2024 оны 04 сарын 19
Зочин
Д.Уранбилэг: Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд олон байх тусам улс хөгжинө

Ц.МЯГМАРБАЯР

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгийг урьж ярилцлаа. 

Эх хэлээрээ ярьдаггүй хүүхдүүд олширч байна

Өнөөдөр манай хүүхдүүд Монгол өв  соёл, уламжлал, зан заншлын талаар ойлголт дутмаг байна. Хүүхдийн урлан бүтээх төвд дүрслэх урлаг, гар урлал, технологийн чиглэлээр жил бүр 2000 гаруй хүүхэд үнэ төлбөргүй суралцдаг. Анзаарч байхад  монгол хэлээрээ ярьдаггүй хүүхдүүд олширчээ.

Ялангуяа дунд болон  ахлах ангийн хүүхдүүд хоорондоо Англи, Солонгос, Хятад хэлээр эх хэлээрээ ярьж байгаа юм шиг өдөр тутамдаа харилцаж байна. Хүүхдүүдээс яагаад монгол хэлээрээ ярихгүй байгааг тодруулахад ихэнх нь ээж, аав, багш нь монгол хэлээр ярихыг  хориглодог гэдэг.

Зарим нь хичээлийн цагаар монгол хэлээр ярьвал торгодог учраас ярьдаггүй гэж хариулдаг. Гадаад хэлийг төгс сайхан эзэмших нь бахархууштай ч гадны соёлыг сургахын тулд эх хэлээрээ ярихыг хориглодог сургалтын арга байж болохгүй санагдана. Үүнд маш их сэтгэл эмзэглэж явдаг.

Тиймээс ч манай хамт олон 2017 оноос “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүтээх эзэд өнөөдөр өсч хөгжиж байна. Тэд эх хэл, соёл, уламжлалаа хадгалан эргээд хойч үе, үр удамдаа өвлүүлэн үлдээх нь Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа болно. Гэтэл өнөөдөр хэл соёл, өв уламжлал бүрэн утгаараа алдагдаж байна. Өнөөдөр Монголд  оюун санааны “хувьсгал” хэрэгтэй болжээ.

Дээр үед Монгол Улсад “Соёлын довтолгоо”-г орон даяар идэвхтэй өрнүүлж чадсанаар ард түмэн элдэв халдварт өвчнөөс ангижирч, эрүүл ахуйн дадалд суралцаж байсан. Үүнтэй адил ард, иргэдийг соён гэгээрүүлэх  ажлыг төр бодлогоор хийх цаг нэгэнт болсон байна. Ялангуяа хүүхэд, залуус маань монгол хүний үнэт зүйл, мөн чанарын тухай ойлголтгүй шахуу болсон байна. Монгол Улсын түүх, монгол хүний үнэт зүйлийн талаар хүүхэд багачуудынхаа оюун санаанд суулгаж өгөхгүй бол гадны соёлтой, хүний сэтгэлтэй иргэдийг бэлдэж байна гэхэд хилсдэхгүй байх.

Бяцхан жишээ дурьдахад, манай төв жил бүр “Өв соёл” олимпиад зохион байгуулдаг. Энэ үеэрээ хивсэн дээр шагай асгаад хүүхдүүдийг тоглуулдаг. Бага ангийн хүүхдүүд маань их хөөрхөн. Яаж тоглохоо мэдэхгүй гайхаж хараад зогсоод байдаг. Зарим нь гартаа барьж үзээд энэ юу вэ гэж хүртэл асууна. Монгол түмний  уламжлалт наадгай, шагай бол малын яс гэж хэлэхээр зарим нь сонирхож тоглодог бол зарим нь малын яс гээд сэжиглэж хаядаг. Өнөөдөр манай нийгэмд шагайгаа ч мэдэхгүй, эх хэлээрээ сайн ойлгодоггүй хүүхдүүд  өсч өндийж байна. Энэ бол төр засаг анхаарах ёстой  том асуудал юм. 

