2024 оны 04 сарын 26
Зочин
Т.Баярхүү: МАХН-ын буурийг сахиж үлдсэн эх орончдыг цаашид ч дэмжинэ

Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
 

-Эх орончдын нэгдсэн эвсэл байгуулагдсанаас хойш  “Өргүй  Монголын  төлөө” хөдөлгөөн өрнүүлж, АТОЗ-тэй дуу хоолойгоо нэгтгэж,   МАХН-ыг дэмжиж ажилласан. Цаашид ямар байр суурь баримталж байна?

-Энд нэг л зүйлийг хэлнэ. Бид эх орноо боддог,  улс орны, ард түмний эрх ашгийн төлөө дуугардаг хүмүүстэй нэгддэг, хамтардаг. Ийм замаар замнаж ирсэн, цаашид ч явна. Монголчууд маань намаар хуваагдчихлаа шүү дээ. Би өөрөө энэ тогоон дотор 20 гаруй жил идэвхтэй явж байгаа хүний хувьд улс төрийн зодоон нүдээн, бялуу руу нь ордоггүй ч гэсэн  хөшигний цаана юу болж байна, хэн нь хоорондоо ямар хэлхээ холбоотой, ямар эрх ашгаар нийлдэг вэ гэдгийг мэддэг.

Энэ хүмүүсийн хоорондын харилцаа эхэндээ найз,  нөхрийн  маягийн байснаа сүүлдээ тодорхой хугацаанд хамтраад явдаг луйварчдын бүлэглэл болж хувирч байна. Нэг  тохиолдолд нийлдэг нэгдэл маягийн болж байна шүү дээ.  Энэ байдлаар төр гэж нэрлээд байгаа, эрх бариад байгаа улс төр, бизнесийн нэгдэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, өнөөдрийн эрх ашигт хэнтэй нийлнэ түүнтэйгээ нийлдэг, маргааш ямар эрх ашиг байна вэ,  түүндээ таарсан нэгэнтэй нийлдэг ийм л юм руу орчихлоо.  Улс орныг ийм л байдал руу орууллаа. Тэгэхээр Эх орончдын эвслийн хувьд  язгуур эрх ашиг, газар нутгаа харийнханд алдахгүй байх, газар нутаг дээрээ гурван  сая ард түмэн маань өөрийнхөө эрхээр зовж, жаргаж  амьдардаг, өвгөдөөс үлдээ­сэн хувь заяагаа тавилан болгож эдлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Улс төрийн ямар нам, эвсэлтэй хамтарч байна?

- Эх орноо  гэсэн улс төрийн нам, улстөрчид, ер нь хэн бүхэнтэй хамтраад явж байгаа. Энд иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнүүд, ТББ, улс төрийн намууд, хувь хүн олон талын оролцоо бий.  Сүүлийн үед бид МАХН-ыг идэвхтэй дэмжиж ажиллаж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Ийм шалтгаан байна.

-Тухайлбал?

-Би өмнө нь ч хэвлэлийн хурал, цуг­лаан дээр хэлж байсан, МАХН-ыг дэмжих  шалтгаан байна гэж. Үнэхээр дэмжихээс аргагүй. Үүнийг эх орноо гэж боддог, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовдог, ард түмнээ хайрладаг хэн боловч ойлгож  байгаа, мэдэж ч байгаа байх бодож байна. Сүүлийн 20 гаруй  жил монголчууд  бид  сайн мууг туулаад ирсэн. Явсан замаа эргээд  харахад   хүнийх нь хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг үзэх бүхнээ үзээд туулаад гарсны  хувьд гарцаагүй цаашид Монгол Улсын төлөө Үндсэн хуулиа өөрчилж, шинэ төрийг урлаж, тэр дунд алдаж  оносноо дүгнэж, уучлахаа уучилж, хамтарч ажиллахтайгаа ажиллаж, эвлэлдээд  явах төлөв байдал руугаа очсон гэж үзэж Эх орончдын нэгдсэн хөдөлгөөн дэмжиж байгаа.

Нөгөө талаас  Н.Энхбаяр даргын толгой­лоод явж бай­гаа нам нь өөрөө уг сур­вал­жийн хувьд 1921 оноос эхлэн эх оронч­дын нам байж ир­сэн. Манж хятадын түрэмгий­лэгчдийг  хөөн гаргаж, хоёр ч удаа тусгаар тогт­нолоо олж авсан. 1921 онд эх орныхоо тусгаар тогтнолыг  олж авсан. Дараа нь Дэлхийн  хоёрдугаар  дайн буюу импералист гүрнүүд Монгол Улсыг эзлэхээр  хоорондоо тохиролцоод Японд өгчихсөн байх  үед энэ нам орос ах дүүстэй нийлж авч гарсан. Эх оронч угшилтай  энэ намынхаа   буйрыг  сахиж үлдсэн цөөхөн хүн одоо явж байгаа. Энэ нь тэднийг дэмжих бидний бас нэг өнцөг юм. 

Өөр нэг асуудал бол өнөөдөр явж байгаа улстөрчийн болоод улстөрийн хүчний хувьд МАХН  шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, богино хугацаанд нойр хоолгүй явж, эх орны өнцөг булан бүрт хүргэж ирлээ. Үүнээс  үзэхэд зөвхөн үг биш үйлдлээрээ өнгөрсөн 27 жилд америкуудад зальдуулсан, мөнгө хүү­лэгчдэд идүүлчихсэн энэ тогтолцоог өөрч­лөхийн төлөө авсан сур­гам­жид дүгнэлт хийгээд явж байна гэж харж  байгаа учраас бид цаашид ч эвсч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Нэг сонгуулийн  юм уу, ер нь ямар хугацаанд  хамтарч ажиллах байр суурь баримталж байгаа вэ?

-Зөвхөн  нэг удаагийн  сонгууль ч биш, ерөөс Үндсэн хуулийг баталж, шинэ төрийг байгуулах хүртэл  эвсч ажиллана. Энэ бол урт удаан хугацааны хамтын ажиллагаа, нэгдлийн тухай ойлголт юм. Би хувь хүний хувьд өөрийн итгэл, үнэмшлээр явж ирсэн. Миний итгэл өнөөдөр ийм л байна. Гол зүйл нь толгойлж байгаа улстөрчийн төлөвшил, дагаад явж байгаа, намынхаа буйрыг сахиж үлдсэн хүмүүсийн багаараа байгаа чадвар. Энэ хүмүүс эрх баригчдыг бодвол ажилгүй гэртээ сууцгааж байгаа боловч богино хугацаанд Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж, улс даяар нойр хоолгүй явж сурталчилж таниулж, энэ л бидний гарц шүү гэж бодитой үйлдэл хийж байгаа нь  биднийг зорилго нэгтэй болгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.