2024 оны 04 сарын 18
Зочин
Ч.Насантогтох: Найман оролцогч наймуулаа давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадсан

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтохыг урилаа. Домогт “Соёл эрдэнэ” хамтлагийн үнэ цэнэтэй гишүүдийн нэг, орчин цагийн залуу дуучдыг төрүүлэх эрхэм үйлсдээ сэтгэл оюун, эрдэм чадлаа зориулж байгаа билээ.

 

Өнгөрсөн хоёр жилд Монголчуудыг тайзны өмнө уясан “Яг түүн шиг” шоуны арын албанд олон мундаг хүмүүс ажилласан. Тэдний нэг нь яах аргагүй Ч.Насантогтох багш байлаа. Дуучин, жүжигчин нэг бүртээ гадаад дотоодын олон уран бүтээлээр дуулах урлагийн хичээл зааж байсан нь яах аргагүй ямар чадварлаг уран бүтээлч вэ гэдгийг нь харуулсан юм. Тиймдээ ч бид түүнийг урлагийн салбарын “Чухал хүн”-ээр нэрлэсэн хэрэг. Бидний ярилцлага олон сэдвийг хамарсан юм.

-Та сайхан зусаж байна уу. Таны зуны амралт хараахан эхлээгүй бололтой?

-Сайхан зусаж байна. Бидний амралт хараахан эхлээгүй байгаа. Тэнхимийн эрхлэгч нар долоон сар гаргаж байж л амарч эхэлнэ шүү дээ. Хийсэн ажлын тайлан гаргах, ирэх хичээлийн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулах, нийт багш нарынхаа ачааллыг тэгшитгэх, 2017-2018 оны хичээлийн жилд хэчнээн хүүхэд элсүүлэх вэ гээд л бичиг цаасны ажил ид эхэлж байна. Мөн өнөөдөр магистрын диплом гардуулах, маргааш бакалаврын диплом гардуулах ёслол болно. Энэ нь манай сургуулийн хэмжээнд болох өдрийн болон эчнээ ангийн төгсөгчдийн маань эрдмийн баяр, томоохон арга хэмжээ юм.

-Ер нь их л завгүй байгаа юм байна. Завгүй гэснээс та өнгөрсөн хавар нэлээд ачаалалтай ажилласан байх. Сургуулийн ажлаасаа гадна “Боловсрол суваг” телевизээр гарсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь та?  

-Энэ шоуны бэлтгэл ажил, төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалт, маркетинг, менежмент гээд дэлгэцийн ард хийсэн ажил зөндөө. Мөн шоуны утга учрыг ард түмэнд ил тод, үнэн зөв, нээлттэй байдлаар үзүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үзэгч нэг кноп дараад л хүссэн нэвтрүүлгээ үзэх амархан. Харин социализмын үеийн суперстаруудыг өнөөгийн нийгэмд орчин цагийн урлагаар дамжуулан шинэ залуу уран бүтээлчид “дахин амилуулж”, энэ шоугаар дамжуулан өөрсдийнхөө чадал чансааг амьдарч буй нийгмээрээ тодорхойлуулна гэдэг нэлээд эрсдэл өндөртэй.

Гэхдээ манай оролцогчид үүнийг маш сайн чадаж, зам мөрөө улам батжууллаа. Түүнчлэн манай орчин цагийн соёл урлаг гадаадын урлаг соёлтой мөр зэрэгцэх хэмжээнд очиход энэ шоу нэвтрүүлэг маш их түлхэц өгсөн. Үүнд оролцогчид, шүүгчид, арын албаныхан гээд энэ нэвтрүүлгийг бүтээхэд гар бие, сэтгэл оюунаа чилээсэн хүн бүхэн маш их үүрэг гүйцэтгэж байгаа.

Гадаадын 36 оронд болж буй шоуг Монголд ч гэсэн яагаад хийж болдоггүй юм бэ гээд л шууд хийчхээгүй. Зөвшөөрөл авах, хөрөнгө санхүү босгох гээд бүх зүйлийг тэгээс эхэлж байж л энэ сайхан нэвтрүүлэг бүтэж боссон. Шоу нэвтрүүлэг хийх нөхцөл бүрдсэнээр бүх зүйл бас “ок” болчихгүй. Ямар баг бүрдүүлэх вэ, ямар маркетинг хийх вэ, яаж зохион байгуулбал үзэгч түмэнд гоёор хүрэх вэ, энэ ажлыг хийхийн тулд энэ багт хэн хэн байх вэ гэдэгт “Боловсрол суваг” телевизийнхэн маш их ач холбогдол өгч ажилласан.