 

Боловсролтой хүн болгох гэсэн хүслээр хүүхдээ гадны хүн болгодог

БЛИЦ:

Доржгочоо Уранбилэг

Мэргэжил: Эрх зүйч,бизнесийн удирдлагын магистр

Төгссөн сургууль

2005-2007 он Обирин их сургууль,Бизнесийн удирдлага

2003-2005 он Сүндай коллеж,  Аялал жуулчлалын мэргэжилтэн

2001-2003 он Япон улс Кокүшё сургууль,  Япон хэлний орчуулагч

1997-2001 он Монгол Улсын их сургууль, хуульч, эрх зүйч

1987-1997 он Нийслэлийн 51 дүгээр сургууль

Ажилсан байдал:

• 2016 оноос одоог хүртэл “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”- ийн  захирал

• 2013-2016 он “Чонон бөрт” ХХК –ын гүйцэтгэх захирал

• 2009-2013 он МАН-ын баруун бүс хариуцсан зохицуулагч

• 2008-2009 он Монголын аялал жуулчлал мэдээллийн төв гүйцэтгэх захирал

 Сонгуульт ажил:

• НАМЭХолбооны дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн

• Хэвлүүлсэн бүтээл:

• Чингис хааны дайтахуйн ухаан ба орчин үеийн байгууллагын менежмент удирдлагын ухааны ном  япон хэлээр япон улсад /2007/

• Хүчирхэг удирдагч байх ухаан /2012/  

• Зүрхэнд дуссан нулимс түүхэн сэдэвт зохиол /2013 /

• Сэтгэлд жаргасан нар яруу найргын ном /2014/

• Цагийн хүрдэн түүхэн сэдэвт зохиол /2015 /

• Хүчирхэг удирдагч байх ухаан / БНХАУлс 2020/

• Хар авдар түүхэн сэдэвт зохиол /2020/

Гавьяа шагнал:

• 2012 он Баянгол дүүрэг  “Хүндэт иргэн”

• 2019 он Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан

 

Хүүхэд 2-13 насандаа ертөнцийг өөрийнхөөрөө танин мэдэж зан төлөв, хандлага нь төлөвшдөг гэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд эерэг зөв хүн болох уу, эх орон, эцэг эх, найз нөхөд гээд хүнийг хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг ухааныг орчин тойрноосоо авч төлөвшдөг. Аливаад эерэг, зөв хүн болох хандлага нь тогтдог. Энэ насандаа зөв эерэг хандлагатай болж төлөвшсөн хүүхдэд насан туршид нь энэ зан чанар нь өвлөгддөг. Сөрөг хандлагаар өссөн бол тийм л хүн болно.

Тухайлбал, Япон улсад хүүхдийг цэцэрлэгт орсон цагаас нь хүнийг хүндэтгэх, амьтныг хайрлах, эх орон, гэр бүлдээ талархах, аливаад тууштай хичээнгүй байх, бусдад хэрхэвч буруу зүйл хийхгүй байх хандлагыг суулгадаг. Мөн хамгийн чухал нь хөдөлмөрийн хүмүүжлийг багаас нь төлөвшүүлдэг. Гэтэл манайд учраа мэдэхгүй, өөрийгөө ч мэдэхгүй нялх балчир хүүхдүүдээ шууд гадаад хэлний сургалттай газар бүр цэцэрлэгээс нь оруулаад хар багаас нь гадны хэл соёлд оюун санааг нь эзэмдүүлж байна.

Балчир багаасаа монгол хэл соёл, өв уламжлал, монгол хүний мөн чанар, үнэт зүйлийн тухай ямар ч ойлголтгүй өсөж яваа хүүхдүүд ирээдүйд яах вэ. Энэ бол Монголын боловсролын системийн гол алдаа. Миний бодлоор хүүхдийг бага ангид нь монгол хүн байх хандлагыг суулгаж, харин дунд ангид нь гадаад хэл соёл, шинжлэх ухаанаа сургаж, ахлах ангид нь мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хичээлийг түлхүү оруулдаг байх нь зөв гэж ойлгодог.

