2024 оны 04 сарын 23
Зочин
Б.Золзаяа: Залуучууд ангийнхаа Доржоотой биш, дэлхийд өрсөлдөх хэрэгтэй

МУИС-ын “Ротаракт” клубын ерөнхийлөгч, “Маргаашийн Манлайлал”  арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч, шинийг эрэлхийлэгч, хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч, залуу үеийн төлөөлөл Б.Золзаяатай ярилцлаа.

 -Энэ өдрийг хэрхэн эхлүүлсэн бэ? Эндээс яриагаа эхлэе?

-Сайн уу. Баярлалаа. Өдрийн мэнд. Өнөөдөр өглөө сургалтандаа явж өдрийг эхлүүлсэн. Ер нь миний өглөө 04 цаг 30 минутаас 05 цагийн хооронд эхэлдэг. Өдөр болгоны хамгийн чухал зүйл бол “Нэг сумаар нилээн хэдэн туулай буудахыг” эрмэлздэг. Хэлний сургалтад 06.00 цагаас явдаг болохоор өглөө эрт сэрж даалгавраа хийдэг.

-Өөрийг тань цаг баримтлах болон хэмнэх тал дээр залуу манлайлагчдын нэг гэж сонссон?

-Хүн бүрт тэгш заяасан 24 цагийг үр өгөөжөөр дүүрэн өнгөрүүлэх нь миний гол зорилго байдаг. Өөрийн төлөвлөсөн зүйлээ хэн нэгний шахалтаар цуцалдаггүй. Цаг минут урсан өнгөрдөггүй, харин бидний амьдрал, залуу нас цаг хугацаанд урсан өнгөрдөг. Харамч биш мөртлөө өөрийн мэдлийн цагаасаа хүмүүст маш их харамладаг. Өөртөө л цагийг үр бүтээлтэй зөв зарцуулахыг хүсдэг гэсэн үг л дээ. /инээв/ Хэлний сургалтанд өглөө 06.00 цагаас явдаг. Сургалт руугаа явах замдаа 5 хуудас ном уншдаг, сургалтнаасаа ажил руугаа 1 хуудас ном уншдаг, ажлаасаа орой гэр лүүгээ харихдаа 4-5 хуудас ном уншдаг. Нэг сумаар нилээн хэдэн туулай буудах миний гол зорилго. Бас хамгийн чухал нь хэн нэгэнд гай болохгүй амьдрах /инээв/. Бас зөв сэтгэлтэй байх.

-“Ротаракт” клубын талаар ярьвал? Энэ клубт элсэх хүсэлтэй оюутнууд цөөнгүй байдаг юм билээ?

-Олон улсын “Ротари” хөтөлбөрийн харьяа 18-35 насны залуучуудын клуб юм. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 15-н Ротаракт клуб байдгаас их сургуульд түшиглэсэн гурван клуб үйл ажиллагаа явуулдаг. Манай МУИС “Ротаракт” клуб бол Монгол улсын болон хувийн сургуулиудын бүх оюутнууд байдаг өргөн хүрээний том клуб юм.МУИС Ротаракт клуб нь нийгэмдээ хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

-“Маргаашийн манлайлал” арга хэмжээний талаар сонирхуулахгүй юу?

-Анхны арга хэмжээ маань  2017 оны 9 дүгээр сард Дэлхийн хэмжээнд сэтгэе уриан доор эргэх холбоотой манлайлалыг бий болгох зорилгоор 700 гаруй залууст зохион байгуулсан. Үүний дараа Англи, Хятад, Солонгос, Герман хэлний үнэгүй сургалтыг зохион байгуулсан. Энэ оны гуравдугаар сард 2 дахь арга хэмжээгээ илүү олон онцлогтойгоор амжилттай зохион байгуулж, СХД 8 дугаар хорооны 9500 гаруй иргэдэд үйлчилдэг өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай аппарат, хэрэгсэлийг хандивласан. Бид удахгүй өргөжин тэлж, өнөр өтгөн “Маргаашийн манлайлал” клубыг нээж шинийг эрэлхийлсэн, гялалзсан залуучуудаар багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Илүү олуулаа, илүү шинэлэг, илүү үр дүнтэй ажил зохион байгуулах хүсэлтэй байгаа.

-Эдгээр арга хэмжээ, сургалтуудыг зохиож буй гол зорилго нь юу вэ?

-Залуус бид өдөр бүр цаг тутам тасралтгүй суралцахгүй л бол хоцрох үе ирсэн. Бид нар ангийнхаа Дулмаа, Доржоо нартай өрсөлдөх биш, дэлхийн хэмжээнд сэтгэж, өөр тивийн аль нэг улсын залуустай өрсөлдөх хэрэгтэй. Салбар салбараар суралцдаг, салбар бүрийн мэргэжилтэнгүүдийг цуглуулж, хамгийн түрүүнд бие биенээсээ суралцах  зорилготойгоор сургалтуудыг явуулдаг. Мэдлэгээ нэгэндээ хуваалцаж байна гэсэн үг. Энэ нь бидний нэн түрүүнд хийх ажил ба дараа нь нийгэмдээ бусад залууст зориулсан хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлдэг.

