2024 оны 04 сарын 20
Зочин
И.АМАРТҮВШИН: АХ МААНЬ ХУВЦСАНД МИНЬ МӨРДӨСӨӨ ХАДАЖ ӨГСӨН ТЭР ЦАГААС ЦЭРГИЙН ХҮН БОЛОХООР МӨРӨӨДӨЖ ЭХЭЛСЭН

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа И.Амартүвшинг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхэлж байсан. Энэ хугацаанд салааны захирагч, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2016 оноос хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.

Оролцож байсан томоохон аврах ажиллагаа:

– 2002 онд Завхан аймгийн Идэр сумын Загастайн даваанаас Их-Уул сумын Солонготын даваа хүртэл Тарвагайтан нуруунд 100 гаруй км газрыг хамарсан ой, хээрийн түймрийг унтраахад 90 гаруй  хоног үүрэг гүйцэтгэсэн.

– 2011 онд Тосонцэнгэл сумын Тээлийн даваанд 4 метрийн мод ачсан ЗИЛ-131 автомашины аваар дээр үүрэг гүйцэтгэж нас барсан 4 иргэний цогцсыг гаргаж, хавчуулагдсан 1 иргэний амь насыг аварсан.

– 2017 оны 08 дугаар сард Завхан аймгийн Сантмаргац сумын Баян нууранд ОХУ-ын иргэн /жуулчин/ В, 46 настай эрэгтэй нууранд живж осолдсон  дуудлагаар Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2 аврагчтай 7 хоног эрэн хайх ажиллагаа явуулж анх нууранд шумбахаар орсон газраас 1,5 км-н зайтай, нуурын усны гүн нь 12 метрээс тухайн иргэний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

– 2017 оны 09 дүгээр сард  Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж байсан Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн ачааг ачсан норд бенз маркийн ачааны автомашин Солонготын даваанд онхолдож химийн бодис асгарсан дуудлагаар 5 хоног үүрэг гүйцэтгэж  аюулгүй болгосон.

– Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

Өглөөний нар мандахаас өмнө босож, мандаж байгаа наранд ажил, амьдралаа даатгаад л өглөөг эхлүүлдэг. Тийм болохоор алтан шаргал өнгө хамгийн түрүүнд нүдэнд тусаж байна.

Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

 -Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги 60 жилийн хугацаанд зориулалтын бус хуучин Тосонцэнгэл сумын Мод боловсруулах үйлдвэр байгуулагдахад үйлдвэрийн зориулалттай баригдсан чулуун барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн. Тийм учраас Гал түймэр унтраах ангийн стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан шинэ барилга бариулж  алба хаагчдынхаа ажил орчин нөхцлийг сайжруулах мөрөөдөл байна даа. Барилгын асуудлыг удирдлагууд маань холбогдох газруудад уламжилж даруй хугацаанд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

-Намайг 4 настай байхад төрсөн ах маань 3 жилийн цэргийн алба хааж ирээд мөрдэсээ миний хувцсан дээр хадаж өгч байсан. Тэр цагаас л цэргийн хүн болох мөрөөдөл эхэлсэн.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол…?

-Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь өөрийн нөөц бололцоогоороо чанартай биелүүлэх нь бидний үүрэг. Өөрийн идэвх санаачлага, сэтгэл, зүтгэлээр хамт олонтойгоо нэгдэж, ажил албандаа сэтгэлээсээ ханддаг хүн амжилтанд хүрдэг  гэж боддог. Хамт олныхоо ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж, болгохын төлөө зүтгэж байгааг хараад маш их урам авдаг. Хийхээр төлөвлөсөн ажлаа дуусгаад үр дүнгээ хараад суух  л хамгийн сайхан даа.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

-Мэдээж өөрийг нь сайн сайхнаар  ярихад дургүй хүн гэж байхгүй. Хүний алдаа дутагдлаас илүүтэйгээр хийсэн бүтээснийг нь үнэлж урам өгөх нь ажлын эрч хүчийг нэмэгдүүлдэг. Шүүмжлэлийг хүлээн авч алдаа дутагдлаа засах хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл бодит үнэн байх ёстой. Өөрөө хараагүй, сонсоогүй байж, хүний дам яриагаар хүнийг үнэлж, шүүмжлэх буруу гэж боддог. Хууль дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, цаг баримтлах, алба хаагчийн ажлыг үнэн зөв дүгнэх зарчмыг баримталдаг. 

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Аз жаргалыг алсаас бүү хай гэж үг байдаг. Хөдөлмөр бол аз жаргалын эх булаг  ч гэдэг. Аз жаргалыг хүн өөрөө л бий болгоно. Хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж,  сэтгэл хангалуун байгаа бол аз жаргал. Мөн хувь хүн өөрөө сайн хөдөлмөрлөж, зөв амьдарвал бие эрүүл, сэтгэл санаа тайван аз жаргалтай амьдарна.

-Таны бахархал?

-Аав, ээж, хань, үр хүүхдүүд болон Монголын хамгийн хүйтэн цэгт ажиллаж, амьдарч байгаа хамгийн халуун сэтгэлтэй хамт олноороо бахархахгүй байхын аргагүй. Манай хамт олны эвсэг чанар, үг даах чадвар, тэсвэр, тэвчээр, байгууллага, хамт олныхоо төлөө гэсэн санаа сэтгэл үнэхээр сайхан. Хүн өөрийгөө үнэлж, өөрөөрөө бахархах хэрэгтэй гэж боддог. Би Баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын анхдагч Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн түүхийг бичих зорилгоор 2013 оноос материал цуглуулж 7 жилийн дараа ангийнхаа түүхэн 60 жилийн ойг тохиолдуулан төгс биш ч түүхэн номтой болгосондоо баяртай байгаа.

-Таныг Цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

-Амьдралынхаа төлөө сайн сайхныг хийе гэсэн хүсэл, мөрөөдөлтэй эгэл жирийн өрхийн тэргүүн. Үр хүүхдүүдийнхээ төлөө аавын үүргээ биелүүлж байгаа иргэн хүн гэж тодорхойлох болов уу. Гэхдээ хүн, хүний санаа бодол өөр. Сайн хэлэх ч хүн бий. Муу хэлэх ч хүн бий. Хүн болгоны санаанд нийцэж амьдарна гэж байхгүй шүү дээ. Өөрийнхөө зам мөрөөр зөв л явахад болно доо л гэж боддог.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.