2024 оны 04 сарын 19
Зочин
“Сүүний сав, сонингийн цааснаас эхлээд өндөгний хальсыг хүртэл дахин ашиглаж болно”

Гэрт хэрэглэдэггүй олон зүйл байдаг. Тэгвэл хаяхаасаа өмнө сайн ажиглаарай. Хог хаягдлаа хэрэгтэй зүйл болгон ашиглах нь эдийн засагт ч хэмнэлттэй. Сүүний сав, сокны шилнээс эхлээд өндөгний хальсаа хүртэл хаялгүй ашиглах боломжтой аж. Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн ихээхэн сонирхож буй декупаж урлалын талаар “Эко гар урлал” НҮТББ-ын үүсгэн байгуулагч П.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө болон урлангаа танилцуулахгүй юу?

Намайг  П.Цэнд-Аюуш  гэдэг. Эдийн засагч, инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Би декупаж  урлалыг сонирхож эхлээд 6 жил  болж байна.

Анх 2013 онд “Декупаж хөгжүүлэгч монгол” гэдэг группыг гар урлал сонирхдог хүмүүс нэгдэж байгуулсан. Декупаж гэдэг нь чимэглэлийн урлал. Үүнийг хэрхэн хөгжүүлвэл үр өгөөжтэй байх вэ гээд тус группыг үүсгэн байгуулсан. Бэлэг дурсгалд өгрөх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс эхлүүлсэн. Монгол хэлээрээ мэдээлэл заавар зөвлөгөө авах боломжтой, цуглаж туршлага солилцдог групптэй болсноор улам олон хүнд хүрэх болсон. Түүнчлэн энэ урлалаар тодорхой хэмжээний орлого олж өрхийн санхүүдээ нэмэр болж байгаа олон эмэгтэйчүүд байгаа. Тэгтлээ өндөр ашигтай биш ч гэсэн шинэ зүйл худалдан авалгүй гэр орноо тохижуулаад, найз нөхөддөө өгөх бэлэгээ урлаад сурчихсан байх нэмэртэй шүү дээ. Бас хүүхдүүдийн цагийг зөв өнгөрөөх урлалд дуртай болгох, өнгөний мэдрэмж сайжруулахад их тустай урлал даа.

-Декупаж урлалын талаар танилцуулахгүй юу? Декупаж нь ямар утгатай үг вэ?

МЭӨ XIII зуунаас эхэс дээдсийн булшны чулууг чимэглэхээс эхлэн үүссэн байдаг. Декупаж нь аливаа эд зүйлийг зориулалтын зураг, зурагтай сальфетик ашиглан гоёж чимэн, өөрчилж, засаж, шинэчилж болдог урлал юм. Монгол хэлнээ буулгавал чимэглэлийн урлал гэж болох юм. Дэлхийн олон улс оронд энэ урлалыг сонирхож гайхалтай бүтээлүүд хийж байна. Манай улсад ч мөн гоё бүтээлүүд хийдэг хүмүүс нийлээд байдаг. Миний хувьд энэхүү урлалыг гарын доорх материал ашиглан ахуйн болон бусад ахуйн хэрэгцээндээ хэрэгтэй зүйл урлахыг хүсдэг. Бас  үүнийгээ хүмүүст заахыг хичээдэг. Үүнийг бүх төрлийн гадаргуу дээх хийж болдгоороо онцлогтой байгаа. Даавуу, мод шил магадгүй хуучин гутал дээр ч хийсэн хүн байдаг.

-Яагаад энэ урлагт дурлах болов?

Би энэ урлалыг 6 жилийн өмнө хийж эхлэх үедээ нилээд стресстэй ажил хийдэг байсан. Эрүүл мэндийн шалгаанаар гэртээ суух шаардлагатай болоод үүнийг хийж эхэлж байсан. Энэ урлалыг сонирхдог 7 эмэгтэйтэй хамтарч эхэлж байлаа. Бүгд өөр өөр мэргэжилтэй хүн байсан.

