2024 оны 04 сарын 27
Зочин
Т.ГАНТУЛГА: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУУЛИА ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзаж, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн байдал, хэтийн төлөв, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцлаа.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 2017 ОНД 835.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙСЭН

-Эрчим хүчний салбар өнгөрсөн өвлийг хэрхэн өнгөрүүлэв, хэр сорилтыг давав гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

-Эрчим хүчний сайдын тушаалаар жил бүр салбарын үйлдвэр, компаниудын өвлийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг дэд сайдаар ахлуулан байгуулж ажилладаг уламжлалтай. Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгасны үр дүнд 2017-2018 оны өвлийн их ачааллыг амжилттай давлаа. Энэ хугацаанд эрчим хүчний үйлдвэр, компаниудад хийсэн графикт үзлэг шалгалтаар технологийн найдвартай ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг дүгнэж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахын зэрэгцээ инженер, техникийн ажилчдаас Техник ашиглалтын болон Аюулгүй ажиллагааны чиглэлээр түвшин тогтоох шалгалт авч, нийт 14 байгууллагын 32 объектод үзлэг шалгалт хийж, 264 зөрчил илрүүлж, улсын байцаагчийн 14 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтийг хангуулж ажилласан байна.

2018 оны нэгдүгээр сарын 25-нд эрчим хүчний систем урьд өмнө байгаагүй хамгийн өндөр ачаалалтай ажиллалаа. Энэ өдөр улсын хэмжээнд нийт суурилагдсан чадал 1267 МВт байхад төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1081 МВт хүрч системийн хувьд боломжит чадлаа бүрэн ашиглаж ажиллалаа. Дулааны цахилгаан станцууд маань ашиглалтад ороод 35-57 жил болж байна.Үндсэн тоноглолуудын насжилт өндөрсөж байгаа хэдий ч өвлийн бэлтгэлээ сайн хангасны хүчинд амжилттай давсан. Салбарын хувьд орон нутгийн дулаан хангамж, тэр дундаа аймгийн төвүүдийн дулаан хангамжид онцгой анхаарч ажилласан. Төвлөрсөн дулаан хангамжтай долоон аймгийн төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавин шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах тал дээр анхаарлаа. Орон нутгийн дулаан хангамжийн газруудтай хамтран нийт 18 аймгийн төв, гурван суманд ажиллаж, дулаан хангамжийн горим тооцоог боловсруулж, найман аймаг, гурван суманд тооцооны дүгнэлт хүргүүлж, 10 аймагт тооцоо, судалгаа хийх, практик сургалт зохион байгуулж, дөрвөн аймгийн төвийн шугам сүлжээнд усан шахалт хийж, мэргэжлийн заавар, зөвлөгөө өглөө.

-Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. Ирэх өвлийн бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Манай салбарын онцлог юм даа. Нэг өвлийг амжилттай даваад л маргаашаас нь дараа өвлийнхөө бэлтгэлийг базааж эхэлдэг. Эрчим хүчний үйлдвэрүүдийн үндсэн тоноглолын их засварыг хийхэд цаг хугацаагаа нарийн төлөвлөж, тогтоосон хугацаанд засварыг чанартай хийх нь чухал байдаг. Яг одоо 2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн тоноглолын их засварын графикуудыг компаниудаас авч салбарын нэгдсэн төлөвлөгөөг нэгтгэж, батлахаар ажиллаж байна.Төлөвлөгөөний дагуу засварын ажлууд үндсэндээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

-Өнгөрсөн 2017 онд эрчим хүчний салбар хэр ашигтай ажилласан бэ? Эрчим хүчний хэрэглээ, ашиг орлого, хэр өсч байгаа вэ?

