2024 оны 04 сарын 18
Зочин
А.БИЛГҮДЭЙ: СОЛОНГОС БАГШ НАР БҮЖИГЧНИЙ БИЕТЭЙ БУС СЭТГЭХҮЙТЭЙ ХАРЬЦДАГ

“Өөр мэдээ” булангийн зочноор БНСУ-ын балетын “Wise” театрын тэргүүн гоцлол бүжигчин А.Билгүдэйг урилаа. Тэрээр эх орныхоо театрт “High Feeling” модерн балетад бүжиглэхээр иржээ.

-Энэ л ягаан театрт та унаж, босч жинхэнэ уран бүтээлч болсон байх. Дахиад эх орныхоо театрт бүжиглэнэ гэж бодоход ямар мэдрэмж төрж байна?

-Театртаа ирэхэд сайхан байна. Би 2012 онд сургуулиа төгсөөд 2015 он хүртэл УДБЭТ-таа ажилласан. Таны хэлснээр энэ л театраас уран бүтээлийн гараагаа эхэлж, мундаг уран бүтээлчдээс сурч, хүндэлж явлаа. Тиймээс танил дотно, сэтгэлд ойрхон, эх орныхоо театрт дахин бүжиглэх болсондоо өөрийн эрхгүй догдолж, сэтгэл хөдөлж байна.

-Монголчууд модерн балет гэхээр “Диваажин энд байна”-аар л төсөөлдөг. Энэ урсгал Солонгост их хөгжиж байгаа гэж сонссон?

-Монголд анх 2014 онд Хюга Вера ирж “Диваажин энд байна” балетыг тавихад би гадны модерн бүжиг ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй уулга алдаж байсан. Харин Солонгост очоод модерн бүжгийн олон урсгалтай танилцсан. Тэр үеэс энэ урсгалд татагдаж, дурласан гэж хэлж болно. Манай компанийн хувьд ч сонгодгоос гадна модерн бүжгийн арвин туршлагатай хамт олон. Солонгост энэ урсгал хүчээ авч байна. Үзэгчид ч модерн бүжгийг ойлгож, уран бүтээлчдээс хүсэмжлэх болсон.

-Модерн бүжгийг харахад гол дүр гэж байдаггүй юм шиг санагдсан?

-Модерн бүжгийн гол онцлог нь гоцлол бүжиг гэж байдаггүй. Бүгд хамтдаа тухайн уран бүтээлийн утга санааг илэрхийлэх ёстой. Энэ удаагийн тоглолт гурван хэсгээс бүрдэж байна.  “High Feeling” модерн бүжгийн хувьд америк бүжиг дэглээчийн бүтээл. Өнгөрсөн жил Солонгост ирээд манай компанийн уран бүтээлчидтэй хамтарч тависан юм.  Харин хоёр дахь бүтээл нь Солонгосын төв театрт гоцлол бүжигчин байсан их алдартай бүжиг дэглээчийнх. Одоогоор Солонгосын хамгийн алдартай урлагийн сургуульд багшилдаг юм билээ. Харин сүүлийн хэсэгт Монголын талаас “Диваажин энд байна” модерн бүжгийг толилуулах юм.

-“Хөгжим, бүжгийн консерватори”-д орос дэгтэй төгссөн бүжигчний хувьд Солонгост очоод, модерн бүжиг бүжиглэхийн тулд өөрийгөө эвдэх шаардлага гарсан байх даа?

-Оюутан байхад бүжигчин хүн тайзан дээр хөл гар нь байх ёстой байрандаа л байх ёстой гэж заадаг. Гэтэл Солонгост очоод модерн бүжиг бүжиглэхэд бүх зүйл арай өөр. Модерн бүжиг бүжигчнээс илүү чөлөөтэй, уян налархай, задгай байхыг шаарддаг. Тиймээс эхлээд очиход биеэ барихаас эхлээд олон бэрхшээл тулгарсан. Харин солонгосчуудын заах арга их тус болсон. Тэд бүжигчний биетэй бус сэтгэхүй, оюун ухаантай нь харьцдаг. Энэ хөдөлгөөнийг хийхдээ тийм зүйлийг төсөөл, бод гээд л. Яг багш нарын хэлснээр тухайн зүйлийнх нь тухай бодоход өөрийн эрхгүй биеэ барьсан байдал арилж, уран бүтээлийг мэдрэх мэдрэмж нэмэгддэг.