Гэртээ суудаг эмэгтэйчүүдийн хувьд стресс ихтэй байдаг шүү дээ. Энэ урлалыг хийхэд гарын хурууны бүх мэдрэл ажилладаг учир тайвшруулах, урлалдаа бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа учир орчноос тасарч өөрийн гараар бүтээл хийх нь стрэссийг их тайлдаг. Эзэгтэй нар хоолны таваг, гал тогооны тавилгаа ч өнгийг нь сэргээгээд декупаж урлалаар чимэглэдэг. Гэртээ суудаг эхнэрээ дэмжээд ирэх нөхрүүд ч байдаг. Декупаж урлал нь гэр бүлийн уур амьсгалыг ч сайжруулж байдаг.

 “Декупаж цаасан урлал сонирхогчдын улсын үзэсгэлэн” уралдааныг жил бүр зохион байгуулдаг.  Энэ жилийнх нь хэзээ вэ?

Бид 6 дах жилдээ “Декупаж цаасан урлал сонирхогчдын улсын үзэсгэлэн уралдаан”-ыг зохион байгуулж байна. Энэ жил  бол бүр өргөн хүрээг хамарсан гайхалтай сайхан бүтээлүүд олон ирэх нь мэдээж. Олон аймгуудаас төлөөлөл ирж оролцдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манайх урлал гэдэг утгаар биш, амьдрал ахуйд, байгальд ээлтэй гэдэг утгаар хөгжүүлэх үүднээс “Эко гар урлалын холбоо” байгуулан “Эко урлан” ажиллуулж байгаа. Эндээ байгальд ээлтэй буюу хог хаягдал, хоёрдагч түүхий эдийг ашиглаж хэрэгтэй ямар зүйлийг хийж болох вэ гэдэг сургалтыг явуулж байна. дээрээс нь эдийн засагт нэмэртэй байдлаар хэрэгггүй зүйлээ яаж дахин ашиглаж, түүнийгээ урлал болгоод худалдан борлуулж боломж юу байна вэ, юунд дахиж хэрэглэж болох вэ гэдгийг заадаг. Мөн сүүлийн үед урлал эмчилгээ хөгжиж байна. Тиймээс эрүүл мэндэд ээлтэй гэдэг талаас нь заадаг.

-Эко урлал хүүхэд болон ахмадад тустай гэж байсан. Ямар ач холбогдолтой вэ?

Манай декупаж болон цаасан сүлжмэл урлалыг 5 наснаас дээш насны хүүхэд болон ахмад наснууд суралцах боломж бий. Бага настай хүүхэд бол өнгөний мэдрэмж сайжрана. Баруун зүүн тархи зэрэг хөгжинө, гарын дутуу булчин хөгжүүлэх сайн талтай. Ахмад настангуудын хувьд ч мөн адил гарын бүх хурууны өндөг мэдэрч байдаг учир мэдрэл сайжруулна. Зөнөх өвчнөөс сэргийлнэ гээд эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. Дээрээс нь хүн бүтээл хийхэд тэр үтээлд хүн бүрийн сэтгэл зүйн онцлог, сонирхол нь тусгагдаж байдаг. Тиймээс сэтгэл заслын эмчилгээ болж байдаг асар ач холбогдолтой.

Мөн үүнийг 3-4 ам бүлтэй айл энэ урлалыг сурсан байхад цаас, сонин, савны хог хаягдал ер гарахаа больдог. Гарсан шил сав нь 100 хувь хог хаягдал байхаа больчихдог.

-Сүүний сав, сокны шил гээд зүйлсийг ашиглаад өөртөө хэрэгтэй зүйл болгож болж байна. Байгальд хамгийн их хаягдаж байгаа зүйл нь хуванцар сав, гялгар уут байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн ашиглах боломжтой вэ?