Мөн энэ шоуг дэмжиж ажилласан баг бүрэлдэхүүн бүхэнд баярлаж талархаж байна. Тиймээс хамгийн түрүүнд энэ шоуг дэмжиж, Монгол Улсад цоо шинэ шоуг оруулж ирэхэд дэмжиж ажилласан байгууллагуудад хамгийн ихээр талархаж буйгаа “Монголын мэдээ” сониноор дамжуулан дайя.

-Манайхан янз бүрээр шоу нэвтрүүлэг хийх гэж оролдож байсан. Үнэндээ “Яг түүн шиг” шоу шиг өндөр төвшинд хийсэн нь үгүй. Оролцогчдын чансаа ч их өндөр, дандаа мэргэжлийн хүмүүс л оролцсон юм уу гэмээр байсан. Та орчин үеийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ оруулаад, бас араасаа төрж гарах дуучдыг бэлтгээд явж байгаа хүний хувьд залуучуудын дуулах ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ?

-Миний хувьд дуулах ур зүйн багшаар хоёр дахь жилдээ ажилласан. Сэтгэл өндөр байгаа. Манай залуус үнэхээр мундаг байсан. Аль нэгийг нь ялгаж ярих утгагүй. Юуны өмнө “Боловсрол суваг” телевизийнхээ хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэх ёстой. Хамгийн гол нь энэ шоу дуучин болох хүсэл эрмэлзэлтэй ч дуучин болж чадаагүй, магадгүй дуучин болсон ч мэргэжлээрээ ажиллаагүй, умартаад явж байгаа залуучуудад эргэж нэгийг бодогдуулсан болов уу.

Эхний жилийн шоунд дуулаачаас тэс өөр мэргэжлийн хүмүүс оролцсонд баярлаж, өнөөдрийг хүртэл тэднээрээ бахархаж явдаг. Яагаад гэвэл, тэд анхных гэдгээрээ ард түмэнд мартагдашгүй дурсамж, гайхалтай сайхан мэдрэмжийг үлдээж чадсан. Өөрсдөд нь ч гэсэн уран бүтээлийн маш олон дүр зургийг бий болгож, илүү эрч хүчтэй ажиллах энергийг бэлэглэсэн гэж боддог. Тэр шоунд оролцсоноор зарим уран бүтээлчийн нэр хүнд гадаадад өсөж, илүү олон уран бүтээл хийх зам мөр нь хүртэл тавигдаад явж байна. Манай Н.Мөнхсоёл Солонгост олон сарын гэрээтэйгээр нэвтрүүлэгт оролцсон. “Яг түүн шиг” шоугаар л Н.Мөнхсоёлыг олоод харчихсан байна шүү дээ.

Тиймээс энэ мэтчилэн шоу утга учиртай, үр дүнгээ өгч байгаа. Тэр ч байтугай тэс өөр мэргэжлийн топ моделиудыг энэ шоунд амжилттай оролцуулсан. Бүтэн сарын турш бүжиг, жүжиг, долоо хоногийн дотор дуу бэлдүүлээд, mаke up зэрэг шоутай холбоотой бүхнийг мэргэжлийн хүн шиг сурна гэдэг амаргүй даваа. Мэргэжлийн уран бүтээлчидтэй тэднийг өрсөлдүүлнэ гэдэг бол том эрсдэл, хэцүү зүйл. Анх нэлээд бодсоны эцэст “Боловсрол суваг” телевизийн урилгыг хүлээн авч, дуучин болоод мэргэжлийн бус ч дуулах дуртай хүүхдүүдээ бэлдэж байлаа. Эргээд үр дүн харагдаж байгаа нь л хамгийн сайхан зүйл.

Оролцогчид маань мэргэжлийн дуучин биш ч тухайн үед гурвуулаа л долоо хоногийн ялагчаар шалгарч байлаа. Хэрэв байгалиас заяасан дуу хоолойны өгөгдөл байгаа л бол богино хугацаанд эрчимтэй хичээллэж ажилласнаар өөрсдийгөө шинээр нээж болохыг тэд маань харуулж чадлаа. Энэ жилийн шоунд ч гэсэн манай оролцогчид мөн л ялгаагүй өнгөрсөн жилийн оролцогчид шиг маш их эрч хүч, хурдтай ажилласан. Бүгдээрээ л суурь сайтай, мэдлэг боловсролтой, хэлсэн ярьсан зүйлийг дор дор нь тусгаж авч байсан учраас ажиллахад хялбар байсан.

