2024 оны 04 сарын 18
Зочин
Э.Ууганцэцэг: Гэрийн үйлчлэгчийн ажлыг айлын зарц гэж ойлгодог ядмаг сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай

Нүүрномын 4000 гаруй найзууд дунд маань янз бүрийн хүн бий. Тэдний дундаас өглөө бүр “Ажил хайж байгаа хүн байна уу”, “Өндөр цалинтай ажилд авна”, “Цагийн ажил хайж буй хүн байна уу” гэх зэргээр байнга л ажлын зар оруулдаг бүсгүй бий. Түүний оруулдаг зар нь “Удирдлагын академийн хажууд, 13-р хороолол, “Time square” хотхон, “River garden” хотхон, “Marshal town” хотхон, Нүхт, “Solar garden” хотхон, Гэрэгэ виллаж, “Түшээ гүн” хотхон, “Жаргалан” хотхон, “Энконта” таун, “Ивээл” хотхон, “Khan hills” хотхон, Циркийн хажууд, “Жапэн” таун, Улаанбаатар их дэлгүүрийн хажууд, “Замбуулин” хотхон, “Цэцээ гүн” хотхон, Талбайн хажууд, Их дэлгүүрийн хажууд, Амгаланд тус тус байрлалтай 32 айлд байрлаж болон өдрөөр  ажиллах хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн ажил байна” гэх зэргээр үргэлжилнэ. Нэг талд ажилгүй олон мянган иргэн, нөгөө талд энэ мэт ажлын байрны зарууд хөвөрсөөр. Тиймээс “Happy flowers” компанийн захирал Э.Ууганцэцэгтэй ажлын байр болоод гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажилд зуучлах шинэ үйлчилгээний талаар ярилцсан юм.

 Намайг түүнтэй ярилцахаар очих үед нэг ажилтан нь байгууллагынхаа лого бүхий ажлын подволькоо авахаар ирсэн юм. Тэрээр компанидаа хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд нэгэн айлд өдрийн 14-20 цаг хүртэл ажилладаг гэнэ. Ажилладаг айлынх нь хүмүүс “Жолоонд суу. Машин барьдаг болчихвол хийлгэх ажил их байна” гэсний дагуу жолооны курст сууж байгаа талаараа захиралтайгаа хөөрөлдөөд гарлаа. Түүний ярианаас ажилдаа сэтгэл дүүрэн байдаг нь илт. Харин Э.Ууганцэцэг захирал “Монголчуудын хувьд гэрийн үйлчлэгч гэхээр л айлд зарцлагдана гэсэн буруу ойлголтоосоо салах хэрэгтэй байна. Энэ бол асар их боломжийг бий болгодог ажил гэдгийг л ойлгуулмаар байх юм” гэсээр яриагаа эхэлсэн.

 -Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажилд зуучлах ажил бол манайд сүүлийн үеийн шинээр нэвтэрч буй үйлчилгээ. Анх ийм үйлчилгээ эрхэлдэг компани байгуулах санааг хаанаас олсон бэ?

 -Анх 2013 онд компаниа байгуулж зургаа дахь жилдээ ажиллаж байна. Би 2007 онд оюутан болоод анх хотод ирж байсан. Манай аав, ээж хоёр суманд дээр амьдардаг, тийм ч элбэг, баян айл байгаагүй л дээ. Миний сурлага сайн байсан учраас сургалтын төлбөрийг маань нэгэн Солонгос компани хариуцахаар болсон юм. Оюутан хүнд чинь зөвхөн сургалтын төлбөрөөс гадна хамгийн наад зах нь саван, шампуний мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэрийгээ олохын тулд хичээлийнхээ хажуугаар нэг айлд очиж хүүхдийг нь сургуульд нь хүргэж өгөөд, аваад, гэр орных нь ажилд тусалдаг байсан. Тэр үед манайх шиг зуучлалын компани байхгүй, хүмүүс хувиараа л ажилладаг байсан болохоор ажилтан, ажиллуулж буй айлын хооронд янз бүрийн асуудал, эрсдэл гардаг юм байна гэдгийг анзаараад компаниа байгуулах санаа төрсөн.

