2024 оны 04 сарын 23
Зочин
М.Оюунчимэг: Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд нь банкинд өртэй, жижигчүүл нь дэлгүүрт өртэй

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулагч, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “ММ” агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

-Та “Үнэ цэнэ” нэвтрүүлэг хөтөлж, нэлээн хэдэн телевизийн сувгаар үзэгчдэд хүрч байгаа. Нэвтрүүлэг тань үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлахад чиглэдэг. Баялаг бүтээгчид, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзахад тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Улс орны өнгө төрх тэр жилдээ ямар байх вэ гэдэг нь эхний гурван сарын статистик, нийгмийн үзүүлэлтээс тодорхой дүр зураг нь харагддаг. Эхний саруудын үзүүлэлтээс харахад өнөөдөр оволзож байх ёстой эдийн засаг зогсонги байдалтай байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Санхүүжилт, эргэлтийн мөнгөгүйгээс үүдээ барьсан аж ахуйн нэгжийн тоо хамгийн сүүлийн мэдээгээр 62 мянгаар нэмэгдлээ.

Бизнесийн улирал эхлэнгүүт эдийн засагт гол түлхэц, даац өгдөг компаниуд ажилдаа ороод, гол гол салбарууд ид бужигнаж, ургацаа авах  бэлтгэлээ хийдэг энэ үед ихэнх нь зогсонги байдалд орчихжээ. Яагаад гэвэл санхүүжилт, мөнгө алга. Миний хувьд эдийн засгийн сэдвээр “Үнэ цэнэ” нэвтрүүлгээ хийхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гараа хөдөлгөж баялаг бүтээгчидтэй голчлон уулздаг. Нэвтрүүлэг хийх явцад хүмүүстэй уулзаж байхад “Компани, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг  төр, засаг шийднэ гэсэн мөртлөө тодорхой шалтгаангүйгээр ямар ч боломжгүй гээд зогсчихоод байна. Сүүлийн хоёр сар сонгууль яриад улам л хүндэрлээ. Одоо бид ямар нэг ажил, алхам хийхээсээ илүүтэй хараад суухаас өөр ямар ч аргагүй зогсонги байдалд орлоо. Хуримтлуулж хураасан жоохон мөнгөөрөө хөдлөх гээд чадахгүй учир эхнээсээ ажилчдаа цомхотгох эсвэл үүдээ бариад ажилгүйчүүдийн эгнээнд орохоос өөр сонголтгүй байна” гэж хэлж байна. Шүүмжлэх гэж үүнийг ярьсангүй, бодит байдал үнэхээр ийм л байна.

-Үндэсний үйлдвэрлэгчид хамаг хүчээ дайчлаад хуримтлуулж, хураасан мөнгөөрөө хөдөллөө гэхэд тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай иргэд цөөхөн байна. Энэ байдалд ямар хөшүүрэг хэрэгтэй юм бэ?

-Их чухал зүйл асуулаа. Бизнес эрхлэгчид мөнгөний эргэлтгүй байгаадаа хамгийн их бухимдаж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авах хүн, компаниа алга гэж байна. Нэгэнт хийж байгаа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид худалдаж авахгүй, худалдаанд гарахгүй болохоор арилжааны банкууд компаниудад зээл өгөхгүй. Банк зээл өглөө гэхэд зээл авсан компаниуд зах зээлгүй болчихоор мөнгө түгжигдэнэ. Тийм учраас хэчнээн банкинд мөнгө байлаа ч бизнесийнхэнд өгөх боломж харагдахгүй байна. Эргээд банкаа дампууруулах нөхцөл байдал үүсэхээс  болгоомжилж байна гэж саяхан “Үнэ цэнэ” нэвтрүүлгээр ярилцсан Монголын банкны холбооны захирал Ж.Үнэнбат хэлж байсан.