-Дэлхийн балетын урсгалд орос дэг алдартай. Манай уран бүтээлчид ч өнөөг хүртэл тэр сургалтаар л бэлтгэгдэж байна. Харин Солонгосын хувьд сонгодог урлагийн өөрийн дэг, арга барил гэж бий юу?

-Солонгост “Америк стайл” их алдартай. Мөн Оросын “Баганова” гэсэн дэг бий. Бүжигчид нь ч ихэвчлэн энэ арга барилаар уран бүтээл туурвидаг.

-Танай театрт Узбекстан бүжигчин байдаг гэж сонссон. Та хэр найз вэ?

-Манай компани Солонгос, Монгол, Узбесктан бүжигчидтэй. Узбекстанаас нэг эрэгтэй бүжигчин бий. Найз маань эх орныхоо үндэсний театрт гурван жил ажиллаад, цэрэгт явчихсан юм билээ. Халагдаад ирэхэд нь театр нь бүжиглүүлэхгүй гэсэн учир хэсэг хугацаанд балетаа хаясан гэдэг. Харин Солонгост очоод зургаан жил өөр ажил хийсний эцэст манай компанид орсон. Манай театрын уран бүтээлчид яг л нэг гэр бүл шиг их дотно.

-Та “Wise” театртай жилийн гэрээ хийж явсан гэдэг. Яагаад гурван жил болчихов оо?

-Надаас гадна манай компанид “Хөгжим, бүжгийн консерватори”-ийн дээд төгсөлтийн ах М.Намсрай маань бүжиглэдэг юм. Бид анх урилгаар Солонгос улсыг зорьж байлаа. Уг нь нэг жил бүжиглэчихээд л ирнэ гэсэн бодолтой явсан. Театртаа анх очсон цагаас л хамт олны халуун дулаан уур амьсгал нь таалагдаж эхэлсэн. Биднийг яг л өмнө нь таньдаг байсан хүмүүс шиг хүлээж авч, бүхнийг эхнээс нь зааж, сургасан. Тэр сайхан хамт олноо орхиод нутаг буцъя гэсэн бодол төрдөггүй юм байна. Тиймээс гэрээгээ сунгаад гадны оронд эх орныхоо, монгол хүний нэрийг дуурсгая гэсэн том зорилт өөртөө тавьсан.

-Анх театртаа ямар уран бүтээлд гоцолж байв?

-Анх очоод компанийнхаа бүтээл болох монголоор орчуулбал “Нэгэн цагт болсон үйл явдал” гэсэн бүжгэн жүжигт гоцлосон. Утгын хувьд “Ромео, Жульетта”-тай төстэй. Тухайн үед Солонгосын шилдэг уран бүтээлчид болон төв театрын гоцлол бүжигчид ирж үзээд, баяр хүргэхэд өөрийн эрхгүй баярлах, омогших сэтгэл төрж билээ.  Монголд сонгодог урлагийг элитүүдийн урлаг гэж хүлээж авдаг. Үүнийгээ дагаад нэг хэсэг зөвхөн боломжийн амьдралтай хүмүүст л зориулсан гэсэн ойлголт байсан. Харин Солонгост элит урлаг хэрнээ хүн бүхэнд үзүүлж, түгээхийг эрмэлздэг. Ядуу буурай, баян тансаг хэн ч байсан хамаагүй бид тэдний өмнө тоглох л ёстой. “Wise” театрт ажилласан энэ гурван жилийн хугацаанд би Солонгосын өнцөг булан бүрт хүрч бүжиглэлээ. Бүр шоронгийн хоригдлуудын өмнө ч бүжиглэсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд ахмадуудад хүртэл сонгодог урлагаа хүргэсэн байна.