-Эрчим хүчний салбарын хэмжээнд 2017 онд 6.1 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, ОХУ-аас 371 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, БНХАУ-аас 1.1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор худалдан авч, нийтдээ 835.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. Урьд онтой нь харьцуулахад борлуулалтын орлого 59.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, санхүү эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч эрчим хүчний хэрэглээ жил дараалан өсч байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2016 онтой харьцуулахад 6.6 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүнтэй байна. Нийт борлуулалтын орлогын 83.5 хувийг цахилгаан эрчим хүчний борлуулалтаас, 16.5 хувийг дулааны эрчим хүчний борлуулалтаас тус тус олсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгана гэж тусгасны дагуу эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах бодлого барин ажиллаж, хэмнэлтийн хөтөлбөрийг боловсруулж, бүхий л түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг ашигтай ажиллуулах, хуримтлагдсан өр, авлагыг бууруулах, дамжуулан зээлдүүлэх гэрээний төлбөрийн валютын ханшийн өсөлтөөс хамгаалж, санхүүгийн хувьд чадавхжуулах талаар Улсын Их хурал, Засгийн газрын түвшинд танилцуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан.

-Хүйтний улиралтай зэрэгцээд олны анхаарал татдаг асуудлуудын нэг нь утааг бууруулах асуудал байдаг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэглэгчдэд хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн бэ?

-Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч хэд хэдэн хүчин зүйл байдаг. Агаарын бохирдолд гол нөлөө үзүүлж байгаа нийтийг хамарсан, шийдвэрлэхэд хамгийн хүнд хэсэг буюу агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын айлуудын зуухнаас гарч буй утаа эзэлдэг. Тиймээс Улаанбаатар хотод амьдарч буй 200 гаруй мянган айл өрхийн яндангаас гарч байгаа утаанд хамгийн эхний ээлжинд анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлэх нь оновчтой шийдэл гэж харж байна. Засгийн газраас 2017 оны долдугаар сард гарсан шийдвэрийн дагуу өнгөрсөн өвлийн улиралд Улаанбаатар хот болон 21аймгийн төв, 10000-аас дээш хүн амтай томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 6.2 тэрбум төгрөгийг зарцуулж, тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн гэр хороололд амьдарч буй айлуудад цахилгаан халаагуур ашиглах боломжийг бүрдүүлэх, нэг айл өөрийн гэр, орон сууцыг халаахад ямар хүчин чадалтай халаагуур ашиглавал зохистой байх талаар манайхан судалгаа хийсэн. Үүний үр дүнд гэр болон байшинд амьдарч буй айл 2.5-4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглан бүрэн халаах боломжтой гэсэн тооцоог гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж буй дараагийн том үүсвэр бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуухнууд юм. Энэхүү халаалтын зуухуудыг үе шаттайгаар зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны түвшинд нийтдээ 150 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбоно. Дээрх ажлуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар тус тус баталж, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРҮҮД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ БҮРТ ДЭМЖИХ ТАРИФЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ

-Сүүлийн үед эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний талаарх асуудал багагүй маргаан дагуулж байгаа. Өнөөдөр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний хөгжил сайн байгаа. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн 2017 онд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 123 МВт буюу 11 хувиар нэмэгдсэн.Үүний 75 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. Цогт-Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станц шинээр ашиглалтад орлоо. Өнөөдрийн байдлаар гурван байршилд нийтдээ 40 МВт-ын нарны станц, нэг байршилд 50 МВт-ын салхин станцын барилга угсралтын ажил эхэлсэн. Энэ онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй, 2018 онд гэхэд л 90 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орох нь. Ер нь 2007 онд УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх баталж гаргасан. Энэ хууль өөрөө сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг татсан, үнэ тарифыг нь ам.доллараар тогтоож өгсөн хууль. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцөн дээр тулгуурлан хөрөнгө оруулах хүсэлтэй гадна, дотнын хөрөнгө оруулагчид ч их бий. Хууль батлагдсанаас хойш нарны эрчим хүчээр 39 компанид 727 МВт-ын, салхины эрчим хүчээр таван компанид 505.4 МВт-ын, ус болон биомасс, бусад эрчим хүчээр таван компанид 299.4 МВт-ын, нийт 1,531.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл авсан байдаг юм байна. Гэвч өнөөдөр энэ хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.

