2024 оны 04 сарын 18
Зочин
Б.Гарамгайбаатар: Багийн дарга ч хийж үзээгүй хүмүүс сонгогдсоны гор гарч байна

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Таны хувьд улс төрд хэр идэвхтэй байна вэ. Тухайлбал, АН-ын үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож байна?

-АН-ын Үндэсний бодлогын хороонд Хэнтий аймгаас сонгогдсон. Мөн намын Төрийн байгуулал, нутаг дэвсгэр, засаг захиргааны удирдлагын бодлогын зөвлөлийг удирдаж байна. АН шинэчлэл болон олонхийн бүлгийн гаргаж буй хууль эрхзүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж сүүдрийн Засгийн газрын байр сууринаас  хяналт тавих зорилгоор бодлогын зөвлөлүүдийг байгуулсан. Бодлогын зөвлөл 2019, 2020 онд улам хүчтэй дуугарч, идэвхтэй ажиллана. УИХ-ын дарга М.Энхболд намынхаа Их хурлын үеэр тавьсан улс төрийн илтгэлдээ  “Бодлогын намын эх суурийг АН тавьж байна. АН асуудлыг олон талаас нь ярьж хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг нэгдмэл гаргах чадвартай нам. МАН бол дотоод асуудлаа гадагш нь цацдаг нам” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бодит үнэн бол энэ.

АН-ын бодлогын хорооноос Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нарын хасагдсан талаар нэлээдгүй ярилаа. Энэ мэтээр АН-ын дотоод зөрчил үргэлжилсээр байна уу?

– АН урагшилж байна. Нэлээдгүй шинэчлэл хийсэн. Таны нэр дурдаад байгаа хүмүүс намын шинэчлэлд өөрсдөө зорьж орох ёстой. Түүнээс хөндлөнгөөс янз бүрийн юм ярих нь өнөөдрийн цаг үед тохирохгүй. Шинэ залуу боловсон хүчнүүд хурдтайгаар түрэн гарч ирж байна. Залуучуудад орон зайгаа алдсан бол эргүүлж авах хэцүү. Тиймээс энэ хүмүүс бухимдаж байгааг үгүйсгэхгүй.

АН бол дан ганц С.Эрдэнэ биш юм. Олон шинэ бодлого уралдаж байна. Тэр тусмаа үндсэн үзэл баримтлал зүг чигээ бодитойгоор олж байна. АН баруун төвийн хүний эрх, хувийн өмчийг хамгаалах, хумигдаж байгаа ардчиллыг хэвийн байдалд оруулах, засаглалын зөв ху­ваарилалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын эв нэгдэл, уламжлалыг хадгалах үндсэн таван зарчим дээр тулгуурлаж байна. Хэрэв энэ үзэл баримтлалын аль нэгийг тууштай хэрэгжүүлж, хамгаалж  чадахгүй бол олон түмнээс уучлалт гуйх ёстой.

Шинэ парламент байгуулагдсанаас хойш өнгөрсөн дөрвөн жил олонх байсан АН-ын чих багагүй халууцлаа. Тухайлбал, Хөгжлийн банк, Монголбанкаар зориулалтын бусаар зарцуулсан мөнгөнүүд эхнээсээ илэрч байна?

-МАН гарч ирснээсээ хойш өнгөрсөн дөрвөн жилийг хангалттай шүүмжиллээ. Хувь улстөрчийнхөө үүднээс ганцхан зүйл хэлье. 2012 оны сонгуулийн дараа МАН 17 тэрбум төгрөгийн эдийн засгийн нөөцтэй улсыг хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Түүнийг нь Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үгүй хийж, дээр нь бондууд авч хэрэглээд улс орны эдийн засгийг уналтад оруулсан гэдэг. Гэтэл 17 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэж өгсөн юм бол яах гэж бонд босгосон юм бэ. Үнэхээр тийм өсөлттэй байсан бол бонд босгох ямар ч шаардлагагүй. Бонд босгоход МАН хүчтэй цөөнх төдийгүй гуравдагч хүчин ч байсан. Тэгсэн мөртлөө яагаад эсэргүүцээгүй юм бэ. АН-д их мөнгө хүлээлгэж өгсөн юм бол бонд босгох ямар хэрэгтэй юм. Үүнийг хүмүүс мэддэг мөртлөө хэлдэггүй.

Эргээд орон нутгаар явж байхад хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн Ардчилсан нам ажил хийсэн юм байна гэдгийг ард түмэн хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Засгийн газрын өнгөрсөн хоёр жилд хийсэн ажил болгон АН-ын Засгийн газрыг тууз хайчлах боломжтой болгоод орхисон ажил юм шүү.