Энэ бүх сөрөг нөхцөл байдал хоорондоо уялдаад эдийн засаг зогсонги болчихож. Үүнд манай эрх баригчид яагаад анхаарлаа хандуулж, энэ хүнд байдлаас гаргахын төлөө ажилладаггүйг би гайхаж байгаа. Яагаад гэвэл, энэ оны нэгдүгээр сар эхэлж байхад манай улстай олон жил хамтран ажилласан олон улсын банк, санхүүгийн байгууллагууд бүр сануулж байсан шүү дээ. “Ийм байдалтай болж магадгүй байна. Танай эдийн засаг гадна болоод дотоод дахь мөнгөний урсгалдаа анхаарч, төсвөө нэг болгож, нийгмийн чиглэлийн энэ асуудлууддаа бодлогын арга хэмжээ яаралтай авахгүй бол улам хүнд байдалд орно” гэж анхааруулсан. Ийм анхааруулга өгөөд байхад ямар ч арга хэмжээ авсангүй.

Олон улсын валютын сангаас манайд зөвлөмж өгөхдөө  Монгол Улсын эдийн засаг 2016 онд 0,2 хувийн өсөлттэй, Азийн хөгжлийн банк 0,4 хувь, Дэлхийн банк 0,8 хувийн өсөлттэй байна гэсэн.  Гэтэл манай Засгийн газар “Үгүй ээ, манай эдийн засаг 4,3 хувийн өсөлттэй байна” гээд төсөвтөө урьдчилаад тусгачихсан. Энэ тооны зөрүү ямар их байна. Уг нь тоо худлаа хэлдэггүй. Манайтай ажилладаг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын сануулсан нь үнэн гэдгийг энэ оны эхний дөрөв, тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өнөөдөр баталчихлаа. Эдийн засгийн энэ зогсонги байдал, эдийн засгийн өсөлт нэг хүрэхгүй хувьтай байна гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд урьдчилаж дүгнэсэн нь бодит болчихлоо.

Манай гадагшаа гаргадаг экспортын гол бүтээгдэхүүн бас гадаад зах зээлийн хүндрэлээс болоод зогсч, гаднаас валют орж ирэх урсгал байхгүй болжээ.

Энэ бүх хүндрэл биднийг яаралтай хөдлөхийг анхааруулж байна. Яаж хөдлөх вэ? гэвэл, ядаж л хамгийн эхэнд улстөржихгүй байх хэрэгтэй. Эдийн засгаараа тоглож болохгүй.

Сүүлийн үед эрх баригчдын “Зарим төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг олон улсын  байгууллагаас өгөх гэж байгаа. Энэ мөнгийг нэг удаагийн буцалтгүй тусламж байдлаар иргэдэд олгоно” гэдэг ч юмуу популизмын шинжтэй амлалт хүчээ авчихлаа. Нөгөө л нэг хуучны арга барилаараа, орж ирж байгаа жоохон мөнгөө цацаад дуусгадаг, эсвэл ямар ч бодлогогүй үрээд дуусдаг байдал давтагдаж байна.  Тиймээс Дэлхийн банк гэхэд л дөрөв, тавдугаар сард “Тогтвортой амьжиргаа” гэдэг маш чухал хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаад түр хойшлуулсан. Учир нь нэгдүгээрт Монголд улс төрийн сонгууль болох гэж байна. Хоёрдугаарт, улстөрчид нь сонгуулийн шоу, амлалт болгоод үрэн таран, үр дүнгүй болгочихож магадгүй гэж болгоомжилж байна. Энэ болгоомжлол ч ортой байсныг одоогийн үйл явц баталж эхэллээ. Энэ нь  эргээд үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжид, амиа зогоож байгаа өрхөд сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, хамгийн сүүлийн мэдээгээр өрхийн орлого есөн улирал дараалан буураад, одоо бүр хасах үзүүлэлттэй болчихлоо шүү дээ. Энэ байдал хэр удаан үргэлжилж, иргэд хэр удаан тэсэхийг хэн ч мэдэхгүй болсон.  

