2024 оны 04 сарын 24
Зочин
Ж.Чинбүрэн: Элэгний хорт хавдрыг эрт илрүүлбэл ердөө 10-15 минутад л эмчилдэг

Элэгний хорт хавдраар шаналж буй олон хүмүүсийн сэтгэлд итгэл найдварын гэрэл асааж, тэдний төлөө ажил амьдралынхаа дийлэнх цаг хугацааг зориулж яваа Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн эмчээр Монголчууд бид бахархахгүй байхын аргагүй. Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг энэ удаагийнхаа зочин хойморт урьж, ярилцлаа.

-Юуны өмнө урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Таныг хүмүүс “элэгний Чинбүрэн” хэмээн дуудах болсоор удаж байна. Тэгэхээр  хоёулаа сүүлийн үед монголчууд ихээр тусах болсон элэгний хорт хавдрын онцлогийн талаар яриагаа хэлэх үү...

-За тэгье. Элэгний эсээс гаралтай хорт хавдар нь бусад хорт хавдарыг бодвол явц нь ноцтой биш. Жишээ нь нойр булчирхайн хот хавдар бол асар хортой. Бараг л эмчилж дуусаагүй байхад л өвчин нь дахиад байдаг аюултай. Элэгний хавдарыг эрт буюу 3 см орчим байх үед нь илрүүлж, оношилбол эмчилхэд асуудал байхгүй. Тийм хэмжээтэй хавдарыг миний хувьд ердөө 10, 15 минутын дотор л эмчилнэ. Гадна талаас нь хатгаад, дотроос нь зүү оруулаад 60 градус хүртэл халаагаад л дараа нь 120 градус чанаад л  хавдрын хэсгийг нь авчихна. Тэгээд л тэр элэг нь эрүүл элэг болчихно. Тиймээс хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгийг байнга хийлгэж, өвчнөө эрт үед нь эмчлүүл гэдгийг хүмүүстээ онцлон хэлмээр байна. Эрт үед нь эмчлүүлэх юм бол ядаж мөнгө, санхүү чинь бага орно шүү дээ.

-Тэгвэл хүмүүс урьдчилан сэргийлэхийн тулд ямар үзлэг, шинжилгээг хийлгэх шаардлагатай вэ?

-Надад В,С вирус байна уу, гэдгээ л мэдэх нь хамгийн чухал. Ухамсартай хүн болгон бодох ёстой. В,С вирус байна уу, гэдгээ очоод үзүүлчихэд их мөнгө гарахгүй шүү дээ. Вирус байхгүй бол хамгийн том амжилт.

-Хэрвээ В,С вирус илэрсэн тохиолдолд яах вэ?

-С вирусыг илэрвэл айх хэрэг байхгүй, эмчилдэг. Харин В вирус байвал нэмээд Д вирус байна уу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Бас элэг хэр зэрэг гэмтсэн эсэхийг мэдчихээд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Өнөөдөр манай оронд элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам эмчлэхэд илүү хялбар, илүү зардал бага гарна гэдгийг л хүмүүс минь хамгийн сайн ойлгох хэрэгтэй.

-Манайхан санхүүгийн боломжтой нь ихэвчилэн гадагшаа яваад оношилгоо хийлгэчихдэг. Харин боломж тааруухан нь дотоодын эмнэлгүүдэд хийлгэдэг ч тийм ч сэтгэл ханамжтай биш байдаг юм шиг санагддаг.  Монголд ер нь оношилгоо, шинжилгээ хэр түвшинд байгаа вэ?