-Гэхдээ дууг зүгээр нэг дуулаад өнгөрөх нэг өөр. Харин байгалиас заяасан өгөгдөл дээрээ зүрх сэтгэлээ зориулж, бүр чин сэтгэлээсээ дуугаа мэдэрч, түүнийг амилуулж дүр бүтээн жүжиглэх бас нэг ондоо шүү дээ?  

-Өөрийнхөө нүүр царайгаар илэрхийлэх, жүжиглэх нэг өөр. Сэтгэлээрээ өөрийгөө хөглөн тэр дууг амилуулж дуулах, дууны дотоод ертөнцийг өөрийн сэтгэлийн дотоод ертөнцтэйгөө холбож үзэгчдэд хүргэнэ гэдэг бол өөрөө асар нарийн ур ухаан. Манай уран бүтээлчид өөрсдийнхөө хэмжээнд, өөрсдийнхөө шавхагдашгүй уран бүтээлч сэтгэлгээгээр өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанарыг ямар ч байсан үзүүлж чадаж байгаа уран бүтээлчдийг зөв сонголттойгоор энэ шоунд оруулж чаддаг.

Өөрөөр хэлбэл, хүссэн болгон нь бас энэ шоунд оролцох боломжгүй. Энэ шоунд оруулахын тулд өнөөгийн энэ нийгэмд хэрхэн яаж залуучуудад сайн үлгэр дууриал болох, сайхан уран бүтээлч хэвээрээ явахын тулд зам мөр нь улам дардан байх, тухайн уран бүтээлчийн дотоод ертөнцийг энэ шоугаар дамжуулж яаж нээж үзүүлэх вэ гэдэг зөв бодол, энерги “Боловсрол суваг” телевизийнхэнд байдаг юм билээ.

Түүнийгээ энэхүү шоутайгаа хослуулан залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, тухайн хүний шавхагдашгүй нөөцийг ашиглан урлагаар маш олон талаас нь үзүүлдэг. Нэг оролцогч гэхэд л хөгшин, залуу, эсвэл хар арьстан гээд янз бүрийн дүрд хувирч, авьяас чадвараа дайчилсан. Найман оролцогч наймуулаа л давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадаж байлаа. Яах вэ, шүүгчид ажлаа хийж байгаа хүмүүс учраас янз бүрээр хэлэх тохиолдол байсан. Заримдаа шүүгчид оролцогчдоо хараад гайхширч ч байлаа. Хүлээж төсөөлж байснаас нь илүү авьяас чадварыг оролцогчдоосоо бас олж харсан шүү дээ. Нэг хэсэг нийгэм тэр аяараа “Яг түүн шиг” шоугаар амьсгалсан.

“Яг түүн шиг” бол XXI зуунд гарч ирж чадсан, хүн болгон үзэх дуртай, залуучуудын маань хийж байгаа шоу. Манай иргэд ч ярьж байна шүү дээ. “Халтар царайт”-ыг үзэж байхад гудамжаар нэг ч хүн явдаггүй байлаа. Энэ шоу яг тэр үеийг эргээд авчрах шиг болсон. Орой 20 цагаас шоугаа үзэхийн тулд гэр орныхоо бүх ажлыг амжуулдаг гэж. Хоолоо хийгээд идчихсэн, хүүхдүүдээ усанд оруулчихсан, ахуй амьдралын аар саар асуудал бүхнийгээ энэ шоунаас өмнө амжиж зохицуулж байлаа шүү дээ.

-Та залуучуудаа их магтаж байна. Гэхдээ өмнөх үегүйгээр бид бас мундаг болж цойлохгүй л дээ. Та ер нь энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ. Танаас ч гэсэн суралцах зүйл их байгаа нь харагдаж байна. Сургууль, телевизийн хооронд гүйхээс гадна өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоо хийсэн шүү дээ?  

