маш бэрх боллоо. Байгалийн онгон дагшин байдал алдагдсан. Энэ мэтчилэн аялал жуулчлалын бүсүүдэд замбараагүй газар олгосон нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй болж байгаа. Тиймээс бид Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын аялал жуулчлалын бүс гэсэн заалтыг тусгасан. Үүнд, улс тухайн аялал жуулчлалыг хөгжүүлэх газрыг эзэмшиж, гадаадын хөрөнгө оруулалтыг дүрэм журмын дагуу татна. Замбараагүй газар олголтыг хязгаарлаж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирснийг хамгаалах заалт юм. Гэтэл бид хэчнээн тэрбум ам.доллараар хөрөнгө оруулсан гаднын компани том бааз байгуулсан байхад дэргэд нь баахан жижиг гэр, бааз барьж болохгүй шүү дээ. Энэ тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн үг.

24news.mn

http://24news.mn
© 2023 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.