-Таны эрх зүйч мэргэжлийг сонгосон шалтгаан юу вэ? 

-Хөрвөх чадвартай мэргэжил гэж бодож сонгож байсан. Анх сэтгүүлч болно гэж туйлын хүсэлдээ автсан надад оюутан болоод, үзэж байсан хичээл минь сонирхолгүй санагдаж, дургүйд хүчгүй гэдэгчлэн суралцдаг байсан үе байсан . Гэхдээ үйлдвэрлэлийн дадлагад гарснаасаа хойш эрх зүйч мэргэжлийнхээ амтанд орж, дэндүү их дурлаж бас эрх зүйч мэргэжилдээ зөндөө хайртай болсон. Анх сонирхолгүй сонгосон ч мэргэжилдээ дурлах нь оюутан байх хугацаандаа хийх хамгийн чухал зүйл байсан гэж хардаг.

-Сэтгүүлч мэргэжил эзэмших дур, сонирхлоо гэнэт орхиод яагаад эрх зүйч мэргэжлийг сонгосон бэ?

-Би багаасаа л дэлхийн тавцанд нэр алдар нь цуурайтсан сонин, хачин элдэв соргог мэдээллээр дүүрэн ажил хэрэгч хатагтай нарын уншдаг биш, сонсдог бас үздэг сэтгүүлийг гаргаж, өөрийн үзэл бодлыг бусдад тулгахгүйгээр, үнэн зөвөөр бодит байдлыг харуулдаг сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсдэг   байсан. Дунд сургуулиа төгсөх үед өөр мэргэжлийг сонго гэсэн ээж, аавын санал надад ирж эрх зүйч мэргэжлийг сонгож суралцсан.

-Сургуулиа саяхан төгссөн байх аа. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Шүүхийн байгууллагад ажилладаг. Оюутны ширээнээс ажилчин болсон надад ажил хийхийн сайхныг мэдрэх, өөрт оноогдсон хийж байгаа уг ажилдаа дурлах нь хамгийн чухал байлаа. Одоо 2 сар гаран болж байна.Энэ хугацаанд ажлаасаа хамгийн их ташаал, аз жаргалыг мэдэрдэг болсон шүү /инээв/.

-Таныг маш олон сайн дурын ажилд оролцож байсан гэж сонссон?

-Би 9-р ангиасаа хойш 7 жил сайн дурын ажил хийж байна. Сурагч байхдаа Нийслэлийн хүүхдийн холбооны гишүүн, Сүхбаатар дүүргийн хүүхдийн холбооны тэргүүн, сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга мөн өөр ч төрийн бус байгууллагатай байсан. Сургуульдаа ч, дүүрэгтээ ч, хотдоо ч нилээн хөөрхөн хэдэн ажил хийж байсан юм байна лээ.  11 дүгээр ангидаа “Ногоон ирээдүй-Бидний гарт” нэртэй анхны төслөө хэрэгжүүлсэн. Үүний дараа Ази Номхон Далайн орнуудын “Байгаль Хамгаалах Залуучуудын чуулган”-д Монгол улсаа төлөөлөн оролцох 4 хүүхдийн нэгээр сонгогдож оролцож байсан. Өөрөө жоохон охин байсан байж, одоогоос 6 жилийн өмнө байх, хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-д Ганжавхлан ахтай хамтдаа тэнцэж байсан. Харин оюутан болсныхоо дараа ОУ-ын хөдөлгөөн Ротаракт клубд элсэж Хавдар судлалын үндэсний төвд олон улсын стандартад нийцсэн өрөө тохижуулах төслийн эхний шатны ажлын хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Сайн дурын аян зохиохыг хүсдэг олон залуус байдаг ч зориглон эхлэж чаддаггүй. Тэгэхээр сайн дурын ажил эхлүүлэхэд хамгийн чухал шаарддаг зүйл юу байдаг юм бол. Та зөвлөөч?

-Сайн дурын ажилд хэцүү зүйл огтхон ч байхгүй. Сэтгэл л байхад болдог зүйл. Харин шантрах үе зөндөө байдаг. Нийгэмдээ хэрэгтэй олон ажлыг хийж ихийг хийхийн тулд битгий шантраарай. Сайн дурын ажил хийснээр өөрт үлдэх зүйл маш их. Маш их аз жаргалыг чамд өгдөг, олон зүйлийг сурдаг, олон ажил хийж сурдаг, хүнтэй харьцаж сурна, танилын хүрээгээ тэлнэ, хариуцлагатай байх, амьдралын ухаанд суралцдаг. Үр дүн нь маш гоё учраас заавал одоо эхлээрэй. Чамд ямар нэгэн санаа тархинд чинь орж ирсэн л бол яг тэр үедээ л эхэл. Хожим гэсээр байтал хэн нэгэн чиний санааг аль хэдийнээ ажил болгосон байна.