-Би хувьдаа бүхий л зүйлийг амжуулах ёстой гэдэг зарчим баримталдаг. Өөрийгөө голохгүй, харин ч авьяас чадвараа дайчлан өөрийнхөө хэмжээнд хүрч болох бүхий л нөөц боломжоо шавхаж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээж  ажилладаг, ажилласаар ч байгаа. Би хэдий их ажилтай байлаа ч гэсэн хүн хүнийг хүндлээд, хамтарч ажиллахад үр дүн гарна гэж итгээд, “Ийм уран бүтээлч байвал манай шоунд оролцогчдод цэнэг хайрлана. Бидэнтэй санаа нийлж хамтарч ажиллана байх” гэдэг үзэл бодол, итгэл найдварыг нь үгүйсгэхийг хүсээгүй.

Нөгөөтээгүүр, тэр том шоуны ард гарах гээд бүхэл бүтэн баг нэг хүч болчхоод байхад би хэчнээн их ажилтай байсан ч гэсэн “Үгүй” гэж хэлэх зүрх байгаагүй юм. Миний эрхэлж буй ажил бас л цаг наргүй. Одоо ч гэсэн би нэг хуралд явах гээд л өнгөлзөөд л сууж байна шүү дээ. “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтын тухайд би нэг мэдсэн тайзан дээр 40 жил болчихсон байсан.

Дээрээс нь миний дуулдаг “Үерхэл чамайгаа нандигнана” дууг гурван гавьяатын төрүүлсэн уран бүтээл юм билээ. Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах хөгжмийг нь зохиож, Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч  Д.Мандахсан шүлгийг нь бичиж, би дуулсан. Энэ дуу маань эдүгээ 30 дахь жилийн хавартайгаа золгож байна. Үүн дээр нэмээд манай СУИС анх 1997 онд эстрад дууны анги байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхлээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Олон сайхан түүхт давхцал таарсан учраас би энэ бүхнийг нэгтгээд өнгөрсөн оны сүүлчээр “Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн нээлттэй өдрүүд” гэж долоо хоногийн нээлттэй өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан.

Өмнө нь хоёр, гурван жилийн өмнө бас хийж байлаа. Энэхүү өдөрлөгтөө нэртэй уран бүтээлчдийг урьж оролцуулан, хандивын тоглолт хийж, үе үеийн төгсөгч, багш оюутнуудын хамтарсан болон дан багш нарын тоглолт, тэнхимээ сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Харин хандивын тоглолтдоо зориудаар хөгжлийн бэрхшээлтэй болоод алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдийг оролцуулсан даа.

-Та дуучдаас хамгийн анх Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Араасаа маш олон гавьяат төрүүлсэн булган сүүлтэй хүн юм билээ?

Би эстраддаа хоёр дахь, дуучдаасаа анхны гавьяат нь л даа. Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа болон “Соёл эрдэнэ” хамтлагийн маань уран бүтээлчид дэмжиж, Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж 1990-ээд оны сүүлчээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнуулж байлаа.

Миний өмнөх буюу “Соёл эрдэнэ” хамтлагаас төрсөн анхны гавьяат бол ууган гишүүдийн нэг, хөгжмийн зохиолч, гайхалтай мундаг гитарчин Д.Галсанбат ах маань 1990-ээд оны эхээр хүртэж байсан түүхтэй. Саяхан манай хамтлагаас отгон гавьяат төрсөн. 40-өөд жил бөмбөрчин хийсэн Б.Цолмон маань ямар мундаг уран бүтээлч билээ. Ер нь манай “Соёл эрдэнэ” хамгийн олон гавьяатыг төрүүлж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг.

-Үзэгч, сонсогчид таны нөр их хөдөлмөр, цаг завгүй ажиллаж байгааг ойлгож мэдэрч байгаа. Гэхдээ бас нэг хүлээлт бий. Хуучны сайхан дуунуудаа дуулсан бие даасан тоглолтоо хэзээ хийх бол гэж чимээ тавьж суугаа даа?

-Манай сургуулийн тухайд нэг хүүхдэд хоёр багш оногддог онцлогтой. Тиймээс багш шавь хамтраад өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтыг Бөхийн өргөөнд хийсэн. Гурван цагийн турш үзэгч, сонсогчидтойгоо сайхан байлаа. Харин бие даасан тоглолтын тухайд ирэх намар буюу урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сард хийхээр товлоод байгаа.