-Та ямар мэргэжилтэй юм бэ?

-Би 2011 онд МУИС-ийн Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Сургуулиа төгсөөд энэ ажлаа хийгээд явсан.

-Цоо шинэ гэж хэлж болох үйлчилгээг нэвтрүүлэхэд их бэрхшээл гарч л байсан байх. Наад зах нь л гэхэд ажилтан олох, ажиллуулах гэж буй айлын итгэлийг олох гэх зэргээр...

-Анх компаниа байгуулчхаад бэлтгэл ажил их хийгдсэн. Ажилтан авна гээд зарын бүхий л төрлийн хэрэгслийг ашиглаж зар тараасан. Ирж уулзаж буй хүмүүст ажлынхаа талаар мэдээлэл өгөхөөр зарим хүн ойлгохгүй. Ойлгоод ажиллая гэсэн хүмүүсийнх нь ар гэр, аав ээж нь зөвшөөрдөггүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь “Айлд зарц хийх гэлээ” гэсэн ядмагхан сэтгэлгээ. Ингэж явсаар таван сард компаниа байгуулсан мөртлөө долдугаар сарын 4-ний өдөр дөрвөн айлруу зэрэг хүн өгч ажлаа эхлүүлж байсан. Тэр дөрвөн айл маань маш сэтгэл хангалуун байснаар дараа дараагийн хүнээ айлууддаа тарааж, ажиллуулах болсон.

-Анх ажилтан авах айл дутмаг байсан уу?

-Айлаасаа илүү ажиллах хүн олдоггүй байсан. Хамгийн анх нэг оффис түрээсэлж компаниа байгуулчхаад яаж түрээсээ төлнө өө гэж бодсон. Нээлтээ хийснийхээ маргааш нь бичгийн цаасны 4/1 дээр хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучилна гэсэн зар хэвлээд Зайсангийн бүхий л айлуудын хаалган дээр наасан. Үүрийн дөрвөн цаг хүртэл явсан учраас өглөө ес хүртэл жаахан унтаад, сэрээд утсаа асаатал дөрөв, таван дуудлага ирчихсэн байсан. Эргээд залгасан чинь хүн авъя, хүн авъя гээд л захиалга ороод ирсэн. Ажилтан авах гэж буй айл маань хэдээс хэдэн насны, тийм тийм чадвартай хүн авъя гээд шаардлага тавихаар нь тэр дагуу зар тараагаад ирсэн хүмүүсээс сонгож сургалтад хамруулаад явуулдаг байсан.

-Сургалтад хамруулаад гээд та ярилаа. Манайд иймэрхүү шинэ салбарт мөрдөх стандарт гэдэг ч юм уу, хууль эрхзүйн орчин дутмаг. Ямар чиглэлээр сургалт явуулдаг вэ?

-Одоо хүртэл манай салбарт мөрдөх дүрэм журам, хууль эрхзүйн орчин дутмаг. Байгууллагынхаа тогтоосон журмын дагуу л үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд зохицуулах эрхзүйн орчин байхгүй учраас компани дангаараа эрсдэл үүрдэг. Хүмүүстэйгээ гэрээ байгуулаад нэг нэггүй үг үсэг бүрийг тайлбарлаж өгөөд гэрээ хийгээд явуулахаар нөгөө хүн маань ажлаа хаяад явчихдаг. Тэгээд хариуцлага нэхэхээр гэрээ чинь юу юм гэдэг. Нэг ажилтан  ажлаа хаяж явлаа гэхэд л байгууллагын нэр хүнд унана, нөгөө айлаа алдана. Бизнесийнхэн нэг үйлчлүүлэгчээ алдсан бол 10 үйлчлүүлэгчээ алдсанд тооц гэдэг шүү дээ.

