2024 оны 04 сарын 25
Зочин
"PUBG тоглоомонд донтсон 57 хүүхэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн"

Сүүлийн үед  PUBG гэх тоглоомонд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхэд хүртэл донтож байна. Энэхүү тоглоомыг тоглосноор гэр бүл доторх амьд харилцаа үгүй болж, тэр бүү хэл гэр бүлийн маргааны гол шалтгаан болоод байгааг албаны хүмүүс онцоллоо. Учир нь тухайн гэр бүлд аав нь тоглодог бол гэр бүлдээ цаг зарцуулж, эхнэр хүүхдэдээ туслахын оронд өдөр шөнөгүй шахам утас ширтэж,  PUBG тоглоомоо тоглож, улмаар энэ нь гэр бүлд хэрүүл авчирдаг байна. 

PUBG тоглосноор эцэг эхчүүдийн хүүхдэдээ анхаарах анхаарал халамж нь багасч, харин хүүхдүүдийн тухайд хүүхдийн хүмүүжил ёс суртахуун, сэтгэл зүйд нөлөөлж, хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол ч байдаг аж. 

Хамгийн харамсалтай нь цахим тоглоомонд донтсон хүүхэд эмчилгээ авахдаа маш удаан, урт хугацаанд эмчлэгддэг гэдгийг албаны хүмүүс хэлэв. Мөн цахим тоглоомын газарт тоглож байгаа хүүхдүүдийг судлахад дийлэнх нь эцэг эхийн анхаарал халамж муу, хараа хяналтгүй хүүхдүүд байдаг байна. 

Нэг цахим тоглоомын газарт өдөрт 300-600 үйлчлүүлдэг аж.

Мөн СЭМҮТ-д 2013 онд жилдээ 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2017 онд энэ тоо 94 болж гурав дахин өссөн үзүүлэлттэй байсан. Харин 2018 онд харьцангуй буцаж буурсан үзүүлэлт гарч, 57 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Эдгээр 57 хүүхдийн ямар тоглоом тоглодог талаар асуухад бүгд PUBG хэмээн хариулсан байна. 

Л.Цэрэндолгор:  Донтолт гэдэг нь ДЭМБ-ын тусгай кодтой эмгэг болоод байна

Ингээд цахим тоглоомонд донтож байгаа хүүхдүүдийн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүс том, жижиггүй PUBG гэх тоглоомонд донтож байна. Ер нь танайд цахим тоглоомонд донтон эмчлүүлж байгаа хүүхдүүд байна уу?

-Өнөөдрийн байдлаар нэг л хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Он гарсаар нарийн тоон мэдээлэл гараагүй байна. Өнгөрсөн онд амбулаториор цахим тоглоомонд донтсон 94 хүүхэд үзүүлсэнээс 57 нь бүтэн жилийн хугацаанд Хүүхэд өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн байдаг. 

-Цахим тоглоомонд донтох гэж яриад байдаг. Энэ донтох гэдэг нь эмгэг  юм уу, өвчин юм уу. Хэрхэн яаж илэрдэг юм бэ? 

-Интернэт тоглоомонд донтох нь Олон улсын 11 дүгээр өвчний ангилал гэж гарсан байдаг. АНУ болон бусад орон, ДЭМБ-д шинээр өвчний жагсаалтыг шинэчлээд гаргасан. Үүнд интернэт тоглоом, мөрийтэй тоглоомонд донтох эмгэг гээд эмгэгийн бүртгэлд оруулаад тусад нь ийм эмгэг байна гээд хүлээн зөвшөөрөөд ийм ийм шинж тэмдэг илэрнэ ингэж оношлоно, ингэж оношлоно гээд бүгдийг нь боловсруулаад шинэ өвчний ангиллаар оношлодог болж байгаа. Манай улс ч одоо ч ангилж байгаа. Ангилж байгаа код нь л өөр болохоос биш энэ өвчин байдаг. Энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд ч байна, насанд хүрэгчид ч бас байдаг.

-Цахим тоглоомонд донтож эмнэлэгт эмчлүүлж 57 хүүхэд байна. Бас зөвлөгөө авч гэрээр эмчлүүлж байгаа хүүхдүүд ч олон байдаг гэсэн?

-Цахим тоглоомонд донтсон гэдэг оношоор амбулаториор үзүүлсэн 94 хүүхэд байна. Энэ бол донтсон гэдэг онош. Харин хэтрүүлэн хэрэглэсэн гэх оношоор ирж үзүүлээд гэрээр зөвлөгөө аваад явдаг хүүхдүүд ч бас байгаа. Энэ нь арай өөр өвчний оношоор кодлогдоод явчихдаг гэсэн үг. Ерөнхийдөө эцэг эхчүүд энэ талын мэдээлэлтэй болчихсон тул хүүхэд цахим тоглоомыг жаахан хэтрүүлээд хэрэглээд автах гээд ирэхээр ирж үзүүлээд зөвлөгөө аваад урьдчилан сэргийлээд явдаг болсон учир яг донтсон хүүхдийн тоо бага гарч байгаа юм.

