2024 оны 04 сарын 19
Зочин
Т.Ихтамир: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх гомдол ирэхээр эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэдэг

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүний Эрхийн Олон Улсын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийн хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан, Хүний эрхийн үндэсний комиссоос олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ сарын 5-нд буюу маргааш /өнөөдөр/ "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулна. Хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГУЕПГШШГЕГ, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл тавина. Мөн энэ сарын 6-ны өдөр Хүүхдийг ивээх сан болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Харин 7-нд нь  Монголын Эмнести Интернэшнл байгууллага, БСШУЯ хамтран Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь Симпозиумыг зохион байгуулна гэх мэт маш олон ажлыг төлөвлөсөн байгаа.

-Хүний эрхийн асуудал хөндсөн гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг байхаа. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

   -Манай комиссод ирж байгаа иргэний гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх,  хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлдэг. Иргэн гэмт хэрэгт холбогдоод гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдох хүртэлх хуулийн бүхий л процесс нь “Миний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх” эрхийг зөрчлөө гэж үзэх юм бол манайд гомдол гаргаж болно.

-Манайд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн манай улс НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Олон улсын гэрээ конвенц нь өөрөө дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд хангалттай зохицуулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ зарим хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хуулиар зохицуулагдсан боловч практик хэрэглээний явцад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хэрэгжилт нь хангалтгүй байх зүйлүүд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй.

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэдэг. Таны бодлоор Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субъект нь хэн бас юу байна вэ?

-Хүн амьдарч байгаа газар зөрчил гарч л байдаг. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болгож байна гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, ААН-үүдийн хооронд эсвэл  иргэн ААН-ийн хоорондох харилцааны явцад зөрчигдөж болдог. Энэ нь хэвтээ шугаманд хүний эрхийн зөрчлийг бий болгож байгаа хэлбэр. Харин босоо шугаманд байдаг хүний эрхийг зөрчил гэдэгт төрөөс гаргаж байгаа бодлогын шийдвэр, хууль тогтоомж дүрэм журмууд хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулагдаж чадаагүй хийдэлтэй хууль тогтоомжууд хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг.

-Тэгвэл хүний эрхийн зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, иргэн өөрөө эрхээ шаардах ёстой. Мөн хүний эрхэд нийцсэн хийдэлгүй хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-ХЭҮК жилд дунджаар хэчнээн гомдол хүлээж авдаг вэ?

-Иргэд ААН байгууллагаас жилд дунджаар 500-700 гомдол хүлээж авдаг. 2014 оноос хойш манайд ирж байгаа гомдлын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь комиссын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болсны илрэл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлын тоо нэмэгдсэнийг хүний эрхийг зөрчил их байна гэж харахаасаа илүүтэй иргэд маань эрхээ мэддэг, шаарддаг болсон байна гэж харж байна.

-Яг үнэндээ эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шүүхэд хандаж, ямар тохиолдолд танайд хандахаа мэддэггүй. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь ХЭҮК-т ямар төрлийн гомдол гарах боломжтой вэ?

-Хүний эрх гэдэг маш өргөн хүрээний асуудал. Хүн байгаа газарт хүний эрхийн асуудал их бага хэмжээгээр яригдаж л байдаг. Тэр ч утгаараа хүний эрхийг хангах зорилготой маш олон төрийн байгууллагууд, хууль тогтоомжууд байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын хооронд харьяалан шийдвэрлэх асуудлууд гэж байдаг. Жишээлбэл, эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад байдаг. Шалгаж байх явцад нь хяналт тавих чиг үүрэг нь Прокурорын байгууллагад бий. Тухайн хүн буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Харин хүний эрхийн комиссод, тухайн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа үндсэн хуульд зааж, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өмгөөлөгчөөр хангагдах, хууль зүйн туслалцаа, мэдээлэл авах эрхийг нь хангаж байна уу гэдэг асуудал хамааралтай байдаг. Үүнийг хүмүүс ялгаж ойлгодоггүй. Би хилс хэрэгт холбогдоод шалгагдаад байна. Намайг хэрэг хийгээгүй байхад шалгаад байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гэх асуудлаар манайд хандаад байдаг. Мөн иргэний маргаан, захиргааны маргаантай холбоотой асуудлууд манайд их ирдэг. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол багагүй хувийг эзэлдэг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн ажилтны иргэний үнэмлэх, диплом зэргийг нь барьцаалдаг. Ажлаас халагдах үед нь бичиг баримтыг нь өгөлгүй, тухайн хүнд шахалт үзүүлдэг. Энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тухайн өдөртөө бүх бичиг баримтыг нь өгөх ёстой. Мөн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар ажилласан хугацааны хөлсийг нь өгдөггүй гэсэн гомдол маш их ирж байна. Энэ бүгд хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд гомдол гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь аж ахуй нэгжээс нь гаргуулах, ажилласан хугацааных нь хөлсийг нөхөж олгуулах, нөлөө бүхий төрийн байгууллагад мэдээлэх үйл ажиллагааг явуулж байна.