Сургалтаа би өөрөө явуулдаг. Эхлээд хүмүүстээ байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулдаг. Дараа нь хүүхэд асрагч гэж хэн бэ, ямар ажил үүрэг гүйцэтгэдэг, ямар давуу талтай болох, ирээдүйн үнэ цэнэ нь юу вэ гэх зэргээр ажлынх нь тухай ойлголтыг өгдөг. Ингээд айлдаа очлоо гэхэд дасан зохицох үе шат, зан харилцаандаа юуг анхаарах вэ, ажлын байрны аюулгүй ажиллагааны үед мэдвэл зохих зүйлсийнх нь талаар заагаад явуулдаг. Түүнээс айлд очоод хүүхдийг нь ингэж харна, гэрийг нь ингэж цэвэрлэнэ гэх зэргээр нарийн сургалт явагддаггүй. Айлууд өөрсдөө хүнээ анхнаас нь сургаж авах ёстой. Манай дээр хамгийн анх долоон хөтөлбөрийн дагуу 10 хоногийн сургалт явагддаг байсан. Нэгэн нэгдгүй бүх зүйлийг нь заадаг байсан боловч сургалт маань сүүлдээ үнэ цэнэгүй болж эхэлсэн. Яагаад гэхээр тухайн айлд очоод миний зааж зааварласан дагуу ажиллахгүй. Харин нөгөө айлынхаа амьдралын хэв маягт тааруулан ажиллах учраас эхнээс нь дахиад л заах болдог. Тиймээс чухал ойлголтуудыг өгөөд, ажилд нь дурлуулах талаас сургалтаа явуулдаг болсон. Миний зорьж буй ажил бол хүүхэд асрагчийн ажлыг цаашдаа мэргэжил болгох. Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хоёр өөр өөр ажил үүргийн хуваарьтай. Хүүхэд асрагч бол хүүхдээ салхилуулна, харилцана, тоглоно, хөгжүүлнэ, хүүхдийн эргэн тойронд чийгтэй цэвэрлэгээ хийнэ, хувцас тоглоомыг нь угаана гэх зэргээр ажилладаг бол гэрийн үйлчлэгч бас өөр ажил гүйцэтгэдэг. Энэ хоёр ажлыг хэр баргийн хүн хийдэггүй. Өөртөө арчаатай, цэвэрч, ажилсаг, хариуцлагатай хүн л хийдэг. Түүнээс хамаа намаагүй хүн хийдэг зарцын ажил биш. Ямар сайндаа манай найзууд байгууллагын маань шинэ жил дээр ирээд “Хүүе ээ, энэ хүмүүс айлд ажилладаг юм уу” гээд нудраад байгаа байхгүй юу. Тийм ээ гэхээр “Ийм цэвэрхэн хүмүүс байдаг юм уу” гэдэг.

Ер нь бол гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажил мэргэжил юм аа гэдэг зөв мэдээлэл, ойлголтыг сошиалаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах юм бол эргээд хүмүүстээ мөш их үр өгөөжтэй ажил. Асрагч авч байгаа айлууд улс төр, нийгэм, урлаг соёл, бизнесийн тодорхой байр суурьтай, 5-10 хүнийг цалинжуулаад ажиллуулах чадвартай болчихсон байгаа. Тэр хүмүүсийн хажууд ажилласнаар амьдралын туршлагаас нь үнэгүй суралцаж болно, үг даадаг болно, хүнтэй харилцаж сурна, тэвчээртэй болно, биеэ зөв авч явж сурна, энэ хүмүүс ингэж амьдарч байхад би яагаад болохгүй гэж гээд хүсэл эрмэлзэлтэй болно. Энэ талаас нь харвал олон талын ач холбогдолтой ажил. Ажилчдын маань амьдралд ахиц, дэвшил гарсаар байгаа.