-Та бие даасан тоглолтоо хийхгүй хэр нь үе үе хандивын тоглолт хийдэг. Анх 10-аад жилийн өмнө “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж, олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна гээд “Монгол ньюс” дээр хэвлэлийн хурал хийж байсныг чинь мэдэх юм байна?  

-Би нийгмийн сайн сайхны төлөө ажлуудыг хийдэг. Түүнийгээ тэр болгон нийтэд зарлаад байхыг хүсдэггүй. Тухайн үед би “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж байсан. Яг 10 жилийн өмнө юм байна. Тэр үед манай рок попын уран бүтээлчдээс хэн нь ч си ди гаргаагүй байсан. Би хамгийн анх хүүхдэд зориулсан си ди гаргаж байлаа. Дараа нь манай залуу уран бүтээлчид си ди гаргах ажлыг эрчимтэй хийсэн юм. Хүүхдэд зориулсан бүтээлийг би оюутан байхаасаа буюу 1980-аад оноос эхлээд л дуулсан. Социализмын үе байсан учраас дуулсан дуу болгоноо клипжүүлээд мөнгө зараад явж байсан удаагүй. Хүүхдэд зориулсан уран бүтээлд ч гэсэн яг адилхан л зардал мөнгө гарна шүү дээ.

Социализмын үед хүүхдэд зориулсан тусгай программаар соёл урлагийнхан үйлчилдэг байсан. Зундаа лагерь, хүүхдийн зуслангаар зориуд явж тоглох, өвөлдөө 10 жилийн сургуулиудаар явж тоглодог байлаа. Одоо ийм тоглолтууд үнэхээр байхгүй болчихсон. Бүр үгүйлэгдэж байгаа. Хүүхэд залуучуудыг одоо юугаар хүмүүжүүлж, яаж өсгөж дэвжээж байгаа юм бэ. Энэ ажил үнэхээр их хоцрогдсон. Тиймээс би дараа жилээс эхлээд хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүмүүжлийг бодож нас сэтгэхүйд нь тохирсон уран бүтээл хийнэ.

Яагаад өнөөдөр хүүхдүүд “Хайраа, би чамд хайртай”-гаас өөр дуу дуулахгүй байгаа юм бэ. Хүүхэд бүрийн нас сэтгэхүйд тохирсон уран бүтээлийг яагаад хийхгүй байна вэ. Монголын Хүүхдийн ордны найрал дууны дугуйлангийн хүүхдүүдийг би “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтдоо оролцуулсан. Би зөвхөн өөрийнхөө оюутнуудыг л гэж явцуурдаггүй. Хүүхдүүд яагаад үе үеийн мундаг дуучидтай хамт тоглолтод орж болохгүй гэж. Тэд хамтарч тоглолтод орсноороо нүд нь нээгдэж, маш олон зүйлийг сурч мэднэ. Цаашид сурч боловсрох үйлдээ илүү их эрч хүч авч байгаа юм.

Тиймээс бид хаана хаанаа нээлттэй, бие биеэ дэмжээд явах хэрэгтэй гэж боддог. Уран бүтээлчид маань ч гэсэн өнөөдөр зөвхөн хүүхдийн баяраар л нэг тоглолт хийлгүй, зөвхөн өөрийнхөө тоглолт дээр л хүүхдүүдийг авчирч дуулуулалгүй, эсвэл клипэндээ оруулаад өнгөрөх биш хүүхдүүд зориулж буян хийгээсэй л гэж боддог. Эргээд тоглолтдоо оролцсон хүүхдүүдийг тусалж дэмжээсэй.

-Таныг бүр хилийн чанадад хүртэл хандивын тоглолт хийсэн гэж сонссон юм байна?

-Би Америкт байгаа монголчууддаа тоглолт хийж чадаагүй л яваа. Харин гурван жилийн өмнө Америкийн монгол сургуульд очиж хандивын тоглолт хийж байсан. Манайхан Америкт маш их тоглолтоор очдог хэр нь хандивын тоглолт хэзээ ч хийдэггүй. Бид бүгдээрээ л гадагшаа явж тоглолтоо хийх дуртай. Мөнгө олдог уу, олдог. Гэхдээ бид тэнд байгаа монголчуудаа эх орон руугаа татахын тулд зүрх сэтгэлтэй байж, тэдэндээ эерэг санаа төрүүлэхийг хичээх хэрэгтэй.