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн хоёрдугаар ээлж хөдөллөө, мөнгө нь тавдугаар сард орж ирнэ” гэж хавар л мэдэгдсэн. Гэтэл одоо болтол мөнгө нь орж ирсэнгүй, ард түмний ачаа бага ч гэсэн хөнгөрсөнгүй, улс орны эдийн засаг бахь байдгаараа л байна. Тэгсэн атлаа тийм, ийм төсөл хэрэгжүүлнэ, хүүгүй зээл өгнө, буцалтгүй тусламж үзүүлнэ гэж маш их мөнгө амлаж эхэллээ. Сар гаруйн дараа сонгуулийн үр дүнгээр шинэ УИХ, Засгийн газар гарч ирж өөрсдийн бодлогоо хэрэгжүүлнэ шүү дээ. Сонгууль угтсан бүтэх магадлал багатай амлалтуудад  ямар хяналтын систем байх ёстой гэж Та эдийн засгийн сэтгүүлчийн хувьд үзэж байна?

-Эдийн засгийн сэтгүүлчийн хувьд халуун цэг дээр хүмүүстэй уулзаж ярилцаад явж байхдаа бодит байдлыг хараад үнэндээ эмзэглэж байна. Яагаад гэвэл, удахгүй сонгууль болох гэж байна. Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Зуны налгар цаг найр наадам эхлэнэ. Тэгээд  намрын ажлууд эхэлнэ, тариа будаагаа хурааж авна, өвлийн бэлтгэлээ хангах ёстой гээд нөр их ажил биднийг хүлээж байгаа. Үүнд бидэнд бэлтгэл байна уу. Засгийн газар маргаашаа хараад, орж ирж байгаа тодорхой хэмжээний мөнгөө аль хурдан хөдөлж, аль илүү үйлдвэрлэл явуулж,  эргээд мөнгийг эргэлтэд оруулах салбартаа өгмөөр байна. Хөдөө аж ахуй руугаа, жижиг дунд үйлдвэр лүүгээ оруулах ёстойг цаг хугацаа шаардаж байхад энэ мөнгийг   өөр урсгал руу оруулах  гэж байна, орж ч байна.

Сая өөрөө хэллээ, Оюутолгойгоос орж ирэх ёстой хоёрдугаар шатны санхүүжилт хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байна. Бүр орж ирэх, үгүй нь ч мэдэгдэхгүй зогслоо. Нөгөө Тавантолгой, төмөр зам бүр үлгэр юм шиг сураггүй боллоо.  Тиймээс сонгуулийн энэ сард манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид дөрөвдэх засаглалын үүргээ маш сайн гүйцэтгэж, эдийн засаг хүндэрсэн ийм хүнд үед улсын төсөв, төсөв, хөтөлбөрүүдийг сонгууль руу чиглүүлж байгаа булхайтай юмны араас нь явж, бодит баримтуудыг  гаргаж ирэх хэрэгтэй байна.

Мөн Ажил, олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд ч гэсэн асуулга, хяналтаа тавьж, энэ байдлыг болиулах арга хэмжээ авах ёстой. Хэрвээ үүнд хяналт байхгүй, эрх баригчдыг дур зоргоор нь тавибал цаашид бид амьдрахад бүүр хэцүү, улам дордох  байдалтай болох дээрээ тулчихаад байна шүү дээ.

-Дэлхийн банк 100 сая ам.долларын санхүүжилтээ хойшлуулсан гэж та хэллээ. Гадныхан хүртэл манай сонгууль болгоноор шоуддаг амлалтын золиос болох вий гэж болгоомжилдог болжээ

-Ер нь олон улсын санхүүгийн байгууллагуудын манайд өгч байгаа зээл, хөтөлбөрийн санхүүжилт хатуу чанга хяналтын дор зарцуулагдах ёстой гэдгийг хэлмээр байна. Үүнд бид ч бас өөрсдөө хяналт тавьж чаддаг байх ёстой.