Өвөр монголчууд Монголоос хүүхэд асрагч авах сонирхолтой болсон

-Таны оруулдаг ажлын заруудаас хамгийн анхаарал татсан нь “Гадаад явахдаа хүүхдээ харуулах асрагч ажилд авна” гэсэн байсан. Үүнээс хүүхэд асрагчийн ажил шинэ төвшинд хөгжиж байгаа юм байна даа гэх бодол төрлөө...

-Ер нь л хүүхэд асрагч авч байгаа айлууд ихэнх нь байнга гадаад явдаг. Голдуу гэрт нь байрлаж хүүхэд асарч буй ажилчид маань яг ийм аяллуудад нь хамт явдаг л даа. Гадаад гэлтгүй монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар гэр бүлээрээ аялахаар боллоо гэхэд асрагчаа аваад л явдаг. Ингэхдээ замын зардал, байр, хоол гээд тухайн хүнд гарах бүх зардлыг айлаасаа даагаад дээр нь урамшуулал өгдөг. Ялангуяа өвөл утаанаас холдох гээд гадаад явдаг айлууд хүүхэд асрагчаа дагуулаад хоёр, гурван сараар аваад явчихдаг.

Манай компани сүүлийн үед Хөх хот, Манжуур руу хүүхэд асрагч зуучилж байна. Өвөр монголчууд чинь үндсэрхэг шүү дээ. Тиймээс хүүхдээ багаас нь цэвэр Монголоор яриулж сургахын тулд монгол асрагч авах сонирхолтой болсон.

-Зуучлагч хүний хувьд хүлээдэг нэг бэрхшээл бол хоёр тал ойлголцохгүй байхад түүнийг зохицуулах. Айл нь ажилтандаа таалагдахгүй байх, ажилтан нь айлдаа таалагдахгүй байх тохиолдол гарна биз дээ?

-Энэ ажил маань айлаас нь ч тэр, ажилтнаас ч тэр тэвчээр шаарддаг. Ажилтнаа энд сургалтад хамруулаад, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад, бичиг баримтыг нь бүрдүүлээд очлоо. Айлдаа таалагдахгүй байх тохиолдол байна. Ямар ч хүнд шинэ орчинд дасан зохицох хугацаа шаарддаг. Ямар зан ааштай хүмүүс болохыг нь мэдэхгүй, хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол байна. Хоол хийгээд өгсөн ч гэсэн гэрийн эздэд таалагдаа болов уу, яагаа бол гэсэн айдас байгаад байдаг. Нөгөө айлынх нь хувьд бас нэг буруу ойлголт байдаг нь ерөөсөө л төгс хүн ирнэ гэсэн хүлээлт. Тиймээс дасан зохицох хүртэл тэсвэр тэвчээр, хугацаа шаарддаг. Дасан зохицох хугацааг өгөхгүй явуулсан хүнийг маань буцаадаг айлууд байна. Гэтэл бас хүнтэй харьцаж сурсан, хүлээцтэй айлууд ч бий. Аль аль нь ойлголцоод урт хугацаанд ажиллаад явж буй айлууд бий. Хамгийн дээд тал нь нэг айлдаа зургаан жил ажиллаж буй хүн байна. Дээр ярьсан хамгийн анх манайхаас хүн авсан 4 айлын нэг нь.

-Ажилтнуудын тань амьдралд гарч буй өөрчлөлтүүд таны нүдэн дээр ил байдаг байх. Тэр бүр л дагаад л хөөрнө биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хүн бүр дээр ахиц дэвшил гарсаар л байна. Өмнө нь байр авна гэдэг бүтэшгүй мөрөөдөл гэж боддог байсан хүн одоо байр авна гээд явж байх жишээний. Сэтгэлгээнд нь хүртэл өөрчлөлт гардаг. Хувцаслалтын хувь дээр ч шал өөр болоод ирдэг. Манай дээр байртай болчихсон хоёр асрагч байдаг. Ажилладаг айл нь байр аваад өгчихсөн нэг асрагч байна.