-Энэ талаар жаахан тодруулж болох уу?

-Нийт 1,531.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл авсан гэж би дээр хэлсэн. Гэтэл Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1,229.5 МВт байдаг. Өөрөөр хэлбэл, бидний бүтэн жил хэрэглэж байгаа цахилгаанаас илүү их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл иргэдийн гар дээр байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд олноороо байгуулагдах нь нэг талдаа сайн. Гэвч энэ цахилгаан эрчим хүчийг хаашаа шингээх вэ гэсэн том асуулт гарч ирнэ. Мөн үнэ тариф, эрчим хүчний найдвартай үйл ажиллагаа гэсэн хүндрэлүүд үүсээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд “Нарны эрчим хүчийг ашиглан гаргаж авсан 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар, салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн 1 кВт цаг цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллараар тус тус худалдан авахаар хуульчилсан. Эрчим хүчний зохицуулах хороо энэ хуулийн дагуу үнэ тарифыг тогтоодог. Өнөөдөр нүүрсээр ажиллаж байгаа дулааны станцын 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 160 гаруй төгрөг байхад нарны цахилгаан станцаас 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 430 төгрөгөөр худалдан авч байна. Үнийн хувьд асар их зөрүү гарч ирсэн. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж “Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заасан. Ингээд хэрэглэгчдээс Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын төлбөр авч эхэлсэн. Анх 2015 онд 1кВт.ц цахилгаан тутамд дөрвөн төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 100 кВт.ц цахилгаан хэрэглэсэн айл 400 төгрөг төлж байсан гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд шинээр ашиглалтад орох бүрт дэмжих тариф нэмэгдэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 11.8 төгрөгийг дэмжих тарифт төлж байгаа. Энэ жил 90 МВт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орвол энэ төлбөр нэмэгдэнэ гэсэн үү?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу нэмэхээс өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф энэ оны эцэст 25.17 төг/кВт.ц, 2019 онд 31.17 төг/кВт.ц болж нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан байна. Төрөөс бүх зүйлийн суурь үнэ болсон эрчим хүчний үнийг тогтвортой байлгах бодлого алдагдаж, хэрэглэгчдийн нуруун дээр төлбөрийн өндөр ачаалал ирэх магадлал бий болоод байгаа. Нөгөө талдаа эрчим хүчний тогтвортой, найдвартай байдал алдагдах эрсдэл бий болно.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд их хэмжээгээр оруулж ирвэл горим ажиллагаа, эрчим хүчний аюулгүй найдвартай байдалд нөлөөлнө гээд ярихаар хэрэглэгчид төдийлөн сайн ойлгодоггүй.Эрчим хүч үйлдвэрлээд л байвал сайн гэсэн ойлголт л байгаад байгаа?

-Чи намайг маш энгийн үгээр тайлбарлаж өг гээд байна аа даа?

-Тийм ээ, хэрэглэгчдэд ойлгомжтой байхаар?

-Сэргээгдэх эрчим хүч маань өөрөө байгалиас хараат, тогтворгүй. Нар гарвал нарны станц ажиллаад л байна. Шөнө ажиллахгүй. Салхин цахилгаан станц ч гэсэн адилхан. Салхитай үед ажиллаж, салхигүй үед ажиллахгүй. Гэтэл хэрэглэгчид салхитай, салхигүй, өдөр, шөнөгүй эрчим хүчээр бүрэн хангагдаж байх ёстой. Үүнийг бид эрчим хүчний аюулгүй, найдвартай байдал гэж ярьж байгаа юм. Диспетчерийн Үндэсний төв өнөөдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянаж, зохицуулж байдаг. Эрчим хүчний ачаалал нэмэгдвэл хаанаас авах, багасвал ямар зохицуулалт хийх вэ гэдгийг тэндээс шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, зохицуулж байна гэсэн үг. Нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч их хэмжээгээр орж ирвэл энэ горим ажиллагаанд хүндрэл үүснэ. Үнэ тариф, аюулгүй найдвартай ажиллагаа, горим тохируулга зэргээс шалтгаалж өнөөдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харж, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болоод байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд яг ямар өөрчлөлтүүд орох шаардлагатай гэж та үзэж байгаа вэ?