      Түүнчлэн манайх жендэрийн тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын зөрчил, гомдлыг хүлээн авдаг цорын ганц байгууллага. Тэр ч утгаараа энэ төрлийн гомдол их ирдэг. Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулдаг.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол гаргаагүй хэргийг танай байгууллага анхааралдаа авч шийдвэрлэх боломж байдаг юм уу?

-Боломжтой. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж нийгмийг цочроосон асуудал дээр ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд мэдээллийн мөрөөр ажилладаг. Жишээлбэл, өнгөрсөн жил гарсан хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охины асуудал байна. Энэ хэрэг дээр манайх мэдээллийн мөрөөр ажиллаж,  хариуцлага алдсан эмчид хариуцлага тооцуулсан.

-Хүний эрхийн комисс гомдол мэдээллийг ямар байдлаар хүлээж авдаг вэ. Зарим байгууллага гомдлоо заавал бичгээр гаргах ёстой гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл өөрөө бичээд өөрөө аваачаад өгөх боломжгүй хүмүүс бас байгаад байдаг?

-Манайх гомдол, мэдээллийг бичгээр, утсаар, амаар, цахимаар гэх дөрвөн төрлийн хэлбэрээр хүлээж авдаг. Мөн бид хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг. Тиймээс хуулийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй ирж уулзах, шаардлагатай бол 70000222 утсаар зөвлөгөө, мэдээллийг авч болно. Энэ утас маань 24 цагаар ажилладаг. Ажлын бус цагаар дуут шуудан үлдээх боломжтой. Манай бүртгэл мэдээллийн ажилтан өглөө ирээд бүх дуут шууданг сонсож, бүртгээд бидэнд мэдээлдэг.

-Иргэдээс ирж байгаа бүхий л гомдол мэдээллийг та хүлээж авдаг. Ямар төрлийн гомдол мэдээлэл таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?

-Манайд чинь задарсан хүмүүс ирэхгүй ядарсан хүмүүс л их ирдэг. Өөрөөр хэлбэл, хаана хандахаа мэдэхгүй байгаа зовлон тээсэн хүмүүс их ирдэг. Хэдий миний ажил ч гэсэн хүн л юм болохоороо зарим нэг гомдол мэдээлэлтэй танилцаад эмзэглэж, хямардаг. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хүчирхийллийн асуудал дээр би маш их эмзэглэдэг. Заримдаа бүр асуудал дотор нь орчихсон өөрөө шаналаад сууж байх тохиолдол ч гардаг. Ер нь эмэгтэй хүнд бол хэцүү ажил. Гэхдээ ажил амьдралаа ялгахгүй бол дунд нь ороод уйлж хайлаад байж болдоггүй болохоор их тэвчдэг дээ.

-Хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр их эмзэглэдэг гэлээ. Яг энэ төрлийн таныг хамгийн ихээр эмзэглүүлж байсан кэйс юу байна?

-Ер нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх охиноо дагуулаад ирж байгаа ээжүүд байдаг. Яг энэ тохиолдол дээр би өөрийн эрхгүй маш ихээр эмзэглэдэг. 

-Өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл танай байгууллагад хэр их ирдэг вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд манайд бас их ирдэг. Ихэвчлэн хүчирхийллийн тухай гомдол мэдээлэл ирдэг. Энэ асуудлыг өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан илтгэлдээ маш том бүлэг болгож оруулсан. Үүнтэй холбоотой нэг кэйс ярихад нэг аймагт гэртээ дүүтэйгээ хоёулхнаа байхад нь найман настай охиныг ууланд аваачиж хүчирхийлээд, нүүр амыг нь сэглээд хаячихсан. Хүчирхийлэгч ялаа аваад явсан, ойлгомжтой. Харин охин нутагтаа амьдрах боломжгүй болоод Улаанбаатарт шилжин суралцсан. Гэтэл сургуульдаа сурч байсан охиныг “охидын үзлэг” гээчид хамруулж, багш нь ангийнх нь хүүхдүүдийн өмнө “чи яасан ичдэггүй юм” гэх мэтээр доромжилсон. Тэгээд тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Монголын нэг сайхан хүүхэд охидын үзлэг хийж хамаагүй мэдээлэл цацдаг эмчийн буруутай үйл ажиллагаанаас, хүүхдүүдийн өмнө нэгийг нь доромжилдог багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод сэтгэцийн өвчтэй болсон жишээ. Тэгэхээр хүчирхийлүүлээд үлдэж байгаа охидын асуудал үнэхээр хүнд байна. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, нутаг усыг нь зарлаж нэр хүндэд нь халдах, ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдлууд ч ирдэг.

- Хүүхдүүд өөрсдөө гомдол гаргах тохиолдол байдаг уу?

-Хүүхдүүд манай байгууллагад гомдол гаргах тохиолдол байдаг. Тухайлбал, үдийн цайнаасаа би хордчихлоо. Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэртээ хэвтрийн дэглэмд байдаг. Телевиз үзэх гэсэн чинь надад зориулсан, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гарахгүй байна. Энэ нь миний мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэх мэт гомдлууд хүүхдүүдээс ирдэг.

-Та түрүүн ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй. Үүнээс үүдэн нөхцөл байдал хүндэрдэг гэсэн. Тэгэхээр тухайн эмэгтэйд ямар асуудал тулгарч, ямар нөхцөл байдал үүсвэл өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгох вэ?

-Манай Улсын иргэн бүрт эрх тэгш үйлчилдэг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулинд эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байх ёстой. Аль нэгэнд нь давуу байдлыг олгож болохгүй гээд хуульчилсан байдаг. 

-Хөдөө орон нутагт амьдардаг. Эрх нь зөрчигдөөд байгаа иргэд танайд яаж хандах вэ. Танайх орон нутагт салбартай юу?

-Хүний эрхийн комисс 2014 оны нэгдүгээр сараас аймаг бүрт нэг, нэг ажилтнуудтай болсон. Тухайн ажилтнууд маань орон нутагтаа үүссэн хүний эрх зөрчигдсөн бүх асуудлыг хариуцан ажилладаг. Манай хуулинд комиссын гишүүд санал гомдлын дагуу бүх асуудлыг шалгаж, шийдвэрлэх боломжтой гэж хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас хэрэг явдлын талаар тайлбал тодруулга авах, шаардлагатай бол баримт материалыг гаргуулан авах, дангаараа болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт шалгалт явуулах, хүний эрхийн зөрчил бүхий объектуудад саадгүй нэвтрэх, шаардлагатай тохиолдолд төр байгууллага хувь хүний нууцтай танилцах гэх мэт эрхтэй. Тэгэхээр орон нутгийн ажилчид маань Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдээс өгсөн чиглэлийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа.

-Иргэнээс ирсэн гомдлыг хэрхэн хянаж шийдвэрлэдэг вэ?

-ХЭҮК хуульд заасан эрх үүргийн дагуу иргэнээс гомдол хүлээж авдаг. Иргэнээс авсан гомдлыг хүлээж аваад албаны хүмүүсээс тайлбар авах, бичиг баримтыг нь гаргуулах гэх мэтээр олон төрлийн холбогдох ажиллагааг явуулдаг. Ингээд ажиллаа явагдсаны эцэст тухайн гомдолд дурдагдсан зөрчил нь хүний эрхийг зөрчиж байх юм бол ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг хувь хүн, албан байгууллагад хүргүүлдэг. Хэрэв гомдол нь зөрчил гэж үзэхээргүй байх юм бол тухайн байгууллагад нь “хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн ХЭҮК нь хүний эрх зөрчсөн албан тушаалтан, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, шүүхийн шатанд эрх нь зөрчигдсөн хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргасан иргэн болон гомдол гаргасан иргэнийг эвлэрүүлэх чиглэлээр ажилладаг.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.