2024 оны 04 сарын 25
Зочин
Ё.Баатарбилэг: "Цөм" хөтөлбөрийн агуулгыг эргэн харж, сурагчдын ачааллыг багасгахад анхаарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-БСШУСЯ-ны газрын дарга нар, Төрийн нарийн бичгийн даргыг солих хүсэлтээ ЗГХЭГ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Одоогийн ТНБД-тай хамтарч ажиллаж боломж бий юу. Өмнөх сайд нь хамтарч ажиллах ямар ч боломжгүй гэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сайдаар томилогдоод удаагүй байна. Одоогоор яамны удирдлагуудтай уулзаж, ажилтайгаа танилцаж байгаа. Нэр бүхий удирдлагуудыг солих, халах асуудал миний нэр дээр ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын түвшинд асуудал оруулсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, албан тушаалтнууд хэвийн ажиллаж байгаа. 

-Боловсролын хөтөлбөрүүд олон удаа шинэчлэгдэж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Боловсролын хөтөлбөр агуулгын асуудал маш чухал. Сүүлийн жилүүдэд сургалтын агуулга хурдацтайгаар нэмэгдсэн. "Цөм" хөтөлбөрөөр олон хичээлийг заавал үзэх ёстой гэж оруулсан учир сурагчдын ачаалал маш их нэмэгдсэн. Жишээлбэл, 12 дугаар ангийн сурагчид өдөр болгон 7 цагаар хичээллэж байна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн анги тус бүрээр нь хичээлийн цаг, хүүхдэд үзүүлж буй ачааллаар нь хэдэн цагийн хичээлийг яаж үзэх ёстой зэрэг олон улсын стандартыг судалж, манай улс ямар байгаатай харьцуулан танилцуул гэдэг үүрэг өгсөн. 

Мөн цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах, тодорхой чиглэлээр багасгах, ачааллыг багасгахад анхаарлаа хандуулна. Миний хувьд хугацаа богино үлдсэн учир хэрэгжиж буй үйл ажиллагааг засаж сайжруулах зүйлийг нь сайжруулъя, хасаж танах зүйлийг нь хасъя, харин янз бүрийн шинэ санаачилга дээр туршилт явуулахгүй байх бодлоготой байна. 

-Жил бүр сурах бичиг шинээр хэвлэж, шүүмжлэл их дагуулдаг?

-Сурах бичгийн талаар судалсан. Нарийвчилсан мэдээлэл ирүүлэхийг үүрэг болгосон. Яаман дээр "Цөм" хөтөлбөрийн хүрээнд хэрэглэж буй сурах бичгүүдийг боловсруулж дуусаж байна. Үүнээс хойш сурах бичиг боловсруулах, шинэ сурах бичиг гаргах ажил зогсож байгаа.   

Харин шинэ сурах бичгийн доторх агуулгыг харах нь зүйтэй. Сурах бичгийг цаашид яах ёстой вэ гэдэг асуудал байна. Яам зохиогчийн эрхээ хадгалаад, хэвлэлийн компаниуд хангалттай хэвлээд эцэг, эх нь худалдаж авдаг болох талаар ярилцаж байгаа. Өнөөдөр эцэг, эх хүүхдэдээ сурах бичиг аваад өгье гэхэд дэлгүүр алга байна.

Хамгийн түвэгтэй асуудал нь 2019 оны төсөвт сурах бичиг хэвлэх зардал тусгагдаагүй. Энэ асуудлыг яаж шийдэхийг Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай. 

-Үдийн хоол хөтөлбөр болгох асуудал юу болж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдсан. Бага, дунд ангийн хүүхдүүдийг Үдийн хоолны хөтөлбөрт шилжүүлэх агуулгатай хуулийн төсөл явж байгаа. Ажлын хэсгээс гарах санал дүгнэлтийн дагуу Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн явцад тодорхой санал дүгнэлт гарах байх. Одоогийн байдлаар бага ангийн сурагчид "Үдийн хоол", дунд ангийнхан "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

 
 Olloo.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.