Гадаад хэлийг сайн эзэмших нь чухал ч энэ байдлаар гадны хэл соёлтой сургуулиуд ихэсвэл үндэсний аюулгүй байдал эрсдэлд ороход ойрхон харагдаж байна. Өнөөдөр Өвөрмонголчууд хэлээ авч үлдэхийн тулд цуцалтгүй тэмцэж байна. Аливаа улсыг мөхөөе гэвэл хэлийг нь мартуул. Хэлээ мартсан үндэстэн соёлоо мартдаг. Соёлоо мартсан үндэстэн мөхөж үгүй болдог гэдэг эртний мэргэн үг бий. Өнөөдөр  Өвөрмонголд яг энэ аюул нүүрлээд байна.  Манай улсад ч эцэг эхчүүд бид дэлхийн боловсролтой хүн болгох гэсэн хүслээр хүүхдээ гадны хүн болгож байна.

 

Монгол бичиг соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах ажлаа өргөжүүлж байна.

Манай төв хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор жил бүр төрийн болон ТББ-ууд, Олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Казакстаны элчин сайдын яамдтай хамтарч хоёр орны найрсаг харилцаа, соёлыг таниулан сурталчилж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр  “Мөнх тэнгэрийн бичиг” хүүхдийн монгол уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг зохион байгуулж хүүхэд багачууддаа үндэсний  түүх, өв соёлоо сурталчлан таниулж байна.   Өнөөдрийн бид бүхний аз жаргалын төлөө Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан бидний өвөг дээдсийн цуцашгүй тэмцсэн үнэт түүхийг хүүхдүүдэд   ойлгуулах боломж энэ үзэсгэлэнгээс харагддаг.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Ялануяа залуу үеийнхэн  Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй юм. Төр засаг маань өв соёлоо хадгалах, хамгаалах асуудлыг сүүлийн үед өргөнөөр хөндөн ярьж, бодит ажлуудыг хийж байгаа нь үнэхээр талархууштай. Үүний зэрэгцээ түүхээ таниулах ажлыг ч бодлогоор хийх шаардлагатай байна. Орчин цагт түүхээ мэддэг байх нь боловсролтой, мэдлэгтэй хүнийг илтгэх нэг шалгуур болсон. Би өөрийн сонирхлоор түүхэн сэдэвтэй зохиол бичдэг. Нэг ч гэсэн залуу хүнд эх орон, газар нутаг, өвөг дээдсийнхээ түүхийг таниулах юмсан гэсэн чин сэтгэл, хүсэл эрмэлзлэлээр анх зохиол бичиж эхэлсэн. Энэ зорилгынхоо төлөө тууштай хичээж байна. Түүхээ гүнзгийрүүлэн судлах бүрт бахархах сэтгэл төрж байдаг. Бид бол аугаа түүх соёлтой ард түмэн.

 

Хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг уламжлал алдагдсан

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үндсэн үйл ажиллагаа нь хүүхдийн авьяас чадварыг нээн, дүрслэх урлаг, гоо зүйн мэдлэг олгож, мэргэжлийн чиг баримжаа өгөх зорилготой. Гэхдээ бидний хамгийн гол зорилго бол хүүхдэд  хөдөлмөрийн хүмүүжлийг төлөвшүүлэн амьдралын арга ухаанд сургах явдал юм.  Хүүхдэд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг багаас нь суулгаж чадвал бидний тэдэнд олгосон том хөрөнгө оруулалт болно. Манай төвийн анхан шатны бэлтгэх ангиудад жил бүр 500-600 бяцхан хүүхэд суралцаж уран баримал, сийлбэр, хувцас эсгүүр, оёдол, хүүхэлдэй, бэлэг дурсгал, шүрэн урлал, монгол уран бичлэгийн сууриа тавьж байна.

Мэдээж I, II ангийн хүүхдүүд эхний гурван  сар тэвчээртэй, тогтвортой сууж чаддаггүй. Сурах тусам хийж байгаа зүйлдээ дуртай болж, сууж сурахын зэрэгцээ хариуцлагатай болж эхэлдэг. Би гоё зүйл урлавал  ээж, аав, эмээ, өвөө, багш минь баярлана гэсэн хүсэл сэтгэлээр мөрөөдөлтэй, зорилготой болох алхам тавигддаг. Өөрийн гараар урлан бүтээх амт шимтийг мэдэрдэг. Тогтвортой сууж сурсан хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, үүнийгээ дагаад хичээл сурлага нь сайжирдаг. Ер нь хөдөлмөрч, бүтээлч, хариуцлагатай иргэнтэй улс хөгждөг жамтай.