-Цахим тоглоомонд донтсон хүүхэд зан араншин сэтгэл зүйд ямар өөрчлөлт ордог юм бэ.Гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч байдаг гэсэн?

-Цахим тоглоом гэлтгүй ер нь аливаа зүйлд донтоно гэдэг нь хүний хүүхдийн аль алиных нь сэтгэл зүй, зан араншинд нь нөлөөлж байдаг. Нэг үгээр бол архинд донтсон хүн ямар байдаг, зан авир нь хэрхэн өөрчлөгдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах чадвар нь яаж өөрчлөгддөг билээ. Яг үүнтэй адилхан механизмаар явагддаг гэсэн үг. Тэгэхээр бусад төрлийн донтогч нартай адилхан сэтгэл зүйн өөрчлөлт гарч ирдэг. Нилээд гүнзгий донтсон хүүхдэд зан үйлийн өөрчлөлт их гардаг. Худлаа ярьж, хулгай хийдэг гэр орон, сургуулийн орчноос хулгай дээрэм хийх, ямар нэгэн гэмт хэрэг үйлдэл хийх ч юмуу. Нэг ёсондоо ёс суртахууны доройтолд орж байна гэсэн үг. Аливаа зүйлд шийдвэр гаргах чадвар нь ямар нэг зүйлд донтсоноор буурдаг гэсэн үг. Буурсан тохиолдолд үүнийг засаж залруулна гэдэг маш их хүч хөдөлмөр зарцуулагддаг. Төвөгтэй асуудал байдаг учир донтохоос нь өмнө урьдчилан сэргийлэх нь гол юм.

-Цахим тоглоомонд донтсон хүүхэд хэдий хугацаанд эмчлэгддэг вэ. Эмчлэгдэж гараад эргэж ирэх тохиолдол байдаг уу?

-Тасагт 10-14 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлдэг. Энэ хугацаанд хүүхдэд хийгдэх гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ байдаг. Дээрээс нь шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэнэ. Нойргүйдэлтэй байвал тайвшруулах үйлчилгээтэй, ядрах сульдах нь давамгай байвал хүүхдийн дархлааг нэмж ядаргааны эсрэг эмчилгээг физик эмчилгээтэй хавсраад ядаргааны эмчилгээг хийдэг ч юм уу тухайн хүүхдэд тохирсон эмчилгээг хийдэг. Хамгийн гол нь танин мэдэхүй төрөх үйлдлийн сэтгэл заслын эмчилгээ гэж байдаг.

Тухайн хүүхэд энэ тоглоомыг тоглоход ямар ямар сөрөг үр дагавар гардагийг ойлгуулан таниулна. Үзүүлэн сургалтын материалаар хүүхдэд сургалт хийдэг. Үүнийхээ дараа өөрт нь ямар шинж тэмдэг илрээд байсан, юу өөрчлөгдсөн гэдэг талаар ярилцаж ойлгуулан өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлсэний үндсэн дээр түүнээс нь татгалзах аргад сургана гэсэн үг. Тэгж ажилласны үр дүнд хүүхдэд суурь нь тавигдаж болих ёстой юм байна гэх ойлголт төрдөг. Энэ сэтгэл заслын эмчилгээ нь хамгийн багадаа л гурван сарын хугацаатай үргэлжилж байж хүүхэд тоглоомыг тоглохгүй байх боломжтой болдог. Хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан ч эргэж үзүүлээд зөвлөгөө аваад яваад байдаг гэсэн үг.

-Хүүхэд тоглоомонд донтох болсон шалтгаан хүчин зүйл нь юу байдаг юм бэ?

