2024 оны 04 сарын 27
Зочин
С.Эрдэнэ: Уул уурхайн баялгийн хяналтаа чангатгаач

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төрийн албан хаагчдад нөхөн олговор нэрээр 300 мянган төгрөг өгөх асуудалд АН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдөр 300 мянган төгрөгөөр багш, эмч, төрийн албан хаагчид юу хийх вэ. Энэ шинэ Засгийн газрыг би ажлаа гайгүй сайн эхлэх болов уу гэж харж байтал “мордохын хазгай” гэгч л боллоо. Эхнээсээ л ийм шийдвэр гаргаж, төсөв санхүүгийн байдал нь эхнээсээ л ийм байхаар сөрөг хүчний зүгээс бол эсэргүүцэж байна.

-Та бүхний зүгээс цалинг хэдэн хувиар нэмэх боломж байна гэж харж байгаа вэ?

-Эдийн засгийн нөхцөл бололцоогоо харахад 800 тэрбум төгрөгийг өмнөх Засгийн газрын хэдэн сайд концессоор хуваагаад авчихсан. Түрүүчийн Засгийн газрын сайд нарын багц төсөвт тодотголоор орж ирсэн шүү дээ. Тэгсэн атлаа хүүхдийн мөнгөө хассан.

Гадны ОУВС зэрэг байгууллагуудаас хандив зээл, хөтөлбөрт хамрагдах гэж гуйж явахын оронд уул уурхайн баялаг дээр тавих хяналтаа чангатгаач. Өдөрт хичнээн тонн хүдэр, алт, баяжмал гарч байгаа юм. Үүн дээр хэн хяналт тавиад байгаа юм бэ. Үндэсний баялгаа хянаж чадахгүй байж эдийн засаг хүнд байна гээд яриад байх юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд хяналт тавих болов уу гэж л харж байна.

Гадны компаниудыг хөөж гарга гэсэн үг биш шүү дээ. Гол нь харилцсан ашигтай тохиролцоо хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Сангийн сайд асуудлаар хориг тавилаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ Засгийн газар, шинэ Сангийн сайдаас шинэ юм хүлээх боломжгүй л харагдаж байна. Төмөр зам, автозам тавигдахгүй юм байна. Томоохон бүтээн байгуулалт хийгдэхгүй юм байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.

Т.БАТСҮРЭН


 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.