Манай Засгийн газар гадаадад очоод арилжааны шинжтэй зээлүүд их авч байна. Сүүлийн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын зээл, тухайлбал 500 сая доллар нь хувийн хэвшлийнхний, маш баян компанийн авдаг тийм арилжааны зээлийн шалгууртай. Таван жилийн хугацаатай, жилийн 10-15 хувийн хүүтэй гэж байгаа. Ийм зээлийг дэлхийн хэмжээний маш баян компани л авна уу гэхээс Монгол шиг эдийн засаг нь хүндэрсэн орны Засгийн газрын авдаг зээл биш. Ядахдаа 10-12 жилийн хугацаатай 5-7 хувийн хүүтэй зээл аваад, авсан энэ зээлээ зохих ёстой мөнгө босгох салбарт оруулах болохоос сонгогчдыг татахад зарцуулж болохгүй. Одоо энэ байдалд хэн хяналт тавих вэ. Миний бодлоор хэвлэл мэдээллийн үүрэг маш их байна. Тиймээс цаашид манай Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллана.

-Манай улс Чингис, Самурай бонд болон Хөгжлийн банкны  авсан зээлүүдийг ирэх оны нэгдүгээр сараас төлж эхлэнэ. Сонгуулийн ажил эхэлсэн болохоор төрийн байгууллагынхан, улстөрчид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг хандаж байна. Төсөвт орох мөнгөний урсгал багассан үед төсвийн мөнгөний зарцуулалт хяналтгүй болчихлоо

-Утгаа алдчихлаа л даа. Уг нь бол УИХ ийм эрт завсарласан нь улс орныг улам замбараагүй болголоо. УИХ-ын эрхэм гишүүд маань Засгийн газрын үйл ажиллагаандаа хяналтаа тавиад, үргүй болоод хяналтгүй зарцуулагдаж буй мөнгөн дээр асуулга асууж, мөнгийг зохих ёстой салбарт нь оруулахыг шаардаад сууж байх ёстой атал тойрог, тойрог руугаа тараад явчихлаа. Дөрвөн жил хийгээгүй ажлаа сонгуулийн сард хийж, түүнийгээ сурталчлах байдлаар ажиллаж байна.

Өндөр хүүтэй, богино хугацаатай авсан зээлээ ингэж үрвэл энэ нь долдугаар хорооны иргэн Дулмаа, Доржид хүртээлгүй болно. Үүнийг хөндлөнгөөс харахад маш ноцтой юм болж байна. Улстөрчид бие биенээ хянах хүсэлгүй бол ард иргэд маань өөрсдөө нүд чих болж ажиллах хэрэгтэй. Алийн болгон ингэж хууртах вэ. Манай ард түмэн ухаантай учир үүнд дор бүрнээ анхааралтай хандаж, тунгааж байгаа байхаа. Сэтгүүлчийнхээ хувьд бодит байдлыг гаргаж ирэхийн төлөө ажиллана.

-Өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэлтэй байдал 2008 онд бас бий болж байсан. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бодлоготой, сайн ажилласны үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарч, 2011 онд эдийн засгийн өндөр өсөлттэй болсон. Тэр үед Та Засгийн газарт бодлого тодорхойлолцож, баг болж ажилласан хүний хувьд одоогийн байдлыг засч залруулах боломжийг юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн сэтгүүлчдийн хувьд бодит байдлыг харж байна. Тэгэхээр энэ хүнд байдлаас гарахын тулд бодит байдалд дүгнэлт, оношлогоогоо зөв тавих нь хамгийн чухал. Зөв тавихгүй бол эдийн засаг улам хүнд байдалд орно. Энэ янзаараа иргэн ч, аж ахуйн нэгж ч мөнгөгүй болно. Үүнийг харуулдаг чухал нотолгоо байдаг шүү дээ. Банкин дахь чанаргүй болоод хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээгээр Монголын иргэн Туул, Оюунаа мөнгөтэй байна уу, аж ахуйн нэгж нь бизнесээ эргэлдүүлэх орлоготой байна уу гэдэг энэ чухал үзүүлэлтээр манайх хасах заачихсан.  Өнөөдөр статистикийн хамгийн сүүлийн үзүүлэлтээс харахад манайд хоёр их наяд төгрөгийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлтэй гарч байна. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүд эргэлдүүлэх мөнгөгүй болсны бодит нотолгоо.