-Орчин үеийн оношилгооны том хүсэл зорилго нь юу вэ гэвэл хүнээс хамааралтай алдаагүй оношлох байдаг. Нэг зураг аваад харлаа гэж бодоход ямар ч эмч хараад мэдчих тийм тодорхой харуулж өгдөг. Технологи өөрөө ингэж хөгжиж байгаа. Монголд байгаа техник, технологи гадныхаас дутаад байгаа юм алга. Жишээ нь манай ХСҮТ саяхан компьютер, томо графикийн аппаратаа суурилуулж авлаа. Энэ аппарат нь бүрэн оношилж л байна. Нийт 100 элэгний хавдар байлаа гэж бодоход 4-5 нь онцгой түүхтэй тохиолдол байна. Тиймээс 95 хувь нь бүрэн эмчлэгдэх боломжтой. Хүмүүс одоо Монголын эмч нартаа итгэх цаг болсон. Наад захын жишээ гэхэд В,С вирус буюу элэгний хавдар үүсгэдэг шалтгааныг Монгол Улс эмчилж чаддаг боллоо. Эмчилдэг эмийг төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор 90 хувийн хөнгөлөлттэйгөөр Монголд оруулаад ирчихлээ. С вирусийн эм Америкт 90 мянган доллар. Гурван сар буюу зургаан сарын курс эмчилгээ хийлгэхэд 90 мянган доллар төлдөг бол Монголд хамгийн анх орж ирсэн эмийн сарын эмчилгээ нь 400 доллар буюу гурван сар эмчлүүлэхэд 1200 доллар. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  “ Элэг бүтэн Монгол” гэж оруулаад, нөгөө л хэвлэл мэдээллээр зодсоны ачаар улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Энэ юуг харуулж байна гэхээр хэвлэл мэдээлэл ямар хүчтэйг, үнэхээр дөрөв дэх засаглал гэдгийг хэлж байна. Ингээд нийгэм даяар ажил болгоод ирэхээр С вирусийн эмийг 2017 оноос эхлээд эмчилгээнд орж байгаа хүн ердөө сард 35-40 мянган төгрөг төлөөд л, нийтдээ 100 000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд л С вирусээ эмчлүүлээд эхэллээ гэсэн үг. Улсаас мөнгийг нь даадаг болчихсон, эмчилгээний зардлыг нь ч гэсэн. Монголд ийм сайхан боломж бүрдлээ. Тэгэхээр элэгний хавдрын шалтгааныг бид дийлдэг болчихлоо.

-Элэгний өвчнөөр танд ханддаг хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгааны улмаас өвчилсөн байдаг вэ?

-Нийт  хүмүүсийн 90 хувь нь В, С вирустэй байдаг. Энэ дотроо 40 хувь нь В вирус үлдсэн 60 хувь нь С вирус байдаг. В, С вирусээр хүмүүс халдвар авснаас болж л өвчилдөг. Хүмүүс ариутгал муутай шүдний эмнэлгийн багаж, хэрэгслээс, сахлын татуурга, шивээсийг зориулалтын бус газар бохирдсон багажаар хийлгэх, мөн бие биенээсээ дамжуулах, бэлгийн замаар гэх мэтчилэн олон замаар халдвар авдаг. Мөн нийт өвчилсөн хүмүүсийн 10 хувь архинаас болж байна. Түүнээс гадна бас өвчин намдаах парацетамол гэдэг эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд элэг гэмтдэг. Бас илүүдэл жинтэй хүмүүсийн элэг хурдан өвчилдөг. Архи уудаг, илүүдэл жинтэй хүмүүсийн элэг маш хурдан өөхөлдөг. Элэг өөхөлнө гэдэг нь элэг олон сая эсээс тогтдог. Нэг эс дотор өөхөн бөмбөлөгүүд ороод шигддэг.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны үнэ хэр өндөр байдаг вэ. Тухайлбал сая хийсэн хагалгааг үнэлбэл хэд орчим болсон бол...

