2024 оны 04 сарын 17
Зочин
З.Энхболд: Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-Монгол улсын Ерөнхий-лөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж уиХ дахь МАн-ын бүлгээс үзэж байна. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэсэн асуудал дурдагдаагүй учраас хоригийг хүлээн авах боломжгүй гэж байгаа юм байна?

-Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Энэ зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг 6 дугаар зүйлд нь заасан. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэсэн маш тодорхой заалт байдаг. Энэ заалт зөрчигдсөн.

Мөн төсөвт тодотгол хийх таван тохиолдлыг Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ заалт мөн зөрчигдсөн. Учир нь “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” нь төсөвт тодотгол хийх нэг үндэслэл болдог. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан энэ зохицуулалтыг хууль зүйн үндэслэл болгож төсөвт тодотгол хийсэн нь бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа юм.

-Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаар бүтээн байгуулалт хийсэн санхүүжилт, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олгогдохгүй асуудал үүсэж байна гэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт хориг тавьсны гол учир нь юу юм бэ?

-Ерөнхийлөгч шинэ Засгийн газрыг Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж үздэг. Эмч, багш нарын тавьж байгаа шаардлага ч мөн ийм байгаа. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаа 300000 төгрөгийн тусламж олгож, төсвийн 55 тэрбум төгрөгийг үр ашиггүй тараах нь ямар ач холбогдолтой юм. Харин энэ мөнгөөр арьс ширний гэх мэт нэн шаардлагатай үйлдвэрүүдийг барьж үр өгөөжтэй зарцуулах хэрэгтэй.

Тиймээс Ерөнхийлөгч халамж ч юм шиг, авлига ч юм шиг нэг удаагийн, үр ашиггүй ийм бодлогыг дэмжих боломжгүй гэж үзээд хориг тавьсан. Харин төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавихад хүргэсэн тодорхой шалтгаан байгаа. Би дээр хэлсэн төсөвт тодотгол хийхдээ зарлага нэмэгдүүлэх бодлогын шийдвэрийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэх хуультай гэж. Гэтэл төсөв боловсруулсан, түүнийг нь хэлэлцэж баталсан хүмүүс нөгөө тараах гэж байгаа мөнгөө төсөв захирагчдын багцад тарааж хуваарилаад нуучихсан. Тэгэхээр бүхэлд нь хориг тавихаас өөр аргагүй болж байгаа юм.

-уиХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгчөөс хориг тавьсныг хэлэлцэж уг хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хоригоор монгол хүн бүрт хамааралтай тодорхой бодлогын асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юмуу. Ашиг сонирхолтой хүмүүсийг гүйцэтгэх засаглалаас хол байлгаач гэх мэт. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаараа ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна.

Б.Долзодмаа

Эх сурвалж “Өдрийн сонин”

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.