Сөрөг хүчин есөн гишүүнтэй. Хэт цөөнх болохоор сайн ажиллаж чадахгүй байна уу гэсэн шүүмжлэл байдаг. Эсвэл олонхийн шийдвэрт нөлөө­лөх хэмжээнд ажиллаж чадахгүй байна уу?

-АН-ын бүлэг дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд байгаа учраас бүлэг, АН-ын оролцоо нэгдмэл байж улс төрийн шийдвэрт хяналт тавина. Одоо бол бүлэг, нам хоорондын уялдаа холбоо сайн хэмжээнд хүрэхгүй байна гэж харж байна. Бүлэг тусдаа шийдвэр гаргадаг ч төв намын удирдлага, улс төрийн, бодлогын зөвлөлтэй нягт хамтран ажиллаж ойлголцох ёстой. Хувь гишүүд үзэл бодлоо илэрхийлэх хэмжээнд байгаа нь энэ зарчим доголдож байгааг харуулж байгаа юм.

Шинээр сонгогдсон парламентын үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байна вэ. 40 гаруй шинэ гишүүнээр хүчээ сэлбэлээ?

-Энэ удаагийн Их хурлын дүгнэлтийг сонгогчид хийчихсэн байх. Миний хувьд 2016 оны сонгууль юу болоод өнгөрөв гэдэг шиг төрийн байтугай багийн ажил хийж үзээгүй хүмүүс гарч ирсний горыг бид амсч байна. Нэг үгээр хэлбэл, шинээр сонгогдсон 41 гишүүнийг хэлж байна. Үндсэндээ төрийн болон орон нутгийн ажлын туршлагагүй хүмүүс нэг шуурганаар гэнэтхэн УИХ-ын гишүүн болж гарч ирээд төрийг самарч дуусч байна.

Гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал чуулган дамжин яригдлаа. Үүнийг дагаад Дэгийн хуулийг өөрчлөхөөр боллоо. Гишүүдийн сахилга, хариуцлагын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өмнөх дөрвөн жилд АН олонх байсан үеийн ажил таслалт 10 мянган цаг байсан. Харин одоогийнх 1000 цаг гэсэн асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байна. Гэтэл өнөөдрийн 1000 цаг тасалж байгаа УИХ-ын үнэмлэхүй олонх нь хэн юм бэ. Хоёрдугаарт, АН-ын үед үнэмлэхүй олонх гэж байгаагүй. Асуудал болгоныг эсэргүүцэж, унагаахын тулд 26-27 гишүүнтэй маш хүчтэй сөрөг хүчин бодлогоор ажил хаялт зарлаж байсан. Цаг бүртгэлд энэ нь бодлогоор, энэ нь ажил таслалт  гэсэн юм байхгүй. УИХ-ын тасалсан цагийг нийтэд нь дүгнэхэд 10 мянга хүрсэн байхыг үгүйсгэхгүй ч гол автор нь тухайн үеийн цөөнх буюу МАН. Юмыг мартагнуулж байгаад өдөр шөнөгүй буруутныг нь зарлахыг хичээж байгаагаас энэ УИХ-д өөр хийж байгаа ажил алга. Дотоод асуудлаараа маргалдсаар байгаад хоёр жилийг өнгөрөөчихлөө. Аюултай хуулиудыг ард олныг үймүүлж, сэтгэл санааг нь хөөргөж байгаад оруулж ирж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан ажлыг хийж явна.

Гишүүдийн ёс зүйн асуудалд харамсч байна. Одоогийнх шиг ёс зүйн асуудал өмнөх аль ч парламентад байгаагүй. Уг нь зөвхөн ёс зүйтэй холбоотой  асуудлаасаа болж энэ удаагийн парламент сайн дураараа тарах ёстой. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй хар толбо. Хамгийн харамсалтай нь дотроо хэрэлдэж зодолдсоор хоёр жил болчихлоо. 90 жил Монгол Улсыг удирдан чиглүүлж явсан боловсон хүчний нөөцтэй, алдартай МАН дотроо хуваагдаж, зодолдож байгаа нь олны өмнө ил байна. МАН 90 насалсан хүн ямар байдагтай утга ижил юм. Тиймээс өөрсдийгөө 90 жилийн түүхтэй, Монгол Улсыг удирдан чиглүүлсэн гэж яриад нэмэргүй. Хатуухан хэлэхэд зөнөсөн хүний эргэж ярьдаг зүйл болох нь. Үнэндээ улс орны эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа юм алга. Газрын доорх баялгийн үнэ өсч, Олон улсын валютын сангаас тусламж авсан учраас эдийн засаг наашилж байна.