-Энэтхэгт 40 мянган ам.доллар, Солонгос улсад 100-150 мянган ам.доллар, өндөр хөгжилтэй орнуудад 100 мянган ам.доллараас дээш үнэтэй байдаг. Сая хийсэн хагалгааг бид өвчтөнүүддээ үнэ төлбөргүй хийсэн. Хагалгааны өртгийг тооцоолбол нийт 200 гаруй сая төгрөг болсон. Яваандаа энэ өртөг бууна гэж бодож байна. Яагаад гэвэл бид дадлагажаад, сураад, хэвшээд ирж байгаа учраас өртөг нь бууна л даа. Сая хийсэн хагалгааг бид анх удаа хийсэн болохоор бүх зүйлийг бэлэн байлгасан. Өөрөөр хэлбэл гарч болох эрсдэлүүдийг маш нарийн тооцоолж шаардлагатай бүх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлдсэн. Тэр багаж хэрэгслүүдээс хэрэглээгүй зүйл ч үлдсэн л дээ. Тиймээс бид ийм өрлийн хагалгааг хийж сураад, дадаад ирэхээр тус хагалгааг 100 сая дотор хийгээд явчих боломж бүрдэнэ. Ер нь хагалгааны өртөг нь элэгний хатуурлаас их хамаардаг л даа. С вирусээс үүссэн элэгний хатуурлын эмчилгээний өртөг хямд. Харин В вирус нь арай өндөр өртөгтэй байдаг. Энэ жил улсын төсвөөс Нэгдүгээр эмнэлэгт 20 гаруй хагалгааг үнэ төлбөргүй хийх, манайд 650 сая төгрөг буюу элэг шилжүүлэх 7 хагалгааны мөнгийг Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Донорын тухай хууль батлагдлаа. Тус хууль таны сэтгэлд хэр хүрч чадав. Ер нь донорын тухай асуудал манайд нэлээд дутмаг байдаг. Энэ талаар...

-Донор бол нэг номерт тавигддаг асуудал. Одоогоор манайд элэг солиулах шаардлагатай 60 гаруй хүн байна. Яг тэдэнд туслах донор өнөөдөр байна уу, гэхээр байхгүй. Донор нь болно гэж байсан төрөл, садан нь яг цагаа тулахаар өгдөггүй олон. Нэгдүгээр эмнэлгийн асар том гавьяа бол элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх Монголоо хийсэн явдал. Одоо бидний хөгжлийн дараагийн үе бол донор байхгүй хүмүүсээ яах вэ гэдэг асуудал. Манай хуулинд зөвхөн төрөл, төрөгсөд нь л донор болох ёстой байдаг. Тиймээс төрөл төрөгсөд байхгүй хүмүүс нь яахвэ, хэнээсээ аврал ирэх вэ. Тиймээс бид хамаатан бус хүмүүс донор болгох нэн чухал шаардлагатай байдаг. Тухайлбал машины осол аваар их гарч байна. Ослоос болж маш олон хүн тархи нь ажиллахгүй амьсгал хурааж байна. Энэ бол харамсалтай гэхдээ тэр хүн хорвоогоос явж байгаа хэдий ч 5, 6 хүний амийг аврах боломжтой. Тиймээс сая батлагдсан хууль бол цаг үеээ олсон маш чухал хууль юм.

-Эмнэлгийн удирдлага хүнээс мэдээж улсын эмнэлгүүдийн төсвийн талаар асуухгүй өнгөрч боломгүй болов уу...

-Энэ талаар ярихад хамгийн түрүүнд Нийгмийн даатгалын газраас эрүүл мэндийн даатгалын газрыг салгасан явдал бол эрүүл мэндийн салбарт хамгийн том алхам байлаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Эрүүл мэндэд зориулагдсан мөнгө эрүүл мэнддээ зориулагдах ёстой. Тиймээс ийн салгасан явдал нь маш зөв эрүүл тогтолцоо юм. Одоо бид үндэс суурьтай болчихсон. Өртөгөө л зөв тооцоолон гаргах хэрэгтэй.

Дэлхийн АУ-ы ололтыг эх орондоо санхүүгийн дарамтгүйгээр нутагшуулах миний зорилго...

-Та МУГЖ, дуучин Т.Ариунаа, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, найрагч Ц.Хулан зэрэг олны натил нөлөө бүхий хүмүүстэй хамтран “Элэг нэгт Монголчууд” санг байгуулсан. Мэдээж танай сангийн үүрэг энэ өвчнийг нийгэм, төр засгийн анхааралд аваачихад маш өндөр үүрэг гүйцэтгэсэн болов уу?