Ямар хүнд айл байр авч өгч байна вэ гэхээр хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг. Ажилдаа тууштай, мэдрэмжтэй, хичээл зүтгэлтэй, сэтгэлтэй, халамжтай байж чадаж байж л ийм үр дүнг хүртэж байгаа юм. Тэр байртай болсон охин айлдаа дөрвөн жил ажиллаж байгаа юм. Өөрөө бас бага насны хүүхэдтэй мөртлөө энэ хугацаанд нэг ч удаа чөлөө авч байгаагүй. “Би яах вэ, манай айлынхан их ажилтай байгаа” гэдэг. Хэзээ ч өөрийгөө нэгдүгээрт тавьж байгаагүй. Тэр чанарыг нь айл нь үнэлээд байр аваад өгчхөж байгаа юм л даа.

Орос, Хятадад дээд сургууль төгссөн, баруунд ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс ч хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хийдэг

-Ер нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажлыг голдуу ямар хүмүүс хийдэг вэ?

-Ихэнх нь дээд сургууль төгссөн хүмүүс байдаг. Орос, Хятадад дээд сургууль төгсчихсөн, баруунд ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс ч ажилладаг. Гол нь энэ ажлыг боломж гээд харчихсан хүмүүс л зорьж ирж хийдэг. Дээд сургууль төгссөн мөртлөө хайрцгаасаа гарч сэтгэж чадахгүй хүмүүс л энэ ажлыг зарц боолынх гэж боддог.

-Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажил бас дотроо ондоо юм билээ. Гэртээ байрлуулаад ажиллуулах айл байхад ажлынхаа хажуугаар гэрийн ажлыг нь хийгээд, хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс нь зөөгөөд явах ч боломжтой юм билээ...

-Манайх дөрвөн төрлийн санал тавьдаг. Нэгдүгээрт, айлдаа байрлаад ажиллах. Айл нь амьдрах өрөө, хэрэглээний зардал, хоолыг нь даадаг. Ингэж ажиллаж буй хүн мөнгөө хуримтлуулах боломжтой. Дээд сургууль төгссөн хүн байлаа гэхэд магистртаа сурах гэсэн чинь төлбөрөө хуримтлуулж чадахгүй байна, энэ ажлыг л хийж хуримтлалтай болъё гэсэн зорилготой, ажлаа боломж болгож харсан хүмүүс л энэ ажлыг хийдэг.

Хоёрдугаарт, ажлын таван өдөрт өглөө 9-17 цаг хүртэл ажилладаг. Гурав дахь нөхцөл нь, долоо хоногийн сонгосон өдрүүдэд айлдаа очиж ажиллаад бусад цагаар нь хувийн ажлаа амжуулаад явах боломжтой. Дөрөв дэх нөхцөл нь, цагаар ажиллах. Ийм сонголттойгоор ажлын байранд зуучилж өгдөг.

-Одоо ч гэсэн ажилтан хомс байгаа гэдэг нь таны ажлын заруудаас харагддаг л даа. Гэтэл нөгөө талд ажилгүй иргэдийн тоо буураагүй л байгаа шүү дээ. Энэ нь юутай холбоотой гэж та боддог вэ?

-Одоо манай дээр бэлэн 40 айлын захиалга байна. Манайхаас ийм боломж байна аа гэдгийг хүмүүст хүргэхээр зар түгээх бүхий л хэрэгслийг ашиглаж байна. Уг нь бол ингэж их зар түгээж байхад миний утас зогсоо зайгүй л дугарч байх ёстой биз дээ. Гэтэл тийм биш. Манай заруудыг анзаарч байгаа бол бүтэн цагийн ажлын цалин 650 мянгаас 1.2 сая төгрөг хүртэл байгаа. Цагийн ажлуудын хувьд өдөрт 16-20 цаг хүртэл ажиллаад л 300-400 мянган төгрөгийн цалин авах боломжтой. 13 дахь сарын цалингаа урамшуулал болгоод авч байна. Ер нь цалинг нь хангалттай өндөр болгож чадсан л даа. Гэтэл хүмүүс ирдэггүй. Би сүүлдээ байгууллагаар дамжуулан ажилд очих сонирхолгүй байна уу гэж бодох болсон. Яагаад гэхээр, байгууллагаар дамжуулан очиж байгаа хүмүүстэй гэрээ хийгээд эргээд гэрээнийхээ дагуу хариуцлага тооцдог. Тэгэхээр хүмүүс хариуцлагад дургүй болчихсон юм болов уу гэж боддог.

