2024 оны 04 сарын 23
Зочин
Элчин сайд Б.Ганболд: БНСУ-д ажиллаж байгаа иргэд гэрээгээ дуусгаад хугацаандаа явбал дараа дараагийнх нь боломж нээгдэнэ

БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч буй. Албан ёсны гэрээгээр ажиллахаар, сурч боловсрохоор, хууль бусаар ажиллаж амьдрахаар явж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Тиймээс БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын асуудлаар тус улсад суугаа Элчин сайд Б.Ганболдтой ярилцлаа.

-БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Яг одоогийн байдлаар хэчнээн монгол иргэн тус улсад оршин сууж байна вэ?

-БНСУ-ын Элчин сайдын яам бусад яамдыг бодвол хамаагүй ачаалал ихтэй байдаг. Учир нь Монгол, Солонгосын харилцаа олон салбарт өргөн цар хүрээг хамарсан байдаг. Мөн монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо ч өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10-аад мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хамгийн сүүлд БНСУ-ын Хууль зүй яам, Цагаачлалын албанаас авсан мэдээллээр 42750 мянган монгол иргэн БНСУ-д оршин сууж байна.

-Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоон мэдээлэл бий юу?

-Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 мянган иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараа дараагийнхаа иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай. Албан ёсны гэрээгээр ирж ажиллачихаад хугацаа нь дуусахаар буцахгүй байгаа юм. Энэ нь хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байна. Уг нь гэрээгээ дуусгаж явчихаад, буцаад ирээд ажиллах эрх хүн бүхэнд нээлттэй байгаа. Гэтэл ерөөсөө тэгэхгүй, шууд л хууль бусаар үлдчихээд байна. Албан ёсны гэрээгээр ирж ажиллаж байгаа иргэдийн нас сүүлийн жилүүдэд улам залуужиж байна. Тиймээс залуучууд маань гэрээгээ дуусгаад яваад буцаж ирвэл дахиад хэдэн ч удаа ирээд ажиллах эрх нь нээгдэж байгааг сайн ойлгох хэрэгтэй байна. Мөн нөгөө талаасаа нас залуужихын хэрээр гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна.

-Ер нь гэмт хэргийн гаралт хэр байна вэ?

-Өнгөрсөн жилийн мэдээллийг авч үзвэл өмнөх жилүүдтэйгээ харьцуулвал 20 хувиар өссөн байна. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бусад улс орнуудтай харьцуулвал манай иргэдийн гэмт хэрэгт холбогдсон байдал дээгүүр байранд орж байна.

 -Энэ нь юутай холбоотой байдаг юм бол. Судалж үзсэн үү?

-Манай улсын иргэд БНСУ-ын хууль тогтоомжийг сайн мэдэхгүй ирж байна. БНСУ-ын хууль маш чанга. Энэ улсад хууль сахиулах, дагаж мөрдөж, биелүүлэх нь маш өндөр түвшинд байдаг. БНСУ-ын хуулиудад ихээхэн өөрчлөлт орлоо. Ингэхдээ танхай, хулгайн гэмт хэрэгт оноох ялын хэмжээг чангалж өгсөн. Тиймээс манай улсын иргэд БНСУ-ын хуулийг сайн судалж байх хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг судалвал, нэгдүгээрт хэл ус мэдэхгүйгээсээ болж хэрэгт орчих хандлагатай байна. Мөн санаатайгаар танхай, хулгайн хэрэг их хийж байна. Түүнчлэн архи дарс хэтрүүлэн хэрэглэж байна. Амралтгүй ажиллаж байгаад цөөн хоног амрахдаа архи хэтрүүлэн хэрэглэж байна. Архи уусан үедээ хэрэгт холбогдчих гээд байна.

-Энэ асуудалд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байна. Иргэдтэйгээ уулзаж заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргүүлж байна уу?