-Хүүхэдтэй ажиллаад явахаар тоглоомонд донтсон шалтгаан нь олон янз байна. Гэр бүлийн анхаарал халамж муу байвал хүүхдүүд тоглоомонд цагаа зарцуулсаар байгаад нэг л мэдэхэд донтчихсон байдаг. Гэр бүл нь тухайн хүүхдийг үл хайхардаг эсвэл гэр бүлд хүчирхийлэлтэй, архидан согтуурдаг байдаг. Гэр бүлийн аль нэг гишүүн нь ямар нэг зүйл архинд, тоглоомонд донтсон байдал нь хүүхдэд нөлөөлөх хүчин зүйл болж өгдөг. Аливаа зүйлд амархан автаж болдог юм байна хэрэглэж, тоглож болдог байна, хэрэглэлээ гээд муу зүйл биш, хор уршиг байхгүй юм байна гэдэг зүйл хүүхдэд суучихдаг учир тэр зүйлийг хэмжээтэй хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй болчихдог гэсэн үг. Тиймээс шалтгааныг нь илрүүлж хүүхдэд тохируулан ажиллах шаардлага бий болж байгаа юм. Энэ донтолтод дан ганц хүүхдийн буруу байдаггүй. Эцэг эх асран хамгаалагчийн нөлөөлөл байдаг учир тэр хүмүүст зөвлөгөө өгч хүүхэдтэй харилцах харилцаан дээр нь зөвлөгөө өгч тэднийг өөрчлөлтөд оруулахгүй бол хүүхэд эмчлүүлээд эмнэлгээс гараад гэртээ харихад нөгөө л орчиндоо очихоор хүүхэд эргээд л уусан орох боломжтой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ зөв үлгэр дуурайл үзүүлэх тал дээр нилээн сайн ажиллах хэрэгтэй.

-Донтоод ирж байгаа хүүхдүүдийн хэчнээн хувь нь  PUBG гэх тоглоомонд донтсон байдаг вэ. Сүүлийн үед энэ тоглоомыг тоглохгүй хүн гэж алга?

-Цахим тоглоомонд донтоод ирсэн хүүхдүүдээс ямар тоглоом тоглодогийг нь асуухаар бүгд ло PUBG  гэж хариулдаг. 2017, 2018 онуудад Дота 1, 2, контор гэдэг байсан бол 2018 оны сүүлээс PUBG тоглоом гэдэг болсон байна. Яагаад донтсон бэ гэхээр аав, ах тоглодог шүү дээ. Яагаад болохгүй гэж хариулж байна. Энэ бол байдаг л үзэгдэл гэх маягаар үүнийгээ өмөөрч ярьдаг болчихоод байна. Энэ тоглоом нь бусад тоглоомоос илүү л бүх хүний сонирхолыг татаад байна. Ганцхан хүүхэд гэхгүй эрэгтэй, эмэгтэй насанд хүрсэн хүн тоглож тэрнээс гарч чадахгүй байдалд орчихсон үзэгдэл харагдаад байгаа. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч тоглож байна.

-PUBG тоглоомонд донтсон асуудал насанд хүрэгчдэд хэр зонхилж байна вэ?

-Насанд хүрэгчид Донтолт эмгэг судлалын клиникт үзүүлж хандаж байгаа болов уу. Манайх Хүүхэд өсвөр үеийн клиник тул сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад зарим эцэг эх, эхнэрүүд зөвлөгөө авах гэсэн юм аа гээд ханддаг. Манай нөхөр гээд л ирээд яриад зөвлөгөө авна. Тэгээд эцэг эхчүүд хүүхдээ үзүүлье гээд ирдэг. Аваад ирээ үзээд зөвлөгөө өгье гэхээр нөгөө хүүхэд нь 20, 23 настай насанд хүрсэн хүн байдаг. Тэгээд эцэг эхийнхээ хань ижлийнхээ үгэнд орохгүй ирдэггүй асуудал гардаг. Насанд хүрсэн хүн чинь биеэ даагаад шийдвэрээ гаргачихдаг учир хандалт байхгүй байх гэж бодож байна.

-Хүүхдүүд цахим тоглоомонд донтоход нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь насанд хүрэгчид буюу эцэг эх, ах  гэх мэт хүмүүс нь ч бас цахим тоглоом тоглодогтой холбоотой байх. Тийм үү?

-Тийм. Ойр хавьд нь хүн тоглоод л байвал даган дуурайх чадвар өсвөр насны хүүхдэд өндөр байхад бага насны хүүхдэд юмыг хараад л шууд сурах чадвар нь өндөр. Тийм учраас амархан сурдаг. Сураад сонирхолтой байна гээд тоглоод байдаг нэг мэдэхэд л донтсон байдаг.

Д.Будзаан: Нэг цахим тоглоомын газар өдөрт 300-600 хүүхэд үйлчлүүлж байна

Интернэт тоглоомын газрууд 9-өөс доош насны хүүхдэд үйлчлэхгүй, 9-16 насны хүүхдүүдэд оройн 18.00 цагаас хойш үйлчлэхгүй, шөнө болтол тоглуулахгүй, хонуулж тоглуулахгүй гэх журмууд байдаг боловч энэ бол цаасан дээр хараар бичсэн зүйл болоод хувирчихсан байдаг. Түүнд ногдох хариуцлагын асуудал ч сул байдаг. Тэгэхээр хүүхдийн тоглох нөхцөлийг нь хангаж өгөөд байна гэдэг нь хүүхдийн донтох нөхцлийг нь бүрдүүлж байна гэсэн үг юм. Цахим тоглоомын газруудын хяналтын талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулсан юм.  