-Өмнө нь сурдаг байхдаа, одоо ажиллаж байгаа ч мөн  л сайн дурын, олныг хамарсан ажил зохион байгуулж байгаа. Цаг, заваа хэрхэн зохицуулдаг вэ?

-Бүх зүйлийг минутаар хэмждэг болсон надад олон ажил амжуулах зөндөө их аз жаргалыг бэлэглэдэг. Завтай ,ажил бага байхаас ачаалал ихтэй байх нь бас зөндөө их аз жаргалыг бэлэглэдэг. Гэхдээ нэг хийсэн зүйлийнхээ эцсийг нь үзэж санаа амардаг учраас амжихгүй зүйлдээ нэг бол чадахгүй гээд бардам хэлчихдэг. Хамгийн түрүүнд аль ажил нь надад илүү чухал билээ гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг. Дараа нь бол сайн хамтрагч хамгийн чухал. Сайн хамтрагч асар их цагийг хэмнэдэг. Чи амжихгүй зүйлдээ үргэлж үгүй, чадахгүй гэдгээ хэлж сураарай, чиний асар их цагийг хэмнэнэ.

-Таны амьдралдаа санаж явдаг  үнэтэй зөвөлгөөнөөс уншигчдад хуваалцвал?

-Монголын Оюун ухааны академийн багш, дасгалжуулагч Б.Баасандорж багш маань надад хүн чанар, хүнлэг сэтгэлээ хэзээ ч битгий алдаарай гэж захидаг.  Бас “Хөдөлмөр хэзээ ч хүнийг гомдоодоггүй” гэж хэлсэн нь  үйл, хөдлөл, алхам тутамд минь надад үргэлж бодогддог. Мөн үйлдвэрлэлийн дадлага хийсэн прокурорын байгууллагын ах, эгч нар маань нэг юм хийж байгаа бол тэрийгээ бүрэн гүйцэт сэтгэлээсээ хийж сурах нь ажил дээр хамгийн чухал чадвар гэж хэлж байсан. Одоо яг үүнийг үргэлж бодож ажилладаг.

-Таны авч байсан шагналуудаас хамгийн дурсамжтай шагнал тань юу вэ?

-Нэг өдөр сургуулийн захиргаан дээр Боловсролын яамны хаягтай миний нэртэй дугтуй ирж байсан. Тэр үед сургуулийн захирал гайхаад задлаад үзсэн Сайдаас Эрхэм хүндэт Билэгт Золзаяа танд гэсэн талархлын бичиг байлаа. Доторхыг нь уншаад үзтэл  сурлага, хөдөлмөр, олон сайхан, сайн үйлсийг бүтээж байгаад баяр хүргэе. Хамгийн гол нь чи өөрөө хичээж ажилласан тул ийм сайхан үр дүнд хүрсэн. Дүүдээ маш их баярлалаа. Монгол эх орны өмнөөс гүн талархал илэрхийлье гэсэн гайхалтай урмын үгтэй бичгийг авсан минь жоохон охин миний дэврэнгүй мөрөөдлийг минь асар ихээр өдөөж, олон зүйлийг хийж бүтээх хүслийг минь огшуулж өгсөн хамгийн гоё дурсамжтай  үнэ цэнэтэй шагнал байсан.

-Яриаг чинь сонсоход дандаа бусдад тусалсан их гэгээлэг зүйлийг ярих юм. Тэгээд түүнээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг мэт…Ер нь таныг амьдралд хамгийн их сэтгэл хангалуун болгодог зүйл тань юу вэ?

-Бүх зүйлд байнга, дандаа, үргэлж талархаж явдаг. “Босоорой миний охин” гээд өглөөг инээмсэглээд угтах ээжтэйдээ, түшиг тулгуур аавтайдаа, халамжит ахтайдаа, аз жаргал бэлэглэгч дүүтэй гэр бүлийхэн минь. Өөртөө байгаа бүх зүйлээсээ аз жаргалыг мэдэрдэг.

-Өөрийгөө эрч, хүчээр хэрхэн цэнэглэдэг вэ?

Хайртай хүмүүстэйгээ хамт байж цэнэглэдэг хүн дээ. “Алт ховор учраас үнэтэй байдгийн адил амьдрал үнэтэй учраас богинохон байдаг” ийм үг байдаг даа. Цаг зав гарах бүртээ өвөө, эмээ дээрээ очиж, аав, ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлж эрч хүчээр дэндүү их цэнэглэгддэг.

 

-Ярилцсанд баярлалаа.

А.Ариунжаргал

Эх сурвалж: Shuud.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.