-Монгол эмэгтэй гоцлоочтой бүжиглэж байгаад солонгос бүжигчинтэй бүжиглэхэд ялгаа ажиглагдсан уу?

-Асар их ялгаатай байсан. Учир нь Солонгосын балетын сургуулиуд хослон бүжгийн хичээл заадаггүй юм билээ. Харин Монголд төгсөхөөс хоёр жилийн өмнөөс эмэгтэй бүжигчинтэй хэрхэн хослох тухай хичээл ордог. Анх очиход их хэцүү байсан. Эмэгтэй бүжигчид нь эрэгтэй бүжигчинтэй бүжиглэж үзээгүй учир ямар ч төсөөлөл байхгүй. Бүгдийг нь эхнээс нь зааж, хамтран бүжиглэгчтэйгээ ярилцаж, ойлголцох шаардлага гарсан. Ер нь хоёр бүжигчин тайзан дээр бие биеэ мэдэрч бүжиглэх учиртай. Мэдэрч, ойлголцож байж чанартай уран бүтээл төрнө.

-Та гавьяат Х.Мөнгөнхөлөгийн шавь гэсэн. Багштайгаа хамт олон удаа тайзнаа бүжиглэж байв уу?

-Төгсөхөөсөө өмнөх сүүлийн жилүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг багшийн шавь болсон. Сурч байх хугацаандаа багшийнхаа бүхий л ур чадвараас сурахсан гэж хичээдэг байлаа. Театрт ороод багштайгаа “Хунт нуур” балетад бүжиглэсэн. Би Зигфридд ханхүү, багш маань хорон санаат шидтэн Ротбарт болоод л. Миний хувьд театрт ажиллаж байхдаа “Хунт нуур”-аас гадна “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Шарилжин дундах цэцэг”, “Чойжид дагина”, гээд багагүй бүтээлд гол дүр бүтээсэн байдаг.

-Ханхүү Зигфриддэд Монголын бүхий л мундаг бүжигчид өөрийн залуу нас, авьяас чадвараа мөнхөлсөн байдаг. Та энэ дүр дээр ажиллахдаа ямар онцлогийг нь илүү тод гаргахыг зорьсон бэ?

-“Хунт нуур” их хэцүү балет. Ханхүүгийн дүр дөнгөж 18 настай. Зүгээр ч хүн биш хааны залгамж халаа ямар байх ёстой вэ. Алхаа гишгээнээс эхлээд ард иргэдтэйгээ мэндлэхдээ хүртэл хаашаа харах ёстой вэ зэрэг судалгаа шаардсан дүр. Би хайр сэтгэлийг нь илэрхийлэхээс гадна ихэмсэг, бардам байдлыг нь тодотгохсон гэж хичээсэн. Гэхдээ тухайн үед санасандаа хүртэл бүтээсэн гэж боддоггүй. Учир нь би дөнгөж театр орчихсон, туршлага бага байлаа. Харин Солонгост очсоноос хойш одоогийн байдлаар “Жизель” балетад дөрвөн удаа гоцлочихоод байна. Одоо л ханхүү ямар байх ёстойг ойлгож, гадарладаг болсон. Тиймээс дахин “Хунт нуур”-т бүжиглэх боломж тохиовол илүү сайн бүтээнэ гэж боддог.

эх орныхоо театрт “High Feeling” модерн балетад бүжиглэхээр иржээ.

-Энэ л ягаан театрт та унаж, босч жинхэнэ уран бүтээлч болсон байх. Дахиад эх орныхоо театрт бүжиглэнэ гэж бодоход ямар мэдрэмж төрж байна?

-Театртаа ирэхэд сайхан байна. Би 2012 онд сургуулиа төгсөөд 2015 он хүртэл УДБЭТ-таа ажилласан. Таны хэлснээр энэ л театраас уран бүтээлийн гараагаа эхэлж, мундаг уран бүтээлчдээс сурч, хүндэлж явлаа. Тиймээс танил дотно, сэтгэлд ойрхон, эх орныхоо театрт дахин бүжиглэх болсондоо өөрийн эрхгүй догдолж, сэтгэл хөдөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.