Монгол Улсын бодлого төлөвлөлтийн хуулийг АН олонх байхад анх удаа гаргасан. Үүний дараа Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг гарсан байдаг. Үүнд МАН, АН, МАХН гэсэн улс төрийн томоохон хүчин, нэр нөлөө бүхий эрдэмтэд гар бие оролцсон. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож байгаа намууд энэ хөтөлбөрөөс өөрөөр санал худалдаж авах амлалт өгөхгүй гэж зааж өгсөн байтал өнөөдөр МАН огт хэрэгжүүлэхгүй, мартчихсан явж байна. Харин гурван тулгуурт хөгжлийн бодлого гэдэг шинэ юм гаргаж ирлээ. Төрийн уламжлагдсан бодлого байхгүй нь үүнээс харагдаж байна. Эрх баригч нам ажил хийж чадахгүй байгаагийн хор нь 41 шинэ гишүүн орж ирснээр илэрч байна. Төр гэдэг уламжлагдсан, мэргэшсэн байх ёстой. Тиймээс намууд хойшид сонгуульд орохдоо хэл яриа нь цэгцэрсэн, юмны цаад наадахыг ойлгох, ядаж багийн Засаг даргаар ажиллаж үзсэн хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Эрх баригч намтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудлыг зарим гишүүн нь сөхөж эхэллээ. Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар ярьж байна?

-60 тэрбумын асуудал анхнаасаа ойлгомжтой байсан. 2016 оны сонгуулийн дараа энэ асуудал босч ирэхэд МАН-ын удирдлагууд бүгд худал гэж мэдэгдсэн. Гэтэл одоо өөрсдөө үнэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.Харин хэн нь яаж оролцсон гэдгээ дотооддоо ил тод болгох асуудал яригдаж байна. 60 тэрбумын асуудал бидэнд хамаагүй. Гэхдээ өнөөдрийн УИХ-ын гишүүд бүгд 60 тэрбумын хамааралтай учраас асуудлаа дотроо шийдэх хэрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөхийг АН хүчтэй  эсэргүүцэж байна. Хуулийн өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?

-Захиргааны ерөнхий хуулиас өмнө иргэний хуулиар бүх асуудлыг шийдвэрлэдэг байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын өргөн барьсан төсөл авцалдахгүй байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд тохиолдож буй Засгийн газрын буруу шийдвэрийг шүүхээр заргалдах эрхгүй болгох гэж байна. Энэ нь Үндсэн хууль, хүний эрхийн заалтуудыг зөрчсөн.

Дэлхийн хөлбөм­бөгийн тэмцээн, Үндэсний баяр наадам, орон нутгийн нөхөн сонгууль иргэдийн анхаарлыг өөр зүгт чиглэсэн цаг үед Засгийн газар өөрийгөө хамгаалсан шийдвэрийг гаргуулахаар Захиргааны ерөнхий хуулийг яаран хэлэлцүүлэх гэж зүтгэж байна. Хэрэв энэ шийдвэр батлагдчихвал Зөрчлийн хуультай адил асуудал үүснэ. Захиргааны ерөнхий хуулийн гол үзэл санааг үгүй хийх гэж байгаа нь Засгийн газар дураараа авирлах, хууль бус зүйл хийх эрх зүйн зохицуулалтыг хийж ардчиллыг хумих  гэж оролдож байна. Хүч түрж батлагдсан ч сарын дараа дахин өргөн баригдахад гайхах зүйлгүй учраас мэргэжлийн хуульчид эсэргүүцэж байна.

Чуулганаар томоохон обьектуудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

-Өмч хувьчлалыг бөөнөөр нь оруулж ирж байгаа нь буруу. Магадгүй захиалгатай хувьчлал яригдаж байгаа бол тухайн салбарын ажилчид Захиргааны шүүхэд гомдол гаргах эрхгүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх гэж байна. Энэ маш ноцтой.

Төрийн өмчийг Хөрөнгийн биржээр хувьчилна гэсэн мөртлөө Хөрөнгийн биржийг хувьчлах жагсаалтад оруулсан нь ойлгомжгүй. Хувьчлал зэрэг явах юм уу. Хөрөнгийн биржийг хувьчилсны дараа хийх гэж байгаа бол энэ өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал биш. Өмч хувьчлалаар төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудал байнга яригдаж ирсэн. Тухайн үед МАН-ын нөхдүүд ард түмнийг хамгаалж байгаа нэр зүүж чагт тавьж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлт ч адилхан. Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөх гэж байгаа учраас дэмжих боломжгүй болгож байгаа юм.

Таныг сүүлийн хэдэн жил хууль хяналтын байгууллага шалгалаа. Хэрэг эцэслэгдсэн үү?

-Таван жил хангалттай шалгуулсан. Прокурорын байгууллагаас бүх асуудлыг хянаж үзээд ямар нэг хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор бичгээр өгсөн. Хаагдаж байсан бүх эрхийг сэргээлээ гэсэн.

С.УЯНГА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.