2024 оны 04 сарын 25
Зочин
Г.Батдорж: “Хуулиа Мөрдье -21” аяныг зохион байгуулснаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 66,2 хувиар буурсан

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог. Харин Монгол Улсыэ 21-ээс дээш насны нэг иргэнд жилд дунджаар  7.13 л этилийн (усгүй) спирт буюу 380-тай 18.76 литр архи ногдох тооцоо гаргасан байна. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг манай улсын хувьд  архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөө  өдөр ирэх тусам ихсэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хуулиа Мөрдье -21” хэмээх нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлсэн байна.

Энэ талаарх мэдээллийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Г.Батдоржоос тодрууллаа. 

-“Хуулиа Мөрдье -21” аяныг яагаад хэрэгжүүлэх болсон вэ? 

Архи согтууруулах ундааг хэрэглэгчдийн нэлээд хувь нь оюутан, залуучууд бөгөөд танхайрах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх амь насаа алдах тохиолдол тогтмол өссөөр байгаа нь  тулгамдсан асуудлын нэг болоод байна. Архидалт нь гэр бүлийн зөрчлийн 87%, салалтын 58%, хүүхэд орон гэрээ орхиж гудамжинд амьдрах болсон шалтгааны 82%  болдог судалгаа байдаг бөгөөд 2016 оны статистик мэдээллээс харахад 15-34 насны 15,418 иргэн гэмт хэрэгт холбогдсоны 22 хувь нь согтуугаар үйлдэгджээ.  Иймд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2,  7.3.1, 7.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах, хүүхэд, залуучууд, олон нийтэд  нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газартай хамтран улс орон даяар “ХУУЛИА МӨРДЬЕ -21” аяныг зохион байгуулсан билээ.

-Аяны хүрээнд ямар ямар ажил хийгдсэн вэ?

-Аяны хүрээнд улс орон даяар архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг 67 000 аж ахуй нэгж байгууллага буюу хүнсний дэлгүүр, ресторан, паб үйлчилгээний газруудад 21-с доош насны иргэнд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох тухай Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зүйл заалт бүхий плакат /зурагт хуудас/ байршуулсан. Мөн нийт 228 удаагийн үзлэг, шалгалтаар 6122 ААН-д шалгалт хийж 781 зөрчил илрүүлсэн. Сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг 5675 аж ахуйн нэгж байгууллага, 98762 иргэнийг хамруулсан.

-228 удаагийн үзлэг, шалгалт хийсэн гэж байна. ААН-үүдэд ямар зөрчил түгээмэл илэрч байсан вэ?

Цаг хэтрүүлж ажилласан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэт зөрчлүүд их илэрч байсан. Зөрчлийн дагуу холбогдох байгууллагууд хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авсан.

-“Хуулиа Мөрдье -21” аяныг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрсэн вэ?

“ХУУЛИА МӨРДЬЕ -21” аяныг зохион байгуулсан аяны хүрээнд дараах үр дүнгүүд гарсан билээ. Үүнд: 

  • 2017 оны 1 сарын байдлаар 21 хүртэлх насны гэмт хэрэгт бүртгэгдсэн залуучуудын тоо 104 байсан бол 2018 оны  1 сард 20 буюу өмнөх оныхоос 5,2 дахин /80,7%/-аар буурсан байна.
  • 2017 оны 1 сарын байдлаар нийт 7508 хүн эрүүлжүүлэгдсэн бол 2018 оны 1 сард 5999 буюу 21%-аар буурсан байна.
  • 2017 оны 1 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 618 байсан бол 2018 оны 1 сард 209 буюу 2,9 дахин /66,2%-аар/ буурсан байна.
  • 2017 оны 1 сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчиж арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тоо 196 байсан бол 2018 оны 1 сард 46 буюу 4,2 дахин /76,5%-аар/ буурсан байна. Нийт 23 сая төгрөгийн торгууль ноогдуулсан.  

Энэ аян нь олон хүнд хүрч, тодорхой үр дүнгүүд эхнээсээ гарсан байгаа юм. Цаашид манай газраас энэ асуудалд анхаарч, олон ажлууд хийхээр төлөвлөөд байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.