Нийслэлийн гэр хорооллуудаар манай УИХ-ын гишүүд яваад үздэг ч болоосой. Би сэтгүүлчийн хувиар нэвтрүүлгээ хийж яваад зөндөө харлаа. Хэзээ манай айл өрх ганц ширхэг лууван, сонгиноо хоёр, гурав хуваагаад хоолондоо хийдэг байлаа. Энэ бол бодит амьдрал болчихсон байна. Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд нь банкинд өртэй, жижигчүүл нь дэлгүүрт өртэй гэдэг л үнэн болжээ.

Бид дандаа мууг харж, шүүмжлээд байж болохгүй. Харин өөрчлөх боломж юу байна гэдгийг давхар харах ёстой. Өөрчлөхийн тулд мэргэжлийн, бодлогоор ажилладаг Засгийн газар, чадварлаг Парламент хэрэгтэй байна.

Түрүүн таны хэлсэн 2008, 2009 оны хүнд жилүүдэд Монгол Ардын Намын Засгийн газар зөв бодлогоор ажилласны үр дүнд хасах үзүүлэлтийг 2012 он гэхэд 17 хувьд хүртэл өсгөсөн. Томоохон төслүүдийг хөдөлгөсөн, үүнийг дагаад жижиг бизнесүүдийг хөгжүүлсэн. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан. Бүтээн байгуулалт хийсэн.

Тухайн үед би Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд энэ бодлого тодорхойлоход оролцоод, өөрөө бас халуун цэгт иргэдтэй уулзаад явж байхдаа ийм үед цалин тэтгэврийг хоёр дахин нэмэх хэрэгтэйг Ерөнхий сайдад хэлж, нэмүүлж байсан. Ажлын байр, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй хэмээн бид үзэж татварын зөв бодлогоор дэмжсэн. Бүтээн байгуулалт босгох ажилд хүртэл гардаж оролцож, бодлого тодорхойлолцож байсан.  Аливаа алдаа дутагдалтай юмыг өөрчилж, шинэчилж болно. Хамгийн гол нь мэргэжлийн, улс орны, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл байх хэрэгтэй. Одоо сонгууль болдгоороо болно.. Үр дүнд нь мэргэжлийн Засгийн газар, Парламент нь бүрдээд эдийн засгаа аврахгүй  бол бидний “Яана аа” гэж  шогшроод байсан Грекээс ч дор байдалд манай улс орчихлоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх манай гадаад өрийн хэмжээ Грекээс давчихлаа. Эрт, яаралтай арга хэмжээ авахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.  

- Нэг өдөр ч гэсэн идэх хоолтой байя гэвэл сонгууль хурдан дуусаасай гэж залбирах л үлдлээ дээ?

-Яг үнэн, тэгж л бодоход хүрч байна.  Сая тэтгэврийг 21 мянгаар нэмлээ.  Өнөөдөр инфляци 40 хувиар нэмэгдчихээд байхад 21 мянгаар нэмлээ гээд юу болох вэ. Өнөөдрийн 21 мянган төгрөг хоёр жилийн өмнөх хоёр мянган төгрөгтэй тэнцэхээр байгаа. Одоо 21 мянгаар тэтгэвэр нэмлээ гээд ард иргэдийнхээ амьдралыг нийтэд нь сэхээх боломжгүй шүү дээ. Нэг хэсэг рүү нь чиглэсэн биш нийт ард түмэн рүү чиглэсэн хүн бүрийн,  өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй байна.

Эх сурвалж:N

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.