2024 оны 04 сарын 25
Зочин
Ё.Наранцэцэг: Хятадаас орж ирдэг ногоо, жимсийг угааж, боловсруулж идээгүйгээс хеликобактерийн халдвар авч байна

Хеликобактери халдварт өвчний тухай Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, “Авиценна” эмнэлгийн эмч  Ё.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүсийн дунд хеликобактерийн өвчлөл хэр байна вэ?   

-Манай улсад хеликобактерын халдвар түгээмэл өвчлөлийн тоонд ордог. Энэ  өвчнийг хүмүүс  бохир аяга, таваг, гараас халдварладаг гэж ойлгодог. Гэтэл хеликобактери  хүний ходоодон  дотор тодорхой тоогоор амьдарч байдаг. Хеликобактери их хүчиллэг орчинд амьдрах чадвартай, их тэсвэртэй юм. 

 Ингэж хүний биед амьдрахдаа тухайн орчноо их шүлтлэг болгож байдаг. Нэг ёсондоо хеликобактери нь ходоодны хүчлийн индикатор гэж үзэж болно. Хеликобактери амиак  гэх хүний биед хортой бодис ялгаруулдаг. 

Энэхүү аммак  нь хеликобактерийн эргэн тойронд шүлтлэг орчинг бий болгож байдаг.  Мөн доксин гэх  хор ялгаруулж байдаг. Энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалж, ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг. Энэхүү бактерийн тоо хэмжээ ихэсмэгц хүний биеийн өтгөнтэй хамт хүний биеэс ялгарч байдаг .

-Орчин үед ямар шинжилгээ оношлогоогоор хеликобактерийг үнэн бодит тодорхойлж болох вэ?

-Хеликобактерийг цусанд үзэхээс гадна амьсгал болон өтгөнөөр үздэг болсон. Амьсгалаар үзэж байна гэхээр амиакийн  ууршилтыг тодорхойлж байна  гэсэн үг. Хамгийн үнэн зөв гардаг шинжилгээ бол өтгөнд үзэх явдал юм. Мөн ходоод дурандах явцад уразагийн тест гэж тавьж оношилж байгаа.  Энэ гурав бол хеликобактертай эсэхийг тогтоох хамгийн үнэн магадлалтай арга нь байдаг.

-Үнэ ханшийн хувьд хэр байдаг вэ

-Хүний биеэс цус авч эсрэг биет тодорхойлж байгаа шинжилгээ хамгийн хямд нь байх ёстой. Уразагийн тестээр бол 5-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Ходоодоо дурандуулахад хортой гэсэн яриа бидний дунд байдаг. Ходоод дурандуулах нь хүний биед ямар ч муу сөрөг зүйл байхгүй. Хамгийн найдвартай оношлогоо гаргахад амьсгалын тест байдаг. Энэ тестээр оношлуулахад 50-60 мянган төгрөгийн хооронд байдаг. Өтгөний шинжилгээг ихэвчлэн 10 мянгаар хийж байгаа юм билээ.

-Ямар төрлийн хүмүүст хеликобактери их илэрч байна вэ?

-Хеликобактери бол бохир гарын өвчин. Нөгөөтэйгүүр бохир гараас олон төрлийн өвчлөл үүсдэг. Хүн гараа сайн угааж чадвал халбага, сэрээ идэж ууж байгаа зүйлээсээ хеликобактерийн халдвар авахгүй байх бүрэн боломжтой .

Дээр үед бид голдуу хүнсний ногоогоо Хятадаас оруулж ирдэг байсан. Хятадууд өтгөнөө бордоонд их хэрэглэдэг. Үүний хэрээр Хятадаас ирсэн ногоо хэрэглэсэн хүмүүс бие нь өвдөх тохиолдол олон гарсан.

Миний бодоход хеликобактерийн халдвар хүнсний ногоогоор дамжих тохиолдол их байдаг. Ялангуяа хүнсний ногоог угааж, чанаж боловсруулж идэх хэрэгтэй. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг заавал угааж, чанаж идэх нь зүтэй.

Ингэснээр хүн бүр хеликобактериас урьдчилан сэргийлэх боломжтой. Гараа байнга угаадаг хүн хеликобактериас хол ангид тусдаа байж чадна. Тэгэхээр хеликобактериар нийгмийн ямар бүлэг хүмүүс өвчилж байна гэж тодорхой харагдаж байна. Жишээлбэл, цэвэр усны системдээ холбогдоогүй айл өрх, бага насны хүүхэд ихэвчлэн өвддөг.

-Эмчилгээ хийлгэхэд өвчтөн юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сүүлийн үед хеликобактерийн эмчилгээнд маргаан гараад байгаа. Гол нь хеликобактерийг устгахын тулд нэгээс хоёр антибиотекийг хослуулан хэрэглэдэг. Энэ нь эргээд хеликобактерийг устгах нэрийдлээр хүний биеийн хэрэгтэй бичил организмыг маш ихээр устгаж байдаг.