-Тийм ээ, таны хэлдэгээр элэг шилжүүлэх хагалгааг амжилттай хийхэд “Элэг нэгт Монголчууд сан”-гийн үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн. Манай сан ХСҮТ дээр элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжих зорилгоор анх байгуулагдаж олон нийтэд мэдээлэл түгээх, шийдвэр гаргагчдад нөлөөлөх олон ажил хийж ирсэн. Цаашид ч олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Миний хэлэх дуртай үг байдаг “Дэлхийн анагаах ухааны ололтыг эх орондоо санхүүгийн дарамтгүйгээр нутагшуулах” гэж. Энэ миний туйлын зорилго. Мэдээж энэ хагалгааг хийхэд эмч нарын баг бүрэлдэхүүнээс гадна нийт “масс”-д хүргэх баг бас хэрэгтэй л дээ. Бид энэ хагалгааг хийх гэж 7 жилийн хугацаанд тасралтгүй суралцсан. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд Самсунг Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эмч нараа сургаж эхэлсэн байна. Үүнээс хойш БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстан орнуудад эмч нараа сургасан.

-Эмч нарын зардалыг улсаас даасан биз дээ?

-Яг ч 100 хувь улс даагаагүй.  Зарим нь үнэгүй суралцсан. Зарим нь өөрийн хувийн зардалаар сурсан. Сүүлийн үед манай залууст төрийн зардалаар гадагшаа суралцах сайхан боломж нээгдэж байна. Би анх эмч болоод өөрийгөө хөгжүүлэх гэж бизнес хийдэг найз нараасаа мөнгө зээлээд л өөрийгөө хөгжүүлэхийн тулд дэлхийн маш том хурлуудад оролцдог байлаа. Харин 2012 оноос хойш өөрөө явах биш уригддаг болсон. Өөрөөр хэлбэл мөнгө төлж очих биш харин надад мөнгө өгдөг болсон гэх үү дээ/инээв/. Орчин үед техник технологи асар хурдацтай хөгжиж байна. Тиймээс залуучууд маань тэдэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд гадагшаа явж томоохон хурал, семинарт оролцож байх хэрэгтэй л дээ.

-Ер нь манай эмч нарын чадвар бусад өндөр хөгжилтэй орны эмч нартай харьцуулахад хэр өндөр байдаг юм бэ? 

-Манай эмч нарын чадвар маш өндөр. Ямартаа л гаднаас өндөр зардал төлөөд уриад байх билээ дээ. Одоо Монгол эмч нар ихэнх нь англи хэлээр ярьдаг. Зарим нь бүр хэд хэдэн орны хэлээр ярьж чаддаг.

-Мэс заслын эмч нар бусад эмч нараа бодвол илүү эрсдэлтэй, өөрт хор уршигтай нөхцөлд ажилладаг гэдэг...

-Тийм шүү. Олон цагаар хагалгаа хийдэг. Сая хийсэн 7 цагийн хагалгаа бол асуудал биш. 10-20 цаг хагалгаа хийдэг. Би л гэхэд хамгийн дээд тал нь 22 цагийн хагалгаа хийж байлаа. Гар хөлийн хуруу татна, ер нь хэцүү л дээ. Мэдээж хагалгаан дундуур завсарлаж цай уудаг л даа. Гэвч их хүнд нөхцөл шүү. Дээхэн үед их хүнд нөхцөлд ажилладаг байсан бодисууд нь биед их хортой. Орчин үед хор нь арай гайгүй болсон. Мэс заслын эмч нарын дундаж наслалт 52 байдаг. Сая манайх ахмад эмч нараа хүлээж авахад тэтгэвэрт гарсан мэс заслын эмч байхгүй байна шүү дээ. Энэ бол маш харамсалтай.

-Шавь бэлдэж  байна уу та?