-Хүүхэд цахим тоглоомонд донтоход цахим тоглоомын газрууд хамгийн их нөлөөлж байна. Үүнийг цэгцлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Улсын хэмжээнд 600 гаруй цахим тоглоомын тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулж байна. Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмыг 2013 онд засгийн газраас баталсан. Энэхүү журам нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулахад хүндрэлтэй байна. Үүнийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг гарч журам боловсруулсан байдаг. Журмаар зохицуулахад хүндрэлтэй зүйл гарч ирсэн бөгөөд хариуцлагын асуудал нь зөрчлийн хуулиар зохицуулагддаг учир бүртгэл зөвшөөрлийн асуудал нь Тусгай зөвшөөрлийн тухай хуулинд орно. Техникийн нөхцөл нь харилцаа холбооны зохицуулах хуулинд багтдаг асуудал гарч ирсэн. Энэ асуудал нь шинэчилсэн найруулгад багтсан тул үүнд санал оруулчихаад хүлээж байна. 600 гаруй цахим тоглоомын газрын 40 хувь нь хөдөө орон нутагт, 60 гаруй хувь нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд шалгалт явуулж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 58 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг хаасан. 2019 оны хоёрдугаар сард нийслэл хотод цахим тоглоомын газарт арга хэмжээ зохион байгуулж 30 гаруй цахим тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоогоод шалгаж байна. Нөгөөтэйгүүр хүүхэд цахим тоглоомонд донтож байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бүрдүүлж байна гэж үзээд хаалаа гэхэд 600 тоглоомын газарт өдөрт нэг тоглоомын газар 300-600 хүүхэд үйлчлүүлж байна. Энэ газруудын хаалаа гэхэд 30-50 мянган хүүхэд гудамжинд гарах зүйл байна. Хүүхдүүдийн чөлөөт цаг өнгөрүүлдэг газар энэ байна шүү дээ.

-Тэгэхээр хүүхдэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар байхгүй учир цахим тоглоом тоглож байна гэсэн үг үү?

-Тиймээ. Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дугуйлан лекц, сагсны шийд, тоглоомын талбай хүүхдийг хүрээлэн буй орчинд байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хүүхэд ном унших гээд номын санд очьё гэхэд сургуулийн номын сан байна. Өөр хаана номын сан байна гэхээр асуудал гарч ирнэ. Кино үзэж, парк дээр тоглоё гэхэд дор хаяж 30, 40 мянган төгрөг зарцуулна. Ингэлээ гээд цахим тоглоомын газар байх ёстой гэж байгаа юм биш. Хүүхэд удаан хугацаагаар тоглоод донтож байгаа. Донтсоноосоо болоод гэмт хэрэгт татагдаж байгаа. Эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй зүйл бий. Жилд дунджаар 100 орчим хүүхэд цахим тоглоомонд донтож СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тоо байна. Мөн хэвтэн эмчлүүлж байгаагаас гадна гадуур эмчлэгдэн зөвлөгөө авах биелэгдэж байгаа тоо байна. Энэ бол хүүхэд нэг, хоёр сар тоглоод биелэгдэж байгаа юм биш. Нэг жил, хоёр жил тоглоод донтож байгаа асуудал байна. Үүнд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ анхаарал тавьж байх асуудал гарч ирж байгаа юм. Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд таван төрөлд хамгаалагдах ёстой хэмээн заасан байдаг. Нэгдүгээрт гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, эрүүл мэндийн орчинд, цахим орчин хэвлэл мэдээллийн орчинд, олон нийтийн арга хэмжээнд хамгаалагдах ёстой гэсэн байдаг. Үүнээс цахим орчинд хамгаалах чиглэлээр юу хийж байна гэхэд бид харилцаа холбооны зохицуулах газар, гэр бүлийн газар холбогдох агентлагуудтай хамтраад хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг хийж байна.

- Үүнийг тодруулбал... ?

Оператор компанитай хамтраад хүүхэд онлайн тоглоомыг хэрхэн тоглож байна вэ. 3G, 4G сүлжээ ашиглаж тоглож байгаа. Хүүхэд дугаарын ард байхад соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чиглэлийн мэдээллийг л авдаг байх бусад мэдээллийг авах боломжгүй байхаар зохицуулж ажиллах гэж байгаа. 2020 онд энэ ажил бодитоор хэрэгжиж эхэлнэ.

Zaluu.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.