Эргээд хеликобактерийн тэнцвэрт байдлыг хадгалахад бэрхшээлтэй болж эхэлдэг. Тиймээс хеликобактерийн эмчилгээг хэзээ хэрхэн хийх вэ гэдэг нь маргаан дагуулж байна. Гэдэсний бичил орчинг хамгаалахын тулд хеликобактерийг устгах эмчилгээг хэрхэн хийх нь маргаантай байна.

Сүүлийн үед эмч нар эмчилгээн дээр тухайн хүний гэдэсний бичил орчинг сайжруулснаар хеликобактерийн тэнцвэрт байдлыг хадгалаад байх боломжтой болов уу гэж үзэж, энэ талаар судалж байна. Манай иргэд таамгаараа эмийн санчид хандаж хеликобактерийг устгах антибиотек хэрэглэдэг. Тэгээд 10,14 хоног эмчилгээ хийлгээд хаячихдаг. Хеликогоо буурч устсан эсэхийг ч анхаардаггүй. 

Хеликобактерийн халдвар авсан хүн бүр мэргэжлийн эмчид хандах ёстой. Хеликобактери туссан өвчтөн антибиотекийг олон төрлөөр хэрэглэж байна. Ингээд антибиотект тэсвэртэй хеликобактерийн халдвар бидний дунд ихэсч байна. Миний бодлоор ходоодонд шарх үүссэн тохиолдолд хеликобактерийн антибиотекийн эмчилгээг хийхээс өөр арга байхгүй. Харин шарх үүсээгүй тохиолдолд хоол хүнс болон гэдэсний бичил орчинг сайжруулах замаар хеликобактерийг эмчилж болох юм гэсэн бодол төрөөд байгаа. 

-Хеликобактери ямар шинж тэмдгээр илрэх вэ. Иргэд хеликобактеритай гэдгээ урьдчилан мэдэх боломж байдаг уу. Хүний арьс дээр ямар нэгэн батга, үрэвсэл гарах нь нэг шинж тэмдэг нь мөн үү?

-Хүний арьс бол бүдүүн гэдэсний толь гэдэг. Хэрвээ бидний бүдүүн гэдэс хэвийн үйл ажиллагаа явуулж байвал арьс тэр хэрээрээ гоё толигор байна гэсэн үг.  Хеликобактер ихэдсэний гол шинж нь гэдэс дүүрэх байдаг .

Хоолны шингэц муудаж, цээж хорсох, хэхрүүлэх, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Арьсан дээр янз бүрийн тууралт гарч, ходлого өгдөг. Мөн хеликобактеритай болсон хүн харшил өгөх гээд байдаг.  Энэ мэт шинж тэмдэг илэрвэл заавал хеликогийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

-Эмчилгээ хийлгэлгүй удсан тохиолдолд ямар хүндрэлүүд хүний биед илрэх вэ?

-Хеликобактери нь өөрөөсөө маш их амиак ялгаруулдаг. Энэ бактери нь хүний биед хортой бодисууд гадагшлуулж байдаг. Эдгээр нь эргээд хүний ходоодны салст бүрхэвчийг маш ихээр гэмтээж байдаг.

Цаашилбал, ходоодны хорт хавдар үүсэх гол үндэс нь болж байдаг. Дээр дурдсанчлан эмчилгээний хувьд маргаантай асуудал их байна.

 Сүүлийн гурван сард манай эмнэлэгт хеликобактериар хандсан өвчтөнгүүдэд рашаан ус, хоол хүнс, гэдэсний бичил орчинг сайжруулах эмчилгээ хийж байгаа. Иргэд  эргээд холбогдохгүй байна. Ирэхгүй байгаа нь сайн талтай болов уу гэж бодож байна. Хэрвээ эмчилгээ үр дүнгүй бол эргээд өвчтөн над дээр  ирнэ гэж бодож байна.

-Хеликобактеритай хүн хоол хүнсэндээ хэрхэн анхаарах вэ?

-Хавдрын бус өвчлөл үүсэхэд нөлөөдөг хүчин зүйлийн нэг нь хоол юм. Буруу хооллолт гэж юуг хэлээд байгааг иргэддээ ойлгуулах хэрэгтэй. Бидний бие хүчил шүлтлэгийн тэнцвэрт байдалд оршин тогтнодог.

Энэ тэнцвэрт байдлыг хадгалахад нөлөөлдөг хоолыг зөв хооллолт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр ямар хоол хүчиллэг, шүлтлэг байх нь вэ гэдгийг бид гаргаж ирэх ёстой. Хүчиллэг хоол нь бидний биеийг хүчиллэгжүүлж байдаг. Хүний биед хүчиллэг ихэдсэнээр аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Эсрэгээрээ хүний биеийг сул шүлтлэг байдалд хадгалж чадвал эрүүл сайхан байна. Монголын уламжлалт хоол хүнс нь энэ тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг байжээ.

Хүчиллэг хоол хүнсэнд бидний өдөр бүр иддэг амттан, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа мах, нарийн боов, талх, зэрэг чихэрлэг бүх зүйлс ордог.

Харин шүлтлэг хоол хүнсэнд сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эмийн ургамал гэх мэт зүйлс ордог.

Г.Сүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.