-УИХ-ын зарим гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан.Энэхүү төсөл дээр яамны мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, салбарын эрдэмтэд, судлаачид, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагчдын өргөн оролцоог ханган хэлэлцүүлэг хийж, судалгаа тооцоог боловсруулж, мэргэжил арга зүйгээр хангах, дүгнэлт гаргах зэргээр хамтран ажиллаж байна. Мөн эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх боломжийг бий болгоно гэж үзэж байгаа.Дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ ямар түвшинд байна, гаднын улс орнууд сэргээгдэх эрчим хүчнийхээ үнийг яаж буулгаж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчнийхээ нөөцийг хэрхэн ашиглах ёстой вэ гэх мэт маш олон талын судалгаа хийсэн. Нэгдүгээрт энэ салбарт өрсөлдөөн зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээл дээр техник, технологийн үнэ хямдарч, нарны болон салхины эрчим хүчний үнэ буурч байна. Тиймээс аль бага үнэ санал болгосон нь нар, салхины станцаа барьж байгуулдаг зарчим үйлчлэх учиртай. Нөгөө талаар хуульд заасан хатуу үнийн босгыг уян хатан болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Хуульд заасан нар, салхины эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт оруулж өгснөөр хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрт одоо мөрдөгдөж байгаа дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Үүнийг яаж ашиглах боломж бий вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд тодорхой бодлого барьж ажиллах учиртай. Цаашид бид зөвхөн нэгдсэн сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлээд зогсохгүй түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсвэрүүдийг ашиглахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 10.000 нарны дээвэр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчээ экспортлох шугам сүлжээгээ барьж байгуулах шаардлагатай. Олон жилийн турш яригдсан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах судалгааны ажил явагдаж байна. Энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Францын компани судалгаа хийж байна. Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн шугам барих, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг л дээ. Энэ судалгааны ажлын үр дүн нааштай гарвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол орон нар, салхины асар их нөөцтэй. Энэ нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу экспортлох том зорилтыг хэрэгжүүлэх сонирхол байгаа юм.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Эрчим хүчний хэрэглээ байнга өсч байна. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хямд үнээр хангахын тулд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байгаа бол дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 4-5 хувийн өсөлттэй байна. Бид Дэлхийн банк, Азийн хөгжпийн банкнаас гаргасан судалгаа, манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүдийн өсөлттэй уялдуулан эрчим хүчний системийн хэмжээнд 2019-2021 оны хэрэглээний таацыг урьдчилсан байдлаар гаргасан. Энэхүү тооцооноос харахад системийн хэмжээнд 2021 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.3 тэрбум кВт цаг, дулааны эрчим хүчний хэрэглээ 10.3 сая.Гкалд хүрэхээр байна. Иймд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, мөн уул уурхай, хүнд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн цогцолборуудыг найдвартай эрчим хүчээр хангах, эхний ээлжинд одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, цаашдаа бүс нутгуудад шинээр дулааны цахилгаан станц, систем хоорондыг холбосон өндөр хүчдэлийн шугамуудыг барих зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.Эхний ээлжинд “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус өргөтгөж, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”-ын номер 1-4 турбингенераторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, төвийн бүсэд нэг том чадлын цахилгаан станц барих, Таван толгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээг тус тус барихаар төлөвлөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.Бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, систем хоорондыг холбосон дамжуулах чадал өндөр цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зорилгоор “Улаанбаатар-Мандалговь”, “Улаанбаатар-Багануур”, “Багануур-Чойр”, “Чойр дэд станц”, “Багануур-Өндөрхаан-Чойбалсан”, “Улаанбаатар-Улиастай”, “Чойр-Сайншанд”, “Тайшир-Есөнбулаг” гэх мэт цахилгаан дамжуулах шугамуудыг барихаар төлөвлөн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.