Бид бүгдээрээ Монголдоо элэг бүтэн байвал хэчнээн сайхан бэ. Дээрээс нь тэнд төрж өсөж байгаа монгол цустай ч эх хэлээ мэдэхгүй харь хэлээр ярьж байгаа хүүхдүүдийг монгол сэтгэлгээ, хөг аялгуугаар жаахан ч гэсэн хөглөхийн тулд  л би хандивын тоглолт хийж, уралдаан зарлаж, үзэсгэлэн зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахын тулд Монголдоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүүхдийн гэсэн тодотголтой, тэднээр овоглож буй хувь, хувьсгалын байгууллага, ТББ-ын үүдийг уйгагүй тогшиж явсан шүү. Эцэст нь найзаасаа, сүү шиг сайхан сэтгэлтэй цөөн хэдэн хүнээс л дэмжлэг авч, оролцогчдынхоо шагнал, медалийг эндээ хийлгээд аваад явж байлаа. Америкт амьдарч буй монголчууд маань халуун дулаанаар хүлээж авсан. Ийм арга хэмжээг зөвхөн Америкт биш монголчууд олноороо суурьшиж, хүүхдүүд, гэр бүлтэйгээ амьдарч байгаа Солонгос, Польш, Унгар зэрэг олон улс оронд зохион байгуулж болно.

Манай уран бүтээлчид гадаадад  тоглолт хийхдээ хүүхдүүдийг нь битгий орхиж, мартаж байгаарай. Ядаж нэг удаа ч болох нь ээ, хүүхдүүдэд зориулаад хандивын тоглолт хийгээч гэж байнга уриалдаг. Эцэг эхчүүд нь ямар их баярлах бол. Харамсалтай нь хүүхдэд зориулсан тоглолт, уран бүтээлийг дэмжих дэмжлэг хомс. Хувь, хувьсгал, олон улсын ч бай хүүхдээрээ овоглодог хэр нь ийм санал санаачилгыг дэмжихдээ хойрго санагдсан.

-Та энэ ажлыг хийхдээ ганцаардсан байна шүү дээ?  

-Тийм ээ, гэхдээ би тэгсхийгээд орхихыг хүсээгүй. Өөрийнхөө боломж чадлаар л үргэлжлүүлээд хийсээр байгаа. Анх 10 жилийн өмнө санаачлан хийж байхдаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж буй ар гэрийнхний хийсэн бүтээлийг худалдан авч бодит дэмжлэг болооч гэж иргэдээсээ хүсэж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ уриалгаа мартаагүй. Харин тухайн үед хамтарч ажилласан “Салхич шувуу” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвийнхөндөө одоо ч талархаж явдаг.

-Монгол дэг сургалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн жишигт нийцсэн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг нь танай сургуулийн эрхэм зорилго юм байна. Эцэст нь, тэнхимийн эрхлэгчтэй нь уулзсан юм чинь дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд залуус “Энэ сургуульд яаж элсдэг юм бол оо” гэдгийг асуугаасай гэж хүлээж байгаа болов уу?     

-Манай сургуульд ч, манай орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд ч гэсэн Армян, Казакстан, ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, магистраас дээш зэрэглэлтэй багш нар ажилладаг. Манай тэнхим гэхэд 15 багштай. Үндсэн болон цагаар багшилдаг. 100 гаруй өдрийн болон эчнээ ангийн бакалавр, магистрын суралцагчидтайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа чармайн явуулж байна даа. Дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд тодорхой шалгуурыг давж байж манай сургуульд элсэнэ.

ЕБС төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстойгоос гадна байгалиасаа заяасан өгөгдөл маш чухал. Харин Хөгжим бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд тэнд үзсэн хичээлүүдээрээ дүйцүүлэлт хийгдээд дэвшин суралцах боломжтой. Одоо үеийн хүүхдүүд ер нь жаахан шантрамтгай болжээ. Аливаа даалгавар биелүүлэхдээ хойргоших, амарчлах, өнгөн талаас нь харах зэрэг байдал давамгай болсон нь анзаарагддаг. Тиймээс манай сургуульд элсэгчид “Би үүнийг л сурахгүй бол энэ сургуулийг төгсөж чадахгүй” гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавьж, биеэ дайчлах хэрэгтэй. Зарим нь ч үнэхээр мундаг хүүхдүүд орж ирдэг.

 Эх сурвалж:Монголын мэдээ сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.