2024 оны 04 сарын 27
Зочин
Ч.Ганжавхлан: Буудлын стандартад бага насны хүүхдийн талаар нэг ч өгүүлбэр алга

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах “Нүдээ нээ” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлантай цөөн хором ярилцлаа.

-Охид, хүүхдийн хүчирхийлэлд зочид буудлуудын нөлөө их байна. Нийслэлд хэчнээн зочид буудал үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Зочид буудал, дэн буудал гэсэн хоёр төрлөөр буудлын тусгай зөвшөөрлийг олгодог. Бидний ярьж байгаа нь дэн буудал юм. Дэн буудал болон огт бүртгэлгүй “алуурын” буудалд хүүхдийн амь насыг хөнөөж, гулгаа массаж нэрийдлээр садар самуунд уриалж байна. Бидэнд олон нийтэд дэлгэж болох, болохгүй маш олон баримт байна. Дэн буудал явуулах стандарт гэж бий. Таван хуудас уг стандартад бага насны хүүхдийн бүртгэл болон харгалзагчийн асуудлыг хөндсөн нэг ч өгүүлбэр байдаггүй. Тийм учир тэнд иргэн, цагдаа хяналт тавих боломжгүй байдаг. Тиймээс энэ стандартад бага насны хүүхдийн харгалзагчийг зааж өгөх хэрэгтэй байна. Мөн зочид буудлын угтагчийн тодорхойлолтод юу хийх ёстой, ямар үед, хэрхэн хамгалах арга хэмжээ авахын зааж өгөх хэрэгтэй.

 -Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ажил хийгээд байна вэ?

-Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуулийн, журмын төслийг явуулах болно. Энэ нь нийслэлийн ИТХ-аар батлагдах ёстой. Бага насны хүүхдийн харгалзагчаас гадна огт бүртгэлгүй, шавар барилга барьчихаад тэндээ охидын биеийг үнэлүүлж, хүчиндэж байгаа, хүн худалдаалж байгаа газруудыг шууд хаах ёстой. Ийм газрыг нэгдүгээр хорооллын дэн буудлаар төсөөлж болохгүй. Гэр хороолол руу шигдсэн. Өрхийн хэмжээнд зочид буудал байгуулж, охидын биеийг үнэлүүлж байна. 60 орчим хүн нэг өдөр гулгаа массажны 1500 орчим зар хуулж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа нөгөө зарын нэрийг өөрчлөөд дахин наасан байсан. Эндээс тэр зарыг зөвхөн наахад 60 гаруй хүн ажиллаж байна гэсэн дүгнэлт хийж болно. Тиймээс охидын биеийг үнэлүүлж ашиг олдог хүний наймаа бэлгийн мөлжлөг манай улсад асар их байна. Үүнээс халиад Эрээн хот руу орвол энэ асуудал бүр томоор хөндөгдөнө. Зөвхөн охид бус хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Тиймээс эхний ээлжинд бид зочид буудлуудыг яаралтай цэгцлэх хэрэгтэй байна. Холбогдох албан тушаалтан болоод зочид буудлуудын холбоотой холбогдсон. Одоогоор 2000 гуруй хүнээс гарын үсэг цуглуулсан. Дэлхийн 11 улсаас Монголчууд өөрсдийн гарын үсгийг явуулж байна. Төв, Орхон аймагт жагсаал хийж байна. Хүчирхийллийн эсрэг хэд хоног дуугараад өнгөрмөөргүй байна. Энэ бүхний араас туусштай явах хэрэгтэй. Хоёр долоо хоногийн өмнө таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэргээс хойш 15 хоног хүүхдийн хүчирхийллийн асуудлыг өдөр бүр хөндөж, бүх талаас нь ярьж байгаа.

-Манай улсад хүүхэд хамгааллын байгууллага олон байдаг. Эдгээр байгууллагын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголд Хүүхдийн төлөө үндэсний газар, 108 утас, хүүхэд хамгаалах байр гэж бий. Өмнөх үеэ бодвол энэ асуудал тодорхой хэмжээгээр сайжирч байгаа. Хүүхдийн тусламжийн утас 108 нь 1979 нэртэй төлбөртэй, оройн цагаар ажилладаггүй, хамгаалах байргүй байсан. Одоо 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд хамгааллын төвтэй болоод, 20 гаруй ажилтантай болсон нь дэвшил. Гэхдээ 16 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хамгаалах байртай байгаа нь хүүхдийн хүчирхийлэл улсын хэмжээнд хэдэн мянгаараа гарч буй энэ үед Хүүхдийн төлөө үндэсний газар үйл ажиллагаагаа томруулах хэрэгтэйг харуулж байна. Хүүхэд хамгаалах байр чухал байгаа энэ үед  түүнийг барих гэхээр төсөв байхгүй, санхүүгүй, мөнгөгүй гэж ярьдаг. Гэтэл хөшөө дурсгалын зүйл барихад нэг тэрбум төгрөг хаа нэгэн газраас гаргаад л ирдэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар мэдээлэл бэлтгэх гэхээр хүүхэд хамгаалах байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалж байна гээд мэдээлэл өгөхөөс татгалздаг. Хүүхэд хамгаалах эрхзүйн орчин манайд ямар байна вэ?

-Манайд гэрч, хохирогчийг хамгаалах “Тахар”-ын алба гэж байсан. Гэтэл үүнийг татан буулгасан. Нэг цэгийн үйлчилгээг буулгасан. Бид хүүхдэд ээлгүй тал руугаа хөдөлж байна. Гэрч, хохирогч хамгаалалтгүй байгаа үед хүүхдийн эрхийн талаар хөндөх нь нэг талаасаа боломжгүй болж байгаа юм. Тиймээс бид хүүхдийн төлөөх алхмаа буцаамааргүй байна. Харин үүнийгээ сайжруулмаргүй байна.

-Нийслэлийн аль хэсэгт хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж байна вэ?

-Улаанчулуутын хогийн цэг, Баянхошуунд хамгийн их үйлдэгддэг. Тиймээс Баянхошууны таван хорооны дунд “Лантуун дохио” төрийн бус байгууллага 45 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхэд хамгаалах байр барьсан. Үүнд сэтгэлзүйч, хуульчийн баг ажиллана. Бид хүүхдийн асуудал дээр шинэчлэлт хийх шаардлага тулгараад байна. Бид “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхэд хамгааллын бие даасан хууль” зэрэг маш олон хууль, журмаа муу батлаагүй. Гэхдээ эдгээр хуулийн хэрэгжилтийг хянах, хэрэгжүүлэхийг шаардах гэдэг зүйл орхигдсон.

 

Р.Дулам

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.