-Элчин сайдын яамнаас энэ чиглэлээр ажил хийж байгаа. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэддээ зориулж, БНСУ-ын хууль тогтоомжийг монгол хэл дээр хэвлүүлэн 3 боть номыг иргэддээ тараасан. Энэ номыг зөвхөн БНСУ-д байгаа иргэд гэлтгүй солонгосыг зорин ирж байгаа иргэд ч олж судлах шаардлагатай байна. Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ холбоотой ажиллах олон ажлыг хийж байгаа. БНСУ-д ажиллах, амьдрах сурч боловсрохтой холбоотой өөрт тулгамдаад буй асуудлаар зөвлөгөө авч болно. Холбоотой бүх мэдээллийг вэбсайтдаа байршуулахаас гадна фэйсбүүк, твиттер болон гар утсаараа 24 цагийн турш нээлттэй ажиллуулж заавар зөвлөгөө өгч байна. Мөн сэрэмжлүүлэг зөвлөмж гаргаж, БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага, цагаачлалын алба, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж ажиллаж байна вэ?

-Албан ёсоор гэрээтэй 7000-д иргэн ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн хувьд асуудал гайгүй. БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн товчоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүх зүйл нь асуудалгүй байдаг. Гол нь гэрээгээр ажиллаж байгаа иргэд гэрээгээ дуусгаад хугацаандаа явбал дараа дараагийнх нь боломж нээгдэж байгааг  анхаармаар байна. Эндээ дахин дахин ирээд нэг мэргэжлээрээ дагнан ажиллавал мэргэжлийн үнэмлэх авах боломж нээлттэй. Тиймээс гэрээний дагуу ажиллаад буцах нь дараа дараагийнхаа хүмүүст ч гэсэн боломжийг нь хаахгүй байх боломжтой. 

 -БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэд ажилгүй байгаа иргэдээ ажилд зуучилж байгаа нэрээр залилан мэхлэх хэрэг ч цөөнгүй гардаг тухай ярьж байна. Энэ асуудалд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Ажиллахтай холбоотой асуудлаар иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Албан ёсны гэрээгээр ирж байгаа иргэдийн дунд сургалт зохион байгуулдаг. Энэ жил 1000-аад иргэн гэрээгээр ажиллахаар БНСУ-д ирсэн. Энд ирээд хоёр өдрийн сургалтад суудаг. Үүнд Элчин сайдын яамнаас очиж, хууль эрхзүйн талаас нь сургалт явуулдаг. Харин хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд тулгамдсан асуудал их бий. Хууль бусаар хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь оршин суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчиж байгаагаас гадна эрүүл мэнд нь эрх ашиг нь хохирсон нөхцөлд эрхээ хамгаалуулахаар солонгосын байгууллагуудад хандах эрх байхгүй. Тиймээс энэ асуудалд Элчин сайдын яам онцгой анхаарч, эдгээр иргэдийг бичиг баримтжуулах,  шаардлагатай бол визнийх нь ангиллыг өөрчилж өгөх, асуудалд орсон хүний араас явж хөөцөлдөж, тодорхой байдлаар шийдүүлэх ажлыг хийж байна.

Мөн иргэдийн зүгээс нэгэндээ туслаж, дэмжиж зөвлөх зорилгоор ажилд зуучилдаг юм билээ. Ингэхдээ нэг нэгийгээ хохироосон, нэгнийхээ эрх ашигт халдсан гомдлууд ирж байгаа. Түүнийг бид тухай бүр нь  шийдэж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж, шийдвэрлэдэг. Гол нь иргэд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй.

-Тийзний үнэ бас хэт өндөр байна гэх шүүмжлэлүүд байдаг. Бууруулах боломж байгаа болов уу?

-Хоёр улсыг зорих иргэдийн тоо жилд 20 хувь нэмэгдэж байна. Энэ ачааллыг агаарын тээврийн компаниуд, ялангуяа аялал жуулчлалын саруудад дийлэхээ байдаг. Тэгэхээр нислэгийн тоо, суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрвээ олон нислэг нисээд ирвэл буурах байх. Нислэгийн тоог нэмэгдүүлэх ёстой.

Ярилцсанд баярлалаа. 

Б.Чимэг 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.