 

Аливааг үнэгүйдүүлдэг хандлага хөгжлийг гацааж байна

 

Монгол Улс хөгжиж байна гэдэг ч материаллаг тал нь давамгай байна. Эдийн засгийн хөгжлөө тэргүүнд тавьж явсаар хүнээ хөгжүүлэх асуудлаа хойш тавиад удаж байна. Гэтэл иргэн нь боловсролтой, орлоготой, хөдөлмөрч хариуцлагатай байж улс хөгждөг. Манайх хүний хөгжлөө олон жилээр орхигдууллаа. Ид ажиллах насны хүмүүс  хэт бэлэнчлэх сэтгэлгээнд  автсан байна. Энэ нь магадгүй халамжийн бодлого  хавтгайрсантай ч холбоотой байх. Гадаадын зээл, тусламж, бондын хөрөнгө оруулалт нь  эргээд ямар ч ашиг өгөхгүй барилга, зам, элдэв тохижилт болж байна. Дотоодын үйлдвэрлэл дорвитой хөгжиж чадахгүй байгаа улмаас ажлын байрыг олноор бий болгох томоохон үйлдвэрүүд баригдахгүй байна. Нөгөөтэйгүүр, чанаргүй боловсролын үр дагаварт сайн боловсон хүчин бэлтгэгдэж чадахгүй байна. Ихэнхи хөгжингүй оронд хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт тэнцэж орохын төлөө хичээн өрсөлддөг. Учир нь улсын сургууль нь сургалтын өндөр  чанартай, нэр хүндтэй байдаг.

Гэтэл манайд эсрэгээрээ байна. Улсын сургууль төлбөргүй болохоор хаягдчихдаг. Монголчууд үнэгүй зүйлийг улам үнэгүйдүүлдэг нь гэм биш зан болжээ. Манай төв жил бүр энэ асуудалтай тулгардаг. Монголдоо цор ганц үнэ төлбөргүй сургадаг хүүхэд хөгжлийн төв учир намар хүүхдүүд чихцэлдээд элсдэг.  Гэтэл  хоёр сарын дараагаас хаяад гараад явчихдаг. Мэдээж, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэссэн, орой эрт харанхуй болдог зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа ч төлбөргүй юм чинь гэдэг хандлага давамгай байдаг. Хүүхэд өөрөө багш руугаа залгаад би дугуйландаа явмаар байна даанч ээж аав хүргэж өгөхгүй байна гэдэг. Хэрэв төлбөр төлсөн бол яаж ийгээд явуулах байх. Манай төв жил бүр олон улсын байгууллага болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газартай хамтран алслагдсан хороодын хүүхдүүддээ үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Тухайн газарт нь хүрч хүүхдүүдийг нь сургаад өгье гэхээр эцэг эхчүүд нь бидэнд ямар ашигтай юм, хүүхдээ өгвөл бидэнд юу өгөх юм гээд явуулахгүй байх жишээний. Ийм хандлагыг өөрчлөхгүйгээр улс битгий хэл хүүхэд ч, өөрсдөө ч хөгжихөд саадтай. Амьдралын түвшин доогуур амьдралтай хүмүүс хүүхдийнхээ ирээдүйг бодох сэхээ алга. Арга ч үгүй байх. Өдөр тутмын хоол хүнсээ арай ядан  залгуулж байгаа иргэд хөгжих боловсрох тухай бодох манатай байгаа байх. Гэхдээ л бид ийм байдлаар явж болохгүй шүү дээ. Өнөөдөр хүүхдийн хөгжил нэн тэргүүнд ч эхлээд эцэг эхчүүдээ соён гэгээрүүлэх нь чухал болчихоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.14 ДАВАА № 177 (6402)

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.