Лааз, шил сонин болон цаасны хаягдал өндөгний сэйтэкийг 100 хувь ашиглаад байгаа юм. Тэр битгий хэл өндөгний хальсыг ч ашиглах боломж байна. Харин хуванцар савыг харагдах байдлыг нь бүрэн өөрчлөөд хүүхдийн үзэг балны сав хийж болно. Лаазан саванд цэцэг тарихаар зэвэрдэг учир усны саваар цэцгийн сав хийх тохиромжтой. Одоо бид усны савыг сатуурк болгож ашиглаад сагс сүлжихийг туршиж байгаа. Зөвхөн сонин, цаасаар сагсны сүлжмэл хийхгүй болно. Удахгүй гялгар уут сагсны савыг ашиглан сүлжмэл сагс хийх сургалтыг явуулна гэж зорьж байгаа. Гялгар уутны хэрэглээг хязгаарлаад байгаа ч хаягдал болсоор байгаа. Тиймээс түүнийг ашиглаад цаасаар сагс сүлжиж байгаа шиг хуванцар саваар сагс сүлжих боломжтой. 

екупаж урлал хийж үзэх, турших сонирхол төрж байна. Декупаж хийхэд хамгийн зайлшгүй байх багаж хэрэгсэл, эд материал юу вэ?

Яаж хийх аргачлалыг нь сурсан байхад хангалттай. Манай сургалтанд ирэхдээ өөрийгөө бэлдээд, тор аваад ирэхэд болно. Яагаад тор авчир гэхээр хоосон ирсэн хүн биднээс матераил авч хэрхэн декупаж хийхийг заалгаж бүтээл хийгээд түүнийгээ өөрсдөө авч явдаг. Хийсэн бүтээлээ хийх тор хэрэгтэй байдаг учир тор их чухал байдаг.

Гэртээ декупаж хийх гэж байгаа бол декупажийн зориулалтын материалууд харьцангуй үнэтэй. Мөн гадаадаас худалдан авах хэрэгтэй болдог. Үүнийг гарын доорхи материалаар орлуулж  хийж болно. Тухайлбал зургийн хэрэглэлийн акрилкан будаг, лак, зурагтай сальфетик зэргийн ашиглана. Дээр нь бийр,  багс,  тарган цавуу хэрэгтэй. Тэгээд янзлах шил саваа сайтар угааж бэлтгэнэ. Ингээд л урлалаа эхлэнэ дээ. Зургийн зориулалтын будаг, лак үнэргүй, хурдан хатдаг, эрүүл мэндэд хоргүй гэсэн заавартай учир гэртээ хийхэд тохиромжтой.

-Анхлан суралцагчид эдгээрийг ашиглан хамгийн түрүүнд юуг чимэглэж өөрчилж болох вэ?

Хамгийн эхлээд чанамал, сок, ундаа, компотны шилийг амтлагчны шил болгох, үзэгний сав хийх зэргээр гоёж ашиглаж болно. Сайтар лакдчихвал угааж арчихад арилахгүй. Дараа нь ширээ сандал, хаалга, паар, угаалтуур суултуур, гэрлийн бүрхүүл гээд хүссэн зүйлээ донжийг нь олж янзалж болно. Өнгөрсөн жилийн уралдаанд гутлаа хүртэл урлалаараа гоёж оролцсон хүн байгаа. Манай фэйсбүүк группээс болон интэрнэтээс олон сайхан санаа авч болно.

-Сургалтанд ямар мэргэжилтэй, хэдэн насны хүмүүс хамрагдаж байна вэ?

Манайд 5 наснаас дээш хүмүүс хамрагддаг.Сургуулийн өмнөх боловсролын багш нар болон ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нар ирж суралцдаг. Мөн гэртээ хүүхдээ хардаг ээжүүд их хамрагддаг байгаа.

-Танай урланд суралцахыг хүсвэл хэрхэн хамрагдах вэ?

Манай сургалт фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдож байгаад хэзээ, хаана сургалт явагдахыг асуугаад ирж болно. Мөн зав чөлөөтэй үедээ манай урланд ирээд заалгаад хүссэн бүхнээ хийж сураад байх боломжтой байгаа.

Х.Соёл-Эрдэнэ

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.