-Танай компанийн хувьд зуучлалынхаа хөлсийг яаж авдаг юм бэ?

-Тухайн айлтай манай компани гэрээ хийгээд, ажилтантайгаа гэрээ хийгээд ажилладаг. Айл нь ажилтантайгаа цалин мөнгөний асуудал огт ярихгүй. Компаниасаа цалингаа тавиад явна. Зуучлалын хөлсөө тухайн айлтайгаа хийсэн гэрээний дагуу нэг айлаас сардаа 80 мянган төгрөг авна. Гэтэл бас нэг асуудал гардаг. Нөгөө бэлдэж, бэлдэж өгсөн хүнийг маань айл нь байгууллагаасаа гар, манайд хувиараа ажилла гэж ятгадаг. Байгууллага маань тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж, хүнээ бэлдэж, айлыг ажилтантай нь уулзуулж өгч байхад ийм асуудал гарна. Эхний ээлжид гэрээ хийхгүйгээр айлтайгаа хүнээ уулзуулахад л урвуулаад авчих тохиолдол байдаг. Гэтэл үүнийг зохицуулах ямар ч эрх зүйн орчин байхгүй. Энэ болгон дээр байгууллага хохироод л өнгөрнө.

-Таны хувьд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн ажлыг мэргэжил болгох юмсан гэж боддог талаараа ярьсан. Үүнийгээ дэлгэрүүлээд яривал?

-Ер нь яагаад хүн болгон нярав, нягтлан, багш, эмч болох ёстой гэж. Ийм олон дээд боловсролын дипломтой ажилгүйчүүд бэлдэж байхаар дээд боловсролын босго, шалгуурыг маш өндөр болгох хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн мэргэжлийн ангийг оруулбал үр дүнтэй байх гэж бодож байна. Тэртээ тэргүй зах зээл, хэрэгцээ нь байна. Хүүхэд асрагчийн ажлын байр эрэлт хэрэгцээ, өндөр цалинтайгаараа бусад ажил мэргэжлээс хоёрдугаарт ордог. Холливудын одод, Дубайн баячууд хүүхэд асрагчаа хувийн онгоцоороо хүргэж өгөөд, очиж аваад, жилийн 60-70 мянган долларын цалин аваад ажиллаж байна. Монголд яагаад ийм байж болохгүй гэж.

Би “Таван жилийн сургалт” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж байгаа. Жилийн жилд сургалтын төлбөргүйгээс их, дээд сургуульд сурч чадахгүй үлдэж буй хичнээн олон охид байна. Тэгвэл тэр охидод энэ хөтөлбөрөө санал болгоод байгаа юм. Эхний нэг жил айлд байрлаад ажиллачих. Ямар ч их, дээд сургуульд амьдрах ухаан заадаггүй. Онол л заадаг. Айлд ажилласнаар амьдрах ухааныг үнэ төлбөргүй сурна. Айлынхаа итгэлийг дааж чадвал цалингаас нь гадна сургалтын төлбөрийг нь төлөөд өгчихдөг.

Намайг оюутан байхад ажил олддоггүй байсан. Гэтэл одоо оюутнууд ажил хийхээ больчихсон байна. Одоо оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог болчихсон. Өглөөгүүр хичээлдээ суугаад үдээс хойш айлын хүүхэд сургуулиас нь аваад гэрт нь хүргэж, хоолыг нь идүүлээд, аав, ээжийг нь иртэл хамт хичээлээ хийгээд л сардаа 300-400 мянган төгрөг авах боломжтой ажил хийхгүй байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.