-Би мундагтаа сайн мэс засалт болчоогүй л дээ. Надад бүх эрдэм мэдлэгээ өвлүүлж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн бол Францын мэс засалчдын академийн ерөнхийлөгч байсан Мишель Жилетт гэж хүн бий. Энэ хүн анх 2004 онд Швейцарын мэс заслын багийн бүрэлдэхүүнд багтан Монголд ирэхэд нь танилцаж байлаа. Монголд ирээд хоёр хүнд элэг тайрах хагалгаа хийхэд ур чадварыг нь үнэхээр биширсэн. Элэг тайрах мэс заслыг урлаг юм шиг харуулж билээ. Жилетт профессор тэр үед “Би эхлээд чамд мэддэг, чаддаг бүхнээ заана. Дараа нь чи бусдадаа заагаарай” гэсэн үүрэг өгсөн юм. Би тэр үүргээ сайн биелүүлж байгаа гэж боддог. Энэ тасагт маань шижигнэсэн сайхан 10 залуу байна. Бүгд жигд бүх төрлийн хагалгаа хийж байна. Бүгд миний шавь. Би шавь нараараа бахархдаг.

-Таныг анх ХСҮТ-ийн дарга болоход “Сайн эмч байсан юм. Эмчээ л хийж байхгүй, дарга болчихлоо...” гэж хүмүүс ярьж байсан л даа. Та одоо ер үзлэг хийж байгаа юу?

-Долоо хоногт 1-2 хагалгаа, 20, 30 хүн үздэг. Миний хийдэг ажил үндсэн 4 чиглэлд хуваагддаг. Нэгдүгээрт хавдрын бодлого монгол улсад ямар байх вэ, улс төрийн түвшинд бодлого гаргана. Хоёрдугаарт удирдлага зохион байгуулалтын асуудал. Гуравдугаарт элэг шилжүүлэн суулгах мэс заслын асуудал. Дөрөвдүгээрт эмчийн ажлаа хийнэ дээ.

-Ингэхэд танд гаднаас ажиллах санал ирж байсан уу?

-Ирж байсан их ч мөнгө амласан.

-Нууц биш бол хэдэн төгрөг амласан бэ?

-Нууцлаад байх зүйлгүй ээ. Нэг жилд 1000 ам.доллар, дээрээс нь цалин амлаж байсан. Манай зарим хувийн эмэнлэгүүд сарын 10 сая төгрөгийн цалин ч амлаж байсан.

-Тэгээд та тэр саналыг нь яагаад хүлээж аваагүй юм бэ. Сайхан боломж биш үү?

-Надад бодсон зүйл байгаа. Зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхнээ биелүүлчхээд өөрийгөө бодно доо.

-Мэдээж таниас эмч нарын цалингийн асуудлыг асуухгүй өнгөрч боломгүй ...

-Эмнэлгүүд төрийн өмчийн компани шиг ажиллах юм бол эмч ажилчдын цалин нэмэгдэх боломжтой. Даатгал биднээс худалдаж авсан бүтээгдэхүүнээ өртөгт нь шингээсэн үнээр худалдаж авах юм бол ажилчдын цалинг нэмэх боломж бий. Системд том өөрчлөлт гарах хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

-Салбартаа ойрын жилүүдэд хийх томоохон ажлуудаасаа хуваалцаач...

-Хамгийн ойрын ажил 3 сард дахиад элэг шилжүүлэх мэс заслыг хийнэ. Мөн энэ оны эхний улирал дуусаад гурван сарны эхээр цоо шинэ туяа эмчилгээний систем суурилуулах гэж байна. Энэ бол манай ХСҮТ-д асар том дэвшил болно. Ингэсэнээр дэлхийн анагаах ухааны ололтыг монголчууд шууд хэрэгжүүлж чадаж байна гэсэн үг л дээ. Эмгүй эмч бол буугүй анчинтай адил байдаг. Тиймээс анагаах ухааны салбарт нээгдсэн шинэ нээлт болгоныг бид хүртэж байвал тэгээд л болоо.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд гялайлаа. Таны хэлэх үгээр яриагаа өндөрлөе...

-За баярлалаа. Монголчууд  минь элэг бүтэн, элэгний өвчингүй, энх тунх амьдраасай л гэж  хүсэж  байна даа.

Эх сурвалж: Today.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.